Эрдэнэ.С 2019.09.09 | Gogo.mn

АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналаа татаж авна

АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналаа татаж авна

УИХ дахь АН-ын зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлав. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцолгүй, хурал орхин гарсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар дараах тайлбарыг өглөө.

-Манай намын саналууд хэлэлцүүлгийн явцад унасан. МАН-ын гишүүд хүчээр шийдвэр гаргасан тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хуралдаанд оролцоогүй. Олон нийтийн эрх ашгийн төлөөх заалтуудыг бид дэмжинэ. Ард түмний дээд гэрээ болсон, Үндсэн хуулийн чанарыг сайжруулах нь бидний гол зорилго.

Түүнээс УИХ-ын эрхийг нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон өсгөх талаар бид байр сууриа илэрхийлээгүй. Бид өнгөрсөн хугацаанд эрх баригч намын бодлогыг дэмжсээр ирсэн. Бидний дэмжлэг саналгүйгээр зарим хууль хэрэгжих боломжгүй байв. Гэхдээ АН далайсан газар нь далд ороод, далласан газарт нь ил гардагггүй.  Учир нь эрх баригч нам бидний оролцоо, дэмжлэгийг үнэлээгүй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ард нийтийн зөвлөлдөх уулзалт гэх мэт хуурамч зүйл зохион байгуулсан. Ийм бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явахгүй юм байна гэдгийг харсан. Бид өнөөдрийг хүртэл хангалттай тэвчсэн.  АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулсан саналаа татаж авч, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэн батлах гэж байна. Сөрөг хүчний хувьд бид хоёр дахь нийт хэлэлцүүлгийн 90 хувьд нь оролцон, дуу хоолойгоо гаргасан. Гэвч бидний саналыг хүлээн аваагүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулснаар засаглал төлөвшүүлэх болов уу гэж олон нийт хүлээж байв. Гэтэл эрх баригч нам судлаачдын байр суурийг хуулийн төсөлд хангалттай тусгасангүй. Хэт эрдэх замаар энэ төслийг батлах гэж байна. Парламентад суудалгүй намууд, иргэдийн байр суурийг огт сонссонгүй. Энэ төслийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийн саналыг авалгүй шууд өргөн барьсан. Хууль батлах шат дамжлагыг ийнхүү зөрчсөнийг бид тухайн үедээ шүүмжилсэн. АН сул идэвхгүй, үлбэгэр дорой байсан гэдэг шүүмжлэлийг хүлээн авахгүй. 62 гишүүний эсрэг бидний санал ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Ажлын хэсгээс оруулж ирсэн анхны төслийг бид дэмжсэн. МАН өөрсдөө зарим чухал заалтыг хассаныг та бүхэн мэдэж байгаа.