Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2013-09-13

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

           

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах  сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах,  сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж

 

           2.1.Хөрөнгөоруулалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1],  Иргэний хууль[2], Үнэт цаасны зах зээлийн тухай хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн

                                                   үйлчлэх хүрээ

 

            3.1.Энэ хуулиар хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, сангийн хөрөнгөөр  үйл ажиллагаа эрхлэх болон сангийн хөрөнгийг хадгалах, бүртгэх, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалт бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

 

            3.2.Тусгай хуулиар зохицуулагдсан сан, түүний хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.

3.3.Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.12, 24.1.13-т зааснаас бусад зохицуулалттай хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хөрөнгө  оруулалт хийхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.

 

            3.4.Банк нийтээс төвлөрүүлсэн хадгаламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг Банкны тухай хуулиар[1] зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“хөрөнгө оруулалтын сан” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.32-т заасныг;

 

4.1.2.“хамтын хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.21-д заасны дагуу нийтэд санал болгох замаар мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг;

 

4.1.3.“хувийн хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-д заасан этгээдийн хүрээнд санал болгон гэрээний үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг;

 

4.1.4.“хөрөнгө оруулалтын сангийн цэвэр актив” гэж хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хасаад үлдсэн хөрөнгийг;

 

4.1.5.“хөрөнгө оруулалтын сангийн зардал” гэж хөрөнгө оруулалтын санд бусдаас үзүүлэх хөрөнгө итгэмжлэн удирдах, кастодиан, брокер, нягтлан бодох бүртгэлийн зэрэг үйлчилгээний нийт төлбөрийг;

 

4.1.6.“хөрөнгө оруулалтын хэрэгсэл” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон энэ хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-оос тогтоосон бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогод заасан, хөрөнгө оруулалт хийж болох санхүүгийн хэрэгслийг;

 

4.1.7.“нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг;

 

4.1.8.“нэгж эрхийг анх удаа нийтэд санал болгох” гэж хөрөнгө оруулалтын сангаас сангийн нэгж эрхийг худалдан авахыг анх удаа нийтэд санал болгох ажиллагааг;

 

4.1.9.“нэгж эрхийн танилцуулга” гэж хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд тухайн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авах саналыг хүргүүлэхтэй холбоотой, уг санг үүсгэн байгуулагчаас энэ хуульд заасан журмын дагуу бэлтгэсэн баримт бичгийн бүрдлийг;

           

4.1.10.“хөрөнгө оруулалтын сангийн гишүүн” гэж тухайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж сангийн нэгж эрхийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг;

 

4.1.11.“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.33-т заасан этгээдийг;

 

4.1.12.“кастодиан” гэж хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөөс тусгаарлан хадгалж, төлбөр, тооцоог гүйцэтгэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд холбогдох мэдээллийг өгөх зэрэг үйлчилгээг хууль болон хөрөнгө хадгалах гэрээний хүрээнд үзүүлэх кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;

 

4.1.13.“тохиромжтой этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан этгээдийг;

 

4.1.14.“холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТӨРӨЛ,.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТӨРӨЛ, ХЭЛБЭР,

УДИРДЛАГА, ЗАРЧИМ

 

            5 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сан

 

            5.1.Хөрөнгө оруулалтын сан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.18-д заасан мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх этгээдбайна.

 

            5.2.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарна.

 

5.3.Хувийнхөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарахгүй.

 

6 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн  хэлбэр, төрөл

 

            6.1.Хөрөнгө оруулалтын сан доор дурдсан хэлбэртэйбайна:

 

                        6.1.1.хамтын хөрөнгө оруулалтын сан;

                        6.1.2.хувийн хөрөнгө оруулалтын сан.

 

            6.2.Хөрөнгө оруулалтын сан доор дурдсан төрөлтэйбайна:

 

                        6.2.1.хамтын хөрөнгө оруулалтын сан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.5-д заасан нээлттэй, эсхүл хаалттай;

 

                        6.2.2.хувийнхөрөнгө оруулалтын сан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.5.2-т заасан хаалттай.

                       

6.3.Хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэрийг тухайн сангийн дүрмээр тодорхойлно.

           

            6.4.Хөрөнгө оруулалтын сан нь тодорхой хөрөнгө оруулалтын хэрэгсэлд дагнан хөрөнгө оруулж болох бөгөөд энэ талаар хөрөнгө оруулалтын бодлогод тусгана.

 

7 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн эрх

 

7.1.Хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай  зориулалтын компани байна.

 

7.2.Хөрөнгө оруулалтын сан нь түүний гишүүн хуулийн этгээдийн өмчлөл дэх сангийн нэгж эрхийн хувь, хэмжээнээс үл хамаарч тухайн гишүүн хуулийн  этгээдээс хараат бус байх бөгөөд Компанийн тухай хуульд[1] заасан охин болон хараат компани, толгой компанийн хоорондын эрх, үүрэг, хариуцлага хүлээхгүй.

 

8 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах

 

8.1.Хөрөнгө оруулалтын санд иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийж болно.

 

8.2.Хөрөнгө оруулалтын санд доор дурдсан хэлбэрээр хөрөнгө оруулж болно:

 

            8.2.1.хамтын хөрөнгө оруулалтын санд зөвхөн мөнгөн хөрөнгөөр;         

            8.2.2.хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөн хөрөнгөөс гадна тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд бусад санхүүгийн хэрэгслээр.

 

8.3.Энэ хуулийн 8.2.2-т заасан санхүүгийн хэрэгсэлд тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тодорхой шалгуур тогтоож болно.

 

8.4.Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө нь өмчлөх эрхийн зөрчилгүй, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээгээгүй байна.

 

8.5.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүнхөрөнгө оруулалтын сангийн  бусдын өмнө хүлээсэн үүргийг зөвхөн тухайн хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгөөр хариуцна.

 

8.6.Хөрөнгө оруулалтын сан нь тухайн сангийн гишүүний болон тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх үүрэг,  хариуцлагыг хүлээхгүй.

 

9 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн удирдлага

 

9.1.Хөрөнгө оруулалтын сангийн эрх барих дээд байгууллага нь сангийн  нэгж эрхийг эзэмшигч сангийн гишүүдийн хурал байх бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлын бүрэн эрхийг Компанийн тухай хуульд нийцүүлэн баталсан хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тодорхойлно.

 

9.2.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах журам, сангийн гишүүдэд мэдээлэл хүргэх, эчнээ санал хураалтын аргаар санал хураах нийтлэг журмыг Хороо батална.

 

9.3.Хамтын хөрөнгө оруулалтын сан төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тогтооно. Хувийн хөрөнгө оруулалтын сан төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.

 

9.4.Төлөөлөн удирдах зөвлөлтэй хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг Компанийн тухай хуульд нийцүүлэн баталсан сангийн дүрмээр тодорхойлно.

 

            9.5.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг сангийн гишүүдийн хурал, эсхүл тухайн хурлаас зөвшөөрсөн этгээд хэрэгжүүлнэ.

 

9.6.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хөрөнгө оруулалтын сангийн тухайд  хөрөнгө оруулалтын сангийн гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тухайд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

9.7.Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хөрөнгө итгэмжлэн удирдах  гэрээний үндсэн дээр тодорхойлно.

 

9.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодиан нь   хөрөнгө оруулалтын санд холбогдох үйлчилгээг үзүүлэхдээ тухайн сангийн гишүүдийн эрх ашгийн төлөө, сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

                                                                                                                                                          

10 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

                                                  явуулах хугацаа

 

10.1.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 10 хүртэл жил байна.

 

10.2.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас бага байхаар тогтоож болно.

 

11 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг

 

11.1.Хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг нь тухайн санг үүсгэн байгуулж, түүнд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа компанийн оршин байгаа газрын хаяг байна.

 

11.2.Хөрөнгө оруулалтын санг хоёр буюу түүнээсдээш тооны хөрөнгө оруулалтын менежментийн компани хамтран үүсгэн байгуулах бол хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг голлон үзүүлж байгаа, эсхүл тухайн сангийн гишүүдийн хурлаас тодорхойлсон сангийн оршин байгаа газрын хаяг байна.

