Худалдааны тухай

Бие даасан хууль (Засгийн газрын гаргасан худалдааны төсөл)
Өргөн барьсан: 2015-04-15

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын худалдааны бүтэц, төрөл, арга, хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг, худалдаан дахь төрийн бус байгууллагын оролцоог хангах, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл..

Худалдааны хууль тогтоомж

2.1.Худалдааны хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ хуульболон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1]МонголУлсынҮндсэн хууль-“Тєрийнмэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээртнийтлэгдсэн.

[2]Иргэний хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль иргэн, хуулийн этгээдийн эрхлэх барааны худалдааны харилцаанд хамаарна.

3.2.Батлан хамгаалах, тагнуул, цагдаагийн байгуллага тэдгээрийн гүйцэтгэх  ажиллагааны зориулалттай барааг худалдаалахтай холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.

3.3.Барааг тээвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хууль, Гаалийн тухай хууль[1], Авто тээврийн тухай хууль[2], Төмөр замын тээврийн тухай хууль[3], Усан замын тээврийн тухай хууль[4] болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

3.4.Худалдаатай холбогдох өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, гаалийн тарифын асуудлыг Өрсөлдөөний тухай[5], Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай[6], Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар[7] зохицуулна.  


[1]Гаалийн тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

[2]Авто тээврийн тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 200.оны .. дугаарт нийтлэгдсэн.

[3]Төмөр замын тээврийн тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 200.оны .. дугаарт нийтлэгдсэн.

[4]Усан замын тээврийн тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 200.оны .. дугаарт нийтлэгдсэн.

[5]Өрсөлдөөний тухай, -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[6]Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай- -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004.оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[7]Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

 

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“худалдаа” гэж бараа, үйлчилгээ, оюуны өмчийн эрхийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

4.1.2.“гадаад худалдаа” гэж Монгол Улс, түүний нутаг дэвсгэрийн хилийн гадна орших улс орон, нутаг дэвсгэрийн хооронд хийгдэж буй худалдааг;

4.1.3.“дотоод худалдаа” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй худалдааг;

4.1.4.“тусгай дэглэм” гэж хуулиар болон төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан тогтоосон тодорхой нутаг дэвсгэрт үйлчилж байгаа худалдааны зохицуулалтыг;

4.1.5.“үйлчилгээний худалдаа” гэж арилжааны нөхцөлтэй үйлчилгээг;

4.1.6.“оюуны өмчийн эрхийн худалдаа” гэж олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалагдаж патент, гэрчилгээ авсан бүтээлийн эрхийн худалдааг;

4.1.7.“цахим худалдаа” гэж цахим мэдээллийн сүлжээг ашиглан хийгдэх худалдааг;

4.1.8.“шууд худалдаа” гэжүйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүрч байгаа бараа, үйлчилгээ болон албан ёсны төлөөлөгч этгээдээр дамжуулан хүргэх худалдаа, үйлчилгээг;

4.1.9.“биржийн худалдаа” гэж барааг биржээр дамжуулан арилжих үйл ажиллагааг;

4.1.10.“хил орчмын худалдаа” гэж Монгол Улс болон хөрш зэргэлдээ улсын хил орчмын бүс нутагт байнга оршин суудаг иргэн, хуулийн этгээд хэрэгцээгээ хангах зорилгоор Монгол Улсын хил орчмын бүсэд хийж байгаа худалдааг;

4.1.11.“экспорт” гэж Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрээс гадаад улсын гаалийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгоор гаргаж буй  барааны худалдааг;

4.1.12.“импорт” гэж гадаад улсын гаалийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгоор оруулж буй барааны худалдааг;

4.1.13.“реэкспорт” гэж гаалийн горимын дагуу гадаадынх болохыг нотолсон барааг хилийн чанадад буцаан гаргахыг;

4.1.14."реимпорт" гэж гаалийн горимын дагуу хилийн чанадад түр хугацаагаар гаалийн нутаг дэвсгэрээс гаргахыг;

4.1.15.“хамгаалалтын арга хэмжээ” гэж импортын барааны хэт өсөлтөөс үүссэн, эсхүл үүсэх хохирлоос дотоодын үйлдвэрлэгчийг хамгаалах зорилгоор тарифын дээд хязгаараас өндөр нэмэлт татвар болон тоон хязгаарлалтыг түр хугацаагаар тогтоохыг;

