Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2015-04-30

Буцаасан, хүчингүй болсон 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний, захиргааны болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх /цаашид "шийдвэр гүйцэтгэх буюу тогтоол гүйцэтгэх" гэх/, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагааны эрх зүйн үндэс, журмыг тогтооход оршино.

 

2 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж

2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зарчим

 

3.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаанд энэ хэсэгт заасан зарчмаас гадна нууцлалыг хамгаалах зарчмыг баримтална

4 дүгээр зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.

5 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо

 

5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь захиргааны, иргэний болон эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

 

5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нутаг дэвсгэрийн болон ажил үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

 

5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /цаашид “шийдвэр гүйцэтгэх төв байгууллага” гэх/, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бүрдэнэ. Хүн амын нягтрал, нутаг дэвсгэр, шүүх, хууль сахиулах байгууллагын байршлыг харгалзан сум, дүүрэгт шийдвэр гүйцэтгэх хэсэг байгуулж болно.

 

5.4.Шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяанд иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газар /цаашид “шийдвэр гүйцэтгэх газар” гэх/, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газар /цаашид “тогтоол гүйцэтгэх газар” гэх/, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг бүхий тахарын газар тус тус байна.

 

5.5.Шийдвэр гүйцэтгэх төв байгууллагадэргэдээ сургалтын түшиц газар, өөрийн үйл ажиллагааны чиглэлээр шинжилгээ, судалгаа явуулах үүрэг бүхий нэгжтэй байж болно.

 

            5.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь туг болон бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

5.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

6 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын чиг үүрэг

6.1.Шийдвэр гүйцэтгэх төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, албан хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

6.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдгээрт цэргийн цол олгох, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[1] 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4, 5 дахь заалтад заасан үндэслэлээр цол бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дагаж

х журмыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.4.шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны аюулгүй байдал, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

6.1.5.шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;

6.1.6. улсын байцаагчийн эрх олгох;

6.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.


[1] Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль–“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 30 дугаарт нийтлэгдсэн

7 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх газрын чиг үүрэг

7.1.Шийдвэр гүйцэтгэх газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

7.1.2.шүүхийн зарим төрлийн шийдвэрийг бусад байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ талаар нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих;

7.1.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

7.1.4.аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

7.1.5.согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.

7.2.Шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байх бөгөөд улсын байцаагчийн эрхтэй байна.

7.3.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид "шийдвэр гүйцэтгэх алба" гэх/ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.3.1.иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүнчлэн эрүүгийн хэргийн талаар гарсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах, татан буулгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

7.3.2.албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

7.3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

 

7.3.4.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

 

7.3.5.үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулах;

7.3.6.албаны үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

7.3.7.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд өртэй этгээдийн болон гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл хөтлөх.

7.4.Шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах тогтоол гүйцэтгэгч, ахлах тахар ажиллана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах тогтоол гүйцэтгэгч нь улсын байцаагчийн эрхтэй байна.

7.5.Энэ хуулийн 7.3.1-7.3.3-т заасан шийдвэр гүйцэтгэх, тогтоол гүйцэтгэх ажиллагааг явуулах анхан шатны нэгж нь тогтоосон тойрог байна.

7.6.Шийдвэр гүйцэтгэл, тогтоол гүйцэтгэлийн тойргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

7.7.Шийдвэр гүйцэтгэлийн нэг тойрогт нэг шийдвэр гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэлийн нэг тойрогт нэг тогтоол гүйцэтгэгч ажиллана.

8 дугаар зүйл.

Тогтоол гүйцэтгэх газрын чиг үүрэг

8.1.Тогтоол гүйцэтгэх газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах, татан буулгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

8.1.2.хорих байгууллагыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

8.1.3.энэ хуулийн 8.1.1-д заасан ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

8.2.Хорих ял эдлүүлэх талаар хорих байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.2.1.хорих ялыг албадан эдлүүлэх;

8.2.2.ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтнаас нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

8.2.3.ялтанд хүмүүжлийн нөлөө үзүүлэх;

8.2.4.ялтныг хөдөлмөрлүүлж, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр түүнд дадлага олгох;

8.2.5.өсвөр насны ялтныг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох;

8.2.6.ялтны эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах;

8.2.7.нийгэмд аюултай халдварт өвчтэй, согтуурах, мансуурах донтой ялтныг албадан эмчлэх;

8.2.8.гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг ялтны хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирогчид шилжүүлэх, хорих байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

8.2.9.хуульд заасан бусад үүрэг.

8.3.Хорих байгууллага нь яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Хорих байгууллагын дотоод журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

8.4.Хорих ангид дарга, хорих ангийн албан хаагч ажиллана.

8.5.Хорих анги ялтныг хөдөлмөрт татан оролцуулах зорилгоор үйлдвэрлэлийн салбар, нэгжтэй байж болох бөгөөд хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчийн хуулийн этгээд ажиллуулж болно.

8.6.Хорих ангийн болон хувийн өмчийн хуулийн этгээдийн үйлдвэрлэлээс олсон ашгийг байгууллагын үйл ажиллагааг дэмжих, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бөгөөд хөрөнгийг хуваарилах, түүнд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

9 дүгээр зүйл.

Тахарын газрын чиг үүрэг

9.1.Тахарын газар дараах чиг үүрэг хэрэгжүүлнэ:

9.1.1.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах талаар шийдвэр гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

9.1.2.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

9.1.3.гэрч, хохирогчийг хамгаалах;

9.1.4.яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;

9.1.5.яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх;

9.1.6.ялтан шилжүүлэх;

9.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

9.2.Тахарын газар шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагааны явцад шүүхэд ирсэн нотлох баримтыг хадгалах, хамгаалах, хуулиар шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулахаар заасан зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            9.3.Тахарын газар нь дараах чиг үүрэг бүхий нэгжтэй байна

9.3.1.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

 

9.3.2.гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах;

 

9.3.3.мөрдөн шалгах, эрэн сурвалжлах;

 

9.3.4.яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

9.4.Тахарын газар дараах тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна:

9.4.1.шүүх, шүүгчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

9.4.2.оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах;

 

9.4.3.гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх

10 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт

 

10.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ.

10.2.Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлж болно. Шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь урамшууллын зардлыг төвлөрүүлж, тэгшитгэн хуваарилна.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Шийдвэр гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр

гүйцэтгэх ажиллагаа үүсгэх

11 дүгээр зүйл.

Гүйцэтгэх баримт бичиг

11.1.Гүйцэтгэх баримт бичигт дараах баримт бичиг багтана:

11.1.1.иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

11.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэр, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

 

11.1.3.шүүхээр баталгаажуулсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас;

 

11.1.4.эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

 

11.1.5.үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр.

 

11.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно.

 

11.3.Гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандана.

 

12 дугаар зүйл.

Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага, үр дагавар

 

12.1.Гүйцэтгэх баримт бичигт дараах зүйлийг заана:

 

12.1.1.гүйцэтгэх баримт бичгийг олгосон шүүх, бусад байгууллагын нэр;

 

12.1.2.шүүх, бусад байгууллагаас шийдвэр гаргасан огноо, дугаар;

 

12.1.3.тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл;

 

12.1.4.төлбөр авагч-хуулийн этгээд болон төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, регистрийн дугаар;

 

12.1.5.төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ;

 

12.1.6.шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацаа.

 

12.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд, эсхүл гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн бусад байгууллагад буцаана.

 

12.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан шалтгааныг заана.

13 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх

 

13.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 12.2-т заасан үндэслэл байхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

 

13.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна.

 

13.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт зэргийг хавсаргана.

 

13.4.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүх, бусад байгууллагад гомдол гаргахгүй.

14 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал

 

14.1.Төлбөр төлөгч нь иргэн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.2.Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.3.Төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.4.Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр хариуцагчид даалгасан шийдвэрийг уг үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.5.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг төлбөр төлөгч, төлбөр авагчийн алины нь ч оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж болно.

