Баттөмөр.Б 2019.09.12 | Vip76.mn

Б.Баттөмөр: “Био-комбинат” энэ 25 сая доллараа буцааж төлөх ямар боломж байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж үзэл бодлоо илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

“Био-комбинат” бол Монгол улсын хөгжилд олон жил хувь нэмрээ оруулж ирсэн манай ууган үйлдвэрүүдийн нэг.  Халдварт өвчнийг санаатайгаар тараадаг түүнийг тойрсон бизнесийн бүлэглэл байдаг гэж сонсогддог. Энэ тал дээр үнэн үү? хариулт авмаар байна. Мал аж ахуйн хамгийн том эрдэмтэд тэнд байдаг. Шинэ омгийн шинэ үйлдвэрлэл үүсгэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ? Малын гаралтай бүтээгдэхүүнийг сайжруулах чиглэлд ямар ажил хийх вэ?

Манайхан өөрсдөө болгох юмаа гаднаас зээл аваад байдаг. Өрийн хавх гадаад өр гэж айхтар юм байдаг. Энийг зөв сайхан зарцуулаарай. “Био-комбинат” энэ 25 сая доллараа   буцааж төлөх ямар боломж байна. Улсын төсвөөс төлүүлэх юм уу?

Байшин засах гэж зээл авч болохгүй. Би түрүүн хэлсэн өрийн хавх гэж аюултай юм байдаг. Ардчилсан зах зээл гараад хаягдсан салбар нь мал аж ахуй байгаа иймэрхүү зүйлдээ анхаарсан нь сайн байна. Монголчууд өөрсдөө байшингаа засаж чадна. Энэ зээлийн нөхцөл маш сайн.