ЭЗБХ: Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжлээ
2019.09.12

ЭЗБХ: Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх ажээ.

Энэ хөрөнгөөр Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажил, Улаанбаатар хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, таван сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх ажлууд хийгдэх аж. Хоёрдугаар үе шатны төслийн хүрээнд дараах Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, нэг сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх, нийслэлийн болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхийг хөгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах ажил хийгдэх юм байна. Гуравдугаар үе шатны төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.


 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.