 

14.6.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн төлбөр төлөгчид холбогдох шийдвэрийг төлбөр авагчийн саналаар төлбөр төлөгчдийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.7.Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.8.Тэжээн тэтгэхтэй холбогдсон шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

 

14.9.Шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаяг өөрчлөгдсөн, эд хөрөнгө байхгүй бол шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаар тэмдэглэл үйлдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагчид мэдэгдэнэ.

 

14.10.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 14.9-д заасан тэмдэглэлийг гүйцэтгэх баримт бичгийн хамт төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ буюу түүний ажиллаж байгаа, эсхүл түүний эд хөрөнгө байгаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд явуулж, энэ тухай төлбөр авагч болон гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бусад байгууллагад мэдэгдэнэ.

 

14.11.Гүйцэтгэх баримт бичгийг хүлээж авсан шийдвэр гүйцэтгэх алба түүнийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ.

15 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хугацаа

 

15.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг орон нутгийн цагаар 06.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулах ба тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч өөрөө тогтооно.

 

15.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус өдөр, эсхүл орон нутгийн цагаар 22.00 цагаас 06.00 цагийн хооронд явуулах шаардлагатай бол ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч ажиллагаа явуулсан тэмдэглэлд энэ тухай тусгана. Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тохиолдолд 24 цагийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

16 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх

 

16.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах үндэслэл, хугацаагаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ:

 

16.1.1.дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл;

 

16.1.2.төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарах хүртэл;

 

16.1.3.шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл;

 

16.1.4.гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах эд хөрөнгийн жагсаалтаас тухайн эд хөрөнгийг хасуулах тухай, эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдсон, энэ хуулийн 35.4-д заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарах хүртэл.

 

16.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах үндэслэл, хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ:

 

16.2.1.төлбөр төлөгч, эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч болон иргэний эрх зүйн чадамжгүй төлбөр төлөгчид асран хамгаалагчийг тус тус тогтоох хүртэл;

 

16.2.2.төлбөр төлөгчийн хаягийг тодруулах буюу эрэн сурвалжилж байгаа бол хаягийг олж тогтоох хүртэл;

 

16.2.3.төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан үед төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хүртэл;

 

16.2.4.эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл;

 

16.2.5.төлбөр гаргуулж болох эд хөрөнгө, эсхүл орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний эд хөрөнгө, эсхүл орлогыг албадан гаргах боломжгүй бол эд хөрөнгөтэй болтол;

 

16.2.6.барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцлийг харгалзан өвлийн улиралд тодорхой хугацаагаар;

 

16.2.7.шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол гомдлыг шийдвэрлэх хүртэл.

 

16.3.Энэ хуулийн 16.1,16.2-т зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.

 

16.4.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 16.1,16.2-т заасан үндэслэл илэрсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх ба эрх бүхий этгээд түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

 

16.5.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр төлөгч, төлбөр авагч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бусад байгууллагад мэдэгдэнэ.

 

16.6.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагчийн буюу шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүгч захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ.

17 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох

17.1.Шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана:

17.1.1.төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр;

17.1.2.төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн;

17.1.3.төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор;

17.1.4.төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан буюу төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;

17.1.5.төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэж явуулсан татан буулгах ажиллагаа дуусгавар болоход эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байгаа нь шүүхээр тогтоогдсон;

17.1.6.гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсонд тооцогдсон.

17.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг хүргүүлнэ.

17.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй.

18 дугаар зүйл.

Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах

 

18.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл хэсэгчлэн явагдсан бол гүйцэтгэх баримт бичгийг дараах үндэслэлээр төлбөр авагчид буцаана:

 

18.1.1.төлбөр авагч хүсэлт гаргасан;

 

18.1.2.төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан;

 

18.1.3.төлбөр авагч өөрийн үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа.

 

18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан үндэслэлээр төлбөрийг гаргуулах боломжгүй нь тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх баримт бичиг болон бусад материалыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид ирүүлнэ.

 

18.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зохих ёсоор битүүмжилсэн, хураасан, худалдан борлуулсан эсэх, нуусан эд хөрөнгийг олж илрүүлэх талаар бүхий л арга хэмжээ авсан эсэхийг хянан үзэж тогтоол гаргана.

 

18.4.Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 18.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно.

 

19 дүгээр зүйл.

Төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах

19.1.Төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь иргэний бүртгэл мэдээллийн, татварын, нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа авах замаар хаягийг тодруулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан ажиллагаа явуулсан боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээд болон тэдгээрийн эд хөрөнгийг төлбөр авагч эрэн сурвалжилж болно.

20 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл

 

20.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлнө.

 

20.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

 

20.2.1.тэмдэглэл үйлдсэн газар, огноо;

 

20.2.2.шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааны товч утга;

 

20.2.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр;

 

20.2.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг.

 

20.3.Энэ хуулийн 20.2.4-т заасан гарын үсэг зураагүй бол шалтгааныг зааж, тусгайлан тэмдэглэнэ.

21 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас

 

21.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, холбогдох бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж асуух, тэдгээрээс баримт бичиг гаргуулан авч болно.

 

21.2.Энэ хуулийн 21.1-д зааснаас гадна шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах буюу тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, хөдөлмөрийн хөлс, орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.

 

21.3.Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлж болно.

 

21.4.Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч

22 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд

 

22.1.Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ.

 

22.2.Төлбөр авагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

 

22.3.Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

 

22.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа бол тэдгээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.

 

22.5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно.

23 дугаар зүйл..

Талуудын эрх, үүрэг

 

23.1.Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ.

 

23.2.Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө болон мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид гурав хоногийн дотор мэдэгдэх, гүйцэтгэх баримт бичигт заасан бусад үүрэг хүлээнэ.

24 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

24.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөрөө дамжуулан гүйцэтгүүлнэ.

 

24.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэний эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамаалагч, харгалзан дэмжигч хамгаалж оролцоно.

 

24.3.Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож болно.

 

25 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох

 

25.1.Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.

 

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.

 

26 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын төлөөлөгч оролцох

 

26.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно.

 

26.2.Төлөөлөл хуульд зааснаар, сайн дураар буюу гэрээгээр гэсэн хэлбэртэй байна.

 

26.3.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садангийн хүн, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлэхээ сайн дураар сонгох эрхтэй.

 

26.4.Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно.

 

26.5.Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө.

 

26.6.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна.

 

27 дугаар зүйл.

Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

 

27.1.Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай иргэний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бөгөөд тэдгээр нь эрхээ нотлох баримт бичгийг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлнэ.

 

27.2.Сураггүй алга болсонд тооцогдсон иргэн оролцвол зохих ажиллагаанд эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

 

27.3.Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан иргэний өв залгамжлагч оролцвол зохих ажиллагаанд өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

 

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан иргэний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

28 дугаар зүйл.

Төлөөлөгчийн бүрэн эрх

 

28.1.Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно.

 

28.2.Итгэмжлэл Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

28.3. Итгэмжлэлд талуудын эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.

 

28.4.Төлөөлөгч энэ хуулийн 28.3-т зааснаас бусад бүх ажиллагаанд төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс оролцох бөгөөд түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаална.

 

28.5.Итгэмжлэлд төлөөлөгчийн дараах бүрэн эрхийг заана:

 

28.5.1.гүйцэтгэх баримт бичиг буцааж авах;

 

28.5.2.эрхээ бусдад шилжүүлэх;

 

28.5.3.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах;

 

28.5.4.төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгө, бэлэн мөнгө авах.

 

29 дүгээр зүйл.

Төлөөлөгчөөр оролцож болохгүй этгээд

 

29.1.Дараах этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болохгүй:

 

29.1.1.18 насанд хүрээгүй /хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд/;

 

29.1.2.иргэний эрх зүйн чадамжгүй;

 

29.1.3.өөрөө иргэнийхээ хувьд, түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл өөрийн ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч, шийдвэр гүйцэтгэгч;

30 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч оролцох

 

30.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэддэггүй, хэлгүй дүлий бол орчуулагч, хэлмэрч авч болно.

 

30.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.

