Галт зэвсгийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-11-25

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл..

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах, эрхийг хангах, төрийн зүгээс галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэн, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл..

Галт зэвсгийн тухай хууль тогтоомж

2.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь энэ хууль болон энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл..

Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно

3.1.1.“галт зэвсэг” гэж дарины болон бусад цэнэгийн хүчээр сумны хошуу болон үрэл /цаашид “хошуу” гэнэ/ гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх зориулалт бүхий буудлагын хэрэгслийг;

3.1.2.“сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;

3.1.3.“цэргийн зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэглэл, түүний эд ангийг;

3.1.4.”галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр цуглуулгын зориулалттай хэрэгслийг;

3.1.5.”тир” гэж галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр спорт-сургалтын дадлага хийх болон энэ хуульд зааснаар ашиглах зориулалтаар тоноглож, зассан гадаад болон дотоод орчинг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Галт зэвсгийн төрөл

4 дүгээр зүйл..

Галт зэвсгийн төрөл

4.1.Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь дор дурдсанаар ангилна:

4.1.1.иргэний;

4.1.2.харуул хамгаалалтын;

4.1.3.хууль сахиулах албаны;

4.1.4.цэргийн.

4.2.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан ангилалд хамаарах галт зэвсэг, сумны төрлийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран батална.

5 дугаар зүйл.

Иргэний зориулалттай галт зэвсэг

5.1.Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зориулалтаарМонгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ

5.2.Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл ээлжээр буудах боломжгүй, хүхээгт нь 10 ба түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх ба сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

5.3.Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүйбайна

5.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд нь зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

5.5.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг цагдаагийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6 дугаар зүйл..

Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

6.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэнэ

6.2.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй байх ба сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

7 дугаар зүйл. .

Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг

7.1.Хууль сахиулагчийн галт зэвсэг эзэмших, ашиглахтай холбоотой харицааг тусгайлсан хуулиар зохицуулна.

7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль сахиулах албаны санал болгосноор энэ хуулийн 4.1.3-т заасан ангилалд хамаарах галт зэвсэг, сумны төрлийн жагсаалтыг баталж, улсын хилээр оруулах зөвшөөрлийг олгоно.

7.3.Тусгай ажиллагаанд хэрэглэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна. Тусгай ажиллагаанд зүрхэвчтэй хошуу бүхий сум хэрэглэж болно.

8 дугаар зүйл..

Цэргийн зориулалттай галт зэвсэг

8.1.Цэргийн зориулалттай галт зэвсэгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

8.3.Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулахад олон улсын байгууллагын болон бусад улсын өмчлөлийн галт зэвсэг, сум Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын даргын болон батлах хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тус тусын хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх,

хадгалах, хязгаарлах

9 дүгээр зүйл..

Галт зэвсэг өмчлөх

9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн, иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно

9.2.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан үнэмлэх авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ.

9.3.Иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл олгох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

10 дугаар зүйл..

Галт зэвсэг эзэмших

10.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төр эсхүл харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд өөрийн өмчлөлийн галт зэвсгээ 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчид галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

10.3.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдийн галт зэвсэг өмчлөх, эзэмших, хадгалах журмыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

10.4.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, холбогдохсургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

10.5.Улс, олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцох буудлагын спортын тамирчинд энэ хуулийн 9.1-д заасан насны хязгаарлалт хамаарахгүй.

           

11 дүгээр зүйл..

Галт зэвсэг ашиглах

11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган, ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ өөрийн амь биеийг бусдын зэвсэглэсэн халдлагаас, амь бие, эд хөрөнгийг зэрлэг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.

11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур болон гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсгийг ашиглан устгаж болно

11.3.Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, ажиллах журмыг цагдаагийн байгууллагатай хамтарч батална

11.4.Галт зэвсэг өмчлөгч иргэн нь галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр ашиглуулж болно.

11.5.Хот суурин газарт аюулгүй байдал хангасан тирэнд спорт-сургалтын буудлага хийж болно.

11.6.Галт зэвсэг ашиглахад харшлах гэмтэл согог, өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.7.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа явуулах, иргэн, хуулийн этгээд зориулалтын тиртэй байна. Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Цагдаагийн төв байгууллага олгоно.

11.7.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах болон энэ хуулийн 16.6-д заасан төвийн тирд тавих шаардлагыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

12 дугаар зүйл..