 

12  дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн орлого

 

12.1.Хөрөнгө оруулалтын сан нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хөрөнгө оруулалтын сангийн орлогоорногдол ашиг тараахгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд сангийн цэвэрактивыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан дараалал, журмын дагуу хуваарилна.

 

            13 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд

                                                                   баримтлах зарчим

 

            13.1.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд доор дурдсан зарчмыг баримтална:

 

13.1.1.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байх, сангийн үйл ажиллагааны талаар хөрөнгө оруулагчид үнэн зөв мэдээллийг өгч байх;

 

13.1.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр нь үндэслэл бүхий тооцоо, судалгаанд суурилсан байх;

 

13.1.3.хөрөнгө оруулалт хийх хязгаар, хориглох зүйлийг хөрөнгө оруулалтын бодлогод урьдчилан тодорхойлж, түүнийг чанд мөрдөж ажиллах, эрсдэлийн зохистой удирдлага, эрсдэлээс сэргийлэх арга, хэрэгсэлтэй байх;

 

13.1.4.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг уг хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээдээс тусгаарласан байх, уг санд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг сангийн хөрөнгөөр барагдуулахгүй байх;

 

13.1.5.хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрх зүйн байдал, зохион байгуулалтын болон татварын дэглэмийн тухайд онцлог зохицуулалттай байх;

 

13.1.6.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигч, санд үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай хуулийн этгээд, тэдгээрийн ажилтны хүрээнд сонирхлын зөрчлийг зохицуулсан байх;

 

13.1.7.эрсдэлийг хэт төвлөрүүлэхгүй байх, хөрвөх чадварын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

 

13.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны улмаас учрах хөрөнгө оруулалтын эрсдэлийг уг санд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч санд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хүлээх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ҮҮСГЭН .

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ

ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

 

            14 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

 

14.1.Хөрөнгө оруулалтын санг зөвхөн хөрөнгө оруулалтын менежментийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үүсгэн байгуулна.

 

14.2.Хөрөнгө оруулалтын санг хоёр буюу түүнээс дээш тооны хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хамтран үүсгэн байгуулах тохиолдолд тэдгээр нь хоорондоо тус тусын гүйцэтгэх чиг үүрэг, эрх, үүрэг, хариуцлага болон санхүүжилтийн талаар гэрээ байгуулна.

 

14.3.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд Хорооноос тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж байгаа нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж болно.

 

14.4.Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах тухай бүрд үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр үүсгэн байгуулах ажиллагааг гүйцэтгэнэ.

 

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлийн журмыг Хороо тогтооно.

 

14.6.Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.

 

14.7.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлийг хийлгэх хүсэлтэд доор дурдсан мэдээллийг тусгана:

           

14.7.1.үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр;

14.7.2.хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ;

14.7.3.үүсгэн байгуулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгийн хэмжээ, уг хөрөнгийг оруулах санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;

 

14.7.4.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг     гүйцэтгэх мэргэжилтний талаарх мэдээлэл, тэдгээр нь тохиромжтой этгээд мөн болох тухай мэдэгдэл;

 

14.7.5.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг   гүйцэтгэх хугацааны талаарх төлөвлөгөө;

 

14.7.6.Хорооноос ирүүлэхээр тогтоосон бусад мэдээлэл.

 

14.8.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих журмыг Хороо батална.

 

14.9.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлд бүртгүүлсний дараа хамтын   хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг доор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:

 

            14.9.1.хамтын хөрөнгө оруулалтын санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх;

 

14.9.2.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг боловсруулж, уг танилцуулгыг Хороонд бүртгүүлэх;

 

14.9.3.хамтын хөрөнгө оруулалтын сангийн  нэгж эрхийн танилцуулгыг нийтэд танилцуулах, нийтээс хөрөнгө төвлөрүүлэх;

 

            14.9.4.хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, уг сангийн үйл ажиллагааг эхлэх.

 

14.10.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд энэ хуулийн 14.9-д заасан ажиллагаа бүрэн хийгдэж, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдсанд тооцно.

 

14.11.Хороо энэ хуульд нийцүүлэн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг нийтэд танилцуулах, хөрөнгө төвлөрүүлэх журмыг батална.

 

14.12.Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулагчид үүсгэн байгуулах хурлаа хийж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд уг ажиллагаанд энэ хуулийн 14.9-14.11 дэх хэсэг хамаарахгүй. Хувийн хөрөнгө оруулалтын сан нь сангийн нэгж эрхийн   танилцуулгыг нийтэд танилцуулах замаар нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх эрхгүй байна.

 

14.13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага хөрөнгө оруулалтын санг доор дурдсан нэмэлт шаардлагыг хангасан нөхцөлд бүртгэнэ:

           

            14.13.1.энэ хуулийн 14.4-т заасны дагуу Хороонд бүртгүүлсэн байх;

           14.13.2.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулж, үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, сангийн дүрмийг баталсан байх;

 

           14.13.3.үүсгэн байгуулагч нь тухайн хөрөнгө оруулалтын сантай хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байх;

 

14.13.4.хөрөнгө оруулалтын сан нь кастодиантай сангийн хөрөнгийг хадгалах тухай гэрээг байгуулсан байх;

 

14.13.5.хууль болон Хорооноос баталсан журамд заасан бусад.

           

14.14.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх гагцхүү Хорооноос хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон өдөр үүсэх бөгөөд энэ хуулийн 14.9.1-д заасны дагуу тухайн санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

14.15.Хөрөнгө оруулалтын сан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэх хүртэлх ажиллагааг түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч эрхлэн зохион байгуулна.

 

15 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн нэр

 

15.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон “хамтын хөрөнгө оруулалтын сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Хамтын ХОС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс, хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон “хувийн хөрөнгө оруулалтын сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Хувийн ХОС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс тус тус бүрдэнэ.

 

15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад этгээд хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.

 

16 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэм

 

16.1.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

 

            16.1.1.хөрөнгө оруулалтын сан зөвхөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зорилготой байх тухай;

 

16.1.2.хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр;

16.1.3.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэр, оршин байгаа газрын хаяг;

 

16.1.4.хөрөнгө оруулалтын сангийн эрх барих байгууллагын бүрэн   эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт;

 

16.1.5.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн нэр, хуулийн этгээдийн улсын бүртгэл, оршин байгаа газрын хаяг;

 

16.1.6.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

16.1.7.хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, уг санд оруулах нэгж хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээ;

 

            16.1.8.хувийн хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтыг санхүүгийн хэрэгслээр оруулж болох эсэх, оруулах бол тухайн хэрэгслийг үнэлэх зарчим, аргачлалын тухай;

 

16.1.9.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болж хөрөнгийг хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилж дууссан тохиолдолд татан буугдах тухай болонтатан буулгах ажиллагааны журам.

           

17 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг

 

17.1.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт дараах зүйлийг заавал тусгасан байна:

 

            17.1.1.хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл, сангийн хөрөнгийг үр ашигтайгаар өсгөн нэмэгдүүлэх үндэслэл, тооцоо;

 

            17.1.2.хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулалтын хэрэгслийн жагсаалт, хязгаарлалт;

 

           17.1.3.энэ хуулийн 17.1.2-т заасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл тус бүрд хөрөнгө оруулсантай холбогдон үүсч болох эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын арга, хэрэгслийн тухай;

 

            17.1.4.хөрөнгө оруулалтын сангийн активын бүтцэд тавигдах шаардлага;

 

            17.1.5.хөрөнгө оруулалтын сангийн орлогоос гишүүдэд орлого хуваарилах бодлого.

 

18 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн активын

хэмжээний шаардлага

 

18.1.Хамтын хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээг Хороо тогтооно.

 

18.2.Хувийн хөрөнгө оруулалтын санд энэ хуулийн 18.1 дэх хэсэг хамаарахгүй.

 

19дүгээр зүйл.Хамтын хөрөнгө оруулалтын сан нийтээс хөрөнгө татах,  

                                хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх

                                                 тусгай зөвшөөрөл

 

19.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг сангийн нэгж эрхийн танилцуулгад үндэслэн хэрэгжүүлнэ.

 

19.2.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч хөрөнгө   оруулалтын менежментийн компани нь тухайн санд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө санд оруулах хөрөнгөө тусгаарласан дансанд байршуулсан байна.

 

19.3.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд сангийн нэгж эрхийн танилцуулга, түүнийг нийтэд танилцуулах, сангийн нэгж эрхийг нийтэд худалдах ажиллагааны журмыг Хороо тогтооно. 

 

19.4.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг анхдагч зах зээлд худалдах арилжааг үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд бүртгүүлэх замаар зохион байгуулж болно.

 

19.5.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг Хороо бүртгэснээс хойш зургаан сар хүртэлх хугацаанд нийтэд танилцуулах бөгөөд энэ хугацаанд сангийн дүрэмд заасан хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй нөхцөлд тухайн сангийн үүсгэн байгуулах ажиллагааг зогсоож, уг санд сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй.

 

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан тохиолдолд үүсгэн байгуулагч нь энэ тухай Хороонд мэдэгдэх бөгөөд Хорооноос сангийн үүсгэн байгуулах ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдөрт багтаан сангийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг хөрөнгө оруулагчид буцаан олгох, уг санг улсын бүртгэлээс хасуулж, татан буулгах ажиллагааг зохион байгуулна.

 

19.7.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан хөрөнгийг тусгаарласан дансанд бүрэн төвлөрүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзсэн бол Хороо хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно.

 

19.8.Хорооноос хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүртэлх хугацаанд тухайн сангийн дансанд байршуулсан буюу сангийн нэгж эрх худалдан авахаар төлсөн хөрөнгийг зарцуулах эрх тухайн сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанид нээгдэхгүй.

 

19.9.Хороо хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулагдсанд тооцож хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор сангийн үйл ажиллагаа эхлэх бөгөөд уг өдрөөс хөрөнгө оруулалтын менежментийн   компани хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх нээгдэнэ.

 

19.10.Хамтын хөрөнгө оруулалтын санд олгох хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь  тухайн сангийн дүрэмд заасан үйл ажиллагаа эрхлэх хугацаатай адил байна.

 

19.11.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.5.1-10.5.4, 10.5.7-10.5.10, 10.5.13, 10.5.14-т зааснаасгадна доор дурдсан мэдээллийг тусгана:

 

19.11.1.хөрөнгө оруулалтын сангийн дүрэм;

19.11.2.хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг;

19.11.3.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

                        19.11.4.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компанийн мэдээлэл, тус компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, үйлчилгээний урамшуулал болон зардлын тооцоолол;

 

            19.11.5.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн мэдээлэл, кастодиантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээний хуулбар, үйлчилгээний хөлсний хэмжээ, тооцоолол;

 

            19.11.6.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарах бусад зардлын тооцоолол;

 

19.11.7.Хорооноос тогтоосон бусад мэдээлэл.

 

19.12.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн гишүүнд мэдээлэл өгөх журам болон сангийн санхүүгийн тайланд тавих шаардлагыг Хороо тогтооно.

 

19.13.Хороо доор дурдсан нөхцөлд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

 

            19.13.1.хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг хангахгүй буюу хангах боломжгүй болсон;

 

            19.13.2.тухайн хамтын хөрөнгө оруулалтын сангийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах бол;

 

            19.13.3.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийт гаргасан нэгж  эрхийн гуравны хоёр буюу түүнээс дээш хэмжээний нэгж эрхийг тухайн санд  буцаан худалдахаар захиалга өгсөн;

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ҮЙЛ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

24 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын

                                                            үйл ажиллагаа

 

24.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1.1-26.1.3, 26.1.5, 26.1.8-д заасан зохицуулалттай зах зээлд нийтэд нээлттэй арилжаалагддаг санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно.

 

24.2.Хувийн хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно.

 

24.3.Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт хийх энэ хуулийн 24.1, 24.2-т заасан санхүүгийн хэрэгслийг энэ хуулийн 26.2, 26.3-т заасан үндэслэлээр хязгаарлаж болно.

 

24.4.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, хөрөнгө  итгэмжлэн удирдах гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын шийдвэрийг хөрөнгө  оруулалтын менежментийн компани гаргана.

 

24.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хүрээнд тухайн хөрөнгө оруулалтын санг төлөөлөх эрхийг хэрэгжүүлнэ.

 

24.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын санг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчаар оролцох эрхтэй байна.

 

24.7.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийх бөгөөд итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

 

24.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Хорооноос тогтоосон хугацаанд, тогтоосон журмын дагуу тайлан мэдээ гаргаж хүргүүлэх үүрэгтэй.

 

            25 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх багц журам

 

            25.1.Хөрөнгө оруулалтын сан дараах багц журмыг Хорооноос тогтоосон шаардлагад нийцүүлэн баталж мөрдөнө:

 

25.1.1.хөрөнгө оруулалтын сангийн дотоод хяналтын журам;

25.1.2.хөрөнгө оруулалтын сангийн төрлөөс хамаарч нэгж эрхийг худалдан авах, буцаан худалдах захиалга өгөх журам;

 

25.1.3.хөрөнгө оруулалтын сангийн орлогыг сангийн активт бүртгэх хугацаа, журам;

 

25.1.4.хөрөнгө оруулалтын сангийн төрлөөс хамаарч хөрөнгө оруулалтын санд буцаан худалдсан нэгж эрхийн үнийг төлөх хугацаа, журам;

 

25.1.5.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активт суурилсан нэгж эрхийн үнэ буюу нэгж эрхийг худалдах, худалдан авах үнийг тодорхойлох журам;

 

25.1.6.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчийг бүртгэх хугацаа, журам;

 

25.1.7.хөрөнгө оруулалтын сангийн зардлын зүйл, дээд хэмжээг тогтоох журам;

 

25.1.8.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийтэд болон сангийн гишүүдэд мэдээлэл өгөх журам, мэдээлэх мэдээллийн төрөл, мэдээллийг түгээх хэлбэр;

 

25.1.9.хөрөнгө оруулалтын сангийн орлогоос гишүүдэд орлого хуваарилах нөхцөл, журам;

 

25.1.10. хөрөнгө оруулалтын сангийн эрсдэлийн удирдлагын журам;

25.1.11.хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр барьцаалан зээл авах журам;

 

25.1.12.энэ хуулиар тогтоосон бусад журам.

           

25.2.Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнээс гадна хөрөнгийг итгэмжлэн удирдах журамтай байх бөгөөд уг журамд тухайн сангийн хэлбэрээс хамаарч доор дурдсан нөхцөлийн аль нэгийг тусгана:

 

            25.2.1.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь ажлын өдөр өөрийн эзэмшиж байгаа нэгж эрхийг тухайн санд хэдийд ч буцаан худалдах, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг дуусгавар болгохыг, эсхүл нэгж эрхийн зарим хэсгийг буцаан худалдан авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардаж болохыг;

 

            25.2.2.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь хөрөнгө итгэмжлэн удирдах журамд заасан хугацааны дотор өөрийн эзэмшиж байгаа нэгж эрхийг санд буцаан худалдах, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг дуусгавар болгохыг, эсхүл нэгж эрхийн зарим хэсгийг буцаан худалдах, худалдан авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардаж болохыг;

 

           25.2.3.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь энэ хуулиар тогтоосноос  бусад тохиолдолд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаа дуусахаас өмнө түүнийг дуусгавар болгохыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардахгүй болохыг.

 

25.3.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журамд энэ хуулийн 25.2-т зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:

 

25.3.1.хөрөнгө оруулалтын сангийн оноосон нэр;

25.3.2.хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр;

25.3.3.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн оноосон нэр;

25.3.4.кастодианы оноосон нэр;

25.3.5.сангийн гишүүдийн бүртгэл хөтлөх этгээдийн оноосон нэр;

25.3.6.аудитын байгууллагын оноосон нэр;

25.3.7.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын зорилго, чиглэл;

 

25.3.8.хамтын хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх хөрөнгийн доод хэмжээ;

 

25.3.9.хамтын хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх хугацаа;

25.3.10.хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний нөхцөл, хүчинтэй байх хугацаа.

 

25.4.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам нь тухайн төрлийн сангийн хувьд Хорооноос баталсан үлгэрчилсэн журамд нийцсэн байна.

 

25.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуулийн 25.4-т заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай бүр ажлын таван өдөрт багтаан Хороонд хүргүүлэн сангийн гишүүдэд мэдэгдэх бөгөөд хөрөнгө итгэмжлэн удирдах журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

 

25.6.Тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмыг Хороо бүртгэсний дараа хөрөнгө оруулалтын менежментийн компанисангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээ байгуулах саналаа нийтэд зарлах эрхтэй болно.

 

25.7.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам,  түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Хороо хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэрийг  гаргах ба бүртгэхээс татгалзах тухай шийдвэрт үндэслэлийг заасан байна.

 

25.8.Хороо нь бүртгүүлэх хүсэлтийг хянах хугацаанд тухайн хүсэлтэд хавсаргасан баримт бичиг, мэдээллийг шалгах эрхтэй.

 

25.9.Хороо энэ хуулийн 25.7-д заасан бүртгэх болон бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор хөрөнгө оруулалтын менежментийн компанид мэдэгдэнэ.

 

25.10.Хороо доор дурдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзана:

 

            25.10.1.ирүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон Хорооноос батлан мөрдүүлж байгаа дүрэм, журамд нийцээгүй, бүрэн бус;

 

25.10.2.ирүүлсэн баримт бичигттөөрөгдүүлж болох мэдээлэл тусгагдсан;

 

25.10.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан нь тусгай зөвшөөрөл аваагүй, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй.

 

25.11.Энэ хуулийн 25.7-д заасны дагуу Хорооны бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийн талаар хүсэлт гаргагч Хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.

 

             26дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийнактив

 

26.1.Хөрөнгө оруулалтын сангийн активт дараах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болно:

 

26.1.1.Засгийн газрын өрийн хэрэгсэл;

26.1.2.аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;

26.1.3.нээлттэй хувьцаат компанийн хувьцаа;

26.1.4.хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;

 

26.1.5.зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;

 

26.1.6.зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл;

 

26.1.7.гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;

26.1.8.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн[1] дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;

 

26.1.9.үүсмэл санхүүгийн хэрэгсэл;

26.1.10.гадаадын болон үндэсний валют;

26.1.11.алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн;

 

26.1.12.үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх.

 

26.2.Хөрөнгө оруулалтын сангийн активт тавих нийтлэг шаардлага, зохистой харьцааны шалгуурыг Хороо тогтооно.

 

26.3.Тухайн хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шаардлага, зохистой харьцааны шалгуурыг Хорооноос баталсан нийтлэг шаардлагад нийцүүлэн тухайн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгана. 

 

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан нийтлэг шаардлагаас илүү шалгуурыг  хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгээр тогтоож болно.

 

26.5.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын хэмжээ нь дараалсан 10 хоногийн туршид тухайн сан үйл ажиллагаагаа эхлүүлсэн өдрийн хэмжээнээс 40 хувь, эсхүл түүнээс илүү хэмжээгээр буурсан нөхцөлд тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд ажлын 15 өдөрт багтаан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж доор дурдсан асуудлаар шийдвэр гаргуулах үүрэгтэй:

 

26.5.1.санг татан буулгаж, хөрөнгө оруулагчдад хөрөнгийг хуваарилах эсэх;

 

26.5.2.сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эрсдэлийг хүлээн зөвшөөрөх.

 

26.6.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн хөшүүрэг хэрэглэсэн, эсхүл үнэт цаасны үнийн бууралтаас ашиг хүртэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл активын бүтэцдээ оруулахыг хориглоно.

 

27 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг бүрдүүлж байгаа

                                        хөрөнгийг тусгаарлах

 

27.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгөнөөс тусдаа дансанд байршуулах бөгөөд уг хөрөнгийн нягтлан бодох бүртгэл нь салангид байна.

 

27.2.Хөрөнгө оруулалтын сангийн мөнгөн хөрөнгө болон сангийн актив дахь хөрөнгө оруулалтын хэрэгслийг тухайн сангийн нэр дээр нээсэн кастодианы тусгаарласан дансанд байршуулна.

 

27.3.Хөрөнгө оруулалтын менежментийн компани төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан тохиолдолд тэдний үүргийн гүйцэтгэлийг хангах хөрөнгийн дүнд хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө хамаарахгүй.

 

28 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын санд үзүүлэх үйлчилгээний

                                зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшуулал

 

28.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы үйлчилгээний зардлыг тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнөөс төлөх бөгөөд уг зардлын жилийн нийлбэр дүн нь хөрөнгө оруулалтын сангийн тухайн жилийн активын дундаж үлдэгдлийн гурван хувиас хэтрэхгүй байна.

 

28.2.Хөрөнгө оруулалтын сангийн активын жилийн дундаж үлдэгдлийг  тооцох журмыг Хороо батална.

 

28.3.Хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын  менежментийн компанитай байгуулсан гэрээнд сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компанид гүйцэтгэлийн урамшуулал олгохоор зааж болох бөгөөд жилийн урамшууллын хэмжээ нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олсон нийт ашгийн 30 хувиас хэтрэхгүй байна.

 

28.4.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааны  туршид хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианд төлөх үйлчилгээний төлбөрийг тухайн санд Хорооноос тусгай зөвшөөрөл олгосны дараа нөхөн төлж болно.

 

29 дүгээр зүйл.Маркетингийн үйл ажиллагааны шаардлага,

                                          түүнд тавих хязгаарлалт

 

29.1.Хөрөнгө оруулалтын сангийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглах баримт бичигт дараах зүйлийг заавал тусгасан байна:

 

29.1.1.хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эрсдэлтэй болох тухай анхааруулга;

 

29.1.2.хөрөнгө оруулалтын эрсдэлийг хөрөнгө оруулагч хүлээх тухай анхааруулга;

 

29.1.3.хөрөнгө оруулалтын эрсдэлийн төрөл, төвшин, хэмжээ.

 

29.2.Энэ хуулийн дагуу Хороо эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой дараах зар сурталчилгаа явуулахыг хориглоно:

 

29.2.1.хөрөнгө оруулалтын сангийн гишүүн болохыг санал болгосон, эсхүл гишүүн болоход нөлөөлөхүйц мэдээлэл агуулсан зар сурталчилгаа хийх, эсхүл бусдаар хийлгэх;

 

29.2.2.хөрөнгө оруулалтын сангийн гишүүн болох түүнд хөрөнгө оруулахыг ятгах, эсхүл болоход нөлөөлөхүйц зөвлөгөө өгөх.

ТАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ТАТАН БУУ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ТАТАН БУУЛГАХ

 

30 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын санг татан буулгах

 

30.1.Доор дурдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын санг татан буулгана:

 

            30.1.1.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусгавар болсон;

 

            30.1.2.хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаас тухайн санг сайн дурын үндсэн дээр хугацаанаас өмнө татан буулгахаар шийдвэрлэсэн;

 

            30.1.3.энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд сангийн гишүүд санг татан буулгах шийдвэр гаргасан;

 

30.1.4.энэ хуульд заасны дагуу онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд албадан татан буулгах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

 

30.1.5.хөрөнгө оруулалтын сан дампуурсан;

30.1.6.хуульд заасан бусад.

 

30.2.Хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэрийг дараах этгээд гаргана:

 

            30.2.1.энэ хуулийн 30.1.1-30.1.3-т заасан үндэслэлээр хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурал;

 

           30.2.2.энэ хуулийн 30.1.4, 30.1.5-д заасан үндэслэлээр Хороо болон эрх бүхий бусад этгээдийн хүсэлтийг үндэслэн шүүх;

 

30.2.3.хуульд заасан эрх бүхий бусад этгээд.

 

30.3.Хөрөнгө оруулалтын сан болон сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх, түүнд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг төрийн байгууллагын зүгээс тухайн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өгөх баталгаа гэж үзэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын сан, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны улмаас хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд болон бусдад учирсан хохирлыгтөр хариуцахгүй.

 

31 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах

                                            хугацаа дуусгавар болох

 

31.1.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн тухайн хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зүгээс санг татан буулгах ажиллагааг эхлүүлнэ.

 

31.2.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгслийн хөрвөх чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн дүрэм болон хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтын хэрэгслийг бусдад худалдах, мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх ажиллагааг тухайн сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусахаас өмнө тодорхой төлөвлөгөөний дагуу урьдчилан гүйцэтгэж болох бөгөөд уг ажиллагааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгөөр өөр бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхийг хориглоно. 

 

31.3.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах ажиллагааны нарийвчилсан журмыг Хороо батална.

 

31.4.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь татан буулгах төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар батлуулах бөгөөд хувийг Хороонд хүргүүлнэ.

 

32 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын санг сайн дурын үндсэн дээр

                                       хугацаанаас өмнө татан буулгах

 

32.1.Хөрөнгө оруулалтын санг сайн дурын үндсэн дээр татан буулгах шийдвэрийг тухайн сангийн гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр гаргана.

 

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан шийдвэрийг гаргахад татан буулгах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдын хурлаар хамт батална.

 

32.3.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд санг татан буулгах тухай энэ хуулийн 32.1-д заасан шийдвэрийн талаар уг шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон тухайн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааг зогсоох бөгөөд татан буулгах шийдвэрийг гаргаснаас хойш уг шийдвэрийн талаар хөрөнгө оруулалтын менежментийн компани ажлын хоёр өдөрт багтаан нийтэд мэдээлнэ.

 

32.4.Хувийн хөрөнгө оруулалтын санг татан буулгах тухай энэ хуулийн 32.1-  д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани уг шийдвэрийн хуулбарыг уг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд тухайлан хүргүүлэх үүрэгтэй.

 

33 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө

                               оруулалтын сангийн гишүүдийн хурлыг заавал

                                                     зарлан хуралдуулах

 

33.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь дараах тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй:

 

33.1.1.энэ хуулийн 26.5-д заасан нөхцөл байдал үүссэн;

            33.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани татан буугдах, дампуурах нөхцөл байдал бий болсны улмаас шинээр хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө итгэмжлэн удирдах эрхийг шилжүүлэх   шаардлага үүссэн;

 

           33.1.3.кастодиан татан буугдах, дампуурах нөхцөл байдал бий   болсны улмаас шинээр хөрөнгө хадгалах гэрээний эрхийг өөр кастодианд шилжүүлэх шаардлага үүссэн;

 

           33.1.4.хөрөнгө оруулалтын сангийн бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг нь тухайн сангийн цэвэр активыг энэ хуулийн 26.5-д заасан хэмжээнээс бууруулах нөхцөл байдал үүссэн.

           

33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу зарлан хуралдуулах хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар доор дурдсан асуудлыг заавал хэлэлцүүлнэ:

 

33.2.1.хөрөнгө оруулалтын санг татан буулгах эсэх, хэрэв хөрөнгө оруулагчдын хурлаас татан буулгахгүй байхаар шийдвэрлэх нөхцөлд хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдэлийг хөрөнгө оруулалтын сангийн гишүүд хүлээхэд татгалзах зүйлгүй тухай;

 

33.2.2.хөрөнгө оруулалтын менежментийн компанийг сонгох, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний эрхийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах  тухай;

 

33.2.3.кастодианыг сонгох, хөрөнгө хадгалах гэрээний эрхийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах тухай.

 

34 дүгээр зүйл.Онцгой нөхцөл байдал үүсэх

 

34.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд дараах тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзнэ:

 

34.1.1.хөрөнгө оруулалтын сантай холбоотой, эсхүлхөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодиантай холбоотой дампуурлын хэрэг үүссэн;

 

34.1.2.хөрөнгө оруулалтын санг татан буулгаж болзошгүй нөхцөл байдал үүссэн;                 

 

34.1.3.хөрөнгө оруулалтын санг хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.

 

34.2.Хороо энэ хуулийн 34.1-д заасан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараах арга хэмжээг нэн даруй авна:

 

34.2.1.хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах хүртэл хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы санхүүгийн тайлан, тэнцлээс тусгаарлах;

 

34.2.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь банк бол Монголбанктай хамтран, хөрөнгө оруулалтын менежментийн компани нь банкнаас бусад эрх бүхий зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч бол дангаараа эрх хүлээн авагчийг томилох;

 

34.2.3.кастодианы тухайд Монголбанктай хамтран эрх хүлээн   авагчийг томилох.

 

34.3.Кастодиан нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаандонцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх хүлээн авагч томилогдох хүртэлх хугацаанд дараах үүрэг хүлээнэ:

 

34.3.1.хөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгслийг тусгаарлах, гүйлгээ хийхгүй байх;

 

34.3.2.хөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгсэлтэй холбоотой орлогыг төвлөрүүлэх, уг орлогыг зарлагадахгүй байх;

 

34.3.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс аливаа төлбөр, үйлчилгээний хөлс, урамшуулал олгохгүй байх, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх.

 

34.4.Кастодиан нь хамтынхөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгслийг баталгаажуулж байгаа тухайн багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй.

 

34.5.Эрх хүлээн авагч нь өөрийг нь томилсон эрх бүхий этгээдэд дараах саналын аль нэгийг хүргүүлнэ:

 

34.5.1.хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон бусад хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангах эсэх;

 

34.5.2.энэ хуулийн 34.5.1-д заасан аргыг хэрэглэх боломжгүй гэж  үзвэл тухайн хөрөнгө оруулалтын хэрэгслийн багцыг хөрөнгө итгэмжлэн удирдагчийн удирдлагад шилжүүлэх;

 

34.5.3.хөрөнгө оруулалтын сангийн авлагын эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах.

 

34.6.Энэ хуулийн 34.5-д заасны дагуу эрх хүлээн авагчийн гаргасан саналыг үндэслэн түүнийг томилсон эрх бүхий этгээд шийдвэр гаргана.

 

34.7.Эрх хүлээн авагч нь үйлчилгээний хөлсийг уг үйл ажиллагааны явцад олох орлогоос тэргүүн ээлжид авах эрхтэй бөгөөд уг хөлсний хэмжээг банк, санхүүгийн салбарт тогтсон жишигт нийцүүлэн Хороо тогтооно.

 

34.8.Энэ зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай журмыг Хороо болон Төв банк /Монголбанк/ хамтран батална.

 

35 дугаар зүйл.Эрх хүлээн авагч

 

35.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд энэ хуулийн  34.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд банкны тухайд Монголбанктай хамтран, бусад тохиолдолд Хороо дангаар эрх хүлээн авагчийг томилно.

 

35.2.Шаардлагатай гэж үзвэл эрх хүлээн авагчийн эрх, үүргийг Хороо гүйцэтгэж болно.

 

35.3.Эрх хүлээн авагч нь дараах эрх, үүрэгтэй:

 

35.3.1.хамтынхөрөнгө оруулагчийг хамгаалах зорилгоор хөрөнгийг эзэмшилдээ авах;

 

            35.3.2.хамтын хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг өөрчлөх шаардлага гаргах;

 

35.3.3.эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах;

35.3.4.хөрөнгө итгэмжлэн удирдах, эсхүл хөрөнгө хадгалах гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах;

 

35.3.5.Хорооны зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээ орлон гүйцэтгэгчийг томилох буюу өөр этгээдтэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах;

 

35.3.6.хөрөнгө оруулалтын санг татан буулгах санал гаргах;

35.3.7.Хорооноос зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

 

35.4.Эрх хүлээн авагч нь энэ хуулийн 35.3-т заасан эрх, үүргээ Хорооны хяналтан доор хэрэгжүүлнэ.

 

35.5.Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагыг хэрэгжүүлж байсан албан тушаалтан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн ажилтан нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авч, хөрөнгө оруулалтын сангийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан,   тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүрэгтэй.

 

36 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сан дампуурах

 

36.1.Хөрөнгө оруулалтын сан нь сангийн цэвэр активын нийт хөрөнгийн 10 хувь буюу түүнээс дээш хэмжээ бүхий бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ ажлын 20өдөрт гүйцэтгэж чадахгүй болсон нөхцөлд тухайн санг дампууруулах хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

 

36.2.Хөрөнгө оруулалтын сангийн дампуурлын ажиллагааг Дампуурлын т ухай хуульд[1] заасан журмын дагуу шүүхийн шийдвэрт үндэслэн хэрэгжүүлнэ.

 

37 дугаар зүйл.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах журам

 

37.1.Хамтын хөрөнгө оруулалтынсанг татан буулгахтай холбоотойгоор сангийн хөрөнгийг худалдан борлуулах, төлбөр, тооцоог дуусгавар болгох, үлдсэн мөнгөн хөрөнгийг гишүүдэд хуваарилах үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани хэрэгжүүлнэ.

 

37.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы аль алиных  нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд Хороо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий өөр компанийг сонгон шалгаруулж, татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх олгоно.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ,

АУДИТ, ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ

 

39 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл хөтлөх

 

39.1.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлнө.

 

39.2.Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг хөрөнгө оруулалтын менежментийн компани гүйцэтгэх бөгөөд тус компани нь бүртгэлийг Хороонд бүртгүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд[1] заасны дагуу эрх авсан мэргэшсэн нягтлан бодогчоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

39.3.Энэ хуулийн 39.2-т заасан мэргэшсэн нягтлан бодогчийг бүртгэх   журмыг Хороо батална.

 

39.4.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаас гадна дараах журмыг баримтална:

 

39.4.1.өдөр бүрийн арилжааны эцэст тогтсон цагт сангийн цэвэр активын үнэлгээг өөрийн цахим хуудсаар мэдээлэх, уг мэдээллийг Хороонд хүргэх;

 

39.4.2.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активынүнэлгээнийаргачлал, бүртгэлийн талаар өөрийн цахим хуудсаар тодорхой мэдээлэх;

 

39.4.3.арилжаалсан үнэт цаас, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг хэрэгжүүлэх талаар кастодиантай гэрээ байгуулж, түүнд тооцоолол нийтэд хүргэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй тусгасан байх;

 

39.4.4.Хорооноос тогтоосон бусад.

 

39.5.Хороо, түүнээс томилогдсон этгээд хөрөнгө оруулалтын сангийн  нягтлан бодох бүртгэлтэй холбоотой баримт бичигтэй танилцах, үнэ төлбөргүйгээр хуулбарлан авах эрхтэй байна.

 

39.6.Хөрөнгө оруулалтын сангийн  нягтлан бодох бүртгэлийг хөтлөх этгээд  нь тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан, аудитын компани, түүний ажилтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

 

39.7.Тухайн хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж байгаа этгээдуг үйлчилгээг үзүүлж байх хугацаандаа болон уг үйлчилгээг үзүүлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд тухайн санд хөндлөнгийн аудит хийхийг хориглоно.

 

40 дүгээр зүйл.Аудит, аудитын шалгалт

 

40.1.Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулж, энэ тухай Хороонд мэдэгдэнэ.

 

40.2.Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн аудит, аудитын шалгалтын тухайд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалттай этгээдэд тавих шаардлага  нэгэн адил хамаарна.

 

41 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг тооцох,

                                                      үнэлэх

 

41.1.Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг Хорооноос баталсан журмын дагуу тооцоолно.

 

41.2.Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг үнэлэх журмыг Хороо батална.

 

41.3.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүтцэд байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд[2] заасны дагуу хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн үнэлгээчин гүйцэтгэнэ.

 

41.4.Хөрөнгө оруулалтын санд хөрөнгийг хүлээн авах, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхэд тухай бүр үнэлэх бөгөөд Хорооноос тухайлан өөр хугацаа тогтоогоогүй бол хөрөнгө оруулалтын сангийн актив дахь хөрөнгөд  дахин үнэлгээг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.

 

41.5.Үнэлгээчин, эсхүл үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан болон аудитын компани, түүний ажилтан болон  тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

 

42 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн мэдээлэл

 

42.1.Хамтынхөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 57 дугаар зүйл нэгэн адил хамаарах бөгөөд хөрөнгө оруулалтын сан Хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд гарган өгөх үүрэгтэй.

 

42.2.Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч нийтэд, Хороонд   болон бусад байгууллагад байнга мэдээлэх мэдээллийн жагсаалт, мэдээлэл өгөх үйл ажиллагааны журмыг Хороо тогтооно.

 

42.3.Хувийн хөрөнгө оруулалтын сан нь хууль болон энэ хуулийн 42.2-т зааснаас бусад тохиолдолд нийтэд мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй.

 

42.4.Мэдээллийн үнэн зөв, хүрэлцээтэй байдлыг хангах үүргийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани хүлээнэ.

 

42.5.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, иргэнээс мэдээлэл авахтай холбоотой журмыг Хороо тогтоох бөгөөд уг мэдээллийг гагцхүү албан хэрэгцээнд ашиглана.

ДОЛООДУГААР БҮЛЭГ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН

САНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

 

43 дугаар зүйл.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн

                                                           үйл ажиллагаа

 

43.1.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан, түүний охин болон хараат компанийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх бол Хороонд бүртгүүлнэ.

 

43.2.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын  нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдахыг хориглоно.

 

43.3.Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан хаалттай хүрээнд хувьцаа, нэгж эрхээ санал болгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэж болох бөгөөд уг зөвшөөрлийг олгохтой холбоотой шалгуур, зөвшөөрөл олгох журмыг Хороо тогтооно.

 

43.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтынүйл ажиллагаа  явуулж байгаа гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн нийтэд болон Хороонд ирүүлэх мэдээллийн төрөл, мэдээлэл ирүүлэх журмыг Хороо тогтооно.

НАЙМДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН К.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ

 

44 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын менежментийн компани

 

             44.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна.

 

44.2.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд энэ хууль болонХорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж  ажиллана.

           

44.3.Хамтын хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байнгын, үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёроос доошгүйзөвлөхтэй байна.

 

44.4.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, түүний удирдлагад байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй харьцах харьцааны зохистой хувь, хэмжээг Хороо тогтооно.

 

44.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн 10-аас дээш хувийн хувьцааг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан, сангийн активыг бүрдүүлж байгаа хөрөнгийг итгэмжлэн удирдах үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхүүд  нь Хорооноос тохиромжтой гэж үзсэн этгээд байх бөгөөд дараах этгээд байхыг хориглоно:

 

44.5.1.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, банк, даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж байгаад зөрчлийн улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байсан бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш гурван жил болоогүй байгаа;

 

44.5.2.даатгал, санхүү, банк, үнэт цаасны салбарт ажиллаж байгаад зөрчлийн улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш нэг жил өнгөрөөгүй байгаа;

 

44.5.3.эдийн засгийн болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял эдэлсэн этгээд.

 

44.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна.

 

44.7.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуульд заасан үйл ажиллагааг зөвхөн доор дурдсан үйл ажиллагаатай хавсран эрхэлж болно:

 

44.7.1.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах;

44.7.2.үнэт цаасыг итгэмжлэн удирдах;

44.7.3.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах;

44.7.4.даатгалын компанийн нөөц хөрөнгийг итгэмжлэнудирдах;

44.7.5.хуулиар зөвшөөрсөн бусад.

 

44.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь доор дурдсан нийтлэгүүрэгтэй:

 

44.8.1.хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг кастодианд хадгалуулах;

 

44.8.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн хөдөлгөөнтэй  холбоотой санхүүгийн анхан шатны бүх баримтыг үйлдсэн болон хүлээн авсан даруйдаа хувийг нь мэргэшсэн нягтлан бодогч болон кастодианд хүргүүлэх;

 

44.8.3.Хорооноос тогтоосон мэдээ, тайланг тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь гаргаж өгөх;

 

            44.8.4.хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч холбогдох мэдээллийг нийтэд болон гишүүдэд мэдээлэх;

 

44.8.5.Хорооны зөвшөөрөлгүйгээр өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн болон эрх бүхий албан тушаалтан, төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй байх;

 

44.8.6.Хороо хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын  дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулах;

 

44.8.7.энэ хууль болон Хорооноос тогтоосон бусад шаардлагыг  мөрдөн ажиллах.

 

45 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх,

                                                        хүчингүй болгох

 

45.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.2-т зааснаас гаднадоор дурдсан баримт бичгийг хавсаргана:

                       

45.1.1.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн дүрмийн хуулбар,хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээлэл;

 

45.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг нэгээс доошгүй жилийн хугацаанд эрхлэх нөхцөлөөр хийсэн эдийн засгийн үр ашгийн судалгаа, тооцоолол;

 

45.1.3.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудитын хороо болон гүйцэтгэх удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалтан тус бүрийн боловсрол, мэргэжлийн туршлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхзэрэг тохиромжтой этгээд болох тухай мэдээлэл;

 

45.1.4.хөрөнгө оруулалтын зөвлөхийн боловсрол, мэргэжлийн туршлага болон гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай мэдээлэл;

 

45.1.5.сүүлийн санхүүгийн тайлан, өөр бусад үйл ажиллагаа эрхэлж байсан бол санхүүгийн аудит хийлгэсэн тайлан;

 

45.1.6.хүсэлт гаргасан хуулийн этгээдийн нийт гаргасан үнэт цаасны таваас дээш хувийг өмчилж байгаа иргэний боловсрол, туршлагын талаарх мэдээлэл, хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл болон сүүлийн санхүүгийн тайлан.

           

45.2.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг Хороо хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргана.

           

45.3.Хороо доор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно:

                       

45.3.1.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан тохиромжтой этгээд биш болох нь тогтоогдсон;

 

45.3.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.5, 24.1.10, 24.1.15-24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгчтэй харилцан хамааралтай нь тогтоогдсон;

 

45.3.3.хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны холбогдох  этгээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.5, 24.1.10, 24.1.15-24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгчийн хувьцаа эзэмшигч, шийдвэр гаргах төвшний албан тушаалтан болох нь тогтоогдсон;

 

45.3.4.хүсэлт гаргагч хуулийн этгээд нь хөрөнгө оруулагчийн эрх  ашгийг хангах зорилгод харшилж болзошгүй өөр төрлийн ашгийн төлөө үйл ажиллагаа давхар эрхэлдэг, эсхүл уг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй харилцан хамааралтай нь тогтоогдсон;

 

45.3.5.хуульд заасан бусад үндэслэл.

           

45.4.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргасан нөхцөлд шийдвэрийг хүсэлт гаргагчид ажлын таван өдрийн дотор хүргүүлэх бөгөөд уг шийдвэрт татгалзах үндэслэл, шалтгааны талаар тусгасан байна.

           

45.5.Хороо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосны дараа энэ хуулийн 45.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

 

45.6.Хорооноос гаргасанхөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрт зөрчлийг арилгах хугацаа, уг хугацаанд биелүүлэх үүрэг, даалгаврыг тодорхой тусгана.

           

45.7.Хорооноос тогтоосон хугацаанд зөрчлийг бүрэн арилгасан, үүрэг, даалгаврыг биелүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг сэргээхэд харшлах өөр бусад үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд Хороо тусгай зөвшөөрлийг сэргээнэ.

           

45.8.Тусгай зөвшөөрлийг сэргээх нь уг тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацааг сунгах, өөрчлөх үндэслэл болохгүй.

           

45.9.Энэ хуулийн 45.6-д заасан хугацаанд түдгэлзүүлэх үндэслэлийг арилгаагүй, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

           

45.10.Хороо тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр хүчингүй болгоно:

                       

45.10.1.тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, шамшигдуулсан, залилангийн шинж чанартай үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

 

45.10.2.хууль болон хөрөнгө оруулалтын сангийн дүрмийг зөрчиж хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний албан тушаалтан сонирхлын зөрчил бүхий үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

 

45.10.3.хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нийтэд санал болгосон;

 

45.10.4.Хороо, олон нийт, хөрөнгө оруулагчид мэдээлэх үүргийг удаа дараа биелүүлээгүй;

 

45.10.5.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцааны 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

                       

             45.11.Хороо хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь тухайн менежментийн компанийн үйлчилгээ үзүүлж байсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг өөр бусад эрх бүхий менежментийн компанид шилжүүлэх, эсхүл тийнхүү шилжүүлэх боломжгүй бол тухайн санг татан буулгах үндэслэл болно.

 

46 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаанд

                                   хориглох зүйл болон бусад үйл ажиллагаа

 

46.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, албан тушаалтанд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

46.1.1.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заагдаагүй хэлбэрээр сангийн хөрөнгийг зарцуулах;

 

46.1.2.энэ хууль болон Хорооноос тогтоосон активт тавих шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчих үр дагавар бүхий хэлцэл хийх;

 

46.1.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх;

 

46.1.4.тухайн үед хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнд шилжээгүй байгаа эд зүйлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийх;

 

46.1.5.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн болон гуравдагч этгээдийн өр төлбөрийг төлөх барьцаа, баталгаа болгон ашиглах;

 

46.1.6.хууль, журам болон хөрөнгө оруулалтын бодлогыг зөрчиж хөрөнгө оруулалт хийхийг хориглосон зүйлд хөрөнгө оруулах, эсхүл тогтоосон хэмжээг хэтрүүлэх;

 

46.1.7.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан төлбөр, урамшууллаас бусад арга, хэлбэрээрхөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн өмчлөлд төлбөргүйгээр шилжүүлэн авах;

 

46.1.8.өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэх;

 

46.1.9.тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн  үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын санд кастодианы болон бусад үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хувьцааг худалдан авах замаар нэгдмэл сонирхлыг бий болгох.

 

46.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хөрөнгө оруулалтын сан нь гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтын менежментийн өөр компанитай гэрээ байгуулах эрхтэй.

 

46.3.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж байсан компани нь дараагийн  хөрөнгө оруулалтын менежментийн компанид доор дурдсан зүйлийг үнэ төлбөргүй шилжүүлнэ:

 

46.3.1.тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журам, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг хуулийн этгээдийн баримт бичгийг;

 

46.3.2.тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг удирдах,   захиран зарцуулах эрхтэй холбоотой эрх, баримт бичгийг;

 

46.3.3.тухайн хөрөнгө оруулалтын сангаас, эсхүл түүний нэрийн өмнөөс байгуулсан гэрээ, хэлцлийг;

 

46.3.4.тухайн хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан зэрэг санхүүгийн бүх материалын эх хувийг цахим мэдээллийн хамт.

 

46.4.Хууль болон тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан үүргээ энэ хуулийн 46.2-т заасан дараагийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах, уг гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл тасралтгүй хэрэгжүүлнэ.

 

46.5.Хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуульд, эсхүл хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж болно.

 

46.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг зогсоохоос 60-аас доошгүй хоногийн өмнө сангийн төлөөлөнудирдах зөвлөл болон Хороонд бичгээр мэдэгдэнэ.

 

46.7.Үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг зогсоосноос хойш тав хоногийн хугацаанд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгө, нийт баримт бичгийг дараагийн хөрөнгө оруулалтын менежментийн  компанид шилжүүлнэ.

