Ерөнхийлөгч долоон настай А.Сайханбилэг хүүг  "Шударга журам" медалиар шагналаа
2009.12.08

Ерөнхийлөгч долоон настай А.Сайханбилэг хүүг "Шударга журам" медалиар шагналаа

Долоон настай А.Сайханбилэг хүү “Шударга журам” медаль хүртэж Ерөнхийлөгч үзгээ дурсгалаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган “Аюул гамшиг тохиолдож гал түймэр гарсан хүнд нөхцөлд эр зориг, авхаалж самбаа гаргаж хүний амь аварсан онцгой баатарлаг гавъяаг нь үнэлж долоон настай Амарсайханы Сайнханбилэгт “Шударга журам” медаль хүртээлээ.

Өнгөрөгч сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч долоон настай хүү А.Сайханбилэг шатаж буй гэрээс гурван настай А.Заяа дүүгийнхээ амийг аварсан юм. А.Сайханбилэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн 2-дугаар ангийн сурагч бөгөөд өнөөдөр ээж Д.Уранчимэг, захирал Д.Ган-Уяа, ангийн багш С.Оюун нарынхаа хамт “Шударга журам” медалиа гардан авахаар иржээ.

Дүрэлзсэн гал дунд орж дүүгийнхээ амийг аварсан А.Сайханбилэгийн энэ баатарлаг үйлс нь үеийнхэндээ төдийгүй хүн бүрт үлгэр дууриал үзүүлсэн бахархам үйлс хэмээн Төрийн Тэргүүн онцлоод, “Энэ медаль бол хамгийн эр зоригтой, хүний төлөө сэтгэлтэй, баатарлаг үйл хэрэг бүтээсэн хүмүүст олгодог шагнал юм. Баатарлаг үйл явдлыг балчир хүүхэд ч бүтээж болдгийг бид харж байна. Анхны “Шударга журам” медалийг 1959 онд 12 настай Д.Чулуунхүү охин 3 хүүхдийн амь насыг галын аюулаас аварснаар хүртэж байсан бол, 50 жилийн дараа өнөөдөр долоон настай А.Сайханбилэг хүү гурван настай дүүгийнхээ алтан амийг галын аюулаас аварсныхаа төлөө хүртлээ” гээд А.Сайханбилэг хүүгийн “Шударга журам” медаль олгох зарлигт гарын үсэг зурсан өөрийн үзгээ дурсгал болгож өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт, гал түймэрт нэрвэгдсэн Д.Уранчимэгийнд гэр олгуулах асуудлыг нь шийдвэрлэж өгөх талаар энэ үеэр үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХА-наас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.