Хилийн боомтуудын дэд бүтэц хүнд байна гэсэн дүгнэлт гарчээ
2009.10.22

Хилийн боомтуудын дэд бүтэц хүнд байна гэсэн дүгнэлт гарчээ

УИХ-ын Хууль зүйн, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өчигдөр хамтарсан хуралдаан хийсэн юм.

Хамтарсан хуралдаанаар Хилийн хяналтын байгууллагуудын болон хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу боловсруулсан “Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

УИХ-ын даргын 2009 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар захирамжаар хилийн хяналтын байгууллагуудын болон хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Х.Жекей, З.Энхболд, Ц.Баярсайхан, Ж.Батсуурь, Д.Одбаяр, Ж.Энхбаяр нар орж ажилласан юм.

Ажлын хэсгийн гишүүдэд мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, судалгаа мэдээллээр хангах үүрэг бүхий холбогдох хилийн хяналтын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд мөн тэнд орж ажилласан байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал боомт болон Өмнөговь аймаг дахь Гашуунсóхайт боомтод үйл ажиллагаа явуулж байгаа Хил хамгаалах ерөнхий газрын, Гаалийн ерөнхий газрын, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын харьяа газар, хороодын үйл ажиллагаа, тэдгээр байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, хилийн боомтын дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын ажиллах нөхцөл, олон улсын гэрээ, хэлэлцээр, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон хил орчмын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, нүүрс болон бусад төрлийн ашигт малтмалын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Үдээс өмнө нэлээд цаг сунгаж хуралдсан энэхүү хамтарсан хуралдааны эцэст дээрх гурван Байнгын хорооны хамтарсан тогтоолыг баталлаа. Уг нь Ажлын хэсгийн зүгээс, хэлэлцэж буй асуудлыг УИХ-ын тогтоолоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах саналтай байсан юм.

Ингээд гурван Байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр танилцуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн заримаас буюу “Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслөөс товч толилуулъя.

“…Төрөөс хилийн боомтын талаар баримталж буй нэгдсэн, цогц бодлого байхгүйн улмаас боомтын дэд бүтэц, хилийн хяналт, шалгалтын байгууллагын ажиллах нөхцөл, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа ямар нэгэн байдлаар хангагдаагүй байна. Улсын хилийн тухай хуулиар боомтын дэд бүтцийг барьж байгуулах үүрэг орон нутагт ногддог боловч төсвийн орлогыг нь төв рүү шууд татдаг зохицуулалтаас болж бараг бүх боомтын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Үүнээс үүдэн орон нутгийн засаг захиргаа, хилийн хяналт шалгалтын байгууллагууд хил залгаа улсын аймаг, хошуу болон бусад этгээдийн тусламж, дэмжлэгээр боомтын шалган нэвтрүүлэх байр, албан хаагчдын орон сууц зэргийг бариулах, дэд бүтэцгүйн улмаас эрчим хүч импортоор авах, мөн Хятадын талын утасны сүлжээ ашиглан төвтэйгээ холбоо барих зэрэг нь хэвийн үзэгдэл болжээ.

Жишээ дурдахад Бичигт, Шивээхүрэн, Гашуун сухайт боомтын шалган нэвтрүүлэх байрыг Хятадын талын тусламжаар бариулснаас гадна энэ онд Сүмбэр боомтын шалган нэвтрүүлэх байр, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нийт 5 боомт дээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын таван сэндвичэн орон сууцыг Хятадын талын тусламжаар бариулж байна. Тусламжаар бариулсан болон бариулж буй эдгээр байшин, байгууламж нь чанарын хувьд муу, манай цаг агаарын нөхцөлд тохироогүй, цахилгаан, дулааны асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Түүнчлэн дэд бүтцийн асуудал байнга хүндрэл, бэрхшээлийг бий болгосоор байгаа аж. Ашигт малтмалын олборлолт, экспорт эрхэлж буй хувийн хэвшлийн томоохон компаниудын зүгээс дэд бүтцийн болон бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд цаашид ч хөрөнгө оруулах сонирхолтой байна.

Гэхдээ энэ нөхцөл байдал нь тусгаар тогтносон улсын хувьд, төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт эрхэлж буй байгууллагын хувьд, түүнчлэн тэнд ажиллаж буй албан хаагчдын ёс зүйн хувьд байж болшгүй үзэгдэл юм.

Иймд төрийн зүгээс хилийн боомтын дэд бүтцийг барьж байгуулах асуудалд нэгдсэн бодлоготой хандаж, улс орны хөгжлийн ойрын болон хэтийн бодлого, байгалийн баялагийн нөөц, боомтын статус, зэрэглэл, бодит ачаалал, хэтийн төлөв зэргийг харгалзан боомтын дэд бүтцийн стандартыг тогтоож, дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг болох, эсхүл боломжгүй тохиолдолд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалттайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бариулах, шаардлагатай эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна.

Ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа нөхцөл байдал, стратегийн ач холбогдолтой Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа зэргийг харгалзан өндөр техник, технологи бүхий нэвтрүүлэх хүчин чадал өндөр, автозам, төмөр замаар тээвэрлэх ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрүүлэх боломжтой олон улсын жишигт нийцсэн хилийн боомтыг барьж байгуулах, түүнийг дагалдсан жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийг хөгжүүлж боомт дагасан төвлөрлийг бий болгох нь чухал байна.

Хилийн хяналт шалгалтын байгууллагууд өөр өөрсдийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжтой боловч эдгээр хууль тогтоомж нь харилцан уялдаа холбоогүй, зарим тохиолдолд зөрчилтэй байгаа нь нэг ижил нөхцөлд ажиллаж байгаа байгууллага, албан хаагчдын харилцан адилгүй ажлын нөхцөл, цалин хангамж, хөнгөлөлт зэргээс харагдаж байна.

Жишээлбэл, боомт дээр ажиллаж байгаа хил хамгаалах байгууллагын албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг, тодорхой норматив бүхий хүнсний хангамжтай байдаг байхад бусад байгууллагад нь дээрх нөхцөл бүрдээгүй байх, Мэргэжлийн хяналтын албан хаагчдаас бусад нь хил дээр ажилласан цалингийн нэмэгдэл авдаг зэрэг зөрчилтэй зүйл Ажлын хэсгийг ажиллах хугацаанд ажиглагдлаа.


Энд дурдсан бүх нөхцөл байдалд тулгуурлан дүгнэхэд, Хилийн боомтын эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэх, хилийн боомтын нэгдсэн бодлого, стандарттай болох, боомтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, боомтуудыг нэг урсгалтай бус хоёр урсгалтай болгох, боомтын дэд бүтцийг шийдвэрлэхдээ бусад дэд бүтэц тухайлбал боомт хүртэлх автозам, эрчим хүч, цахилгааны зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа хяналтын байгууллагуудын бүтэц, орон тооны асуудлын талаар шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын өөрчлөлт хийж, албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг тэгш байдлаар хангах, тэдгээрийг нэгдсэн удирдлагаар хангах, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах үүрэг бүхий боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, боомтын талаарх хуучин ойлголтыг халж, хүн ам төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой суурин газар болгох зэрэг асуудлыг яаралтай судлан үзэж, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна…”

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.