БЗД-ийн 256 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
2019.09.09

БЗД-ийн 256 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ”, “хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ” гэж заасан байдаг.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийж байгаа БЗД-ийн 25 дугаар хорооны 256 дугаар цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Үлэмж биз” ХХК барьж, 8 бүлэгт 330 хүүхэд, 38 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

2016 оны 8 дугаар сард нийслэл хотод цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн хамрагдалтын хувь 69.0 хувь байсан бол өнөөдөр 84.0 хувьд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү 2019 онд шинээр ашиглалтад орох 73 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор, төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамрагдалтын хувийг 85-иас дээш хувьд хүргэх бололцоо бүрдэнэ.