4.1.16.“демпинг” гэжМонгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгоор импортоор оруулж байгаа барааны үнэ  экспортлогч орны  зах зээлийн үнээс доогуур байхыг;

4.1.17.“импортын барааны хэт өсөлт” гэж импортын барааны их хэмжээний нийлүүлэлт дотоодын ижил төрлийн барааны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн, ноцтой хохирол учруулахуйц байдал үүссэн, хохирол учруулсаныг;

4.1.18.“хариу арга хэмжээ” гэж гадаад улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын эсрэг худалдааны ялгавартай хориг, хязгаарлалт, бусад арга хэрэглэсэн тохиолдолд Монгол Улсын зүгээс олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээг;

4.1.19.“худалдаа эрхлэгч” гэж худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг

4.1.20.“худалдааны газар” гэж худалдаа хийх зориулалттай стандартын шаардлага хангасан байгууламжийг;

4.1.21."худалдааны түр газар" гэж худалдаа хийх зориулалттай стандартын шаардлага хангасан түр байрыг;

4.1.22.“жижиглэн худалдаа” гэж  хэрэглэгчийн хувийн болон ахуйн хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээг худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

4.1.23. “үүргийн худалдаа” гэж хэрэглэгчид ойртуулан худалдааны түр газарт хийгдэх жижиглэн худалдааны хэлбэрийг;

4.1.24.“бөөний худалдаа” гэж  бизнес, үйлдвэрлэл, аж ахуйн хэрэгцээнд зориулан барааг бөөнөөр худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

4.1.25."дистрибьютерийн худалдаа" гэж нийлүүлэгчтэй хийсэн гэрээнд заасны дагуу барааг ашиг олох зорилгоор өөрийн нэрийн өмнөөс худалдан борлуулах эрх бүхий хуулийн этгээдийн хийх худалдааг;

4.1.26."худалдааны сүлжээ" гэж нэгдсэн нэг удирдлага, стандарттай, тодорхой газар нутагт барааг худалдаалах салбар, нэгжийн хэлхээг;

4.1.27."шилжих үнэ" гэж харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд үүсэх үнийг.

5 дугаар зүйл.

Монгол Улсын худалдаанд баримтлах зарчим

 

5.1.Монгол улсын худалдаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, хүлээн зөвшөөрөгдөх эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын аюулгүй байдлын стандартыг хангасан байх;

5.1.2.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу бараа, үйлчилгээний худалдаанд үндэсний нэн тааламжтай болон үндэсний нөхцөлийг баримтлах;

5.1.3.үйлдвэрлэгч, хэрэглэгч, худалдаа эрхлэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах;

5.1.4.шударга өрсөлдөөнийг хангасан байх.

6 дугаар зүйл.

 Монгол Улсын худалдааны бүтэц

6.1.Монгол Улсын худалдаа дараах бүтэцтэй байна:

6.1.1.гадаад;

6.1.2.дотоод;

6.1.3.тусгай дэглэмийн.   

6.2.Монгол Улсын худалдаа дараах төрөлтэй байна:

6.2.1.барааны;

6.2.2.үйлчилгээний;

6.2.3.оюуны өмчийн эрхийн.

6.3.Энэ хуульд заагаагүй оюуны өмчийн эрхийн болон үйлчилгээний худалдааг тухайн салбарын хуулиар зохицуулна.

6.4.Монгол Улсын худалдаанд цахим, дистрибьютер, шууд, биржийн болон энэ хуулийн 5.1-д заасан зарчимд харшлахгүй бусад аргыг зөвшөөрнө.

6.5.Цахим, дистрибьютер, шууд болон биржийн худалдааны харилцаатай холбогдох журмыг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ

 7 дугаар зүйл.

Худалдаа эрхлэгч

7.1.Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд гадаад, дотоод худалдааг эрхэлж болно.

7.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын худалдаанд баримтлах зарчимд харшлахгүй гадаад, дотоод худалдааны хэлбэрийг зөвшөөрнө.

8 дугаар зүйл.

 Нийтлэг шаардлага

8.1.Худалдаа эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

8.1.1.Монгол Улсын зах зээлд олон улсын, бүс нутгийн, эсхүл үндэсний стандартын шаардлага хангасан зураасан код, гарал үүслийг тодорхойлсон барааг худалдах;

8.1.2. олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалсан оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх;

8.1.3.худалдаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан худалдааны бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгүүлэх;

8.1.4.хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авсан байх.

