Сумъяабазар.Д Н.Цэрэнбат У.Хүрэлсүх 2019.09.11 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ. 

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх,  ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгав.

Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон байна.