Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи гэрийн хорионоосоо суллагдлаа
2010.11.15

Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи гэрийн хорионоосоо суллагдлаа

Бирмийн /Мьянмар/ эрх баригчид Ардчиллыг дэмжигч, сөрөг хүчний лидер Ан Сан Су Чинийг гэрийн хорионоос нь сулласан байна. Өнгөрсөн бямба гаригт Бирмийн нийслэл Рангүүн дахь түүний гэрийн гадна энэ мэдээг сонссон мянга мянган дэмжигчид нь баярлан цугларч, “бид зорьсондоо хүрлээ” хэмээн хашгирч байсан байна.

Тэрээр цугласан дэмжигчдийнхээ өмнө үндэсний хувцсаараа гоён, инээмсэглэн гарч ирсэн байна. Тэрээр дэмжигчиддээ хандан хэлсэн мэдэгдэлдээ "бидэнд хийх зүйл их байна. Ард түмэн нэгдмэл хамтдаа байж энэ бүгдийг хийх болно" хэмээн хэлсэн байна.

Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи сүүлийн 21 жилийн 15 жилийг нь гэрийн хорионд өнгөрүүлээд байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама түүнийг суллагдсан даруйд баяр хүргэсэн байна. Мөн НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн тэр бол “зоригжуулагч” хэмээн Ан Сан Су Чинийг хэлээд, Бирми улсыг улстөрийн хоригдлоосоо ангижрах хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч, сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи 1991 онд гэрийн хорионд сууж байхдаа Нобелийн энхтайвны шагналын эзэн болж байжээ. Өдгөө 65 настай тэрээр 1995 онд суллагдсан ч түүнээс хойш түүнийг удаа дараа баривчлан хорьсоор өнөөдрийг хүрсэн. НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд олон орны төрийн тэргүүн түүнийг суллахыг Бирмийн цэргийн эрх баригчидаас шаардсаар байсан нь амжилтад хүрчээ.

Бусдын гарт амиа алдсан Бирмийн чөлөөлөх армийн баатар генерал Ан Саны охин Су Чи 1990 онд буюу гадаадаас Бирмд эргэж ирснээсээ хоёр жилийн дараа ардчиллын төлөө тэмцлийн удирдагч болсон байна. Түүний удирддаг National League for Democracy нам тухайн жилдээ парламентын сонгуульд 80 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийн эрхтэнүүд сонгуулийн дүнг хүчингүй болгосон байна.

Мөн дашрамд дуулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энх тайвны төлөөх шагналт, ардчилал, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч хатагтай Ан Сан Су Ки-д гэрийн хорионоос суллагдсантай нь холбогдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргье хэмээн, цахилгаан утас илгээсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.