Бат-Эрдэнэ.Б 2019.09.04 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Уламжлалт 10-тын тогтолцооруугаа анхаарлаа хандуулаач

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, санал хураалаа.Саналтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийлж байна.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Би энэ төслийг санаачлагч  62 гишүүний нэг л дээ. Хэд хэдэн зүйл дээр санал нэгдсэн. Зарим зүйл дээр санал нэгдээгүй гэдгээ хэлсэн. Хэлэлцүүлгийг явцад Таны саналыг авна гэж надад хэлсэн. Гэвч бидний саналыг авсангүй. Би саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн. Тухайлбал, 6.2 -р зүйлд "байгалийн баялгийг төрийн өмч" гэсэн заалтыг "ард түмний өмч" гэж солих санал хүргүүлсэн. Ажлын хэсэг энэ хөндөгдөөгүй заалт учраас таны саналыг авах боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Харин гэтэл Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналд энэ  6.2-р зүйлийг хөндсөн учраас энэ асуудал хэлэлцэгдээд явж байна. 

Одоо бидний гаргаж байгаа саналыг "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль"- д оруулж өгнө гэсэн тайлбарыг өгч байна. Яг өмнөх байдлаар саналыг тусгахгүй, "займчуулаад" орхичих юм биш биз дээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж эхлэхээс л би байр сууриа тодорхой хэлсэн. Бурууг хууль, тогтолцоонд чихэх биш ихэнх хувь нь хүндээ байгаа шүү. Нөгөө байр суурь бол УИХ-д байр суурьтай намууд, иргэд, ТББ, Судлаачдын байр суурийг нэгтгэх гэдгийг хэлж байгаа. Мөн Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурийг мөн хэлж байгаа. 

Ийм хариуцлагатай асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүд хариуцлагагүй хэлэлцэж байна. Ирц муу байна. Өнөөдөр УИХ-ын дарга үүрэг чиглэл өгөөд, Ёс зүйн дэд хорооноос гишүүдийн нэрийг зарласан. Үүнийг маш эмзэг хүлээж авч байна. Тэр дундаа давхар албан тушаалтай /сайд/ нар. Хуульд энэ тов тодорхой заасан байгаа. Тэр хүрээндээ ажил, албыг хүлээж аваарай. Бусдаар хэн нэгнийг дарамтлах зорилготой биш шүү. 


Мөн тэрээр үргэлжлүүлэх хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор орон нутгийн бие даасан байдлыг хангах ёстой гэдгийг хэлээд дүүргийг, сумтай адилтгаж байгаа нь дэндүү харьцангуй байгааг зайлшгүй анхаарч үзэх ёстой гэдгийг хэлсэн. Мөн уламжлалт 10-тын тогтолцооруугаа анхаарлаа хандуулаач гэдэг саналыг хэлсэн юм.