9 дүгээр зүйл.

Худалдаа эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг

9.1.Худалдаа эрхлэгч дараах нийтлэг эрхийг эдэлнэ:

9.1.1.төрөөс үзүүлэх дэмжлэгт хамрагдах;

9.1.2.барааны дээжид хийсэн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд уг дээжийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх;

9.1.3.худалдаатай холбогдуулан гаргасан дүгнэлт, авсан арга хэмжээний талаар улсын байцаагчаас тайлбар шаардах, гомдол гаргах.

9.2.Худалдаа эрхлэгч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

9.2.1.дэвшилтэт техник, технологи, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх;

9.2.2.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан бараа, үйлчилгээг хэрэглэгчид хүргэх;

9.2.3.хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

9.2.4.гарал үүсэл тодорхой, зураасан кодтой барааг худалдах;

9.2.5.энэ хуулийн 20.1-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтад барааг зах зээлээс эргүүлэн татах, түүнтэй холбогдон гарах зардлыг бүрэн болон хэсэгчлэн  хариуцах;

9.2.7.өөрийн буруутай үйл ажиллагаанаас хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх;

9.2.8.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

 ХУДАЛДААНЫ ХЭЛБЭР, ТАВИГДАХ ШААРДЛАГА                                                                                

10 дугаар зүйл.

Гадаад худалдааны хэлбэр

10.1.Гадаад худалдаа дараах хэлбэртэй:

10.1.1.экспорт

10.1.2.импорт

10.1.3. реэкспорт;

10.1.4.реимпорт.

10.2.Бараа солилцоо, реэкспорт, реимпортын барааг хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг Гаалийн тухай[1], Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар[2] зохицуулна.


[1]Гаалийн тухай хууль, -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008.оны 23 дугаарт нийтлэгдсэн.

[2]Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

11 дүгээр зүйл.

Гадаад худалдааг эрхлэхэд тавих шаардлага

11.1.Гадаад худалдаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

11.1.1.гадаадулсын иргэн, хуулийн этгээдтэй худалдааны гэрээ байгуулсан байх;

11.1.2.импорт, экспортын бараа нь олон улсын эсхүл үндэсний техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан байх;

11.1.3.олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалсан оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх;

11.1.4.экспорт импортын мэдэгдэл, гарал үүслийн болон чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх;

11.1.5.хууль тогтоомжид заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авсан байх.

12 дугаар зүйл.

 Гадаад худалдааны төлбөр тооцоо

12.1.Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа худалдааны төлбөр тооцоо нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.

12.2.Гадаад худалдааны төлбөр тооцоог Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй банкаар дамжуулан гүйцэтгэнэ.

12.3.Гадаад валютаар хийгдэх экспортын төлбөр тооцоо 60 хүртэл хоног  дотор хийгдсэн байна.

 

12.4.Бараа, түүхий эдийг биржээр арилжих, төлбөр тооцоо хийх, коджуулах журмыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.

13 дугаар зүйл.

 Гадаад худалдааг зохицуулах

13.1.Гадаад худалдааг Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн хүрээнд дараах аргаар зохицуулна:

13.1.1.тарифын;

13.1.2.тарифын бус.

13.2.Тарифын аргаар зохицуулалт хийхтэй холбогдсон харилцааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар[1] зохицуулна.

13.3.Дараах тохиолдолд импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг нэмэгдүүлж болно:

13.3.1.импортын барааны хэт өсөлт үүссэн;

13.3.2.дэмпингийн үнэтэй бараа импортолсон;

13.3.3.татаастай бараа импортолсон;

13.3.4.төлбөрийн тэнцэл алдагдсан, алдагдахаас хамгаалах.

13.4.Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуулийн 13.5-д зааснаас бусад тохиолдолд гадаад худалдаанд тарифын бус хязгаарлалт хийхийг хориглоно.

13.5.Хуулиар эрх олгогдсон төрийн захиргааны байгууллагадараах тохиолдолд гадаад худалдаанд тарифын бус хязгаарлалтыг хэрэгжүүлнэ:

13.5.1.үндэсний аюулгүй байдлыг хангах, эсхүл олон нийтийн эрх ашгийг хамгаалах;

13.5.2.байгаль орчин, амьтан, ургамлын тэнцвэрт байдлыг хангах;

13.5.3.дотоодод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийг хамгаалах;

13.5.4.энэ хуулийн 24.2-т заасан стратегийн барааны дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах;

13.5.5.Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэт бууралтыг зогсоох, тогтвортой хадгалах.

