Б.Бат-Эрдэнэ хууль хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжиллээ
2009.10.15

Б.Бат-Эрдэнэ хууль хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжиллээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд биелүүлэхдээ хойрго хандаж байгаа талаар ярьж, баримт нотолгоо үзүүлсэн юм.

Өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооноос нэгэн Ажлын хэсэг байгуулсан нь гол мөрний урсгалын эх, усны сан бүхий газрыг хамгаалах зорилготой хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байв. Албан ёсны нэр нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн биелэлтэд хяналт тавих Ажлын хэсэг юм байна.


Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Н.Ганбямба нар оржээ. Харин даргаар нь БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Батбаяр томилогдсон аж. Ажлын хэсэг УИХ-ын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжоор Засгийн газрын эрх бүхий байгууллагуудад олгогдсон эрх, үүргийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, зохих үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдсон санал, зөвлөмж боловсруулах зорилготой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар УИХ-ын 55 дугаар тогтоолын биелэлт туйлын хангалтгүй байгаа юм байна. Тэрээр үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд хандаад зогсохгүй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөнд ч мэдээлэл хүргэж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн юм.

-Монгол орны байгаль орчинд бодитой аюул нүүрлэсэн өнөө цагт төр бодлогоороо усны эх ундарга, усны нөөцийг хамгаалахыг дэмжиж, энэ чиглэлээр хууль батлан гаргасан. Гэтэл “хуулиас давсан” эрх мэдэлтэй нэгээхэн хэсгийнхэн /уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллага, аж ахуйн нэгж/ төрийн хуулийг уландаа гишгэхийн тулд улайран зүтгэж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Түүнчлэн ойн сан бүхий газрын хилийн заагийг тодорхой болгох ажил удаан хийгдэж, чирэгдэл хүндрэлтэй байгааг эрхэм гишүүн онцолсон юм. Төрийн байгууллагууд, тэнд ажилладаг хүнд сурталтнууд бие бие рүүгээ элдэв бичиг цаас шидэлцэн асуудалд хойрго, арчаагүй хандаж байгааг тэрээр ширүүхэн шүүмжиллээ.

Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд хандаж 2009.09.25-нд мэдээлэл хүргүүлэхдээ УИХ-ын 55 дугаар тогтоолын хэрэгжилт удаашралтай байгааг дурдсан байна. Усны газар, Ойн газраас “…хилийн заагийн талаар ирүүлсэн мэдээлэл” нь хоорондоо зөрүүтэй, шаардлага хангахгүй байгааг мөнөөх мэдээлэлдээ тэд тоочсон байсан аж. Түүнчлэн 2009.10.08-нд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас дэд сайд Т.Энхтайваны гарын үсэг бүхий бичиг БОХХАА-н байнгын хороонд мөн иржээ. Энэхүү бичигт “… одоогийн байдлаар гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг албан ёсоор эцэслэн гаргах ажил удаашралтай хийгдэж байна…” хэмээн дурдаад, энэ зураг гараагүй байхад хичнээн тусгай зөвшөөрөл цуцлагдах, тэдгээр зөвшөөрөл эзэмшигчдэд төлөх нөхөн төлбөрийн талаарх мэдээллийг гаргах боломжгүй байна гэсэн байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гарын үсэг бүхий мэдээлэл мөн 2009.10.07-нд УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд иржээ.

Уг бичигт УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг хэрэгжүүлэх талаар өөрийн яам болон харьяа газруудын хийж буй ажлын явцын талаар дурдаж, “ажил үргэлжлэн хийгдэж” буйг тайлбарласан байна.

Харин эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ бүх бичиг цаасанд “хангалтгүй” хэмээн дүн тавьж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн юм. Төрийн байгууллагынхан бие бие рүүгээ цаас чулуудан налайж суух хооронд төрийн хуулийг хэрэгжиж эхлээгүй шахам байхад нь үгүйсгэн завхруулахаар нэг хэсэг нь үгсэн зүтгэж байгаа мэдээлэл ч бий хэмээн гишүүн онцоллоо.

Уул уурхай эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, хууль бус аргаар ашигт малтмал олборлогчдын зохисгүй ажиллагааны улмаас байгаль орчин ихээр сүйтгэгдэж, гол ус, мөрөн бохирдон, ой модыг хайр гамгүй сүйтгэж, бүс нутгийн байгалийн системд ноцтой өөрчлөлт орж байгаа энэ цагт эрхэм гишүүний бухимдал зүй ёсных хэмээн сэтгүүлчид дэмжиж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.