Зургаан тэрбумыг “цацсан” ч зуух, яндангийн утаа улам ихэсчээ
2009.12.03

Зургаан тэрбумыг “цацсан” ч зуух, яндангийн утаа улам ихэсчээ

Агаарын бохирдлыг бууруулах төсвийн мөнгө ач тусаа өгсөнгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр “Агаарын бохирдлыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт”-ийн байдлыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ажилласан юм байна. Ажлын хэсэг энэ оны 7 дугаар сараас эхлэн үйл ажлаа явуулж, шалгалтын дүнг Байнгын хороонд танилцуулсан нь энэ.

Улаанбаатар хотын агаарын чанар хурдтайгаар муудсаар байгаа нь хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл ихэссэн, гэр хороололд амьдрах хүн амын тоо эрс ихэссэнтэй холбоотой гэнэ. Нийслэлийн хэмжээнд 235.8 мянган өрх айл амьдарч байгаа бөгөөд тэднээс 90.4 мянга нь орон сууцанд байдаг аж. Харин 144.5 мянган өрх айл гэр хороололд амьдардаг байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд 2006, 2007 онд улсын төсвөөс 500.0 сая төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 1683.0 сая төгрөг, 2008 онд мөн сангаас 2061.9 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 155.0 сая төгрөг тус тус зарцуулсан тоо байна. Энэ нь нийт дүнгээр 2006-2008 онд 4.9 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин 2009 онд орон нутгийн төсвөөс 2774.9 сая төгрөг төсөвлөөд 1379.6 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Гэвч УИХ-ын Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдолттой “тэмцсэн” ажлыг туйлын хангалтгүй хэмээн дүгнэсэн юм. Хотын агаарыг бохирдуулж буй нөхцөл, байдлыг багасгах талаар хийсэн ажлууд үр дүнгүй шахам болсон төдийгүй төсвийн хөрөнгийг мөн л туйлын хангалтгүй зарцуулсан хэмээн дүгнэхэд хүргэсэн байна.

Агаарыг бохирдуулахад гол нөлөө үзүүлдэг зуухны асуудлыг төгс шийдэж чадаагүй хэвээр байна. Түлшний тухайд ч мөн л ийм байдалтай буй аж. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 хувийг гэр хорооллын утаа, нүүрс үүсгэж байгаа тул түлээ түлшний асуудал уг нь хамгийн гол зүйл билээ.

2006 онд хийсэн нэгэн судалгаанаас үзвэл, агаарын бохирдлоос шалтгаалан өвдөж нас барсан хүний тоо 7000 гарсан байх юм. Манай улсын агаарын бохирдлын хортой, тоосонцорын хэмжээ нь 17 сая хүн амтай Бээжингийнхтэй дүйж байгаа аж.

Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдааны үеэр агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгүй, хангалтгүйн зэрэгцээ төсвийн хөрөнгийн зарцуулалт ч оновчгүй, зүй бусаар зарагдсан болохыг тэмдэглэсэн юм.

Мөн төсвийн хөрөнгийг хариуцлагагүй зарцуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн албаны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг ч сануулан анхааруулж байлаа.

2006-2009 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна хэмээн 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2009 оны 11 сарын байдлаар 6.2 тэрбумыг “салхинд хийсгэсэн” тэднийг Байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэг буруутгахаас өөр аргагүй байсан.

Хэдийгээр тэдгээр албан тушаалтнууд төсвийн мөнгийг гартаа атгаж суусаар үрэн таран болгоогүй ч гарын салаагаар урсан одоход нь хариуцлагагүй хандсан хүмүүс гэдгийг Байнгын хорооны дарга З.Энхболд хэлж байлаа.

“УИХ-аас баталсан утаанд зарцуулах мөнгө зорилгодоо хүрсэнгүй”


Эцэст нь Байнгын хорооны гишүүд дараах зүйлүүдэд санал нэгдсэн юм.

-УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний УИХ-ын 2007 оны 46-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг”-тэй ажлаа уялдуулж, нэгдсэн зохион байгуулалттай болох,

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны статусыг дээшлүүлэх, агаарын бохирдлын талаар УИХ-ын дэргэд Түр хороо байгуулах,

-Агаарын бохирдлыг багасгахад зарцуулдаг мөнгийг “олон эзнээр дамжуулах бус нэг гараар” зарцуулахыг зохицуулж өгөх,

-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироор ахлуулсан ажлын хэсгийн ажлыг дуусаагүй, үргэлжлэнэ хэмээн үзлээ.

Хуралдааны үеэр гишүүд юу хэлснийг засваргүй хүргэвэл:

Э.Мөнх-Очир:

-Агаарын бохирдлыг багасгах талаар дүүрэн цогц ажил хийгдээгүй гэж үзсэн.

Ц.Шинэбаяр:

-Ер нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд төдий хэрийн мөнгө төсөвлөвөл боломжтой гэсэн тооцоо, судалгаа байна уу?

Н.Ганбямба:

-Агаарын бохирдолд 6.2 тэрбумыг зараад байхад ихсээд байгаа нь юуных вэ?

Э.Мөнх-Очир:

-…Хувиар, тоогоор ажлаа ярихгүй байх, зуух яндангийн тоог ярихгүй баймаар байна. Хамгийн гол нь утааг багасгахад хэрхэн яаж ажиллав гэдэг нь л чухал…

З.Энхболд:

-Яагаад утаанд зарцуулах мөнгийг унаанд зарцуулав аа? Энэ чинь төсвийн ангилал буюу Төсвийн хууль зөрчсөн зүйл…, Улаанбаатарын утаа буурахгүй байгаа нь зориулалтын бус зүйлд мөнгөө зараад байгаагийнх…, Троллейбуст өгсөн, трансформатор зассан мөнгийг Гандангийн утааг багасгах гэх мэтээр тодорхой үр дүнгээ өгөх юманд гаргах хэрэгтэй , УИХ-аас баталсан утаанд зарцуулах мөнгө зорилгодоо хүрсэнгүй. Мөнгө өгөөд байдаг, утаа улам нэмэгдээд байдаг…

С.Оюун:

-Тэдэн төгрөг зарцуулвал агаарын бохирдол буурна гэсэн тодорхой тоо байхгүй юм билээ. Агаарын бохирдол багасгана гээд судалгаа хийсэн гээд байгаа тэр 6 тэрбумыг 3 жил салхинд хийсгэсэн байж болох нь.

Ц.Батбаяр:

-Төсөвлөсөн мөнгийг олон газарт тарааж цацаж хэрэглэхээ болих, цогцоор нь асуудлыг авч үзэх нь дээр. Олон газарт тараахаар ажил нь аль ч үгүй болж байгаа юм. Санхүүжилтийг нэг л урсгалаар гаргах хэрэгтэй.

Х.Наранхүү:

-УИХ-ын шинэчилсэн тогтоол гаргах нөхцөлд утаатай тэмцэх хөрөнгийг яаж зарцуулах тухай зарчмыг нь, шалгуурыг нь тогтоож өгөх нь зөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.