13.6.Энэ хуулийн 13.3,13.5-т заасан нөхцөлд дотоодын үйлдвэрлэлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

13.7.Энэ хуулийн 13.3.1-13.3.5-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний шаардлагад нийцсэн хязгаарлалтыг гадаад худалдаанд хэрэглэнэ.

13.8.Энэ хуулийн 12, 13.3.4, 13.5-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд гадаад худалдааг хязгаарлах журмыг Монгол банк Засгийн газартай хамтран баталж, хэрэгжүүлнэ.

13.9.Дараах тохиолдолд гадаад худалдааг хориглоно:

13.9.1.үндэсний аюулгүй байдал, эсхүл олон нийтийн эрх ашигт аюул учруулах;

13.9.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон;                                         13.9.3.Дэлхийн худалдааны байгууллагын холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн бусад тохиолдолд.

13.10.Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад худалдааг хориглох шийдвэрийг Засгийн газар гаргана.

14 дүгээр зүйл.

 Ачилтын өмнөх хяналт

14.1.Дотоодын үйлдвэрлэлийн барааны үнийг хэт буулгах, өсгөх, сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, барааны чанар, тоо хэмжээ, валютын төлбөр тооцоог нягтлах зорилгоор хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааны импортод ачилтын өмнөх хяналтыг хэрэгжүүлж болно.

14.2.Ачилтын өмнөх хяналт хийх журмыг Засгийн газар батална.

14.3.Хяналтыг Дэлхийн худалдааны байгууллагын Ачилтын өмнөх хяналт шалгалтын тухай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Ачилтын үед заавал улсын байцаагчийг байлцуулан ачилт гүйцэтгэж эхлэнэ

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

15 дугаар зүйл.

 Хариу арга хэмжээ

15.1.Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дараах нөхцөл үүссэн тохиолдолд хариу арга хэмжээг авах асуудлаар шийдвэр гаргана:

15.1.1.гадаад улс Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

15.1.2.Монгол Улсын эсрэг худалдааны ялгавартай хориг,  хязгаарлалт, бусад арга хэрэглэсэн.

15.2.Хариу арга хэмжээ авах журмыг Засгийн газар батална. Засгийн газар хариу арга хэмжээ авахын өмнө тухайн улстай хэлэлцээ хийж болно.

15.3.Засгийн газар 15.1.1, 15.1.2-т дурдсан асуудлуудаар Дэлхийн худалдааны байгууллагын Маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж болно. 

16 дугаар зүйл.

Дотоод худалдааны хэлбэр

16.1.Дотоод худалдаа нь дараах хэлбэртэй байна:

16.1.1.бөөний худалдаа;

16.1.2.жижиглэн худалдаа.

 

17 дугаар зүйл.

Бөөний худалдаа

17.1.Бөөний худалдаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

17.1.1.стандартын шаардлага хангасан худалдааны газарт бөөний худалдаа эрхлэх;

17.1.2.стандартын шаардлага хангасан өөрийн агуулахтай, эсхүл стандартын шаардлага хангасан агуулах бүхий этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;

17.1.3.олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалсан оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх;

17.1.4.үйлдвэр, импортын болон жижиглэн худалдаа эрхлэгчтэй гэрээ байгуулж ажиллах;

17.1.5.хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авсан байх.

17.2.Бөөний худалдаа эрхлэх газарзүйн байршлыг хүн амын төвлөрөл, дэд бүтэц болон холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хувийн хэвшлийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

17.3.Бөөний худалдааны газарт жижиглэн худалдаа явуулахыг хориглоно.

Бөөний худалдаа эрхлэгч нар нь тухайн бүтээгдхүүний гарал үүсэл, эрүүл ахуйн дүгэнлттэй бараа бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрнө

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Бөөний худалдааг интернетээр хийх асуудлыг хуулинд тусгуулах

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

18 дугаар зүйл.

Жижиглэн худалдаа

18.1.Жижиглэн худалдааг стандартын шаардлага хангасан худалдааны газарт эрхлэн явуулна.

