Ж.Энхбаяр 2019.09.12 | Vip76.mn

Ж.Энхбаяр: Төр хувийн хэвшилтэй зэрэгцэж барилгын салбарт өрсөлдөх нь буруу

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой төсөл юм.

Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм.

Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

"600 гаруй тэрбум төгрөгөөр орон сууц барих тухай бид ярьж байна. Барилгын салбарын нөхцөл байдал амаргүй байна. 2008-2009 оны нөхцөлийг давтахаар байгаа. Сүүлийн 10 жилд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байна. Банкин дахь барилгын салбартай холбоотой зээл өндөр эрсдэлтэй байна. Борлуулалтгүй орон сууц маш их байна. Ийм байхад төр 10.000 айлын орон сууц бариад 1.5 сая төгрөгөөр борлуулна гэж ярьж байна. Энэ нь хувийн хэвшилд хүчтэй цохилт өгөх вий гэсэн болгоомж байна.

Харин миний бодлоор улс энэ мөнгөөр дэд бүтцийг нь шийдээд хувийн хэвшилд тэндээ барилга барих боломжтой гэж үзэж байна. Харин эсэргээр нь төр орон сууц бариад эхлэхээр зах зээлийн эрэлт ханасан энэ үед оновчгүй гэж үзэж байна.

Нийслэлийн удирдлагуудад хэлэхэд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын газар ажлаа муу хийж байна. 2 жилийн өмнө тавьсан хөрөнгө оруулалт одоо хүртэл ажил нь хийгдээгүй, ажил эхлээгүй, тендер зарлагдаагүй ажил байна. Энэ ажлуудаа хийх тал дээр анхаараарай."