 

30.3.Орчуулагч, хэлмэрч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, хэлмэрчлэх, орчуулга хийхэд зайлшгүй шаардлагатай хэлний болон тусгай мэдлэг эзэмшсэн хүн байна.

 

30.4.Энэ хуулийн 30.1-д заасан этгээдэд орчуулагч, хэлмэрч авах хугацаа тогтоож, хэрэв энэ хугацаанд уг этгээд орчуулагч, хэлмэрч аваагүй бол шийдвэр гүйцэтгэгч орчуулагч, хэлмэрчийг томилж болно.

 

30.5.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй.

 

30.6.Орчуулагч, хэлмэрчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг орчуулуулсан, хэлмэрчлүүлсэн этгээд төлнө.

 

30.7.Санаатайгаар буруу орчуулах буюу хэлмэрчилбэл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулна.

 

31 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох

 

31.1.Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.

 

31.2.Бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

 

31.3.Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, түүнчлэн өөр хоорондоо болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл захирах захирагдах ёсны холбоогүй хүнийг оролцуулж болно.

 

31.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

 

31.5.Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаагаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар саналаа гаргах эрхтэй.

 

31.6.Хөндлөнгийн гэрчээс гаргасан саналыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд тусгана. Хөндлөнгийн гэрч хүсвэл саналаа бичгээр өгч болно.

 

31.7.Хөндлөнгийн гэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийнхөө оролцсон ажиллагааны үйл явц, баримт, агуулга, түүний үр дүнгийн талаар бичих, эсхүл танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зурах үүрэгтэй.

 

32 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох

 

32.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно.

 

32.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

32.7.Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаас гаргана.

33 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэгч ба цагдаагийн байгууллагын харилцан ажиллагаа

33.1.Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах, олж тогтооход өөрт байгаа мэдээлэл өгөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн амь бие, эрүүл мэндэд заналхийлсэн бол цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлж болно.

34 дүгээр зүйл.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах

34.1.Шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэл байвал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

34.1.1.урьд нь уг хэргийг шалган шийдвэрлэхэд мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр оролцсон;

34.1.2.төлбөр авагч, төлбөр төлөгч, эсхүл тэдний төлөөлөгчийн хэн нэгэнтэй төрөл, садангийн холбоотой байвал;

34.1.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, шударгаар үүргээ гүйцэтгэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож буй орчуулагч, хэлмэрч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгчид нэгэн адил хамаарна.

34.3.Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч нь татгалзан гарч үл болно.

34.4.Шинжээч энэ хуулийн 34.1-д зааснаас гадна дараах тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглоно:

 

34.4.1.албан тушаалын буюу бусад байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч шинжээчид нөлөөлж болзошгүй;

 

34.4.2.урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон бол.

 

34.5.Энэ хуулийн 34.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө, хэрэв уг үндэслэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.

 

34.6.Энэ хуулийн 34.1, 34.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг төлбөр төлөгч, төлбөр авагч, тэдний төлөөлөгч бичгээр гаргана.

 

34.7.Шийдвэр гүйцэтгэгч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэр гүйцэтгэгч тус тус шийдвэрлэнэ.

 

34.8.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан тохиолдолд түүний гүйцэтгэхээр авсан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөр шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

 

34.9.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргахыг зөвшөөрөхгүй тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргасан бол энэхүү тогтоолын талаар 3 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.


Төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр

гаргуулах үйл ажиллагаа

35 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа

 

35.1.Шийдвэр гүйцэтгэгч дараах үйл ажиллагаа явуулж болно:

 

35.1.1.төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;

 

35.1.2.төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх;

 

35.1.3.төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх;

 

35.1.4.төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах;

 

35.1.5.шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх;

 

35.1.6.эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох;

 

35.1.7.хуульд заасан бусад үйл ажиллагаа.

 

35.2.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна.

 

35.3.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

  

 35.4.Энэ хуулийн 35.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.

36 дугаар зүйл.

Үзлэг, нэгжлэг хийх

 

36.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийнэ.

 

36.2.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх, битүүмжлэх, барьцаалах, хураах явцад түүний биедээ буюу ямар нэг газар, эсхүл бусад этгээдэд нуусан эд хөрөнгийг илрүүлэх зорилгоор биед болон тухайн эд хөрөнгийг нуусан газарт нэгжлэг хийж болно.

 

36.3.Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд нэгжлэг хийх үед бэлэн мөнгө олдсон бол төлбөрийн хэмжээнээс илүүгүй хэмжээгээр хураан авна.

 

36.4.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна.

 

36.5.Энэ хуулийн 36.4-т заасан ажиллагааг явуулахад төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулна.

 

36.6.Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна.

 

36.7.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх үйл ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтөлнө.

 

37 дугаар зүйл.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах

 

37.1.Дараах үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална:

 

37.1.1.эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах;

 

37.1.2.төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх;

 

37.1.3.төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх.

 

37.2.Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана.

 

37.3.Энэ хуулийн 37.2-т заасан эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

37.4.Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

 

37.5.Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна.

 

37.6.Тогтоосон хугацаанд төлбөрийг төлсөн бол шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрээ хүчингүй болгоно.

 

37.7.Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахын хамт тухайн эд хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно.

 

37.8.Монгол Улсын мөнгөн тэмдэгт, Гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн гоёл чимэглэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт дурсгалт зүйлийг заавал хураан авна.

 

37.9.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан дарааллаар битүүмжлэх, эсхүл барьцаална.

 

38 дугаар зүйл.

Эд хөрөнгө үнэлэх

38.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.

38.2.Дараах тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:

38.2.1.эдийн бус хөрөнгө;

38.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө;

38.2.3.үнэт зүйл;

38.2.4.тухайн эд хөрөнгийг үнэлэхэд хүндрэл учирсан бол;

38.2.5.шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй байгаа.

38.3.Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

39 дүгээр зүйл.

Эд хөрөнгө хадгалах

39.1.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болно.

 

39.2.Хадгалагч эд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

 

39.3.Хадгалагч нь төлбөр төлөгч буюу түүний гэр бүлийн гишүүн биш бол хадгалсны хөлсийг тохиролцсоны дагуу авна.

 

39.4.Мал, гэрийн тэжээвэр амьтан болон бусад эд хөрөнгө хадгалуулсны хөлсийг тэдгээрийг хадгалахад зарцуулсан зардлыг тооцож, тухайн эд хөрөнгөнөөс бий болсон үр шимийг хасч олгоно.

 

39.5.Хадгалагч хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна.

 

39.6.Төлбөр төлөгчөөс хураасан үнэт зүйл, үнэт металл,эрдэнийн чулуу, гадаад валютыг банкинд хадгалуулна.

40 дүгээр зүйл.

Эд хөрөнгө худалдан борлуулах

40.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 40.5-д зааснаас бусад эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ.

 

40.2.Хүнсний болон хурдан гэмтэж муудах зүйлийг нэн даруй худалдана.

 

40.3.Хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулна.

 

40.4.Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна.

 

40.5.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлс, химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдах буюу шилжүүлнэ.

 

40.6.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана.

 

40.7.Энэ хуулийн 40.1-д заасан хугацаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид мэдэгдэн үнэ хямдруулан худалдаж болно. Үнээ хямдруулан худалдан борлуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно

 

40.8.Энэ хуулийн 40.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана.

 

40.9.Энэ зүйлд заасны дагуу худалдан борлуулсан эд хөрөнгийн гэмтэл, согогтой холбогдон гарсан гомдлыг хүлээн авахгүй.

 

40.10.Үнэт цаас худалдах журмыг хуулиар тогтооно.

 

40.11.Индоссанментээр шилжүүлэгдэж болох вексель буюу бусад төлбөрийн хэрэгслийг худалдах ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрийн хэрэгсэлийг эзэмшилдээ авснаар гүйцэтгэгдэнэ.

53 дугаар зүйл.Барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

53.1.Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.

53.2.Энэ хуулийн 53.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.

41 дүгээр зүйл.