Галт зэвсэг бүртгүүлэх

12.1.Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулж ирсэн иргэн ажлын 10 өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

12.1.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

12.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;

12.1.3.оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

12.1.4.тухайн иргэний 3 хувь цээж зураг;

12.1.5.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

12.1.6.галт зэвсгийн  үнэмлэхийн үнийг тушаасан баримт;

12.1.7.өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

12.1.8.галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээ;

12.1.9.галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаагүй талаарх цагдаагийн тодорхойлолт /энэ заалтад дурдагдсан цагдаагийн тодорхойлолтыг цагдаагийн байгууллага дотроосоо авах ажлыг өөрөө зохион байгуулна/;

12.1.10.энэ хуулийн 11.6-т заасан гэмтэл согог, өвчингүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.

12.2.Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь ажлын 10 өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

12.2.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;

12.2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

12.2.3.галт зэвсгийн нэр, төрөл үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

12.2.4.өмчлөх галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай  тодорхойлолт;

12.2.5.галт зэвсэг хадгалах байрны дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;

12.2.6.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

12.2.7.спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар;

12.2.8.байгаль хамгаалагчийн ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт;

12.2.9.ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээ гэрчилгээ.

12.3.Шүүхийн шинжилгээний байгууллага энэ хуулийн 4.1.1-4.1.2-т заасан  галт зэвсгээр буудсан сумны хонгио, хошуу тус бүрээс хоёрыг дээж болгон авч, тухайн галт зэвсэг болон түүнийг эзэмшигчийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэн оруулсны дараа цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор уг галт зэвсгийг бүртгэх, үнэмлэх олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана.

12.4.Монгол Улсын хилээр нийтэд худалдаалах зорилгоор оруулж ирсэн иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан борлуулахаас өмнө шүүхийн шинжилгээний албанд хүргүүлэн буудлага үйлдүүлж, хонгио хошууг нь санд авч бүртгүүлэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

12.5.Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа хаягаа өөрчлөх бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрынхаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор бүртгүүлнэ.

12.6.Харьяа сум, дүүрэгт шилжин ирсэн иргэний галт зэвсгийг бүртгэлд авсан талаар тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шилжүүлсэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ.

12.7.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгийн өмчлөгч өөрчлөгдсөн бол энэ хуулийн 12.5, 12.6-д заасны дагуу бүртгэлд өөрчлөлт оруулна.

12.8.Цагдаагийн байгууллага нь нийтэд худалдах зорилгоор импортолсон, худалдсан, тээвэрлэсэн болон иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр төрөл, загвар, тоо ширхгийн талаар тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

12.9.Мэдээллийн нэгдсэн санг ашиглах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

12.10.Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг тухай бүр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

13 дугаар зүйл.

Галт зэвсгийн үнэмлэх

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн үнэмлэх олгоно.

13.2.Галт зэвсгийн үнэмлэхэд дараах зүйлийг тусгана:

13.2.1.өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн хувьд оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл,оршин байгаа газрын хаяг;

13.2.2.галт зэвсгийн нэр, төрөл дугаар, үйлдвэрлэсэн он;

13.2.3.галт зэвсэг өмчлөх зориулалт;

13.2.4.галт зэвсгийн гол төмрийн голчийн хэмжээ;

13.2.5.галт зэвсгийн сумны төрөл, зориулалт.

13.3.Иргэнд олгох галт зэвсгийн үнэмлэхэд түүний цээж зургийг нааж, тэмдэг дарах ба хамтран эзэмших этгээдийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэрийг үнэмлэхэд тусгана.

13.4.Галт зэвсгийг хамтран эзэмших этгээд нь энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан байна.

13.5.Галт зэвсгийн үнэмлэхийн загвар, үнэмлэх олгох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

13.6.Галт зэвсгийн үнэмлэх олгохтой холбогдон гарсан шууд зардлын хэмжээ, түүнийг төлөх журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

14 дүгээр зүйл..

Галт зэвсэг хадгалах

14.1.Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн нь галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална. Галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.

14.2.Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд нь галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд хадгалах ба сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-д хадгална.

14.3.Иргэн, хуулийн этгээд нь арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.

14.4.Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

14.5.Энэ хуулийн 16.6-д заасан байгууллага нь тиртэй, аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон агуулах, галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байна.

14.6.Спорт-сургалтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сумыг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь харуул хамгаалалттай байна

15 дугаар зүйл..

Галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахыг хязгаарлах

15.1.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар болон хот, суурин газарт ашиглахыг хориглоно.

15.2.Галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж байсан этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй.

15.3.Энэ хуулийн 11.6-д заасан жагсаалтын дагуу галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогтой иргэн галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

15.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно.

15.5.Энэ хуулийн 5.4, 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

15.6.Энэ хуулийн 4.2, 7.2-т заасан жагсаалтадороогүй галт зэвсэг, энэ хуулийн 5.5-д заасан жагсаалтад ороогүй галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглоно.

15.7.Энэ хуулийн 4.1.1-4.1.2-т заасан галт зэвсэгт дуу намсгах хэрэгсэл, цэргийн зориулалттай шөнийн харааны хэрэгсэл суурилуулах болон эдгээрийг нийтэд худалдахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Галт зэвсэг, сумыг худалдах, худалдаж авах,

өвлөх, бэлэглэх

16 дугаар зүйл..

Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах, импортлох

16.1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалтын галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид “Борлуулагч” гэх/ нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгоно. Тусгай зөвшөөрлийг сунгаж болно.

16.2.Сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож болно.

16.3.Хууль зүйн, спорт, байгаль орчин, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс /цаашид “Комисс” гэх/ сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэнэ.

16.4.Комиссын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

16.5. Спорт-сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажиллуулж буй тирд сум худалдаалах, импортлох эрхтэй байна.

16.6.Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв /цаашид “Төв” гэх / ажиллуулах эрх улсын хэмжээнд гурваас илүүгүй хуулийн этгээдэд олгогдоно. Төв ажиллуулах эрхийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

16.7.Борлуулагч энэ хуулийн 16.6-д заасан Төвд байрлан галт зэвсэг, сум худалдан борлуулна. Төв нь орон нутагт салбартай байж болно.

16.8.Борлуулагч галт зэвсэг, сум худалдан авагч иргэний цахим үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлаж авна.

16.9.Тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

16.10. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Төвд эрх олгох, салбар нээх болон Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.11.Борлуулагч нийтэд худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

17 дугаар зүйл..

Галт зэвсэг, сум худалдаж авах

17.1.Иргэн, хуулийн этгээд Борлуулагчаас галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.\

17.2.Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 17.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн энэ хуулийн 5.4, 6.1,9.1-д заасан шаардлага хангасан, энэ хуулийн 11.6-д заасан харшлах шалтгаан байхгүй бол зөвшөөрөл олгоно.

17.3.Борлуулагч энэ хуулийн 17.2-т заасан зөвшөөрлийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг худалдана.

17.4.Борлуулагч галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн, хуулийн этгээдэд сум худалдана. Борлуулагч иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан, сумны талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.      

17.5.Борлуулагч галт зэвсэг, сум худалдахдаа галт зэвсгийн тоо, төрөл, марк, дугаарын тэмдэглэл, сумны тоо ширхэг бүхий тодорхойлолтыг олгоно.

17.6.Борлуулагч нь галт зэвсэг, сумны дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх ба бүртгэлийн загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

17.7.Иргэн, хуулийн этгээд худалдаж авсан галт зэвсгээ энэ хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу бүртгүүлж үнэмлэх авна.

 

18 дугаар зүйл.

Галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх

18.1.Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно.

18.2.Галт зэвсгийг худалдан авсан  иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлнэ.

18.3.Иргэн, хуулийн этгээд галт зэвсгийг худалдсан талаар тухайн галт зэвсгийг бүртгэлд авсан цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор мэдэгдэж тэмдэглэл хийлгэн бүртгэлээс хасуулна.

18.4.Галт зэвсэг өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 12.7, 18.1 -д заасан журмыг баримтална.

18.5.Иргэн, хуулийн этгээд өөрийн сайн дураар галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ.

Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын

хилээр нэвтрүүлэх

19 дүгээр зүйл..

Галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах

19.1.Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

19.2.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.

19.3.Энэ хуулийн 19.2-т заасан галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгох эсэхийг цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ

19.4.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно.

19.5.Энэ хуулийн 3.1.5-д заасан галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно.

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.

19.8.Энэ хуулийн 19.7-д заасан хүсэлтэд дараах асуудлыг тусгана:

19.8.1.тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө;

19.8.2.галт зэвсэг, сумны тоо, ширхэг;

19.8.3.тухайн улсаас худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт.

19.9.Энэ хуулийн 19.8-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана.

20 дугаар зүйл..

Тэмцээн, сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

20.1.Тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан ан агнах зорилготой гадаадын иргэний галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ ан  агнах талаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэнэ

20.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хянан үзэж, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

20.4.Энэ хуулийн 20.1-д заасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан авсан бол энэ хуулийн 9.1, 12, 13 дугаар хэсэг, зүйлд заасан шаардлага, журмыг баримтална

20.5.Энэ хуулийн 20.3-т заасны дагуу галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудсан дээр тэмдэглэл хийж, улсын хилээр буцаан гаргахад зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

20.6.Энэ хуулийн 20.3-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

Бусад зүйл

21 дүгээр зүйл..