18.2.Барааг хэрэглэгчид ойртуулах, жижиглэн худалдаа эрхлэгчийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор худалдааны түр газарт үүргийн худалдааг зохион байгуулж болно.

18.3.Үүргийн худалдаатай холбогдох харилцааг зохицуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

жижиглэн худалдаа эрхлэгч хүмүүсийг дэмжинэ гэх юм яг яаж ямар хэлбэрээр дэмжих юм бэ. Үнэхээр юм хийе гээд хөөцөлдөх гэхээр албан татвар өндөр, газар байхгүй гээд олон асуудал байна ш дээ

2015.08.21

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

үүргийн худалдаа эрхлэх харилцааг зохицуулах журмыг аймаг нийслэлийн ИТХ-д өгч байгаа нь шаардлагыг хангахгүй, тиймээс дээрээсээ зохицуулах нь зүйтэй.

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

19 дүгээр зүйл.

 Худалдааны сүлжээ

19.1.Худалдааны сүлжээ эрхлэхэд дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

19.1.1.хуулийн этгээд байх;

19.1.2.худалдааны сүлжээнд хамрагдсан худалдааны газарт барааны ижил үнийн систем нэвтрүүлэх;

19.1.3.худалдааны ижил арга технологитой байх;

19.1.4.холбогдох бусад.

19.2.Нийслэл, бүх аймгийн төвийг хамруулан үндэсний хэмжээнд худалдааны сүлжээ зохион байгуулсан хуулийн этгээдэд үндэсний статус олгоно.

19.3.Энэ хуулийн 19.2-т заасан статусыг авсан хуулийн этгээдэд дараах дэмжлэгийг  үзүүлж болно:

19.3.1.ижил үнийн систем нэвтрүүлэхэд дэмжлэг 

19.3.2.холбогдох бусад.

19.4.Энэ хуулийн 19.3.1-д заасан ижил үнийн систем нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон журмыг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж , хувь хүний нэмүү өртөгийн албан татварын доод хязгаарыг 50 сая төгрөг болгож өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол жаахан олсон төгрөгөө татварт өгөөд ахиж дэвжихгүй байна.

2016.01.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

БАРААГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХ

20 дугаар зүйл.

Барааг зах зээлээс эргүүлэн татах

20.1.Дараах тохиолдолд барааг зах зээлээс эргүүлэн татна:

20.1.1.гарал үүсэл тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй эсхүл стандарт тэмдэглэгээ шошгонд хийгдээгүй;

20.1.2.зураасан кодгүй;

20.1.3.худалдаа эрхлэгчийн буруугаас барааны чанар, аюулгүй байдал алдагдсан;

20.1.4.оюуны өмчийн эрхийг зөрчсөн дууриамал, хуурамч барааг худалдаалахаар завдсан, худалдаалсан;

20.1.5.хүрээлэн байгаа орчин, амьтан, ургамал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй;

20.1.6.үйлдвэрлэгч этгээд хүсэлт гаргасан.

20.2.Барааг зах зээлээс эргүүлэн татахтай холбогдсон журмыг стандарт, мэргэжлийн хяналтын болон оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

ТАВДУГААР БҮЛЭГ .

ТУСГАЙ ДЭГЛЭМ

21 дүгээр зүйл.

Тусгай дэглэмийн төрөл

21.1.Худалдааны тусгай дэглэм нь дараах төрөлтэй байна:

21.1.1.чөлөөт бүсийн;

21.1.2.хил орчмын худалдааны.

21.2.Чөлөөт бүс дэх худалдаатай холбогдох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулиар[1] зохицуулна.


[1]Чөлөөт бүсийн тухай хууль, -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн

22 дугаар зүйл.

Хил орчмын худалдаа

22.1.Монгол Улсын хил орчмын болон энэ бүс нутагтай хиллэдэг тухайн улсын бүс нутагт байнга оршин суудаг Монгол Улсын болон тухайн улсын иргэн, хуулийн этгээд хил орчмын худалдаа хийж болно.

22.2.Монгол Улсын хил орчмын бүс нутагт суугаа иргэн, хуулийн этгээдийн хилээр нэвтрүүлэх барааны зөвшөөрөгдөх дээд хэмжээг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

22.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт хил орчмын худалдаа хийх журмыг Монгол Улсын хөрш зэргэлдээ улстай байгуулсан олон улсын гэрээг үндэслэн Засгийн газар батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

ХУДАЛДААГ ДЭМЖИХ, ХӨНГӨВЧЛӨХ

23 дугаар зүйл.