Эд хөрөнгийн тухай мэдүүлэг

41.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчөөс доор дурдсан эд хөрөнгийн тухай мэдүүлгийг авна:

41.1.1.төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө, банкин дахь мөнгөн хөрөнгийн тухай;

41.1.2.төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө бусдын эзэмшилд байгаа, эсхүл ирээдүйд бий болох бусад эд хөрөнгийн тухай.

41.2.Төлбөр төлөгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.Төлбөр авагч ирээгүй нь уг мэдүүлгийг авахад саад болохгүй.

 

41.3.Хөрөнгийн байдалд орсон аливаа өөрчлөлтийн талаар төлбөр төлөгч  шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэж, өөрчлөлтийг мэдүүлнэ.

 

41.4.Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах саналыг шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргах бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга уг саналын үндэслэлийг хянана.

 

42 дугаар зүйл.

Өртэй этгээдийн бүртгэл

 

42.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь улсын, шийдвэр гүйцэтгэх алба нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаархи мэдээллийг цахим тоолуурт оруулж, өртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.

 

42.2.Өртэй этгээдийн бүртгэл хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

 

42.3.Өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа тухайн этгээдийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

 

 42.4.Энэ хуулийн 42.1-д заасан байгууллага өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн этгээдийн талаархи мэдээллийг дараах тохиолдолд бусдад өгч болно:

 

42.4.1.шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх;

 

42.4.2.санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэхийг шалгуулах;

 

42.4.3.зээл өгөх, авах гэж байгаа;

 

42.4.4.эрүүгийн гэмт хэрэг илрүүлэх.

 

42.5.Энэ хуулийн 42.1-д заасан байгууллага дараах үндэслэлээр өртэй этгээдийн бүртгэлээс хасна:

 

42.5.1.эд хөрөнгийн тухай мэдүүлгээ өгсөн;

 

42.5.3.төлбөр авагчийн шаардлага хангагдаж, энэ хуулийн 82.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн бол.

 

42.6.Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй бол өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, түүнээс мэдээлэл авахтай холбогдсон гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй.

 

42.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ хуулийн 42.1-д заасан өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны албан хаагч уг албанд болон сонгуульд нэр дэвшигчийн талаар Төрийн захиргааны албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус мэдэгдэнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан

дуудлага худалдаа

43 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа

 

43.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "албадан дуудлага худалдаа" гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.

 

43.2.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.

 

43.3.Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

 

43.4.Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдана.

 

43.5.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилно.

 

43.6.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч энэ чиглэлээр мэргэшсэн хүн байна.

 

44 дүгээр зүйл.

Албадан дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч өргөдлөө буцаах

 

44.1.Төлбөр авагч төлбөр төлөгчийн хувийн болон санхүүгийн байдал, эсхүл гэм буруутай эсэхийг харгалзан, албадан дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн өргөдлөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно.

 

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай өргөдөл гаргаагүй, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай өргөдөл гаргасан тохиолдолд албадан дуудлага худалдааг явуулахгүй.

 

44.3.Энэ хуулийн 44.2-т заасан тохиолдолд албадан дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэлийг хасуулах хүсэлтийг төлбөр авагч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргана.

 

44.4.Албадан дуудлага худалдааг энэ хуулийн 44.2-т заасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр явуулаагүй бол өргөдөл болон гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.

 

45 дугаар зүйл.

Албадан дуудлага худалдаа явуулах хугацаа

 

45.1.Албадан дуудлага худалдааг битүүмжилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсны дараа явуулна.

 

45.2.Албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 45.1-д заасан худалдааг явуулна.

46 дугаар зүйл.

Албадан дуудлага худалдаа явуулах шийдвэрийн агуулга

46.1.Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараах зүйлийг заана:

46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай;

46.1.2.албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг;

46.1.3.уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол;

46.1.4.үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;

46.1.5.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.

 

47 дугаар зүйл.

Албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлэх, албадан дуудлага худалдааны оролцогч, албадан дуудлага худалдааны дэнчин

 

47.1.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.

 

47.2.Албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч, төлбөр авагчаас гадна дараах этгээд оролцож болно:

 

47.2.1.албадан дуудлага худалдаа эхлэх үед бүртгэгдсэн этгээд;

 

47.2.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд;

 

47.2.3.бусад этгээд.

 

47.3.Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.

 

47.4.Албадан дуудлага худалдаанд оролцогч урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлнө. Дэнчин төлсөн тохиолдолд албадан дуудлага худалдаанд оролцуулна.

 

47.5.Албадан дуудлага худалдаа явуулах тухай хүсэлт гаргасан этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаанаар дэнчин төлөхөөс чөлөөлж болно.

 

 

48 дугаар зүйл.

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах

 

48.1.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч албадан дуудлага худалдаа явуулахаар өргөдөл гаргасан төлбөр авагчийн нэр, төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга, түүнийг битүүмжилсэн, барьцаалсан, хураасан огноо, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг танилцуулна.

 

48.2.Анхны санал гарснаар албадан дуудлага худалдааг эхэлсэнд тооцно.

 

48.3.Сүүлийн үнэ хэлэхийг зарлана. Тухайн үнийн саналыг албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч хүлээж аваагүй бол саналыг хүчингүйд тооцно.

 

48.4.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь сүүлийн үнэ зарлаж 3 удаа дуудсаны дараа албадан дуудлага худалдаа дуусгавар болно.

 

48.5.Үл хөдлөх эд хөрөнгө борлогдсон бол төлбөрийн шаардлагыг хангах хэмжээний мөнгө болон албадан дуудлага худалдааны зардлыг тооцон авч шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд оруулна.

 

48.6.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үеийн үнийг тогтоох, бууруулах, албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлийг баримтална.

 

48.7.Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно.Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана.

 

48.8.Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгож болно.

 

48.9.Албадан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тухайн албадан дуудлага худалдааны үед, эсхүл товлон тогтоосон өөр хугацаанд танилцуулна.Энэ хугацаа нь 2 долоо хоногоос хэтрэхгүй байна.

 

48.10.Албадан дуудлага худалдаагаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагчид тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох эрх үүснэ.

 

48.11.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй бол худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.

 

48.12.Үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд зүйлс худалдан авагчийн өмчлөлд нэгэн адил шилжинэ.

 

48.13.Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ.

 

48.14.Албадан дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурна.Албадан дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж санал гаргах эрх эдэлнэ.

49 дүгээр зүйл.

Албадан дуудлага худалдааны орлого хуваарилах

 

49.1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах өдөр, цагийг товлож төлбөр авагч, төлбөр төлөгч болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ.

 

49.2.Товлосон өдрөөс өмнө албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч энэ хуулийн 49.1-д заасан этгээдээс авлагын тооцоо гаргаж өгөхийг шаардаж болно.

 

49.3.Орлогыг дараах дарааллаар хуваарилна:

 

49.3.1.албадан дуудлага худалдаа явуулсан зардал;

 

49.3.2.өмчлөх эрх шилжих хүртэл эрхлэн хамгаалагч үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалсан, засварласан зардал;

 

49.3.3.тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох тогтмол төлөгдөх төлбөр;

 

49.3.4.ипотекийн эрхтэй этгээдэд төлөх төлбөр.

 

49.5.Энэ хуулийн 49.3-т заасан зардлыг гаргуулсны дараа уг орлогоос төлбөр авагчийн шаардлагыг хангана.

 

49.6.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно.

 

50 дугаар зүйл.

Төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

50.1.Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

51 дүгээр зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлэх

 

51.1.Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлэхээр шийдвэрлэж болно.

 

51.2.Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр тухайн эд хөрөнгөөс олох орлого нь түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон зардлаас их байх тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 51.1-д заасан шийдвэрийг гаргана.

 

51.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 51.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж саналыг нь авна.

 

51.4.Төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлсэн барилга буюу түүний тодорхой хэсэгт төлбөр төлөгч өөрөө оршин суудаг бол орон сууц ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлбөр авагчид төлөх үүрэгтэй.

 

51.5.Төлбөр авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас бий болох үр шимийг авч, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдон гарах бүх зардлыг төлнө.

