Хохирлын сангийн тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2015-06-16

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ .

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Хохирлын сангийн тухай хууль тогтоомж

2.1.Хохирлын сан /цаашид сан гэх/ -гийн тухай хууль тогтоомж нь  Засгийн газрын тусгай сангийн тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хохирлын сан” гэж  гэмт хэргийн улмаас болон төрийн албаны хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор улсын төсвөөс бүрдүүлсэн санг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Хохирлын сан

4 дүгээр зүйл

Хохирлын сангийн санхүүжилт

4.1.Сангийн эх үүсвэрт зарцуулах мөнгөн хөрөнгийг хэмжээг тогтоохдоо өмнөх онд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хохирол нөхөн төлөхөөр тогтоосон хэмжээг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө

4.2.Сангийн эх үүсвэрээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

5 дугаар зүйл.

Хохирлын сангийн зарцуулалт

5.1.Тухайн жилд зарцуулахаар шийдвэрлэсэн мөнгөн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

                        5.1.1.шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулах;

 

                        5.1.2.төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх;

6 дугаар зүйл.

Хохирлын сангаас туслалцаа авах эрх бүхий хуулийн этгээд, хүн

6.1.Хохирлын сангаас туслалцаа авахэрх бүхий хүн /цаашид хохирогч гэх/ нь шүүхээс хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан гэмт хэргийн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн хувь хүн, хуулийн этгээд  байна.

6.2.Сангийн мөнгөн хөрөнгийг энэ хуульд зааснаас өөр үйл ажиллагаанд хуваарилан, зарцуулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

 

Хохирлын сангийн үйл ажиллагаа 

7 дугаар зүйл.

Хохирлын сангийн зохион байгуулалт

                

7.1.Эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн санд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөс шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирогчид олгоно.

                

7.2.Шүүхээс гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэрийг иргэний хариуцагч, ялтан сайн дураараар, эсхүл шүүхээс тогтоосон хуваарийн дагуу биелүүлж байгаа тохиолдолд сангаас хохирол барагдуулахгүй. Сангаас гэмт хэргийн хохиролд барагдуулсан мөнгөн хөрөнгийг шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон хувь хүн, хуулийн этгээдээс хуульд заасны дагуу нөхөн гаргуулж, төвлөрүүлнэ.

7.3.Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх мөнгөн хөрөнгийг сангаас гаргах бөгөөд энэ нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

 

7.4.Шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирол нөхөн төлөх ажлыг сангийн Ажлын алба эрхлэн гүйцэтгэнэ.

8 дугаар зүйл.

Хохирлын сангийн байршил

8.1.Хохирлын сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ. Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

9 дүгээр зүйл.

Зөвлөлийн эрх үүрэг

 

9.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.1-д заасанУлсын хэмжээнд ажиллахорон тооны бусзөвлөл нь /цаашид зөвлөл гэх/ сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

                        

9.1.1.тухайн жилд сангийн хөрөнгөнөөс хохирол барагдуулахад хяналт тавих, сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн шийдвэрлэх;

9.1.2.сангийн зарцуулалтад илэрсэн зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч, арилгуулах.

10 дугаар зүйл.

Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, үүрэг

                

10.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

                      10.1.1.сангаас өмнөх жилдшүүхийн шийдвэрийн дагуу зарцуулсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг харгалзан дараагийн жилд санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн шийдвэрлүүлэх;

 

                        10.1.2.зөвлөлийг зарлан хуралдуулах, гишүүдийг тухайн байгууллагын санал болгосноор томилох, чөлөөлөх;

 

                        10.1.3.энэ хуульд заасны дагуу сангийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй тайлагнах;

                        10.1.4.сангийн ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх.

10.2.Зөвлөл нь сангийн асуудлаар хагас жил тутамд нэг удаа хуралдана. Хурлаар гаргасан шийдвэр, саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоолгоно.

10.3.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг ажлын алба хариуцах бөгөөд зөвлөлийн хурлыг шаардагдах баримт, тайлангаар  хангана

11 дүгээр зүйл.