Худалдааны дэмжлэг

23.1.Дараах үйл ажиллагаанд төрөөс худалдааны дэмжлэг үзүүлнэ:

23.1.1.гадаад улс, бүс нутаг, дотоодын зах зээлийг судлах;

23.1.2.мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

23.1.3.экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах

23.1.4.олон улсын үзэсгэлэн, яармагт оролцоход дэмжих;

23.1.5.технологи нутагшуулахад дэмжлэг үзүүлэх.

24 дүгээр зүйл.

Худалдааг хөнгөвчлөх

24.1. Худалдааг хөнгөвчлөх талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

24.1.1. худалдааны талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, захиргааны шийдвэр худалдаа эрхлэгчдэд нээлттэй, ил тод байна;

24.1.2.барааг импортлох, экспортлохтой холбогдох хураамж болон төлбөрийг тухайн байгууллагаас үзүүлэх үйлчилгээнд нийцүүлэн ноогдуулна;

24.1.3.худалдааны бүрдүүлэлтийн горимыг хялбарчилна.

24.2.Худалдаа, тээврийг хөнгөвчлөх асуудлыг зохицуулах талаарх холбогдох журмыг худалдаа болон тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 

25 дугаар зүйл.

Дамжин өнгөрөх тээвэрлэлт

25.1.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрээр тээврийн хэрэгсэл чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл боломжийг холбогдох байгууллага хангаж ажиллана.

25.2.Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд тавих шаардлага, тэдгээрийн шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой харилцааг Гаалийн тухай хуулиар зохицуулна.

25.3.Барааг агаараар дамжин өнгөрүүлэх тээврээс бусад иргэний агаарын тээврийн олон улсын хөдөлгөөнд энэ зүйл хамаарахгүй.

25.4.Төмөр зам болон авто замаар дамжин өнгөрч буй худалдааны зориулалт бүхий олон улсын ачаа, барааны тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

 ҮНИЙН ЗОХИЦУУЛАЛТ

26 дугаар зүйл.

Үнийн зохицуулалт

26.1.Худалдаанд чөлөөт болон зохицуулах үнэ үйлчилнэ.

26.2.Үнийг нь төрөөс зохицуулах зайлшгүй шаардлагатай стратегийн барааны нэр, төрлийг Улсын Их Хурал тогтооно.

26.3.Энэ хуулийн 26.2-т заасан барааны үнийг дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд Үнийн мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ:

26.3.1.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй;

26.3.2.үнийн зохиомол хэлбэлзэл үүссэн;

26.3.3.эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдал алдагдсан

Зарим худалдаа эрхлэгчид үнийн дүнгээ хэтрүүлдэг нь хэцүү юм. Энд тэнд өөр өөр үнэтэй хэлбэлзэлтэй. Засгийн газраас энэ асуудлыг шийдэж тогтсон нэг үнийн системтэй байвал зүгээр байх

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

27 дугаар зүйл.

Үнийн мэргэжлийн зөвлөл

27.1.Энэ хуулийн 26.3.1-26.3.3-т заасан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт, санал гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл  холбогдох төрийн захиргааны төв байгууллагын дэргэд  ажиллана

27.2.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

27.3.Энэ хуулийн 26.1-д заасан зохицуулах үнийн аргачлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.

27.4.Зөвлөл энэ хуулийн 26.3.1-26.3.3-т заасан нөхцөл байдал үүссэн талаарх холбогдох дүгнэлтийг 10 хоногт багтаан гаргаж, саналаа Засгийн газарт хүргүүлнэ.  

28 дугаар зүйл.

Үнийг зохицуулах шийдвэр

28.1.Засгийн газар Зөвлөлийн дүгнэлт, саналыг 14 хоног дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

28.2.Засгийн газар энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан асуудлаар шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

28.2.1.тухайн барааны өртөг;

28.2.2.хууль тогтоомжид заасан бусад хүчин зүйл.

28.3.Засгийн газар үнэ зохицуулах талаарх шийдвэрт зохицуулалт хийх журам болон шийдвэрийн хэрэгжих хугацааг заана.

