Сонгуулийн тухай

Шинэчилсэн найруулга (Бүх сонгуулийг нэтгэсэн хууль)
Өргөн барьсан: 2015-11-06

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

    Төсөл

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2015оны...дүгээр                                                                                                      Улаанбаатар

сарын...–ны   хот

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 

 

53 дугаар зүйлийн 5 дахь хэсэг

 

53.5 Энэ хуульд заасныг зөрчсөний улмаас эрүү, иргэн, захиргааны хариуцлага хүлээсэн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

2 дугаар зүйл.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

1/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг

 

“14.5. Тойргийн болон салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний30 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч, үлдсэн хувь нь улс төрийн нам, эвслийн төлөөлөл байна. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилох эрх бүхий этгээд нь сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчийн судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргуулан авч сонгууль зохион байгуулах ажлын дадлага туршлага, төрийн албан хаагчийн ёс зүйг харгалзан томилно. Улс төрийн нам, эвслийн төлөөлөл нь ял шийтгэлгүй, дээд боловсролтой, 25-аас дээш насны иргэн байна. Сонгуулийн ерөнхий хороо тухайн засаг захиргааны нэгжтэй хамтран сонгуулийн хорооны бүх гишүүдийг сургалтад хамруулж, гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулна.” 

 

2/ 14 дүгээр зүйлийн 14.13 дахь хэсэг

 

“14.13. Энэ хуулийн 14.8-д заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болох бөгөөд улс төрийн нам, эвслээс томилогдсон сонгуулийн хорооны гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

3/ 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь заалт

 

 “16.2.2. сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах;

 

4/ 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг

 

“19.6. Энэ хуулийн 19.2-т заасан сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь  гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.”

 

5/ 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг

 

“19.7. Сонгуулийн хороод нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дэгийг баримтлах ба гишүүдийн ажил үүргийн хуваарийг өөрөө тогтооно.”

 

6/ 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэг

 

“19.12. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлөн ажиллуулах ба түүнд энэ хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллагаас болон томилсон улс төрийн нам, эвслээс  олгоно.

 

7/ 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг

 

 “27.1. Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж тойргийн дугаараар эрэмбэлж, 28-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу эрэмбэлж нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ.”

 

8/ 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг

 

“35.4. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудасбусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

 

9/ 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг

 

“35.5. Бие даан нэр дэвшигч нь нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

 

10/ 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг

 

“44.1. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нэг хэсэгт хоёроос доошгүй өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.

 

11/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг

 

“46.1. Хэсэгт санал тоолох ажиллагааг 22.00 цагт эхэлж, санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнг дахин гар аргаар тоолж баталгаажуулахдаа техник хэрэгсэл /дэлгэц, видео камер, кодоскоп гэх мэт/ ашиглан ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна. Гар аргаар тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батлана.”

 

12/ 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт

 

“46.2.4. саналыг гар аргаар тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах ба гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийн дүн болно.

 

13/ 54 дүгээр зүйл

 

54 дүгээр зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам

 

54.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар гаргасан хэсгийн хороо, салбар хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар тойргийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд, гомдол хүлээн авсан сонгуулийн хороо хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

 

54.2. Тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх гомдол, нэхэмжлэлийг эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харъяалах захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхтэй.

 

54.3. Тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх хүлээн авч бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

 

54.4. Энэ хуулийн 54.2-д заасан хугацаа хэтэрсэн бол Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

 

54.5. Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа цагдаагийн байгууллага, албан хаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн хугацааг баримтлахгүйгээр 7 хоногийн дотор түргэн шуурхай шийдвэрлэнэ.

 

54.6. Энэ хуулийн 54.5-д заасан хугацаанд багтаан шуурхай шийдвэрлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын Ерөнхий Прокурор, Улсын Дээд шүүх хамтран батална.

 

54.7. Сонгуулийн хороодыг татан буулгах тухай шийдвэр гарсны дараа татан буугдсан сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг дээд шатны сонгуулийн хороо эрх залгамжлан авахыг хориглоно.

54.8. Шүүх сонгуулийн хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг хориглоно.”

 

3 дугаар зүйл.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 1 дэх заалтын “оролцох” гэсний дараа “, эсхүл өөрийн биеэр ирж оролцож саналаа өгөх боломжгүй иргэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар бүхий цахим хаягаар бүртгүүлэн саналаа өгөх;” гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “ил тод,” гэсний дараа “нээлттэй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “үндэслэлтэй,” гэсний дараа “хуулийн хүрээнд”, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “зардал” гэсний дараа “, нам, эвслээс тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч, бие даагчдынмөрийн хөтөлбөр, танилцуулгыг нэгдсэн журмаар хэвлэх, тараах ажиллагаанд зарцуулах зардал, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа улс төрийн нам, эвслийг төлөөлсөн гишүүдийн цалин;” гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дах заалт, 17 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 3 дахь заалтын “хянан” гэсний дараа “хуулийн хугацаанд заавал” гэж, 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8 дах заалтын “хүрээнд” гэсний дараа “хуулийн хугацаанд заавал” гэж, 19 дүгээр зүйлийн 19.13 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хянан” гэсний дараа “заавал” гэж, 19 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “дотор” гэсний дараа “заавал”, 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын “санал” гэсний дараа “авах” гэж,  44 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 9 дэх заалтын “авах,” гэсний дараа “сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах” гэж тус тус нэмсүгэй.

 

4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн “26 тойргоос” гэснийг “нэг мандат бүхий 48тойргоос” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “26 тойргийг” гэснийг “нэг мандат бүхий 48тойргийггэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “5, эсхүл 7” гэснийг  “7, эсхүл 9” гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “20-оос” гэснийг  “30-аас” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “сая” гэснийг “таван зуун мянган”, “гурван” гэдгийг “нэг” гэж, 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсгийн “өгөхдөө” гэснийг “тэмдэглэхдээ” гэжтус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл. Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 6 дугаар зүйлийн 6.10, 19 дүгээр зүйлийн 19.18, 20 дугаар зүйлийн 20.20, 35 дугаар зүйлийн 35.37 дахь хэсгийн нэг жилийн хугацаанд” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “12.2” гэснийг тус тус хассугай.

 

ГАРЫН ҮСЭГ