 

51.6.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн шаардлагыг бүрэн хангасан, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр төлбөрийн шаардлагыг хангах боломжгүй болох нь илт болсон бол энэ хуулийн 51.1-д заасан шийдвэрээ хүчингүй болгоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.


Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр
гаргуулах онцлог

52 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-иргэний мөнгөн болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

52.1.Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.

52.2.Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ.Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно.

52.3.Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна

52.4.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг үндэслэн тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ.

52.5.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нь банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан орлогыг хасаж төлбөрийг шилжүүлнэ.

52.6.Энэ хуулийн 52.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.

52.7.Энэ хуулийн 52.3, 52.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.

52.8.Өвлөгч өвлүүлсэн эд хөрөнгийг хүлээн авсны дараа өөртэйгээ холбогдсон төлбөрийг уг эд хөрөнгөөс гаргуулж болно.

52.9.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна.

52.10.Төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна.

52.11.Төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, бэлэн мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөрийг гаргуулж болно.

54 дүгээр зүйл.

Төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө

54.1.Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараах эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй: 

54.1.1.зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл;

 

54.1.2.төлбөр төлөгчийн улирал бүрийн нэг ээлжийн хувцас;

 

54.1.3.хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш;

 

54.1.4.мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үр;

 

54.1.5.төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс.

 

54.2.Энэ хуулийн 54.1.5-д заасан эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт дурдсан төлбөрийн хэмжээнээс өндөр байвал уг эд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно.

 

55 дугаар зүйл.

Төлбөр гаргуулж болохгүй орлого

 

55.1.Төлбөр төлөгч иргэний дараах орлогоос төлбөр гаргуулж болохгүй:

 

55.1.1.байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буй тусламж, хандив;

 

55.1.2.илүү цагийн хөлс, нэг удаагийн урамшил, ажлаас халагдсаны тэтгэмж;

 

55.1.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж;

 

55.1.4.донор болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговрын мөнгө;

 

55.1.5.нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал;

 

55.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр;

 

55.1.7.хүүхдийн тэтгэлгийн мөнгө.

ДОЛДУГААР БҮЛЭГ.


Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн

хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог

56 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах

56.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж, 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ.

 

56.2.Төсөвт байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй бол түүнийг санхүүжүүлдэг байгууллагад төлбөрийг гаргуулах мэдэгдлийг хүргүүлэх буюу дараагийн төсөвт нэмж тусгахыг шаардана.

 

56.3.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх явцад бэлнээр хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгө илэрвэл түүнийг хураан авна.

 

56.4.Төлбөрт гаргуулсан бэлэн мөнгийг тэр өдөрт нь төлбөрийн шаардлагын хэмжээгээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцон авч төлбөр авагчид шилжүүлнэ.

 

56.5.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн бэлнээр хадгалагдаж байгаа буюу банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 37дугаар зүйлд заасан журмаар битүүмжлэх арга хэмжээ авч болно.

 

56.6.Төлбөр төлөгч нь банк байх тохиолдолд тухайн арилжааны банкны Монголбанк дахь харилцах данснаас хасалт хийх буюу төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна.

57 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

57.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна.Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна.

58 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дараалал

 

58.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг дараах дарааллаар битүүмжилнэ:

 

58.1.1.үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө /үнэт цаас, хуулийн этгээдийн хадгаламжинд буюу бусад тооцоонд буй мөнгөн хөрөнгө, валют болон түүнтэй адилтгах бусад хөрөнгө/;

 

58.1.2.бэлэн бүтээгдэхүүн, бусад материал, үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй материал;

 

58.1.3.үл хөдлөх эд хөрөнгө, түүхий эд материал, үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэг материал;

 

58.1.5.тусгай зөвшөөрөл.

59 дүгээр зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгө, мөнгөнөөс төлбөр гаргуулах

 

59.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн мөнгөн болон бусад эд хөрөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна.

 

59.2.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно.

60 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх

 

60.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 37дугаар зүйлд заасны дагуу битүүмжилснээс хойш 3 хоногийн дотор уг байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай мэдэгдлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлнэ.

 

60.2.Мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, тоо хэмжээ, байршил, төлбөр авагчийн шаардсан мөнгөн дүнгийн тухай мэдээг хавсаргана.

 

60.3.Мэдэгдлийн хуулбарыг татварын байгууллагад явуулна.

 

60.4.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хийх эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 60.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан бол тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгнө.

61 дүгээр зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдах үед төлбөр гаргуулах журам 

61.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд нийлэх, нэгдэх, тусгаарлах, хуваагдах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу тухайн байгууллагын мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.

 

62 дугаар зүйл.

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах

 

62.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.

 

62.2.Татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ.

 

62.3.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сэргэн төлбөрийн чадвартай болсон боловч төлөвлөгөөний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоостөлбөр гаргуулах

63 дугаар зүйл.

Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох

 

63.1.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах бусад орлогоос дараах тохиолдолд төлбөр гаргуулна:

 

63.1.1.тогтмол төлөгдөх төлбөрийг гаргуулах;

 

63.1.2.төлбөр төлөгч эд хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа эд хөрөнгө төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй.

 

63.2.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно.

 

63.3.Энэ хуулийн 63.1-д заасан орлогод ирээдүйд олгогдох цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нэгэн адил хамаарна.

 

63.4.Төлбөр төлөгч хэд хэдэн газраас цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлого, эсхүл эд хөрөнгөөр хөлс авдаг бол тэдгээрийг нийлүүлэн тооцно.

 

63.5.Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй бол цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй.

 

63.6.Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй.

64 дүгээр зүйл.

Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах журам

 

64.1.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

 

64.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа буюу тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ.

 

64.3.Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авмагц төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос сар тутам хийх суутгалын хуваарь гаргаж үүний дагуу суутгасан орлогыг суутгал хийсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор мэдэгдэл олгосон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

 

64.4.Төлбөр төлөгч ажлаас халагдсан бол энэ хуулийн 64.2-т заасан мэдэгдэл хүлээн авагч 7 хоногийн дотор түүнээс төлбөрт суутгасан орлогын тооцоог гаргаж төлбөр төлөгч хаана ямар ажилд шилжсэнийг мэдэгдэлд тэмдэглэж шийдвэр гүйцэтгэгчид буцаана.

65 дугаар зүйл.

Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах, хорих ял эдэлж байгаа төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлснөөс төлбөр гаргуулах

 

65.1.Хүүхдийн тэтгэлэг гаргуулах журмыг Гэр бүлийн тухай хуулиар тогтооно.

 

65.2.Хорих ял эдэлж байгаа ялтны төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр ялтны ял эдэлж байгаа хорих ангийн захиргаанд цалин хөлснөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлнэ.

 

65.3.Мэдэгдэл хүлээн авсан хорих ангийн захиргаа ялтны хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгал хийж шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.


Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой

үйл ажиллагаа гүйцэтгүүлэхгүй байхыг хариуцагчид 

даалгасан шийдвэрийг гүйцэтгэх

 

66 дугаар зүйл.

Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гүйцэтгэх

 

66.1.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах, хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх зэрэг тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг хариуцагч тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.

 

66.2.Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан буюу өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлнэ.

 

66.3.Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно.

 

66.4.Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөгдөн байгуулагдсаны улмаас энэ хуулийн 66.2-т заасан шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүх болон түүнийг олгосон бусад байгууллагад буцаах тухай шийдвэр гаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

 

66.5.Энэ хуулийн 66.4-д зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдахь ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

 

66.6.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.

67 дугаар зүйл.

Захиргааны акт хүчингүйд тооцох, түдгэлзүүлэх эсхүл захиргааны акт шинээр гаргахыг даалгасан шийдвэрийг гүйцэтгэх

 

67.1.Захиргааны акт хүчингүйд тооцох, биелэлтийг түдгэлзүүлэх, эсхүл шинээр захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэрийг 30 хоногт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч хариуцагчид хүргүүлнэ.