Галт зэвсэг авч явах, тээвэрлэхэд тавих шаардлага

21.1.Иргэн улс, хот хооронд, орон нутагт агаарын хөлөг, хөлөг онгоц, галт тэрэг, бусад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо галт зэвсэг авч явах бол галт зэвсгийг тухайн тээврийн хэрэгслийн дарга, эсхүл жолоочид хадгалуулна.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан тээврийн хэрэгслийн дарга, жолооч нь галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

21.3.Хот суурин газарт, эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь байлгаж, зориулалтын сав /хайрцаг/-нд хийн аюулгүй байдлыг ханган, үнэмлэхийн хамт авч явна.

22 дугаар зүйл.

Галт зэвсгийн тооллого

22.1.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна

22.2.Галт зэвсгийн тооллого явуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

23 дугаар зүйл..

Галт зэвсэг, сум хураах

23.1.Дор дурдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:

23.1.1.энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангаагүй болон 11.6-д заасан жагсаалтад хамаарах этгээд галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон бол;

23.1.2.энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон бол;

23.1.3.эрэн сурвалжилж байгаа галт зэвсэг бол;

23.1.4.гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол;

23.1.5.галт зэвсгийн хэлбэр, хийц загвар, зориулалтыг өөрчилсөн бол;

23.1.6.галт зэвсгийг энэ хуульд заасан зориулалтын бусаар болон хууль бусаар ашигласан бол.

23.2.Галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл, хураах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

23.3.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.4.Иргэн галт зэвсэг олсон бол түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгнө

23.5.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн  этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

24 дүгээр зүйл.

Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

24.1.Галт зэвсгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

25 дугаар зүйл..

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

25.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хуулиар ял оногдуулахааргүй бол цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан дараах шийтгэл оногдуулна.

25.1.1.Энэ хуульд заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаас өөр төрлийн галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа эсхүл энэ хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилж байгаа бол иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгож уг зэвсгийг хураах;

25.1.2.Сургалтад сууж гэрчилгээ аваагүй, түүнчлэн хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол иргэнииг 40000-80000, хуулийн этгээдийн 150000-200000 төгрөгөөр торгож уг зэвсгийг хураах;

25.1.3.Хуульд заасан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй албан тушаалтныг 80000-120000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

25.1.4.Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийн 150000-200000 төгрөгөөр торгох;

25.1.5.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сумыг импортолж худалдсан бол  иргэнийг 100000-200000, хуулийн этгээдийг 500000-2500000 төгрөгөөр торгож уг зэвсэг, сумыг хураах;

25.1.6.Худалдан авагчийн иргэний үнэмлэхийг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй борлуулагчийг 40000-80000төгрөгөөр торгох;

25.1.7.Галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах журам зөрчсөн иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийг 250000-1000000 төгрөгөөр торгох;

25.1.8.Спорт, сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журмыг зөрчсөн иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

25.1.9.Галт зэвсэг авч явах, тээвэрлэх журмыг зөрчсөн бол иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

25.1.10.Галт зэвсгийг тоолох тооллогод хамрагдаагүй бол иргэнийг 40000-80000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

25.1.11.Хураагдсан галт зэвсэг, сумыг хуульд заасан хугацаанд цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй бол албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгох.

26 дугаар зүйл..

Шилжилтийн үеийн зохицуулалт

26.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан галт зэвсгийн зориулалт энэ хуульд заасны дагуу өөрчлөгдсөн бол тухайн галт зэвсгийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.  

26.2.Энэ хуулийн 26.1 дэх хэсэгт заасныг дараахь журмаар хэрэгжүүлнэ:

26.2.1.иргэний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, энэ хуулийн 5.2-т заасан шаардлага хангаагүй галт зэвсгийн зориулалтыг спорт-сургалт, үзмэр цуглуулгын зориулалттай болгон өөрчлөн бүртгэх;

26.2.2.хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийн зориулалтыг энэ хуулийн 5.4-т нийцүүлэх.

26.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 26.2-т заасан галт зэвсгийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. 

26.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй галт зэвсгийг энэ хуулийн 26.3-т заасан хугацаанд нөхөн бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.

Тайлбар: Энэ хуулийн 26.4-д заасан галт зэвсгийг нөхөн бүртгүүлэхэд нөхөн татвар төлөх, эх үүсвэр тодорхойгүй бус байх талаар тайлбар шаардахгүй. Харин галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

26.5.Энэ хуулийн 26.3-т заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг цагдаагийн байгууллага зохих журмын дагуу хураан авна.

26.6.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нэг жилийн дотор зөвшөөрлөө нөхөн авна.

27 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

27.1.Энэ хуулийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.