Б.Бат-Эрдэнэ 2019.09.11 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуульд байгалийн баялгийн хуваарилалтыг тодорхой оруулахыг иргэд хүсэж байна

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Бидний Үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт бол уг хуулийн 6.2-т заасан байгалийн баялагтай холбоотой асуудал юм. Тиймээс байнгын хороон дээр саналын томъёололоор оруулж ирж байгааг дэмжиж байна. 

1990 оноос хойш, ялангуяа 1996 оноос хойш байгалийн баялагаа лиценз хэлбэрээр тараачихсан гашуун түүх бидэнд бий. Улс орны хөгжлийн тулгуур бүхий чухал ордуудаа гадныханд алдсан. Нэг жишээ бол Оюутолгой. Анхны гэрээгээр 51%-ийг Монголчуудад өгнө гэж тохирсон. Үүний дараа 34% дээр очсон. Энэ нь Ашигт малтмалын хуулиараа 34%-ийг нь баялаг эзэмшигчийн хувьд үнэ төлбөргүй өгөх байсан ч гэрээ хэлцэл хийсэн нөхдүүд төлбөртэйгээр олгох шийдвэр гаргасан. Энэ үед гишүүд тэмцэж байж тогтоол гаргуулсан. 

Энэ гэрээ бол еэвэнгийн нэг талыг харуулдаг шиг л зүйл болсон. Өнөөдөр Монголчуудад ч хор нөлөөгөө үзүүлсээр байна. Эзэд нь өөрсдөө 34 хувиа мөнгө төлж авч байгаа ч тэр нь одоо өндийхөөргүй өр болон хувираад байна. Бид өнөөдөр байгалийн баялгийн асуудлаа энэ үндсэн хуулиараа зөв хийж чадах уу гэдэг асуудал үүсээд байна. Ард түмэн ч үүнийг л ярьж байгаа.

1992 оны Үндсэн хууль баталсан хүмүүс ирээдүйд шударга сайн хүмүүс төр барина гэж бодон баталсан ч тийм байж чадсангүй. Оюутолгойн гэрээний араас Ноён уул буюу Гацууртын ордыг ч алдсан. Энэ ордыг ашиглах нөхдүүд ч төрийн ордонд уулзалт хийхдээ хуулийн хамаарлаас гаргаад өгвөл Монголын төр эзэмших ёстой хувиа үнэ төлбөргүй эзэмшээд явна гэж яриад гарсан. Гэтэл 1 сарын дараа УИХ-д орж ирэхдээ 300 сая ам.доллар төл гэж байна гэж оруулж ирсэн. Үүний араас хэд хэдэн стратегийн ордууд алдагдсан. Монголын төр үнэгүй эзэмших ёстой баялгийн хувиа мөнгө төлж авах нөхцөлд хүрсэн.

Тиймээс энэ хуулийн төслийн 4 дүгээр зүйлд байгаа Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Энэ бол Үнсдэн хуульд хөдөлгөөнгүй заахаас гадна бусад дагалдах хуулиудад үүнийг маш тодорхой байхаар оруулж өгөөрэй."

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.