Даваасүрэн.Ц Баярсайхан.Г Бат-Эрдэнэ.Б Энхбаяр.Ж 2009.07.07

Яаралтай хэлэлцүүлэх чиглэл өглөө

Яаралтай хэлэлцүүлэх чиглэл өглөө
Энэ хаврын нэгдсэн чуулганаар амжиж батлахгүй нь гэсэн “шижиг” авсан хөдөлгөөн, холбоод, ТББ төрийн ордны гадна хуурай өлсгөлөн хүртэл зарлаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Р.Буд, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нарын гишүүд “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг санаачлан боловсруулсан билээ. Энэ хуулийн төсөл УИХ-д анхны хэлэлцүүлгийнхээ түвшинд яваа юм. Энэ хаврын нэгдсэн чуулганаар амжиж батлахгүй нь гэсэн “шижиг” авсан хөдөлгөөн, холбоод, ТББ төрийн ордны гадна хуурай өлсгөлөн хүртэл зарлаад байгаа билээ.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д.Батбаяр, Н.Ганбямба, Ж.Энхбаяр нар бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны дарга Б.Батбаяр ахлан ажиллаж байгаа юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй өчигдөр уулзаж, уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт хэрхэн бэлтгэж байгаа ажлын явцтай танилцсан байна.

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд холбогдох яам, газрын удирдлага, албан тушаалтнуудыг оролцуулан долоон удаа хуралдаж, хуулийн төслийг дахин нягталж хэлэлцжээ. Энэ хугацаанд ашигт малтмалын болон ой, усны сав газруудаар явж, хуулийн төсөлд хамрагдах бүс нутгийн ой, усны сан, ашигт малтмалын хайгуул, олборлолтын талбайн солбилцлын цэгүүдийн байршлыг тогтоох, хамрагдах бүс нутгийн хилийн хилийн зааг, тэдгээрийн давхцалыг салбаруудын хэмжээнд зурган болон тоон үзүүлэлтээр нэгтгэн үзэж, арга зүй, ойлголт, бодлогоо нэгтгэх, хуулийн төслөөр ашигт малтмалын үйл ажиллагаа нь зогсоогдож, эрх нь хөндөгдөх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдсон эдийн засгийн хохирол, нөхөн олговрын нарийвчилсан тооцоог урьдчилсан байдлаар хийх, Ашигт малтмалын тухай хуулийн нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох мэдээ, мэдээллийг гаргуулан авч танилцах зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлж ажиллажээ. Ажлын хэсгийн гишүүд “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн төсөлд хуулийн төслийн нэрийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуул ашиглалтыг хориглох тухай гэж өөрчлөх, хуулийн төсөлд “нэр томьёоны тодорхойлолт” гэсэн агуулга бүхий зүйл нэмж “Гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, бүслүүр нутгийг гол мөрний урсац бүрэлдэх” гэж нэрлэх, хууль хүчин төгөлдөр болох хугацааг тодорхой заах зэргээр төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн хуулийн төсөлд ой, усны сан бүхий газрын бүсийн хилийн заагийг хэрхэн авч үзэж нарийвчлан тогтоосноос тухайн бүсэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн хэм хэмжээ илүү тодорхой болно гэж үзэж байгаа аж.
УИХ-ын дарга Ажлын хэсгийн танилцуулгыг сонсоод хуулийн төслийг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх чиглэл өгсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.