Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл барилаа
2009.10.16

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл барилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр УИХ-ын гишүүд болон Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын гурван төсөл өргөн барив.


УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах явдал юм. Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт хийгээгүй байна.

Харин Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор байгаа. Тиймээс цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк, санхүү зэрэг улс орны стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзээд гишүүд ийм хуулийн төсөл санаачилсан байна.

Уг хуулийн төсөл нь дөрвөн бүлэг, 18 зүйлтэй юм.

Мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шүүхийн шинжилгээний тухай” хуулийн төсөл, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар өргөн барилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.