Цалин хасахыг олонх гишүүд эсэргүүцэж байна
2009.02.20

Цалин хасахыг олонх гишүүд эсэргүүцэж байна

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг 20%-иар хасаар тусгасан билээ. Энэ ард иргэдийг бухимдуулж байгаа шигээ УИХ-ын эрхэм гишүүдийн ч бухимдуулж байна.

Өчигдөр үргэлжилсэн ээлжит бус чуулган дээр олонх гишүүд Засгийн газраас орж ирсэн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасаж төсвөө танан гэсэн нь цаг үеэ олоогүй, үр ашиг муутай, оновчгүй шийдвэр байна. Цалин хасахаас өөр төсөв танах арга замаар байх ёстой, үүнийг олох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал гишүүн Батж.Батбаяр ”Төрийн албан хаагчдын цалингаас танахад ердөө 100 тэрбум л юм байна шүү дээ. Энэ нь үнэхээр төсөвт хэмнэлт болж чадах уу. Төсөвт нэмэр болчхоор л хасалт, таналт хийх хэрэгтэй" гэж бухимдлаа илэрхийлсэн бол Ц.Даваасүрэн гишүүн "Хүмүүсийн хэрэглээ буурч, зах зээл зогсонги байхад цалин бууруулах нь аюултай. Энэ хэмжээгээр худалдан авах чадвар багасаж, ядуурал, ажилгүйдэл үүснэ" хэмээн асуудлын голыг нь олж хэллээ.

Харин Г.Занданшатар гишүүн "Хямрал бол зөвхөн мөнгө санхүүгийн асуудал биш. Итгэл алдрах хямрал бас яваад байна. Бараг мөнгө, санхүүгийн асуудлаас илүү нийгмийн итгэл алдрах байдлыг таслан зогсоох, хүмүүст итгэл төрүүлэх алхмыг төрөөс бодлоготойгоор явуулах хэрэгтэй. Итгэл мөнгө биш, алтнаас ч үнэтэй. Гаднаас мөнгө гуйна гэж ярихаасаа өмнө итгэл сэргээх тухай ярих хэрэгтэй. Цалинг 20-30 хувь бууруулбал итгэл улам бүр байхгүй болгоно. Төсөв хэмнэх ямар боломж байгааг нэг бүрчлэн хянаж нягтлаад шаардлагагүй бол цалинг хэвээр үлдээх хэрэгтэй. Хямралыг даван туулах хамгийн гол гарц бол төр засгийн түвшинд эх оронч байж, нийт ард түмнээрээ эв эеийг хичээж, биестээ итгэх хэрэгтэй" гэж цалин хасах нь үр ашиггүй гэдгийг бусдаас арай өөр өнцгөөс харж байгаагаа хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.