С.Бямбацогт 2019.09.07 | News.mn

МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна

МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцээд дууссан. .  Тиймээс  олонхын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар өнөөдөр /2019.09.07/ мэдээллээ.


Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зургаан сараас хойш хэлэлцлээ. УИХ-аар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа.  УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг сар орчим явагдлаа.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог бол  ирц өндөр байх ёстой. Зарчмын зөрүүтэй саналуудыг 57 гишүүн дэмжиж байж дэмжигдэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан.

Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхын бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Өөрөөр хэлбэл,  1945 оноос хойш анх удаа ард нийтээс санал авах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийт шийдэх эрхийг нь өгч байна.  Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна.  УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй.  Бусдыг нь хэлэлцэхээр болсон.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол гол асуудлыг танилцуулахад Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажсан өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт  оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа. 

Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан.  Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа.

Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн.  Төсвийн хариуцлагатай байдал орж ирсэн. Жалга довоор хуваах, төслийн зарлагыг өргөн мэдүүлснээс өөрчлөх асуудлыг оруулж ирсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулж өгч байгаа.

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг УИХ-аар дэмжээгүй унасан?

С.БЯМБАЦОГТ:

-Уг нь 62 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг өргөн барьсан. Мөн Ерөнхий сайдтайгаа зэрэгцсэн том сайд, УИХ-ын гишүүдийн сайд нарын томилгоонд оролцох асуудал цөөн гишүүдийн саналаар унасан.

-Ард нийтээс ямар санал асуух вэ. Ард нийтээс санал авах хугацаа байна уу, зардал хэр их гарах вэ?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Ард нийтээс ганцхан санал асууна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авна. Хугацааны хувьд хэлэлцэж тогтоогүй байна. Зардлын хувьд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэмжээний зардал гарна.

-Ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байвал дэмий зардал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байгаа. Ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээр нэг санал асуучихад зүгээр. Хэдийгээр МАН 64 суудалтай ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөхөд 57 гишүүн саналаар шийгдэнэ гэдэг асар өндөр хариуцлага.

С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь  нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ.  Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна.  Тодорхой хэмжээгээр хиц дэвшил гарсан өөрчлөлт болж байна. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан, дэмжсэн саналууд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдэхгүй гэж ойлгож байна, зөв үү?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Хоёрдугаар хэлэлцүүлэг бол нэмэлт өөрчлөлтийн хамгийн хариуцлагатай хэсэг гэж хэлж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй.