Тариалангийн тухай хууль

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2015-10-13

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Нэгдүгээр бүлэг .

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Тариалангийн тухай хууль тогтоомж

 

2.1. Тариалангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Газрын тухай хууль[2], Ургамал хамгааллын тухай хууль[3], Таримал ургамлын үр сортын тухай хууль[4], Хүнсний тухай[5], Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай[6], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“хөрс” гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт үет давхаргыг;

 

3.1.2.“тариалангийн талбай” гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг;

3.1.3.“атар газар” гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар нөөцөд байгаа газрыг;

 

3.1.4.“хөрсний шим тэжээлийн бодис” гэж ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх бодисыг;

 

3.1.5.“хөрсний үржил шим” гэж ургамлын ургац бүрдүүлэхэд шаардагдах чийг, хөрсний шим тэжээлийн бодис, агаар, дулаан, биологи, физик-химийн орчинг тодорхойлж байгаа хөрсний чадавхийг;

 

                        3.1.6.“тариалангийн бүс нутаг” гэж газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутгийг.

Хоёрдугаар бүлэг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тариалангийн газар

 

4 дүгээр зүйл. Тариалан эрхлэх газар

 

4.1.Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан төрийн өмчийн газарт тариалан эрхэлнэ.

 

4.2.Иргэн гэр бүлийнхээ хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлсэн, өмчлүүлсэнгазарт тариалан эрхэлж болно.

 

5 дугаар зүйл. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх

 

5.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудлыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэнЗасгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно.

 

6 дугаар зүйл. Тариалангийн газрын ангилал

 

6.1.Тариалангийн газрыг дараах ангилалд хуваана:

 

6.1.1.тариалсан газар;

 

6.1.2.уриншилсан газар;

 

6.1.3.өнжөөсөн газар;

 

6.1.4.атаршсан газар;

 

6.1.5.тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас;

 

6.1.6.тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас;

 

6.1.7.тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар.

 

7 дугаар зүйл. Тариалсан газар

 

7.1.Тариалангийн газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна.

 

7.2.Дор дурдсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт хамааруулахгүй:

 

                        7.2.1.үр цацах, услах, бордох зэргээр сайжруулж тордсон бэлчээр, хадлангийн талбай;

 

7.2.2.хот, суурингийн дотор тарьж ургуулсан мод болон зүлэгжүүлсэн талбай, хот орчмын ногоон бүс;

 

7.2.3.элсний нүүдэл зогсоох зорилгоор тарьсан мод, бут, сөөг.

 

8 дугаар зүйл. Уриншилсан газар

 

8.1.Уриншилсан газарт дараа жил нь таримал ургамал тариалах зорилгоор механик болон химийн аргаар боловсруулж бэлтгэсэн тариалангийн талбай хамаарна.

 

8.2.Таримал ургамлын сэлгээнд ээлжлэн тариалсан болон ногоон бордуурт уриншийн талбайг уриншилсан газарт оруулж тооцно.

 

9 дүгээр зүйл. Өнжөөсөн газар

 

9.1.Өнжөөсөн газарт хоёр хүртэл жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна.

 

10 дугаар зүйл. Атаршсан газар

 

10.1.Атаршсан газарт хоёроос дээш жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна.

 

11 дүгээр зүйл. Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас

 

11.1.Тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно.

 

11.2.Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна.

 

12 дугаар зүйл. Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас

 

12.1.Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас нь тариалангийн газрын хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор байгуулсан мод, бут бүхий зурвас газар байна.

 

12.2.Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна.

 

13 дугаар зүйл. Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалттай барилга байгууламжийн доорх газар

 

13.1.Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц байрлаж байгаа газар нь тариалангийн газарт хамаарна.

 

14 дүгээр зүйл. Тариалангийн газарт хөдөө аж ахуйн бусад үйл ажиллагаа эрхлэх, тариалангийн газрын зориулалт өөрчлөх

 

14.1.Энэ хуулийн 14.6-д зааснаас бусад тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно.

 

14.2.Дараах тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчилж болно:

 

14.2.1.тариалангийн газрын хөрсний үржил шим алдагдсан, давсжсан, намагшсны улмаас тариалангийн үйлдвэрлэлд тохиромжгүй болсон;

 

14.2.2.улсын тусгай хэрэгцээнд зориулан авсан.

 

14.3.Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх талаарх сум, дүүргийн Засаг даргын саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга хянаж нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

14.4.Энэ хуулийн 14.2-т заасан саналд тухайн газрын байршлыг харуулсан зураглал, агрохими болон агрофизикийн шинжилгээний дүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

14.5.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.3-т заасан саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

14.6.Тариалангийн газарт дараах зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулж болно:

 

            14.6.1.эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр;

 

            14.6.2.эрчимжсэн мал аж ахуйн барилга байгууламж, дэд бүтэц;

 

            14.6.3.газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаатай холбоотой бусад барилга байгууламж;

 

            14.6.4.хөдөө аж ахуйн туршилт, судалгаа.