28.4.Үнийн зохицуулалт барааны онцлогтой уялдуулан 180 хоногоос хэтрэхгүй байхаар тогтооно.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРЭГ

29 дүгээр зүйл.

Төрийн бус байгууллагын чиг үүрэг

29.1.Худалдаатай холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1.худалдаа эрхлэгчийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хуулийн хүрээнд хамгаалах, худалдааны бодлогын өмгөөлөл үзүүлэх;

29.1.2.худалдааны чиглэлээр хийсэн судалгаа, дүгнэлт, саналаа худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

29.1.3.худалдааны чиглэлээр мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүхий сургалт зохион байгуулах;

29.1.4.экспортын барааны гарал үүслийг гэрчлэх, дүн шинжилгээ хийх;

29.1.5.гадаад худалдааны гэрээ, эрх зүйн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх;

29.1.6.худалдааны салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам Худалдааны хуулийг зөрчсөн гэж үзвэл түүнийг  өөрчлүүлэх, хүчингүй болгуулах саналыг эрх бүхий байгууллагад тавих;

29.1.7.хууль тогтоомжид заасан бусад.

30 дугаар зүйл.

Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг шилжүүлэх 

30.1.Худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг зохих төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлж болно:

30.1.1.энэ хуулийн 31.1-д заасан худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

30.1.2.гадаад худалдаанд түгээмэл хэрэглэгддэг гэрээний үлгэрчилсэн загварыг зөвлөмж хэлбэрээр батлах;

30.1.3.худалдаатай холбогдох стандартын төсөл боловсруулах, заавал мөрдөх шинжтэй стандартын төслийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

30.1.4.худалдаанд баримтлах ёс зүйн дүрэм, зөвлөмжийг гаргах;

30.1.5.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

31 дүгээр зүйл.

Худалдааны мэдээллийн сан

31.1.Худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сантай байна.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан сан дараах мэдээллийг агуулна:

31.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа эрхлэгчийн тоо, ангилал;

31.2.2.тусгай зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчийн төрөл, тоо;

31.2.3.худалдаа эрхэлж байгаа зүй ёсны монополь болон давамгай байдалтай хуулийн этгээдийн тоо;

31.2.4.худалдааны салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гадаадын төсөл, хөтөлбөрийн тоо;

31.2.5.худалдааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын байгууллага, суралцагч, төгсөгчийн тоо;

31.2.6.үнийг нь зохицуулах шаардлагатай барааны хангамж, нийлүүлэлт, үнийн мэдээ;           

31.2.7.барааны тэмдэгийн төрөл, тоо;

31.2.8.зураасан код бүртгэлийн мэдээ;

31.2.9.худалдааны хууль тогтоомжийг зөрчигч этгээдийн бүртгэл;

31.2.10.гадаад худалдааны статистик;

31.2.11.худалдааны борлуулалт, нэмэгдэл өртөг;

31.2.12.хууль тогтоомжид заасан буса

31.3.Худалдаатай холбогдох төрийн болон төрийн бус байгууллага энэ хуулийн 31.2-т заасан мэдээллийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд хүргүүлнэ.

31.4.Худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, ашиглах журмыг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

32 дугаар зүйл.

Худалдааны мэдээллийн нууц  хамгаалах

32.1.Худалдааны мэдээллийн нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг Хувь хүний нууцын тухай хууль[1], Байгууллагын нууцын тухай[2] хуулиар зохицуулна.


[1]Хувь хүний нууцын тухайхууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[2]Байгууллагын нууцын тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

АРАВДУГААР БҮЛЭГ.

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, ХАРИУЦЛАГА

33 дугаар зүйл.

Худалдааны хяналт

33.1.Худалдаанд тавих хяналт, шалгалттай холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хууль[1] болон холбогдох бусад хуулиар зохицуулна.


[1]Төрийн хяналт шалгалтын тухайхууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

34 дугаар зүйл.

Худалдааны тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

34.1.Худалдааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий хяналтын улсын байцаагч доор дурдсан захиргааны шийтгэл ноогдуулна:

34.1.1.энэ хуулийн 8.3-т заасныг зөрчиж худалдааны цахим санд бүртгүүлээгүй хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

34.1.2.энэ хуулийн 11.1-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

34.1.3.энэ хуулийн 17.1, 19.1-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

34.1.5.энэ хуулийн 18.1, 20.1-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 6 сараас1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

 35 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

35.1.Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.