Б.Содномдаржаагийн камерт бритка, хятад будаг оруулж өгч байсан гэв
2019.09.18

Б.Содномдаржаагийн камерт бритка, хятад будаг оруулж өгч байсан гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид хоригдож буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэж, тус хорих ангийн удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнөөдрийн уулзалт нэлээд ач холбогдолтой боллоо. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  итгэл найдвар өгсөн байх. Шоронд нэг хоног ч гэсэн илүү хоригдож байгааг зогсоохын төлөө Түр хороо ажиллаж байна. Бусдад эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн асуудлыг улсын нууцад авчихсан. Тэрийг нь ил болгохоор бидэнд улсын нууц задалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхийг оролдож байгаа. Энэ бол байж болохгүй зүйл.

Бид ямар ч нууц задлаагүй. Энэ хүмүүс ямар хүнд нөхцөл байдлыг даван туулсныг олон түмэн мэдэж байгаа. Энэ хүмүүс аймшигтай хэргийн золиос болж байгаа учраас энэ хорих ангиас гаргаж болохгүй. Эрүү шүүлт тулгасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх эсэхийг олон түмэн харж байгаа. Гэм зэмгүй хүмүүсийг хилсээр ялласан учраас суллахын тулд хуулийн ямар л гарц гаргалгаа байна, тэрийг хайж эрэлхийлж байна. Сая болсон шүүхийн шийдвэрт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар туйлын сэтгэл дундуур үлдэж, жүжиг байсан байх вий гэдэг айдастай байгаагаа бидэнд хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-УИХ-аас байгуулагдсан түр хорооны гишүүний хувьд, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд эрүү шүүлт тулгуулж, шоронд хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай өнөөдөр уулзалт хийлээ. Тэдний биеийн байдал өмнө байснаа бодвол харьцангуй гайгүй байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнгөрсөн сард Төв аймагт болсон шүүх хуралд нэлээн гомдолтой байгаагаа бидэнд илэрхийллээ. Бусдад эрүү шүүлт тулгасан хэргийг тус шүүх хянаад мөрдөн байцаалтад буцаасан учраас прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр удахгүй гарах байх. Хоёроос гурван хувилбараар гарах байх.

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шат руу буцаах, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзах боломж бололцоо ч бас байгаа. Эрүү шүүлт тулгасан этгээдүүд цаг хожих, хугацаа хожих тоглоом тоглож байгааг Түр хороо анхааралтай ажиглаж байгаа. Хэлмэгдэн хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалахын тулд бид холбогдох бүх арга хэмжээг хууль, олон улсын гэрээнд нийцүүлэн авна. Сая болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржаад асар их дарамт үзүүлж байхын хажуугаар өрөөнд нь бэрээтэг / бритва - сахлын хутга/ оруулж өгсөн гэдгийг хэллээ. Тэр бэрээтэгээ номын завсар хавчуулж өгсөн гэж байна. Яагаад ийм үйлдэл хийснийг бид мэдэхгүй, гэхдээ Б.Содномдаржаагийн амийг хорлох, өөрөөр нь амийг хорлуулах гэсэн үйлдэл байж магадгүй гэж харж байна. Мөн өрөөнд нь өдөр бүр хятад будаг оруулаад хаалгаа дотроос нь буд гэдэг шаардлагыг тавьж байсан байна. Энэ ямар учиртай байсныг тодруулах шаардлага гарч ирлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоригдож буй хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Олон хоригдол будаг ууж амиа хорлосон туршлага байдаг. Тэгэхэд яагаад Б.Содномдаржаагийн өрөөнд олон хоног будаг, бэрээтэг оруулж өгч байсныг шалгах зайлшгүй шаардлага бидэнд үүсч байна. Т.Чимгээг мөрдөн шалгаж байх үед охиных нь амь насанд хэн нэгэн санаатай, санаандгүйгээр хүрснийг мэднэ. Үүний дараа Т.Чимгээ амиа хорлох гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсныг бид мэднэ. Ер нь зохиомол хэрэг зохиож, гэм зэмгүй иргэнд тулгачихаад дараа нь амийг нь хорлох гэж байх вий гэж бид болгоомжилж байна. Ялтан Ц.Амгаланбаатар эдгээр хүмүүсийг гүтгэсэн гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа бичсэн. Мэдүүлгээсээ буцсан. Ж.Мөнхгал, О.Бархасбадь, С.Баяр, О.Бямбажав нарын эрүү шүүлттэй холбоотой олон мэдээлэл бидэнд ирсэн. Б.Итгэлтөгс гэдэг ялтанг Б.Содномдаржаагийн өрөөнд оруулж хавиргыг нь хугартал зодуулсан байсан. Бид улсын нууцтай холбоотой мэдээллийг хэлэх боломжгүй ч, үндэсний эрх ашгийг зөрчөөгүй мэдээллийг та бүхэнд хүргэж байх болно. Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэрэгт бид онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа.