2009.10.28 | Сайт: Vip76.mn

Сталиныг шидийн хүчээр хамгаалагч эмэгтэй

Сталиныг шидийн хүчээр хамгаалагч эмэгтэй

Хорьдугаар зууны түүхэнд хамгийн тод мөр үлдээсэн хүмүүсийн нэг болох Иосиф Сталины үйлдлүүд ямагт зөрчилтэй, ойлгомжгүй байдаг.

Энэ чанар нь ид шидийн асуудал дээр ч гэсэн илэрдэг.

Залуудаа шашин номын мөр хариугүй хөөх шахсан энэ эр төрийн эрхэнд гарсныхаа дараа ид шидтэнгүүдийг толгой дараалан баривчлуулж, шашингүйн үзлийг хүчээр түгээж, сүм хийдүүдтэй ширүүн тэмцэл хийснийг нь харахаар үнэхээр үзэн ядагч мэт.

Тэгсэн атлаа алдарт сохор үзмэрч Митрана Никонова дээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр өөрөө очиж, дайны төгсгөл хэрхэхийг лавласан байдаг. Алдарт гоц чадвартан Вольф Мөссингийн юу чаддагийг шалгах үүрэг биечлэн өгч, улстөрийн зорилгоор ашиглахдаа тэрээр нэг их цэрвэсэнгүй. Дайнд Орос ялна гэж олон удаа итгэлтэй хэлж байсныг нь ч нэг их тоосонгүй.

Наталь Львова аливаа дом шидээс Сталиныг хамгаалах үүрэгтэй байв.

Сталинд зүгээр нэг үзмэрч, зурхайч хэрэггүй байлаа.

Түүнд өөрийг нь хар муугаас хамгаалж чадах шидтэн хэрэгтэй байв. Тийм хүнийгээ ч аль эрт олчихсон байсан юм.

1930 онд Сталин өөрийн ажилтан Сергей Кировт хар домч олж өгөх үүрэг өгсөн байдаг. Киров болохоор энэ даалгаврыг доод шатныхаа Медведь гэгчид дамжуулжээ.

Тэр нь Лөнинградад удам дамжсан шидтэн Наталья Львов гэгч байдгийг сайн мэддэг санж. Энэ эмэгтэй хүмүүсийг өөрийн санаснаар удирдаж, юу хүссэнээ хийлгэж чаддаг шидтэй байжээ.

Сталин үүрэг өгснөөр түүнийг Москвад авчран хотын төвд байр өглөө. Энэ нь тэр цагийн төр нийгмийн өндөр албаныханд олддог боломж байв. Наталь Львова аливаа дом шидээс Сталиныг хамгаалах үүрэгтэй байв.

Зурхайч нарын идэш болохгүй тулд өөрийн төрсөн он сар өдрөө хэзээ ч үнэнээр нь хэлж болохгүй, хүмүүст өөрийн аура буюу нарийн биеийг харуулахгүйн тулд үргэлж тамхи баагиулж бай гэх зэрэг олон зөвлөгөөг энэ эмэгтэй түүнд өгдөг байж.

Түүнээс гадна Сталины зааж өгсөн улстөрийн өрсөлдөгчдийг нь зайлуулахын тулд янз бүрийн хараал хорлол хийдэг байлаа. Үнэхээр л түүний өрсөлдөгчид ямар нэг алдаа дутагдал гарган Сталины зууш болно.

Засгийн газар, коммунист намын удирдах түвшинд үе үе хачирхалтай томилгоо хийгдэж, эрүүл саруул ухаанаар шүүгээд учрыг нь олохооргүй шилжилт хөдөлгөөн болно.

Энэ бүгдийн өмнө Сталин ёс юм шиг Наталья Львоватай хоёулхнаа удтал ярилцдаг байсан болохоор энэ хачин шийдвэрүүдийн уг язгуур нь тэр хоёрын "үзмэрчлэх" асуудалд л байсан байх гэж таамаглацгаадаг.

Энэ эмэгтэйн талаар мэдээ мэдээлэл тун хомс бөгөөд Сталинаас өмнө үхсэнийг нь жам ёсны үхэл үү, хэтэрхий ихийг мэдэх болсных нь харгай юу гэдгийг хэлэх хүн, нотлох баримт харамсалтай нь олддоггүй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.