 

15 дугаар зүйл. Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах

 

15.1.Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна.

 

15.2.Гэрээнд Газрын тухай хуулийн 34.6-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

 

            15.2.1.таримлын төрлөөр тариалах талбайн хэмжээ;

 

15.2.3.хураан авах ургацын хэмжээ таримлын төрлөөр;

 

15.2.3.хөрс хамгаалах, сайжруулах арга хэмжээ;

 

15.2.4.энэ хуулийн 20.2-т заасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг.

 

            15.3.Гэрээг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүр дүгнэхдээ сум, дүүргийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэний санал, дүгнэлтийг тусгана.

 

15.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний загварыггазрын болон тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтранбатална.

 

15.5.Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд хамгийн багадаа дөчин жил байна.

 

15.6.Тариалангийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38.1-д заасны дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх бөгөөд аж ахуйн нэгжээ худалдах тохиолдолд газар эзэмших эрхийг төр буцаан авч эзэмшигч, ашиглагчийг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 

15.7.Тариалангийн газрыг атаршуулсан, атар газрыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хагалсан бол буруутай этгээд нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 

15.8.Газрыг нөхөн сэргээх, хохирол тооцох аргачлалыг тариалангийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

Гуравдугаар бүлэг .

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Тариалангийн үйлдвэрлэл

 

16 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл, түүний төрөл

 

16.1.Тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлыг тариалах, арчлах, ургуулах, хураан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаа хамаарна.

 

16.2.Тариалангийн зориулалтаар ашиглуулсан, эзэмшүүлсэн газарт дараах тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ:

 

16.2.1.үр тарианы ургамал;

 

16.2.2.төмс, хүнсний ногоо, мөөг;

 

16.2.3.жимс, жимсгэнэ;

 

16.2.4.тэжээлийн таримал;

 

16.2.5.тосны ургамал;

 

16.2.6.техникийн ургамал;

 

16.2.7.эмийн болон цэцэг,гоо сайхны таримал;

 

16.2.8.хүнсний зориулалттай бусад.

 

16.3.Тариалангийн газарт хар тамхи, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй таримал тариалахыг хориглоно.

 

17 дугаар зүйл. Тариалангийн бүс нутаг

 

            17.1.Тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тариалангийн бүс нутгийг энэ хуульд заасны дагуу тогтоож болно.

 

17.2.Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

17.3.Тариалангийн бүс нутаг нь хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд байж болно.

           

17.4.Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно.

 

17.5.Тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хашсан бэлчээрт эрхэлнэ.

 

18 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл

 

18.1.Үр тарианы үйлдвэрлэлд хөрс хамгаалах тэг болон цомхотгосон технологийг ашиглана.

 

            18.2.Тариалангийн үйлдвэрлэлийн техникийн худалдааг сургалт, сэлбэгийн хангамж, засвар үйлчилгээний тогтолцоог бүрдүүлсэн, мэргэжил бүхий хүний нөөцтэй, үйлдвэрлэгчийн итгэмжлэлтэй хуулийн этгээд эрхэлнэ.

 

18.3.Тариалангийн үйлдвэрлэлийн техник нь хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгах, нөөц хэмнэсэн, хүн ажиллахад таатай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагыг хангасан байна.

 

            18.4.Атар болон атаршсан газрыг эхний удаа тариалангийн эргэлтэд оруулахаас бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашиглахыг хориглоно.

 

            19 дүгээр зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх

 

19.1.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг үзүүлж болно.

 

19.2.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь мөнгөн урамшуулал болон мөнгөн бус хэлбэртэй байж болно.

 

19.3.Тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих хөгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлж болно:

 

19.3.1.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

 

19.3.2.тариалангийн салбарт гадаад орон, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;

 

19.3.3.гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт;

 

19.3.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

 

19.4.Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрт зориулалтыг нь тусгайлан заасан бол олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

 

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

 

19.5.1.услалтын систем шинээр байгуулах, сэргээн засварлах, усан сан, хөв, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул, судалгаа хийх;

 

19.5.2.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах,сайжруулах, нөхөн сэргээх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг бүрдүүлэх, ойн зурвас байгуулах, хаших;

 

            19.5.3.төмсний бичил булцуу үйлдвэрлэх, үр тариа, хүнсний ногооны сорт бүтээх, сорих, үрийн шинэчлэл хийх, жимс, жимсгэний сортын суулгац үржүүлэх, үйлдвэрлэх;

 

19.5.4.үр тариа, төмс, хүнсний ногооны техник, технологийн шинэчлэл хийх, засвар үйлчилгээний болон техникийн үйлчилгээнийтөв байгуулах;

 

19.5.5.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт-борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, өвлийн хүлэмж барих;

 

19.5.6.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайг усалгаажуулах.

 

19.6.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон сангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

19.7.Мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхэд техник, технологийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийн хэвийн байдлыг хадгалсан, ургацын чанарыг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзана.

 

19.8.Энэ хуулийн 19.7-д заасан ургацын чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тодорхойлно.

 

20 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

 

20.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах эрхтэй:

 

20.1.1.хууль тогтоомжид заасны дагуу төрөөс дэмжлэг авах;

 

20.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах.

 

            20.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй:

 

20.2.1.өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах;

 

20.2.2.тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх;

 

20.2.3.тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн бол мэргэжлийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээг авах;

 

20.2.4.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;

 

20.2.5.таримлын үрийг гурваас таван жил тутам шинэчлэх;

 

20.2.6.тариалангийн ангилал тус бүрээр болон хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх;

 

20.2.7.байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, сэлгэн тариалалтыг зохих түвшинд хадгалах;

 

20.2.8.өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх;

 

20.2.9.хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх;

 

20.2.10.тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байх;

 

20.2.11.талбайн түүх хөтөлж хэвшсэн байх;

 

20.2.12.улсын дундаж үр тарианы ургац авсан байх;

 

            20.2.13.хууль тогтоомжид заасан бусад.

 

20.3.Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно.

 

20.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.

 

20.5. Энэ хуулийн 20.2.11-т заасан талбайн түүх хөтлөх дэвтэрийн загвар, аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            21 дүгээр зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөлт

 

21.1.Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар батална.

 

21.2.Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан жил бүрийн төлөвлөгөөг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

 

21.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг сум, дүүрэг тус бүрээр баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

 

21.4.Үр тарианы хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

22 дугаар зүйл. Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй

 

22.1.Хүн амыг дотоодод тариалсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйд ургуулсан нарийн ногоогоор хангах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

22.2.Хөтөлбөрт тариалах төмс, хүнсний ногоог нэр төрлөөр, хураах ургацын хэмжээ, аж ахуйн нэгж, иргэний үүрэг, шинээр барих өвлийн хүлэмжийн багтаамж, тоо хэмжээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тусгах бөгөөд хөтөлбөрийг Засгийн газар баталж, жил бүр дүгнэж тайланг Засгийн газарт танилцуулна.

 

22.3.Төмс, хүнсний ногооны зоорь, өвлийн хүлэмж, тээвэрлэлт, хадгалалт, худалдааны ложистикийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

 

22.4.Иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай7 хуулийн 4.1.2, 5.1.7, 5.1.8 дахь заалт, 7.3 дахь хэсгийг баримтлан зохицуулна.

 

23 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн тайлан, мэдээллийн сан

 

23.1.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь тариалангийн газрын ангилал тус бүрээр болон тариалсан таримал, сорт, үр, техник, хураасан ургацын мэдээг сум, дүүргээр нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 2 болон 4 дүгээр улиралд хүргүүлнэ.

 

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэгтгэн, Засгийн газарт танилцуулна.

 

23.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сантай байна.

 

23.4.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээ гаргах, хүргүүлэх болон энэ хуулийн 22.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

24 дүгээр зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах

 

24.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

7Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

 

24.1.1.мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх;

 

24.1.2.ан ав хийх;

 

24.1.3.дайран өнгөрөх, зам гаргах;

 

24.1.4.өвс, сүрэл, байгалийн бусад ургамал шатаах;

 

24.1.5.тариалан эрхлэхтэй холбоогүй бусад үйл ажиллагаа.

 

            24.2.Тариалангийн талбайн захаас гадагш мянган метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.

 

            24.3.Бэлчээрийн мал аж ахуйн эрхлэгчийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч хариуцна.

 

24.4.Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

24.5.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Иргэний хуулиар8 зохицуулна.

Дөрөвдүгээр бүлэг / Тариалангийн газрын хөрсийг ха.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


Тариалангийн газрын хөрсийг хамгаалах

 

            25 дугаар зүйл. Хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа

 

            25.1.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

25.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол үр тарианы үйлдвэрлэлд хөрсийг тэг болон цомхотгосон технологиор боловсруулах;

 

25.1.2.тариалангийн талбайг хаших;

 

25.1.3.ойн зурвас байгуулах;

 

25.1.4.талбайд сүрлэн хучлага тогтоох;

 

25.1.5.өвчин хортон, хог ургамал болон ганд тэсвэртэй нутагшсан сортын үрээр тариалах;

 

25.1.6.сэлгээнд буурцагт ургамал тариалах;

 

--

8Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

 

25.1.7.ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх;

 

25.1.8.усалгааны горимыг мөрдөх;

 

25.1.9.талбайн түүхэнд хөрс хамгааллын арга хэмжээг тусган хөтлөх.