 

67.2.Хариуцагч мэдэгдлийг хүлээн авч урьд гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцох, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, эсхүл шинээр захиргааны акт гаргаснаар шийдвэр биелэгдсэнд тооцно.

 

67.3.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагч мэдэгдэлд заасан хугацаанд шийдвэрийг биелүүлэх боломжгүй болох нь тогтоогдвол шийдвэр гүйцэтгэгчийн саналыг харгалзан ахлах гүйцэтгэгч энэ хуулийн 67.1-д заасан хугацааг сунгаж болно.

 

67.4.Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг биелүүлээгүй бол хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

68 дугаар зүйл.

Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах

 

68.1.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.

 

68.2.Нүүлгэн гаргах гэдэгт гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, гэрийн тэжээвэр амьтдаас чөлөөлж, нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа хамаарна.

 

68.3.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгөх ба тухайн этгээд байхгүй байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.

 

68.4.Нүүлгэн гаргах ажиллагааг нүүн гарч байгаа этгээд, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан, шаардлагатай бол орон сууц ашиглалтын байгууллагын төлөөлөгчийг оролцуулан гүйцэтгэнэ.

 

68.5.Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй байвал түүний эзгүйд эд хөрөнгийг нь битүүмжлэн, зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө.

 

68.6.Жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 16.2.6-д заасан үндэслэлийн дагуу энэ ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно.

 

68.7.Шийдвэр гүйцэтгэгч нүүлгэн гаргах шийдвэрийг биелүүлсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.

 

АРАВДУГААР БҮЛЭГ.

Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

69 дүгээр зүйл.

Гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх

69.1.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

70 дугаар зүйл.

Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах

 

70.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулан авсан /үүний дотор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулснаас бий болгосон/ мөнгөн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад гарсан зардлыг эхний ээлжинд төлүүлж бусад мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид өгнө.

 

70.2.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн мөнгөн хөрөнгийг төлбөр төлөгчид буцааж олгоно.

 

70.3.Үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах дарааллыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

71 дүгээр зүйл.

Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн худалдан борлуулсан эд хөрөнгөтэй холбогдсон эрх

 

71.1.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу худалдан борлуулсан эд хөрөнгөөс шаардлагаа хангуулахаар тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гомдлоо гаргана.

 

72 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах, олгох

 

72.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана.

 

72.2.Бэлэн мөнгө хүлээн авах баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.

 

72.3. Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна.

 

72.4.Шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цагийн, хөдөө орон нутагт 72 цагийн дотор төлбөр авагчид олгох буюу шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлнэ.

 

72.5.Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно.

73 дугаар зүйл.

Гаргуулсан төлбөрийг олгох журам

 

73.1.Шийдвэр гүйцэтгэгч нь гаргуулсан төлбөрийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд бэлэн буюу бэлэн бусаар хийх ба дансны дугаар мэдэгдэхгүй бол уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд оруулна.

 

73.2.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт бэлнээр гаргуулсан мөнгийг хуулиар тогтоосон хугацааны дотор төлбөр авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд шилжүүлнэ.

 

73.3.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох ба ийнхүү шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран тогтооно.

74 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас мөнгө олгох

 

74.1.Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй буюу буруу хаягаар шилжиж ирсэн бол тодруулах ажиллагаа хийнэ.

 

74.2.Дансанд мөнгө шилжүүлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй ба хаягийг буруу бичсэнээс гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.

 

75 дугаар зүйл.Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг олгох

 

75.1.Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг дараах журмаар олгоно:

 

75.1.1.тэтгэлэг төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийсэн иргэн, хуулийн этгээд түүнийг төлбөр авагчид бэлнээр олгох буюу хадгаламжид нь шилжүүлэх;

 

75.1.2.шийдвэр гүйцэтгэх албаны дансанд орж ирсэн тэтгэлгийн мөнгийг банкаар дамжуулан тэтгэлэг авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд, эсхүл өөрийнх нь заасан дансанд шилжүүлэх.

 

75.2.Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон хариуцагчаас гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлнэ.

76 дугаар зүйл.

Төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэх талаар тохиролцох

 

76.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэж болно

77 дугаар зүйл.

Хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

 

77.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.

 

77.2.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжинд олгоно.

78 дугаар зүйл.

Төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцох

 

78.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон бол төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцож, төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэсэн тухай, төлбөр авагчид зохих хөрөнгө, мөнгө, эрхийг шилжүүлсэн тухай баримт бичгийг тус тус гардуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаана.

79 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө хадгалах

 

79.1.Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд нийтэд зарласнаас хойш дараах хугацаанд хадгална:

 

79.1.1.иргэнд олгох бол 3 жил;

 

79.1.2.хуулийн этгээдэд шилжүүлэх бол 1 жил.

 

79.2.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

 

79.3.Энэ хуулийн 79.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгийг улсын төсвийн орлогод шилжүүлнэ.

 

79.4.Төлбөр авагчийн хаяг буюу дансны дугаар тодорхой болбол энэ хуулийн 79.3-т зааснаар улсын орлогод оруулсан мөнгийг хадгаламжийн хүүгийн хамт хугацаа харгалзахгүйгээр буцааж олгоно.

 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон

гадаадын байгууллагатай холбоотой

шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

80 дугаар зүйл.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын байгууллагатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх

 

80.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын байгууллагатай холбоотой шүүхийн, эсхүл бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэхэд энэ хуулийг баримтална.

81 дүгээр зүйл.

Гадаад улсын шүүх, арбитрын байгууллагын шийдвэр гүйцэтгэх

81.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал,

урамшуулал, гүйцэтгэгдсэн шийдвэрийг цуцлах

82 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал

 

82.1.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ.

 

82.2.Дараах зардал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна:

 

82.2.1.төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулах зардал;

 

82.2.2.төлбөр төлөгч болон түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх зардал;

 

82.2.3.шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон, шинжээчийн ажлын хөлс;

 

82.2.4.илгээмж, шуудан, холбооны зардал;

 

82.2.5.шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны зардал.

 

82.3.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.

 

82.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно.

 

82.5.Төлбөрийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр төлбөр авагч, төлбөр төлөгч хуваан төлнө.

 

82.6.Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна.

 

82.7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

83 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшил

 

83.1.Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчид төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшил олгоно.

 

83.2.Энэ хуулийн 83.1-д заасан урамшлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.

 

83.3.Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшил олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

84 дүгээр зүйл.

 

Гүйцэтгэгдсэн шийдвэрийг цуцлах

 

84.1.Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө.

 

84.2.Торгох, албадан ажил хийлгэх, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял шийтгэгдсэн этгээдийг цагаатгах тогтоол гарсан бол хөдөлмөрийн хөлснөөс хийсэн суутгал, торгуулийн мөнгө, хураасан эд хөрөнгө буюу түүний үнийг тухайн үеийн ханшаар тооцож буцаан олгоно.

 

84.3.Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдсоны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардлыг улсын төсвөөс гаргана.



АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ.


Шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг биелүүлээгүйн

хариуцлага, шийдвэр гүйцэтгэгчийн

үйл ажиллагаанд гомдол гаргах

           

85 дугаар зүйл.

Гүйцэтгэх баримт бичгийг болон шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн хариуцлага

 

85.1.Гүйцэтгэх баримт бичгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа гүйцэтгээгүй, захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол буруутай иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу улсын байцаагч оногдуулна.

 

85.2.Шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг санаатайгаар биелүүлэхгүй байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

86 дугаар зүйл.

Банк, банкны бус санхүүгийн байгууллага гүйцэтгэх баримт бичгийг биелүүлээгүйн хариуцлага

 

86.1.Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна.

87 дугаар зүйл.

Шийдвэр гүйцэтгэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

 

87.1.Шийдвэр гүйцэтгэгчээс иргэн, байгууллагад учруулсан хохирлыг хуульд заасан журмыг баримтлан барагдуулна.

 

87.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг үрэгдүүлсэн буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

88 дугаар зүйл.

Хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн дагуу цаг хугацаанд нь суутгал хийгээгүй үед төлбөр авагчийн эрхийг хамгаалах

 

88.1.Тухайн хуулийн этгээдийн буруугаас шалтгаалан суутгал хийгээгүй бол шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагч гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна.

