Исландын сургамж Монголд
2009.02.10

Исландын сургамж Монголд

2008 оны 10-р сарын 9-нд Олон Улсын Валютын Сан (ОУВС) гишүүн орнууддаа дэлхийн санхүүгийн хямралыг даван туулахад нь зориулж 250 тэрбум долларын зээл өгөх боломжтойгоо мэдэгдэв. Энэхүү мэдэгдлийн дараа Унгар 15,7 тэрбум, Исланд 2,1 тэрбум, Пакистан 7,6 тэрбум, Украин улс 16,4 тэрбум ам долларын зээл авлаа. Эдгээр зээлдэгсдийн дотор Исланд улс санхүү, эдийн засгийн хямралд бүрэн автсан, Украины байдал нилээн хүндэрсэн, харин Унгар, Пакистан улсууд хямралыг хохирол багатай даван туулахын тулд урьдчилан сэргийлэх зорилгоор ОУВС-д хандсан гэж үзэж болно. 

Исландад юу болов?

Исландчууд долоо хоногийн Бямба гариг бүр нийслэл Рейкьявик хотынхоо төв талбайд цуглан, Төв Банкныхаа ерөнхийлөгч, өмнө нь ерөнхий сайдаар 13 жил ажиллаж байсан Дэвид Одсоныг огцрохыг шаардах болов. Дэлхийн хамгийн баян улсуудын нэг байсан Исландын иргэдийн хувьд улс орон нь санхүүгийн хямралд өртсөнөөр олон жилийн турш хөдөлмөрлөж олсон хөрөнгө мөнгө нь үнэгүйдэн, зээлээ төлөх чадваргүй болсноор ийнхүү бухимдалд оржээ.

Хойд тэнгист орших 300 мянган хүн амтай Исланд улсын банкуудын олгосон зээлийн хэмжээ 2003 онд дөнгөж хувьчлагдсаныхаа дараа ДНБ-ээсээ хоёр дахин их байсан бол хямралын өмнө ес дахин их болжээ. Хадгаламж эзэмшигчдийнх нь дотор зөвхөн Их Британиас гэхэд онлайн банкны үйлчилгээг ашиглан данс нээлгэсэн 300 мянган хүн байв. Герман, Голланд болон бусад улсын иргэд ч олон байлаа. 2008 оны 9-р сард Lehman Brothers дампуурснаар дэлхийн санхүүгийн хямрал эрчээ аван, хөрөнгө оруулагчид мөнгөө татаж эхлэхэд Исланд улс хамгийн түрүүн өртөж, гурван том банк нь дампуурахдаа тулан, үндэсний мөнгөн тэмдэгт – исланд кроны ханш нь ихээр унав.

Хямралын өмнө Исландын пүүс, компаниуд болон иргэд японы иен, швейцарийн франк, америк доллар, евро зэрэг исланд кроноос хүү багатай валютаар бизнесийн үйл ажиллагаа, моргейж, автомашины зээл авах нь түгээмэл байв. Банкуудын олгосон нийт зээлийн 80 хувь нь гадаад валютаар, 20 хувь нь исланд кроноор өгөгдсөн байлаа. Харин кроны ханш огцом унаснаар гадаад валютаар зээлдэгсдийн төлбөрийн чадвар эрс муудаж банкуудыг хүнд байдалд оруулжээ.      
Хямралыг даван туулах зорилгоор Исланд улс гадаад эх үүсвэрээс мөнгө олох шаардлагатай болж, хэд хэдэн бүтэлгүй оролдлого хийсний эцэст ОУВС-тай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан 2,1 тэрбум долларын зээл авах болов. Үүний 825 саяыг нь шууд авч байгаа бол үлдэх хэсгийг нь улирал тутам 155 сая доллараар найм хувааж авах юм. Мөн Европын хэд хэдэн орон Исландад зээл өгөх болсноор нийт 10,2 тэрбум доллар буюу ДНБ-ийнх нь талаас илүү хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийн урсгал Исландыг чиглэх боллоо. 