 

26 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар

 

26.1.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарыг таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний элэгдэл, эвдрэлийн зэргийн үзүүлэлтээр тогтооно.

 

26.2.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарын үзүүлэлтийг агрохими, агрофизикийн шинжилгээгээр тодорхойлно.

 

26.3.Агрохими, агрофизикийн шинжилгээг хөрсний сорьц шинжилгээний чиглэлээр Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай9 хуульд заасны дагуу итгэмжлэл авсан лабортори хийж гүйцэтгэнэ.

 

26.4.Агрохимийн шинжилгээг дараах үзүүлэлтүүдээр гаргана:

 

26.4.1.хөрсний 0-40 см хүртэл гүний ялзмаг;

 

26.4.2.нитратын азот;

 

26.4.3.хөдөлгөөнт фосфор;

 

26.4.4.хөдөлгөөнт кали;

 

26.4.5.бусад.

 

26.5.Агрофизикийн шинжилгээг дараах үзүүлэлтүүдээр гаргана:

 

26.5.1.хөрсний бүхэлшил;

 

26.5.2.хөрсний эвдрэл, элэгдлийн зэрэг;

 

26.5.3.усалгаатай тариалангийн газрын хөрсний намагжилт, давсжилт;

 

26.5.4.хөрсний нягт;

 

26.5.5.бусад.

 

26.6.Тариалангийн газрыг эзэмшигч, ашиглагч нь энэ хуульд зааснаас гадна нэмэлт үзүүлэлтээр шинжилгээ хийлгэж болно.

 

--

9 Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 21 дүгээрт нийтлэгдсэн.

26.7.Агрохими, агрофизикийн шинжилгээг 5 жил тутамд тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгэнэ.

 

26.8.Тариалангийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахаар анх удаа олгох, нөхөн олговортойгоор эргүүлэн авах, зориулалтыг өөрчлөхөд агрохими, агрофизикийн шинжилгээг хийлгэх бөгөөд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

26.9.Тариалангийн зориулалттай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд эрх шилжүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нь тариалангийн газарт агрохими, агрофизикийн шинжилгээг өөрийн зардлаар хийлгүүлсэн байна.

 

26.10.Агрохими, агрофизикийн шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лаборатори нь шинжилгээний дүнг кадастрын зурагт буулгаж, зөвлөмжийн хамт газрыг эзэмшигч, ашиглагчид болон тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

 

26.11.Агрохими, агрофизикийн шинжилгээний явцад зөрчил илэрвэл энэ тухай итгэмжлэгдсэн лабортори сумын газрын даамал болон тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн газрын албанд мэдэгдэх үүрэгтэй.

 

26.12.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт хийсэн агрохими, агрофизикийн шинжилгээний дүн нь тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

27 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт тавих хяналт

 

27.1.Хөрсний төлөв байдалд тавих хяналтыг тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

 

27.2.Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан бол сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид хугацаатай мэдэгдэл өгнө.

 

27.3.Мэдэгдэлд заасан хугацаанд хөрсний төлөв байдлыг сайжруулах арга хэмжээ аваагүй бол тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох шатны Засаг даргад хүргүүлнэ.

 

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ.

Тавдугаар бүлэг / бусад зүйл/.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

 

28 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

28.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулж, зөрчлийг таслан зогсооно:

 

                        28.1.1.энэ хуулийн 5.2-т заасныг зөрчиж атар газрыг хагалсан иргэн, хуулийн этгээдээр газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан 1 га тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

                        28.1.2.энэ хуулийн 16.3-т заасан таримал ургамал тариалсан иргэн, хуулийн этгээдийг тариалсан 1 га тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

28.1.3.энэ хуулийн 18.4-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хагалсан 1 га тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

28.1.4.энэ хуулийн 20.2.3-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, бусдад учруулсан хохирлыг төлүүлэх;

 

28.1.5.энэ хуулийн 20.3-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, атаршуулсан газрыг нөхөн сэргээхтэй холбогдсон зардлыг төлүүлэх;

 

28.1.6.энэ хуулийн 23.1-д заасан мэдээг ирүүлээгүй төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан шийтгэл ногдуулах;

 

28.1.7.энэ хуулийн 24.1.1-т заасныг зөрчсөн бол малын эзэн иргэн, хуулийн этгээдийг малын толгой тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний гуравны нэгтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

28.1.8.энэ хуулийн 24.1.2-24.1.5-д заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

28.1.9.энэ хуулийн 24.2-т заасныг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох;

 

28.1.10.энэ хуулийн 26.11-д заасныг зөрчсөн итгэмжлэгдсэн лабораторийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох.

Гарын үсэг