89 дүгээр зүйл.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусад этгээдийн эрхийг хамгаалах

 

89.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

90 дүгээр зүйл..

Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг заавал биелүүлэх

 

90.1.Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ.

 

90.2.Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, энэ зорилгоор хуурамч гэрээ хийж эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, нуун дарагдуулсан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн, төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлс, цалин, орлогоос суутгал хийгээгүй буюу дутуу суутгасан, эсхүл суутгасан мөнгийг хуульд заасан хугацаанд олгоогүй буюу шилжүүлээгүй, төлбөр төлөгчийг ажлаас халагдсаныг мэдэгдээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.


 Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан
шүүхийн

шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

91 дүгээр зүйл.

Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авах

 

91.1.Ахлах тогтоол гүйцэтгэгч нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтныг шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалыг үндэслэн хүлээж авна.

 

91.2.Ахлах тогтоол гүйцэтгэгч нь шүүхийн тогтоол, магадлалыг тоо бүртгэлд оруулж, тойрог хариуцсан тогтоол гүйцэтгэгчид хуваарилан, ялтанд 72 цагийн дотор хяналтын хувийн хэрэг нээнэ.

 

91.3.Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, хяналт тавих, техник хэрэгсэл, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

92 дугаар зүйл.

Торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

92.1.Ялтан шүүхээс торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц, хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоосон шийтгэх тогтоолыг тухайн хугацаанд сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

 

92.2.Тогтоол гүйцэтгэгч ялтанд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж гүйцэтгэнэ.

93 дугаар зүйл.

Гэрийн хорионд байлгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

93.1.Тогтоол гүйцэтгэгч гэрийн хорионд байлгах ялаар шийтгүүлсэн ялтанд шүүхээс тогтоосон хугацаанд техникийн болон биечилсэн хяналт тавина.

 

93.2.Техникийн хяналт нь дараах төрөлтэй байна:

 

93.2.1.гар, хөлийн цахим гав, хяналтын төхөөрөмж;

 

93.2.2.дохиолол, хяналтын техник хэрэгсэл;

 

93.2.3.газар зүйн болон байршил тодорхойлох хяналтын техник хэрэгсэл;

 

93.2.4.дуу, дүрс, гар, хурууны хээгээр таних, согтолтын зэрэг тогтоох багаж;

93.2.5.бусад.

 

93.3.Тогтоол гүйцэтгэгч нь техникийн хяналтын ямар хэлбэрийг хаана, хэрхэн байршуулах саналаа тухайн шийдвэр гаргасан шүүгчид үндэслэлийн хамт хүргүүлж зөвшөөрөл авна. Шүүгч тогтоол гүйцэтгэгчийн саналыг үндэслэн захирамж гаргаж шийдвэрлэнэ.

 

93.4.Шүүгчийн захирамжийг үндэслэн техник хяналтын ажилтан нь суурин болон хөдөлгөөнт хяналтын төхөөрөмжийг ялтны бие, гэр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, шаардлагатай бусад газарт суурилуулж, үйл ажиллагаанд байнгын хяналт тавина.

 

            93.5.Техник хяналтын ажилтан нь мэдээллийн санд ирсэн зөрчлийн дохиог хариуцсан тогтоол гүйцэтгэгчид мэдэгдэж биечлэн шалгуулах бөгөөд хяналтын сангаас зөрчлийн талаарх мэдээллийг гаргаж өгнө.

 

            93.6.Тогтоол гүйцэтгэгч нь хариуцсан тойргийн ялтнуудад биечлэн хяналт тавих асуудлыг энэ хуулийн 91.3 дахь хэсэгт заасан журмаар зохицуулна. Биечилсэн хяналтыг өдөр, шөнийн аль ч цагт явуулж болно.

 

            93.7.Гэрийн хорионд байлгах ялаар шийтгүүлсэн ялтан нь доор дурдсан шаардлага гарвал шүүхээс зөвшөөрөл авна:

 

                        93.7.1.шашны зан үйл үйлдэх зорилгоор сүм, хийдэд очих;

 

                        93.7.2.бусдын асаргаанд байх шаардлагатай болох нь эмнэлгийн магадлалаар тогтоогдсон, өөрийн шууд асаргаанд байвал зохих гэр бүлийн гишүүнийг асрах;

 

93.7.3.урлаг, соёлын газраар үйлчлүүлэх, биеийн тамирын дасгал, бэлтгэл хийх;

 

93.7.4.өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгахаар тодорхой газарт зорчих;

 

93.7.5.гэр бүлийн гишүүний гашуудал тайлахад оролцох;

 

93.7.6.оршин суух газраа өөрчлөх;

 

93.7.7.бусад.

           

            93.8.Ялтан энэ зүйлийн 93.7.1-93.7.7 дахь хэсэгт заасан газарт зорчих хүсэлтээ тогтоол гүйцэтгэгчээр уламжлуулан шүүхэд гаргана. Шүүгч тогтоол гүйцэтгэгчийн саналыг харгалзан зөвшөөрөл өгөх эсэхээ 72 цагийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ. 

 

            93.9.Ялтан зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах үүрэгтэй.

 

94 дүгээр зүйл..

Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

94.1.Тогтоол гүйцэтгэгч нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан байгууллагад ялтныг нийтэд тустай ажил хийлгэх талаар танилцуулж, ялтанд хяналт тавина.

 

94.2.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон цагаар эдлүүлэх бөгөөд өдөрт ажлын цагийн үргэлжлэл 4-өөс дээшгүй, долоо хоногт 14-өөс багагүй цаг байна.

 

94.3.Ялтныг ажиллуулж байгаа байгууллага нь дараах үүрэг хүлээж, шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллана.

 

94.3.1.шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулах;

 

94.3.2.хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангах;

 

94.3.3.ажлын цагийг бүртгэж, ажлын гүйцэтгэлийн талаар тогтоол гүйцэтгэгчид тогтмол мэдээлэх;

 

94.3.4.цагийн бүртгэл, тодорхойлолтыг үнэн зөв гаргах.

 

94.4.Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг тогтоол гүйцэтгэгч долоо хоногт нэгээс доошгүй удаа биечлэн шалгаж, тэмдэглэл хөтлөн, ялтны хувийн хэрэгт хавсаргана.

 

            95.Ялтныг ажиллуулж байгаа байгууллага нь энэ хуулийн 94.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг тогтоол гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах тогтоол гүйцэтгэгч буюу улсын байцаагч оногдуулна.

95 дугаар зүйл.

Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацааг тооцох

 

95.1.Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацааг ялтан ажил хийж эхэлсэн цагаас тоолно.

 

95.2.Ялтан шүүхээс оногдуулсан ялын хугацаанд ногдох ажлын цагт ажилласан байна. Ажиллаагүй цагийг энэ хуульд зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй бөгөөд дутуу ажлын цагийг нөхөн ажиллуулна.

 

95.3.Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд ялтан зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарсан, хөдөлмөрийн чадвар түр алдсан нь эмч нарын дүгнэлт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс тогтоогдвол тогтоол гүйцэтгэгч ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай тогтоол гарган прокурорт танилцуулна.

 

95.4.Тогтоол гүйцэтгэгч эмчилгээ дууссан, хөдөлмөрийн чадвар сэргэсэн тохиолдолд сэргээх тогтоол үйлдэн ял эдлүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

 

96 дугаар зүйл.

Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

96.1.Тогтоол гүйцэтгэгч шүүхийн шийтгэх тогтоол, хүчингүй болгосон баримт бичгийг хүлээн авмагц ялтныг дуудан ирүүлж ялын хугацаанд шүүхээс хориглосон албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулж болохгүйг түүнд анхааруулж, тэмдэглэл үйлдэнэ.

 

96.2.Тогтоол гүйцэтгэгч ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрх олгосон байгууллагад тухайн шийдвэр хүчингүй болсон тухай мэдэгдлийг 7 хоногийн дотор хүргүүлнэ.

