Италийн нэрт жуулчин Марко Поло Хубилай хаантай уулзаж байгаагүй гэнэ
2011.08.12

Италийн нэрт жуулчин Марко Поло Хубилай хаантай уулзаж байгаагүй гэнэ

Нэрт жуулчин Марко Поло Хятадад хэзээ ч очиж байгаагүй, Хубилай хаантай ч уулзаж үзээгүй хэмээх таамаглалыг Италийн археологичид дэвшүүлжээ. Неаполын их сургуулийн профессор, археологич Даниэле Петрелла түүний бичсэн «Орчлонгийн элдэв сонин» хэмээх номын текстийг түүхэн баримтуудтай харьцуулан үзээд дээрх таамгийг гаргаж ирсэн байна.

 

Петрелла бусад эрдэмтэдтэй хамтран Японд малтлага хийх үеэрээ Марко Пологийн бичсэн бүхэн үнэн эсэхэд эргэлзэж эхэлсэн гэнэ. Тухайлбал Поло номондоо Монголын Хубилай хааны хөлөг онгоцнуудыг таван шурагтай гэж бичсэн байхад малтлагын үеэр илрүүлсэн хөлөг онгоц ердөө гурван шурагтай байжээ.

 

Үүнээс гадна Хубилай хааны 1274, 1281 онуудад Японыг эзлэх гэсэн оролдлогуудын талаар бичихдээ томоохон алдаа гаргасан байна. Үүнээс уламжлаад Петрелла «Марко Поло эхний оролдлогын талаар бичихдээ Хубилайн усан цэргүүд Солонгосоос хөдлөн, замдаа далайн шуурганд өртөж, Японы эрэгт хүрч чадаагүй гэсэн байдаг. Гэвч энэ нь 1274 онд бус, 1281 онд болсон үйл явдал. Бүх зүйлийг нүдээрээ үзсэн хүн долоон жилийн зайтай үйл явдлыг андуурна гэж үү» хэмээн асуудал дэвшүүлжээ. Бас нэг хачирхалтай зүйлийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ нь нэрт жуулчин Хятад, Монголын газар зүйн объектыг тэмдэглэхдээ перс газрын нэр зүйг ашигласан явдал байлаа. Археологич Петреллагийн таамаглаж буйгаар Марко Поло үнэндээ Хар тэнгис хүртэл л аялсан, харин Хятад, Монголын талаар баримтаа уулзсан перс худалдаачдаасаа сонсон, тэмдэглэж авсан гэнэ. Иймэрхүү таамалалыг эрдэм тэд өмнө нь ч дэвшүүлж байсан юм. Английн түүхч, Хятад судлаач Фрэнсис Вуд 1995 онд гаргасан «Марко Поло Хятадад үнэхээр очсон уу» хэмээх номондоо «Марко Поло хятадуудын амьдралын салшгүй хэсгүүд болох савхаар хооллох, цайны ёслолын талаар юу ч дурсаагүй» хэмээн бичжээ». Түүнчлэн Хятадын Цагаан хэрмийн талаар нэг үг ч байна. Вудын үзсэнээр «Орчлонгийн элдэв сонин» номонд нэгдүгээр биеэс хандаж бичсэн ердөө 18 өгүүлбэр байдаг гэнэ. Үүнээс гадна Хятад, Монголын түүхэн гар бичмэлүүдэд Марко Поло гэсэн нэр байтугай баруунаас ирсэн хүн гэсэн нэг ч үг байдаггүй аж. Фрэнсис Вуд «Венецийн архивуудад Пологийн гэр бүл Хятадтай шууд холбоотой байсан тухай баримт нотолгоо байдаггүй. Тэднийд Хятадаас авч ирсэн гэх нэг ч эд өлгийн зүйл байгаагүй» хэмээн «Daily Telegraph» сонинд мэдэгджээ.

 

Түүхч эрдэмтний баталснаар Марко Пологийн номонд "Би тэгж байхыг нүдээрээ харсан» хэмээх үг байдаггүй гэнэ. Тиймээс Марко Поло Хятадаар ая лсан перс худалдаачдын ярианаас «будаа идсэн» байх магадлалтай болж байна. Эндээс үзэхэд «Орчлон-гийн элдэв сонин» хэмээх ном нь нэг хүний тэмдэглэл бус, дундад зууны үеийн европчуудын Алс Дорнодын талаарх мэдээллийн цогц гэж үзэж болохоор аж.

 

Италийн худалдаачин Марко Поло бол тухайн үеийн Азийн талаар тэмдэглэл бичиж үлдээсэн Европын анхны жуулчдын нэг юм. Тэрбээр «Орчлонгийн элдэв сонин» хэмээх номондоо Хятадаар 24 жил аялж, Хубилай хаантай танилцсан талаараа бичиж үлдээсэн байдаг. Хубилай хаан түүнийг элчээ болгож, Янчжоу мужийн захирагчаар томилж байжээ. Марко Пологийн бичсэн энэ ном нь Христофер Колумб болон бусад нэрт аялагчдад томоохон нөлөө үзүүлсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.