УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2012.10.05
С.Бямбацогт: Хүний шунал хязгааргүй юм чинь удахгүй эвсэл задрах байлгүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та төрийн албанд хийж буй халаа сэлгээ, томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ямар үндэслэлээр асуулга тавив?
-Иргэдээс энэ талаар янз бүрийн мэдээлэл хүлээн авч байна. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд агентлаг, газар хэлтсийн дарга гээд олон хүн ажилгүй болж байгаа. Оронд нь шинэ хүмүүс томилогдсон. Томилгоог тойрсон хэл ам, элдэв яриа өрнөж байна. Төрийн албан хаагчдыг халах, томилох үйл явц хуулийн дагуу явж байгаа эсэх, төрийн албаны шаардлагад нийцсэн хүмүүсийг томилж байгаа эсэх талаар олон таамаг, эргэлзээ үүсч байна. Төрийн албанд ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр, үнэнч шударга зүтгэж байгаа чадвартай, мэргэшсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халаад байна уу гэсэн асуудал яригдаж байна. Иймээс энэ асуудлыг тодорхой болгох шаардлага бий. Үүнд УИХ хариулт өгөх ёстой. Нийгэмд тархсан үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг нэг тийш цэгцэлж, асуудлыг ард түмэнд ил тод болгох үүднээс асуулга тавьсан.-Монгол Ардын Намын бүлэг байгуулах асуудал УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудал ороогүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуудлыг хамтатган шийдэх үү?
-Төр засаг, УИХ гишүүд хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой. УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөдөг. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүдийн зарим нь ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Нэг хэсэг нь эрхээ эдэлж байхад нөгөө нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Адилхан л ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд. Гэтэл яахаараа зарим нь гурван байнгын хороонд харьяалагдаж үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байхад зарим нь УИХ-ын гишүүн нэрээс цаашгүй байх ёстой юм. Иймээс хууль дээдлэх ёсоо баримтлаасай гэж хүсч байгаа. Түүнээс бүлэг байгуулах асуудал чухал биш.-Зарчмын зөрүүтэй асуудлаар завсарлага авах эрхэд хязгаар тогтоох хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх юм билээ. Энэ төслөөр Монгол Ардын Намын бүлгийг байгуулах асуудлыг барьцаалаад байгаа юм биш үү?
-Өнөөдөр хууль зөрчиж, хүч түрж байгаа нь тодорхой харагдаж байгаа шүү дээ. Ард түмэн үүнийг ойлгож байгаа. Хууль зөрчиж, хүч түрж асуудлыг шийдчихээд дараа нь өөрсдийнхөө шийдсэн асуудалд тааруулж хууль засч байгааг ард түмэн мэднэ. Монгол Ардын Намыг хүчээр бүлэггүй байлгаж байгаад УИХын даргыг хууль бусаар томилж, өөрсдийнхөө замд тохиолдох бартаа саадыг арилгаж, дураараа дургих бололцоо, боломжийг бүрдүүлэх гэж байна. Ингэж л байг. Юу нь зөв, юу нь буруу байсныг цаг хугацаа харуулна. Сөрөг хүчин бол олонхийн эрх барьж буй намын алдааг засахын төлөө ажилладаг. Бурууд хурц, зөвд зөөлөн байж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Ингэж ажиллах гэхээр сөрөг хүчнийг гар хөл, дуу хоолойгүй болгож, үг хэлж, үйл ажиллагаа явуулах боломжийг нь боомилж байна. Дураараа зөв дургиад ард түмнийг сайхан амьдруулж байвал хамаа алга. Бид гоншигнож, гонгинохгүй. Хэрэв буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээвэл хариуцлагаа тэд хүлээх ёстой.-УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн хэмээн иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл энэ асуудлаар маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариу гарсан байна?
-Цэц маргааныг хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг өчигдөр гаргасан байна. Үүнд харамсч байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн манаач болсон Цэц Үндсэн хууль зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан асуудлыг “Бид шийдэхгүй. Шийдэх боломжгүй” гэж байгаа нь үнэхээр харамсалтай. Яах аргагүй УИХ-ын тухай хуульд “УИХ-ын чуулганы хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж, зохион байгуулна” гэж заасныг зөрчөөд байхад Цэц “Үндсэн хууль зөрчөөгүй байна. Та нар дотооддоо яриад шийдчих” гэж үзэж байгаа нь харамсалтай.-Илт хууль бус шийдвэр гараад байхад Монгол Ардын Нам ингээд зүгээр суугаад байх хэрэг үү?