 

96.3.Эрх хасах ялыг хорих ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хорих байгууллага ялтныг суллагдмагц ялтны оршин суух газрын шийдвэр гүйцэтгэх албанд 7 хоногийн мэдэгдэнэ.

 

96.4.Эрх хасах ял эдэлж байгаа этгээд ял эдлэх хугацаанд өөр ажил, албан тушаалд шинээр орох, шилжин томилогдох, тодорхой үйл ажиллагаа эрхлэх бол тогтоол гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

 

96.5.Тогтоол гүйцэтгэгч эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихдаа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

 

99.6.Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг санаатайгаар биелүүлээгүй этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

           

97 дугаар зүйл.

Торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих

 

97.1.Тогтоол гүйцэтгэгч доор дурдсан тохиолдолд торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай саналыг прокурорт гаргана.

                       

97.1.1.торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй;

 

                      97.1.2.гэрийн хорионд байгаа ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг 2 удаа зөрчсөн;

 

                        97.1.3.нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн.

 

97.2.Тогтоол гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч Эрүүгийн хуульд заасны дагуу торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих асуудлыг захирамж гарган шийдвэрлэнэ.

 

97.3.Энэ хуулийн 97.2-т заасан захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ.

Хуулийн этгээдэд ял оногдуулсан шүүхийн

шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

98 дугаар зүйл.

Хуулийн этгээдэд оногдуулсан торгох, эрх хасах, татан буулгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

98.1.Хуулийн этгээдэд оногдуулсан торгох, эрх хасах ял оногдуулсан шийтгэх тогтоолыг энэ хуулийн 91, 92, 96 дугаар зүйлд тус тус заасны дагуу гүйцэтгэнэ.

 

98.2.Тогтоол гүйцэтгэгч торгуулийн ялтай хуулийн этгээдийн ялын бодит биелэлтийг хангах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, захиран зарцуулах, шилжүүлэх, банкны гүйлгээ хийх эрхийг ялыг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаагаар хязгаарлана.

 

98.3.Хуулийн этгээдийг татан буулгах шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэрт заасан комисс Иргэний хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

 

98.4.Шүүх хуулийн этгээдэд татан буулгах ял оногдуулсан шийтгэх тогтоолын хувийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хуулийн этгээдийн оршин байгаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ. Тогтоол гүйцэтгэгч энэ хуулийн 98.3-д заасан комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, прокурорт танилцуулна.

 

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ.


Албадлагын арга хэмжээ оногдуулсан

шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

99 дүгээр зүйл.

Албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авах

 

99.1.Ахлах тогтоол гүйцэтгэгч нь тэнсэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, хөрөнгө хамгаалсан, битүүмжилсэн шийдвэр, орлого тодорхойлсон баримт бичгийг ялтны хамт хүлээн авна.

 

99.2.Ахлах тогтоол гүйцэтгэгч нь энэ хуулийн 99.1-д заасан баримт бичгийг тоо бүртгэлд оруулж, тойрог хариуцсан тогтоол гүйцэтгэгчид хуваарилан, ялтанд 72 цагийн дотор хяналтын хувийн хэрэг нээнэ.

 

99.3.Албадан эмчлэх нөхцөл, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтын журам, тэнсэх албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн тус тус тогтооно.

100 дугаар зүйл.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

100.1.Хэрэг хариуцах чадваргүй болсон, хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол шүүх уг этгээдийг албадлагын аль төрлийн эмнэлэгт байлгахыг тогтоолдоо заана.

 

100.2.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоол гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад бичиг баримтыг хамтад нь хүргүүлнэ.

 

100.3.Энэ хуулийн 100.1-д заасан этгээдийн эмчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

100.4.Албадан эмчлүүлж байгаа этгээдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эмнэлгийн болон цагдаагийн байгууллага хамтран авна.

 

100.5.Албадан эмчлэх байгууллага дараах үүрэг хүлээнэ:

 

100.5.1.албадан эмчлүүлж байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийж, эмчилгээний явцыг өвчний түүхэнд үнэн зөв, тодорхой бичих;

 

100.5.2.эмчилгээний үр дүн, өвчний шинж байдлыг харгалзан уг этгээдийг цаашид албадан эмчлэх шаардлагатай эсэхийг сэтгэцийн эмгэг судлалын болон холбогдох мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах, уг арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухайгаа шүүхэд нэн даруй мэдэгдэх.

 

100.6.Албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарвал прокурорын саналыг үндэслэн шүүх урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, албадан эмчлэгдэж байсан этгээдийн ялыг үргэжлүүлэн эдлүүлэхээр хорих ангид шилжүүлэх, эсхүл хууль ёсны төлөөлөгчид нь хүлээлгэн өгөх асуудлыг Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

100.7.Албадан эмчлүүлж байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар албадан эмчлэх хугацаа дуусахаас өмнө энэ хуулийн 100.5. 2-т заасан дүгнэлтийг гаргуулж болно.

 

101 дүгээр зүйл.

Тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

            101.1.Тогтоол гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрээр тэнсэгдсэн хүнд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, биелэлтэнд нь хяналт тавьж, биелэлтийн талаар сар тутамд тэмдэглэл хийнэ.

 

            101.2.Тогтоол гүйцэтгэгч нь тэнсэгдсэн хүний хувийн байдал, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байдлын талаар шүүх, прокурорын байгууллагад тодорхойлолт гаргаж өгнө.

 

            101.3.Тэнсэгдсэн хүн дуудсан цагт хүрэлцэн ирэх, тогтоол гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, оршин суух газар, ажил, албан тушаал өөрчлөгдсөн тухай болон шаардлагатай бусад мэдээллийг тухай бүр нь танилцуулах үүрэг хүлээнэ.

 

101.4.Сум, дүүргийн Засаг дарга тэнсэгдсэн хүнд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар зохих туслалцаа үзүүлж, тэнсэгдсэн хүний сахилга, шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтын биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шийдвэр гүйцэтгэх албатай мэдээлэл солилцоно.

 

101.5.Шийдвэр гүйцэтгэх алба нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлсөн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, эрхийн хязгааралтыг зөрчөөгүй тэнсэгдсэн хүнийг хугацаа дуусахаас өмнө, эсхүл тэнсэх хугацаа дууссан хүнийг ялаас чөлөөлөх тухай саналыг прокурорт гаргана.

 

101.6.Шийдвэр гүйцэтгэх алба нь энэ хуулийн 101.1-д заасан хугацаа, хуваарь, үүргээ зөрчсөн тэнсэгдсэн хүний албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай саналыг прокурорт гаргана.

 

            101.7.Шийдвэр гүйцэтгэх албаны санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч Эрүүгийн хуульд заасны дагуу тэнсэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх, ял оногдуулах эсэх асуудлыг захирамж гарган шийдвэрлэнэ. 

 

101.8.Эрүүгийн хуульд заасны дагуу ял хойшлогдсон этгээдэд энэ хуулийн 101.1-101.7-д заасан журмын дагуу хяналт тавина.

 

102 дугаар зүйл.

Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

102.1.Тогтоол гүйцэтгэгч хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг энэ хуулийн хоёрдугаар хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгэнэ.

 

102.2.Тогтоол гүйцэтгэгч хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

102.3.Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, эсхүл хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална. 

103 дугаар зүйл.

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

 

            103.1.Өсвөр насны хүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуульд заасны дагуу Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцтэтгэнэ.

 

103.2.Энэ хуулийн 103.1-т заасан ажиллагаанд прокурор хяналт тавина.

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ.

Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх

тогтоолыг гүйцэтгэх

104 дүгээр зүйл.

Хорих байгууллага

 

104.1.Хорих байгууллага нь сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, насанд хүрэгсдийн нээлттэй, хаалттай хорих анги, цагдан хорих төв, орон нутгийн цагдан хорих байр /цаашид “хорих анги” гэх/ мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдэнэ.

 

104.2.Харуул хамгаалалтын “Б” зэрэглэлтэй нээлттэй хорих анги болон хаалттай хорих анги нь төвлөрсөн бүтэцтэй байна.