Сангийнажлын албаны эрх, үүрэг

11.1.Энэ хуулийн 7.4-т заасанАжлын алба нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байнгын үйл ажиллагаа явуулах бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.хохирол нөхөн төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлтийг хүлээн авч, үндэслэлтэй эсэхийг шалгах;

11.1.2.тухайн жилд сангаас зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээнд нийцүүлэн шүүхээс тогтоосон гэмт хэргийн хохирол, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаас учирсан хохирлыг барагдуулах;

11.1.3.хуулийн дагуу хураагдсан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах;

11.1.4.удаан хадгалахад чанар нь муудаж  болзошгүй бүтээгдэхүүн, түүхий эд, түргэн гэмтэж муудах хүнсний зүйлс, өргөн хэрэглээний барааг зах зээлийн  үнээр борлуулах;

11.1.5.хохирогчийн зөвшөөрлөөр даатгалын үйл ажиллагаанд төлөөлөх;

11.1.6.сангийн хөрөнгө зарцуулалтыг нээлттэй тайлагнах;

11.1.7.тухайн жилийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тодорхой арга хэмжээний талаар санал оруулах.

11.2.Ажлын албаны бүтэц, орон тоо, төсвийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд үүнтэй холбоотой хөрөнгийг сангаас зарцуулна.  

11.3.Ажлын албаны дарга нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай хүн байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ .

Зардал хувиарлах, хохирол барагдуулах

                

12 дугаар зүйл.

Гэмт хэргийн хохирол барагдуулах

 

12.1.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж хохирогчид учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

 

12.2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч тухайн хохирлыг барагдуулах төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон, эсхүл хохирол барагдуулахаас зайлсхийсэн, хорих ял биечлэн эдэлж хохирлоо барагдуулах боломжгүй болсон тохиолдолд хохирол барагдуулахаар хандах эрх үүснэ.    

                

12.3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүхээс хохирлын хэмжээг тогтоосон шийдвэрийг ялтан, хариуцагч биелүүлээгүй, хохирол нөхөн төлөх боломжгүйг нотолсон нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дүгнэлтийг үндэслэн өөрийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан, эсхүл биечлэн хохирол нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг Ажлын албанд бичгээр гаргана.

                

12.4.Ажлын алба нь хохирол нөхөн төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэр, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт бүхий хохирогчийн хүсэлтийг хүлээн авч, үндэслэлтэй эсэхийг шалгасны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө.     

 

12.5.Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь нийслэл, дүүргээс бусад алслагдсан аймаг, суманд оршин сууж байгаа тохиолдолд нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эсхүл хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан, эсхүл тухайн хувь хүн, хуулийн этгээдийн дансаар олгож болно.

13 дугаар зүйл.

Төрийн албан хаагчийн буруутай үйлажиллагааны улмаас хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулах

                

13.1.Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд энэ хуулийн 12.4, 12.5-д заасан журмын дагуу хохирол барагдуулна.

 

2.Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хувь хүн, хуулийн этгээдэдхохирол учирсан нь гэмт хэргийн шинжгүй бол тухайн албан хаагч, прокурор, шүүгчид хуульд заасны дагуу хариуцлага тооцох үүргийг тухайн байгууллага хүлээнэ.

14 дүгээр зүйл.

Хураан авсан хөрөнгө, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг худалдан борлуулах

 

                 14.1.Хуульд заасны дагуу хураан авсан хөрөнгө, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, эсхүл  албадан дуудлага худалдаагаар оруулж олсон орлогыг сангийн дансанд төвлөрүүлнэ. Сангийн ажлын алба нь удаан хадгалахад чанар нь муудаж болзошгүй бүтээгдэхүүн, түүхий эд, түргэн гэмтэж муудах хүнсний зүйлс, өргөн хэрэглээний бараагзах зээлийн үнээр борлуулж, мөнгөн хөрөнгийг сангийн дансанд төвлөрүүлж болно.

 

                 14.2.Гэмт хэргийн хохирогч хуульд заасны дагуу хураан авсан биет хөрөнгө, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хохиролд тооцож авах талаар хүсэлт гаргасан бол тэдгээрийг хуульд заасны дагуу үнэлэн хохирогчид шилжүүлж болно.

 

15 дугаар зүйл.

Гэмт хэргийн улмаас нөхөн төлбөр авах эрхийн баталгаа

15.1.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр авах эрхийг бусдад дамжуулан өгөх, барьцаалах, битүүмжлэхийг хориглох бөгөөд энэ хуулийн дагуу олгосон мөнгөн хөрөнгөөс татвар болон бусад төлбөр хураамж авахгүй.

                

16 дугаар зүйл.

Сангийн үйл ажиллагааг тайлагнах, хяналт тавих

                

16.1.Сангийн орлого, зарлага нь гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайлан тэнцэлд тусгагдах бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод байна.  Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу явуулна.         

                

17 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

1.Энэ хуулийг 2015 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.