Дэлхийн хямрал ба Монголын эдийн засаг

Эерэг талаас нь харвал Монголын санхүү, эдийн засаг Исландынхаас хамаагүй илүү эрүүл байна. Бидэнд дэлхийн хямралыг хохирол багатай даван гарах хэд хэдэн суурь нөхцөл бий.
Үүнд:

  1. Сүүлийн таван жил Монголын эдийн арав орчим хувьтай өссөн ба энэхүү өсөлтийн инерци ойрын үед хадгалагдана. Дэлхийн Банкнаас 2009 онд Монголын эдийн засаг 7,5 хувь өснө гэж таамаглал гаргасан.
  2. Монголын банк, санхүүгийн салбар дэлхийн санхүүгийн системээс харьцангуй бага хамааралтай. Банкуудын хөрөнгө, зээлийн хэмжээ ДНБ-ийн хэмжээтэйгээ ойролцоо түвшинд байна.
  3. Монголд хөрөнгийн зах зээл сул хөгжсөн. Олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээрх үнэт цаасны уналт, өсөлт нь Монголын эдийн засагт шууд нөлөөлөхгүй.
  4. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унасан ч, импортын гол бүтээгдэхүүн шатахууны үнэ мөн адил унасан. Энэ нь зэсийн үнийн уналтаас үүссэн хүндрэлийг тодорхой хэмжээгээр саармагжуулна. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ эргээд өсөх хандлагатай болж одоо нэг унц нь 860 доллараас даваад байна.
  5. Гадаад валютын нөөц оны эцсийн байдлаар 560 сая доллар байгаа нь хэдийгээр ашигт малтмалын үнийн хэт хөөрөгдлийн үетэй харьцуулахад ихээхэн багассан ч олон жилийн дундажаас дээгүүр үзүүлэлт юм.
  6. Оюутолгой, Тавантолгойг ашиглаж эхэлснээр Монголын эдийн засаг дундаас урт хугацаанд өндөр хурдтай өсөхөөр хүлээгдэж байна. 
  7. Дэлхийн эдийн засгийг хямралаас гарахад англиар BRIC гэж товчлон нэрлэдэг, сүүлийн хэдэн жил хурдацтай хөгжиж ирсэн Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд ихээхэн үүрэгтэй гэж олон эдийн засагчид үзэж байна. Эдгээрийн дотроос Орос, Хятадаас Монголын эдийн засаг ихээхэн хамааралтай. Хятадын засгийн газар аж үйлдвэрийн салбараа уналтаас хамгаалахын тулд ихээхэн хөрөнгө гаргаж байна. Энэ нь Монголын экспортод эерэг нөлөө үзүүлнэ. Орос улс сүүлийн жилүүдэд гадаад валютын асар их нөөцтэй болсон нь хямралыг хохирол багатай давах нөхцөлийг бүрдүүлжээ.      

Харин сөрөг талаас нь харвал сүүлийн саруудад Монголын эдийн засагт зарим нэг таагүй үйл явдлууд болж байгаа бөгөөд үүний нэг тод илрэл нь Анод банкны санхүүгийн хүндрэл юм. Хэдийгээр эрх баригчдын зүгээс энэхүү хүндрэл нь тус банкны удирдлагын үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа ч тэднээс үл хамаарах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөв.

Сүүлийн сар хагасын хугацаанд америк доллартай харьцах монгол төгрөгийн бодит ханш арав гаруй хувиар унав. Монголд нийт хадгаламжийн хэмжээ 1,4 их наяад төгрөг, түүний 70 орчим хувь нь төгрөгийн хадгаламж, нийт 1380 мянган хадгаламж эзэмшигч байдаг гэж үзвэл төгрөгийн ханш огцом унаснаар олон иргэд хохиров. Үүнээс болж иргэд банкнаас төгрөгийн хадгаламжаа татаж эхэлсэн. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Анод банк дампуурах нь гэсэн мессежийг бусад өрсөлдөгч банкуудын зүгээс цацсаар байлаа. Энэ нь тус банкнаас татагдсан хадгаламжийн хэмжээг 70 тэрбум төгрөгт хүрэхэд нэрмээс болов. Харин Анод банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоны маргааш өдөр нь арилжааны банкуудын маркетингийн албаны дарга нар цуглан “Одоо хэдүүлээ бие биеийнхээ эсрэг мессеж цацахаа больё” гэсэн шийдэлд хүрчээ.    

