Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо
2009.06.23

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол боллоо

Эзэн Чингис хааны цэргийн сүлд хийморийн бэлэгдэл болсон дөрвөн хөхөлт Их хар сүлд нь олон зууны туршид Монгол цэргийн дайчин сүрийг илтгэж, эрсийн сүлд хийморь, зориг тэвчээрийн илэрхийлэл болсоор иржээ.


Энэхүү Их хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг 1992 онд хуульчлан сэргээж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар 1995 оны зургадугаар сарын 13-нд Хан Хэнтий уулын тахилгатай хамтатган гүйцэтгэснээс хойш ийнхүү жил бүр тахих болсон байна.

Энэ сарын 21-ны өлзийт сайн өдөр буюу зуны дунд цагаан морь сарын 28-ны өдрийн морин цагт уламжлал ёсоор Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тахих ёслолын ажиллагаа Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Тавантолгойн Өгөөмөр ууланд боллоо.

Их хар сүлд цэнгүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч хошууч генерал А.Баатарцогт, Улаанбаатар хүрээний хилийн ангийн зарим дарга, захирагч нар болон хүчний бусад байгууллагын генерал, офицерууд оролцлоо. Энэхүү ёслолын үеэр Их хар сүлдний сангийн судрыг уншиж, арц хүж уугиулан, монгол цэргийн тангарагийг уншиж, тайлгын идээ, архи, сүү тэргүүтнийг Их хар сүлдэндээ өргөж, хүндэтгэл үзүүлэн сүлд хийморио сэргээдэг уламжлалтай юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.