Л.Оюун-Эрдэнэ 2019.09.04 | News.mn

Л.Оюун-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурорт хандлаа

Л.Оюун-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурорт хандлаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банк болон "Жаст"-ын асуудлаар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газраас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр албан хүсэлт тавьж байгаагаа хэвлэлийнхэнд уламжлав.  Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ графикийн дагуу хугацаанд нь төлж дуусгаагүй болон огт төлөөгүй зарим компаниудыг буюу “Эрэл”, “Хөтөл”, “ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал банк” болон "Эрдэнэт"-ийн "Эрсдэлийн сан"-гаар өрөө төлүүлсэн "Жаст"-ын асуудлаар прокурорын байгууллагад  ЗГХЭГ өгч байгаа юм байна.

“Нийтдээ 1.2-3 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа. Хэрэвзээ арилжааны банкнаас зээл авсан бол заавал төлөх ёстой болдог. Энэ зээлийг заавал төлүүлж, төрийн хохиролгүй болгох ёстой. Тэгж байж Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтвортой явна. Зарим компаниуд зээл төлөх хугацаагаа сунгая гэсэн саналыг ирүүлсэн байгаа.

Гэтэл төрийн мөнгийг шамшигдуулах сонирхолтой хүмүүс байна. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хүлээж, ял завших сонирхолтой ч хүмүүс байна. Гадагшаа алга болчихдог, тэгээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө ирээд гурван жил шүүх гэж яваад хуулиар ял завшчихдаг байдлыг зогсоохын тулд хуулийг өөрчлөх ёстой болж байна.  Мөн "Жаст" нь Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 2009-2012 онд нийтдээ 160.1 сая ам.долларын зээл авсан. Зээл авахад "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан асуудалд АТГ-т хэрэгт бүртгэлт нээгдсэн, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа.

"Жаст"-ын " Стандарт" банкинд төлөх 40 сая ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Эрсдэлийн сан"-гаас гаргасан тул төр хохирсон. Үүнийг хохирлыг барагдуулах үүднээс УЕП-т хандаж байна. Ш.Батхүүнийн нэр дээрх компаниудыг хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаан оруулж, төрийн хохиролгүй болгож өгөөч гэх хүсэлтийг шүүх, прокурор, АТГ-т тавьж байна. Төрийн мөнгөний хойноос хөөцөлддөг, араас нь явдаг болбол хөрөнгө шамшигдах, ял завших байдал багасна” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ КОМПАНИУД БА ЗЭЭЛИЙН ӨР:

  • “Хөтөл” компани-270.6  тэрбум
  • "Төрийн Орон Сууцны Корпораци"-199.5 тэрбум
  • "Эрэл" компани-86.1 тэрбум
  • “Монгол драй милк”-47.7 тэрбум
  • “Кью эс си”   ХХК-186.1 тэрбум
  • “Капитал банк”-57.9 тэрбум