Нөгөө талаас харахад гадаад валютын ханшийн өсөлт нь доллар, евро, юаниар зээл авагсдын хувьд хүндхэн цохилт болов. Ялангуяа борлуулалт нь эрс буурсан барилгын салбарт гадаад валютын зээлдэгсэд тун хүнд байдалд оржээ. Мөн ханш өссөн нь импортын хэмжээ буурахад нөлөөлж, үүнийг даган төсвийн нэг гол орлого болох импортын татвараас орох орлого буурахад хүрээд байна.  

Хямралыг тойрон гарах боломжтой юу?

1997-1998 оны Азийн хямралыг Монгол улс амжилттай даван гарсан. Энэ нь нэг талаас Монголбанкнаас төгрөгийн ханшийг зохистой түвшинд барихыг үндсэн зорилгоо болгон хэрэгжүүлсэн, нөгөө талаас ОУВС-тай хамтран төсвийн бодлогыг үр ашигтай явуулж байсантай холбоотой юм.   

2009 он магадгүй 2010 оныг дуустал үргэлжлэх дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол улс ямар бодлого баримтлах ёстой вэ?

Аливаа улс ДНБ-ний өсөлт, худалдааны тэнцэл, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, инфляци, мөнгөний хүү зэрэг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ нэгэн зэрэг эерэг сайн барих боломжгүй байдаг. Тэгэхээр тухайн цаг үедээ зохицуулж, ялангуяа хямралын үед хамгийн чухал гэж үзсэн үзүүлэлтүүдээ тодорхой зорилтот түвшинд барих шаардлагатай юм.
Юуны өмнө, Азийн хямралын үед барьж байсан төгрөгийн ханшийг тодорхой түвшинд барих бодлогыг удирдлага болгох хэрэгтэй. Үүний тулд валютын интервенцийг нарийн тооцоолон хийж, нөөцийг өсгөх боломжуудыг ашиглах шаардлагатай. Мөн Монголд харьцангуй өндөр түвшинд хүрээд байгаа долларжилтын түвшинг бууруулах зорилгоор гадаад валютын хэрэглээнд зарим нэг түр зуурын хязгаарлалт хийж болох юм.

Хоёрдугаарт, ОУВС-ийн санал болгож буй хямралыг даван туулах зээлийн хөтөлбөрт цаг алдалгүй хамрагдах хэрэгтэй. Бусад улс орнуудын жишгийг харахад ДНБ-ийнхээ тал хувийг хүртэл зээлийн багцыг тус сантай тохиролцон авч байна. Дээр дурьдсан дөрвөн улсаас гадна Серби, Латви, Турк зэрэг улсууд ОУВС-тай хэлэлцээр хийж эхэллээ. Хэдийгээр ОУВС-ийн үйл ажиллагаанд зарим улс, орнуудын зүгээс шүүмжлэлтэй ханддаг ч Монгол улсад хэрэгжүүлж байсан төслүүд нь улсын төсвийг үр ашигтай зарцуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байв. Мөн сүүлийн жилүүдэд ОУВС үйл ажиллагаандаа шинэчлэл хийн, гишүүн орнууддаа “тулгадаг” санхүүгийн нөхцөлөө илүү уян хатан болгожээ.
Гуравдугаарт, уналтанд орж зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон барилга, мал аж ахуй зэрэг салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, зээлийн чанарыг сайжруулах арга хэмжээ авах. Ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэхгүй байхад онцгой анхаарах. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлтөө бууруулахгүйн тулд засгийн газрын болон хувийн бизнесийн чиглэлээр гадаад эх үүсвэрээс хөрөнгө ихээр босгох шаардлагатай байна.   

Дөрөвдүгээрт, Засгийн газрын дэргэд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Хямралаас сэргийлэх бүтцийг байгуулан ажиллуулах. Энэхүү бүтэц нь хурдацтай өөрчлөгдөн буй гадаад орчинд цаг алдалгүй үнэлэлт дүгнэлт өгөн, Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөх үүргийг гүйцэтгэнэ.
Дэлхийн нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралд Монгол улс ч мөн адил  өртөх болно. Гэвч хямралыг хохирол багатай тойрон гарах арга зам байна. Үүнийг л Монголын төр, засаг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй болжээ. 

З.Батболд


Эх сурвалж: www.openforum.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.