Орон нутгийн соёлын байгууллагуудын ажил, байдалтай танилцлаа
2019.09.12

Орон нутгийн соёлын байгууллагуудын ажил, байдалтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ховд аймагт ажиллах үеэрээ соёлын байгууллагууд болох аймгийн музей, нийтийн номын сан, театрын үйл ажиллагаатай танилцаж, соёл урлагийн ажилтан, уран бүтээлчидтэй уулзав.

1961 онд ашиглалтад орсон аймгийн музейн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, стандартын шаардлага хангахгүй талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас таван удаагийн дүгнэлт гарсан ч үнэт, нэн ховор эд зүйлсээ хадгалах өөр газаргүй тул үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Мөн хөгжимт драмын театрын барилгад их засвар, нийтийн номын сангийн барилгын дээвэрт засвар шаардлагатай байгааг байгууллагын удирдлагууд нь танилцуулав.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Олон жил хөрөнгө оруулалт орхигдсон, санхүүжилт муугаас болоод барилга байшингийн ашиглалтын хугацаа дууссан, ном хэвлэл, үнэт нандин үзмэрүүд стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байгааг олж харлаа. Ховд аймаг бол Баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий нутаг. Цаашид гадаад, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой газар учраас аймгийн нүүр царай болсон соёлын байгууллагуудыг дэмжих асуудлыг УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, салбарын яам тал талаасаа анхаарах хэрэгтэй болсон байна” гэлээ.

Ховд аймгийн музейн сан хөмрөг 1003 дэсийн 3129 үзмэртэй бол нийтийн номын сан нь 72 мянга гаруй боть номтой юм байна.