Улаан.Ч 2019.09.12 | Vip76.mn

БНАУ-аас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан

"Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно.

Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ."