Ганбаатар.Ж 2019.09.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ЭЗБХ: “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хэлэлцээрийг дэмжив

ЭЗБХ: “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийг зөвшилцөв.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийсэн. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон аж.

Хөтөлбөрийн хүрээнд харилцан тохиролцсон бодлогын арга хэмжээнүүдийг авах замаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих замаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд дэмжлэг болох юм байна.

Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, эргэн төлөгдөх хугацаа 30 жил байх юм байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.