Н.Учрал 2019.09.06 | Vip76.mn

Н.Учрал: Үндсэн хуулиас "Шатлан дэвших" гэдэг үгийг авч хаяахгүй бол би хуралд суухгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно"  гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. 


УИХ-ын гишүүн Н.Учрал

"Би өөрийгөө нэг тойрог төлөөлөөгүй, залуучуудаа бас төлөөлж энэ УИХ-д сууж байгаа гэж өөрийгөө ойлгож байгаа. Тийм учраас олон залуучууд надад "Үндсэн хууль дээр хэлэх зүйлээ хэлээрэй. Тэгэхгүй бол наадуул чинь хулхитна шүү" гэж хэлж байгаа. УИХ-д суусан 3 жилийн хугацаанд суухдаа нэг зүйлийг ойлгосон. "Дараа нь анхааръя аа. Редакцаараа шийдье. Дагаж мөрдөх журмын тухай хууль гаргана. Засгийн газар наад асуудлыг чинь шийднэ" гэж хошгируулсан. Тийм учраас би энэ удаа хошгирохгүй ээ. Дахиж 8-9 жил энэ Үндсэн хуульд өөрчлөлт орох боломж гарахгүй. Тийм учраас "ШАТЛАН ДЭВШИХ" гэсэн үгийг энэ Үндсэн хуулиас авч хаяхгүй бол би энэ хуралд суухгүй. Надад намын шийдвэр хамаагүй. Шатлан дэвших гэдэг үгээ авчаач ээ. Ядаж үгийг зөв орчуулчих л даа. 

Би төрийн албаны үнэнийг хэлнэ. Би энэ УИХ-д та нарыг биш ард түмнийг төлөөлөх гэж орж ирсэн. Төрийн албан хаагчдад хандаж хэлье "би та нараас санал гуйхгүй" ээ. Би хэлэх гэснээ хэлнэ.