-Би Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд ажилладаг. Бүлэгтээ энэ асуудлыг тодорхой хэмжээнд тавьж байгаа. Намынхаа удирдлагуудыг ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Ямар ч байсан ингэж сууж таарахгүй. Арай хэтэрч байна. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гээд бид дээрэлхүүлээд байж болно. Гэхдээ бид яахаараа ингэж явах ёстой юм. Намын олон мянган гишүүдээ төлөөлж удирдлагууд гарч ирсэн. Тиймээс уг асуудалд анхаарч ажиллаж, шийдэмгий хандах ёстой гэж бодож байна.-“Шударга ёс” эвсэл дотроо бужигнаантай байгаа нь Засгийн газрын насыг богиносгох шалтгаан болж магадгүй талаар ажиглагчид бичиж байна. Улстөрийн нөхцөл байдал талаас нь Та юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ хүмүүс ажил, албан тушаал, сандал ширээний төлөө л нэгдсэн. Албан тушаалын төлөөх барьцаа ахиулах гэж нэг нэгнийгээ шантаажилж байгаа юм. Ардчилсан нам нь “Шударга ёс” эсвлийг ийм байдлаар түрж ажиллаж байгаа учраас “Шударга ёс” эвсэл шантаажилж байна. Гэтэл “Шударга ёс” эвсэл буюу МАХН, МҮАН хоёр хоорондоо сандал, ширээгээ булаацалдаж байгаа. Хэнийг ямар албан тушаалд тавих вэ гэдэгт зөрчил үүсч байгаа болохоос ард түмний эрх ашгийг хангахын төлөө зөрчилдөөгүй шүү дээ, энэ хүмүүс. “Оюутолгойн гэрээг сайжруулна” гэж цээжээ дэлдэж гарч ирсэн Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл хаана байна. Өнөөдөр Оюутолгойн гэрээг дурсахгүй байна. Ард түмний эрх ашгийн төлөө дуугарна гээд байсан хүмүүс өнөөдөр юу хэлж байгааг сонсч байгаа биз дээ. Юу ч хийж харагдахгүй байна. Олон түмэн харж л байгаа. Хүний шунал хязгааргүй, хүсэл хангагдахгүй юм чинь удахгүй эвсэл тарж бутрах байлгүй.-Энэ тохиолдолд Монгол Ардын Намд ашигтай юу?
-Би ашигтай гэж хэлэхгүй. Нэгэнтээ олонхи болж ард түмний өмнө үүрэг хүлээнэ гэж гарч ирсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Тэдний сандал ширээ, эрх ашгийн төлөөх тэмцлээс болж ард түмэн хохирох ёсгүй. Ард түмний аж амьдралыг сайн сайхан болгохын төлөө үүрэг хүлээсэн хүмүүс ажлаа хийж чадахгүй бол ард түмэн хохирно. Тиймээс Монгол Ардын Намд ашигтай л бол ард түмэнд ямар байх нь хамаагүй гэж улстөрийн нүдээр харж болохгүй. Өнөөдөр Монгол Ардын намд ашиггүй байж болно. Гэхдээ ард түмэнд ашигтай бол бид тэр шийдвэрийн талд зогсоно.-МАХН Монгол Ардын Намтай нэгдэхэд буруудахгүй гэсэн санаа зарим гишүүнээс цухалзах болж. Энэ талаар ярих цаг хугацаа болсон уу?
-Яагаад ярьж болохгүй гэж. Угаасаа л нэг нам байсан. Өнөөдөр Монгол Ардын Намыг уугуул нэрээ авсны дараа хэсэг бүлэг хүмүүс МАХН нэрийг авч, Монгол Ардын Намыг хоёр хэсэг болгож тоглолоо. Эцэст нь алдаагаа тал талдаа ойлгож байна. Нэг нам байсан, нэг үзэл бодолтой хүмүүс яагаад нэгдэж болдоггүй юм. Нэгддэггүй юмаа гэхэд яагаад эвсэж болохгүй гэж. Би ийм л бодолтой байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.