Гадаад хэргийн сайдад Г.Занданшатар, Хэрэг эрхлэх Газрын даргад Ч.Хүрэлбаатар нар нэр дэвшлээ
2009.11.10

Гадаад хэргийн сайдад Г.Занданшатар, Хэрэг эрхлэх Газрын даргад Ч.Хүрэлбаатар нар нэр дэвшлээ

Өнөөдөр Үдээс өмнө УИХ нэгдсэн хуралдаан хийж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар одоогийн бүтцээр ажиллахыг дэмжсэн билээ. Өрөөр хэлбэл Ерөнхий сайд С.Батболдын хамтарсан Засгийн газрыг бүтцээр хадгалан үлдэх хүсэлтийг УИХ хүлээн авсан юм.
Харин УИХ-ын хуралдааны дараа УИХ дах МАХН, АН –ын намын бүлгүүд ээлжит бус хуралдаан хийж, Засгийн газрын сайд нарыг хэрхэн эсэх талаар хэлэлцлээ.

МАХН-ын бүлгийн хуралдааны талаархи мэдээллийн сэтгүүлч нарт УИХ дах МАХН-ын бүлгийн дарга Л.Лүндээжанцан өгсөн юм.

-Ерөнхий сайд Засгийн газрынхаа сайд нарын нэрийг оруулж ирсэн. Энд Засгийн газрын хуучин ажиллаж байсан гишүүд дийлэнхи нь байна. Харин Гадаад харилцааны сайдын орон тоо гарсан байгаа. Энд УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Г.Занданшатар, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын нэрийг дэвшүүлж оруулж ирсэн. Бүлэг хуралдаад Ерөнхий сайдын саналыг 100 хувь дэмжсэн.

-АН-тай Гадаад хэргийн яамыг Сангийн яамаар солино гэж байсан. Энэ тухай асуудал яригдсан уу?

-Зарим гишүүдээс 46 гишүүнтэй МАХН-ын бүлэг санхүү эдийн засгийнхаа гол төсөв мөнгөө барьдаг яамаа авах нь зүйтэй гэсэн санал гарч байсан. Гэхдээ бид өнгөрсөн онд хамтарсан Засгийн газар байгуулсан улстөрийнхөө тохиролцооноос буцахгүй ээ гэсэн байр сууриа бариад энэ асуудлыг авч үзээгүй.

Харин МАХН-ын бүлгийн хуралдаан тарснаас нэг их удалгүй АН-ын бүлгийн хуралдаан дууссан юм. Бүлгийн хуралдааны талаархи мэдээллийг АН-ын Бүлгийн дарга Ч.Сайханбилэг өгсөн юмаа.
-УИХ дах АН бүлэг ээлжит бус хуралдаанаа хийгээд нэг асуудал хэлэлцлээ. Намын дарга Ерөнхий сайдтай уулзаад Засгийн газрын бүрэлдэхүүний, сайд нарын томилгооны талаар танилцуулга хийсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуучин хэвээр нь ажиллуулах тухай УИХ тогтоол өнөөдөр өдөр батлагдлаа. Энэ дагуу намыг бүлэг хэлэлцээд хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа 6 сайдаа хуучин хэвээр нь хадгалаж үлдэхээр санал нэгтэйгээр дэмжсэн.

-МАХН Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаа өөрчиллөө, АН өнөөдөр яагаад сайд нартаа өөрчлөлт хийсэнгүй бэ? Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын асуудал?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал Ерөнхий сайдын эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлөлт ороод, хуучин бүрэлдэхүүнээрээ явъя гэж байгаа асуудал бол Засгийн газрын гишүүдийн хувьд хариуцлага тооцох ёстой асуудал гэж үзээгүй. Гэхдээ бүлгийн хуралдаан гишүүд саналаа хэлсэн. АН-ын төлөөлж байгаа сайд нар илүү эрч хүч, үр бүтээлтэй ажиллах. Хамтарсан гэх энэ түүхийн цаг хугацаанд илүү олон ажлууд амжуулах захиа даалгаврыг захисан байгаа.

Одоо энэ асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дараа нь УИХ-д өргөн барьж, холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар батлагдах юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.