 

46.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сан үүсгэн байгуулах баримт бичиг, сангийн дүрэмд үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын компани нь сантай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас санд учруулсан хохирлыг хариуцахгүй тухай аливаа заалт тусгахыг хориглох бөгөөд тусгасан тохиолдолд тэдгээр заалт нь хүчин төгөлдөр бус байна.

 

46.9.Хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлсний төлбөрийг  төлнө.

 

46.10.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах явцдаа санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг болон сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг зөрчсөний улмаас тухайн санд учруулсан алдагдлыг тус тус өөрийн хөрөнгөөр хариуцна.

 

47 дугаар зүйл.Хөрөнгө итгэмжлэн удирдах

 

47.1.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаа нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаатай  нэгэн адил байна.

 

47.2.Хөрөнгө итгэмжлэн удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний ажилтан нь дараах үүрэгтэй:

 

47.2.1.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд  нийцүүлэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх;

 

47.2.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг хууль болон Хорооноос тогтоосон журамд нийцүүлэн өөрийн хөрөнгийн бүртгэлээс тусад нь хөтлөх;

 

47.2.3.хөрөнгө оруулагчид шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх;

47.2.4.үнэт цаасны төлбөрийг зохих журмын дагуушилжүүлэх;

            47.2.5.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах зорилгоор Хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх.

 

47.3.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний загварыг Хороо батална.

 

47.4.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хуулбарыг сангийн нэгж эрхийнтанилцуулгад хавсаргана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ХӨРӨНГИ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН

ХӨРӨНГИЙГ ХАДГАЛАХ

 

48 дугаар зүйл Кастодианы үйл ажиллагаа

 

48.1.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хөрөнгө хадгалах тухай гэрээний үндсэн дээр кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд  эрхэлнэ.

 

48.2.Хороо дараах нөхцөл, шаардлагыг хангасан банканд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож болно:

 

48.2.1.Хорооноос тогтоосон санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангасан;

48.2.2.кастодианы үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн хүний нөөц, техникийн нөхцөлийг хангасан;

 

48.2.3.гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд;

 

48.2.4.тухайн хүсэлт гаргасан хуулийн этгээдийг дампууруулах, үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл өөрийн хөрөнгийн 25 хувиас дээш хэмжээний өр төлбөрийн асуудал үүсээгүй байгаа;

 

48.2.5.энэ хуулийн 48.6, 48.7-д заасан кастодианы үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дүрэм, журмыг Хороогоор хянуулсан.

 

48.3.Кастодиан нь нэг хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын менежментийн болон кастодианы үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийг хориглоно.

 

48.4.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаар доор дурдсан этгээд ажиллахыг хориглоно:

 

48.4.1.хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлийн бусад зохицуулалттай этгээд, зээлийн болон даатгалын үйлчилгээ үзүүлдэг банк, санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байх үед тэдгээр байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчлийн улмаас хүчингүй болгосноос хойш  гурван жил өнгөрөөгүй;

 

48.4.2.санхүү, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлж байх явцад зөрчил гаргасны улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш  нэг жил өнгөрөөгүй;

 

48.4.3.эдийн засгийн болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан.

 

48.5.Хороо кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх болон цуцлах, хүчингүй болгох ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гүйцэтгэнэ.

 

48.6.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх нийтлэг журмыг Хороо тогтоох бөгөөд кастодиан нь компанийн дүрэм болон кастодианы үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой багц журмаа Хороонд бүртгүүлнэ.

 

48.7.Энэ хуулийн48.6-д заасан кастодианы үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой багц журамд доор дурдсан журам хамаарна:

 

48.7.1.кастодианы үйл ажиллагаа эрхлэх дотоод журам;

48.7.2.кастодианы үйл ажиллагааны санхүүгийн анхан шатны баримтын болон харилцагчид хүргэх тайлангийн маягт, заавар;

 

            48.7.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь түүний хадгалалтад байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын өртгийг тодорхойлох, нэгж эрхийн өртгийг тооцоолох, сангийн хөрөнгийг захиран зарцуулахдаа энэ хууль болон  бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих журам;

 

48.7.4.кастодианы үйл ажиллагаанд тавих шаардлагын хэрэгжилтэд байнгын хяналт тавих дотоод журам;

 

48.7.5.сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам.

 

49 дүгээр зүйл.Кастодианы нийтлэг бүрэн эрх, чиг үүрэг

 

49.1.Кастодиан нь хөндлөнгийн гуравдагч этгээдийн хувиар хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг эрхэлж, хөрөнгийн зарцуулалтад хууль, журам болон гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж, холбогдох мэдээллийг гаргаж өгөх нийтлэг бүрэн эрхтэй байна.

 

49.2.Кастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигч хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлын төлөө ажиллах нийтлэг үүрэгтэй байна.

 

49.3.Кастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

49.3.1.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хөрөнгө хадгалах гэрээний үндсэн дээр хүлээн авах, хадгалах;

           

49.3.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой анхан  шатны бүх баримтын хувийг хүлээн авч хадгалах, түүнчлэн сангийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох үндсэн баримтын эх хувийг хүлээн авч хадгалах;

 

49.3.3.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг хөтлөх;

 

49.3.4.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зүгээс   хөрөнгийн удирдлагын үйлчилгээг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа эсэхэд гуравдагч этгээдийн хувиар хяналт тавих, хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахад  хяналт тавих, сангийн үнэт цаасыг шилжүүлэхээр менежментийн компаниас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

 

49.3.5.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын өртөг, хэмжээ  болон нэгж эрхийн тооцооны өртөг, олгосон болон буцаан худалдан авсан нэгж эрхийн тоог зөв тодорхойлсон эсэхэд хяналт тавих;

 

 49.3.6.хууль, журам, хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан мэдээллийг хөрөнгө оруулалтын сангийн гишүүн, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон эрх бүхий бусад этгээдэд гаргаж өгөх;

 

49.3.7.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн талаар хөрөнгө оруулалтын менежментийн компаниас сангийн гишүүдэд, эсхүл нийтэд өгөх мэдээллийг бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг хөрөнгө оруулалтын менежментийн компанид гаргаж өгөх, тухай бүр мэдээ, тайланг хүргүүлэх үйлчилгээг гэрээний үндсэн дээр сангийн гишүүдэд үзүүлэх;

 

49.3.8.энэ хууль болон Хорооноос баталсан журмаар тогтоосон бусад шаардлагыг биелүүлж ажиллах.

 

49.4.Кастодиан нь хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний ажилтны зүгээс энэ хууль, Хорооноос баталсан журам, сангийн дүрэм, журам, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг зөрчсөн үйлдлийг илрүүлсэн тохиолдолд энэ талаар  гурав хоногийн дотор Хороонд мэдэгдэх үүрэгтэй.

 

49.5.Хөрөнгө хадгалах гэрээнд өөрөөр заагаагүй болкастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг ашиглах болон захиран зарцуулах эрхгүй бөгөөд хөрөнгө хадгалсны төлөө хөрөнгө хадгалах гэрээнд заасны дагуу үйлчилгээний төлбөр авах эрхтэй. Кастодиан нь хадгалалтад авсан хөрөнгөд хүү төлөх үүрэг хүлээхгүй.

 

49.6.Хөрөнгө оруулалтын сангийн эзэмшил дэх санхүүгийн хэрэгсэл, түүгээр гэрчлэгдсэн эрхийг кастодиан тусдаа дансанд бүртгэнэ.

 

49.7.Кастодиан нь кастодианы үйл ажиллагаанаас гадна хууль тогтоомжоор хориглоогүй үнэт цаасны зах зээлийн бусад зохицуулалттай үйл ажиллагааг  эрхэлж болох бөгөөд энэ тохиолдолд кастодианы үйл ажиллагаатай холбоотой хэсгийг зохион байгуулалтын хувьд тусгаар нэгжийн зохион байгуулалттайгаар эрхэлнэ.

 

49.8.Кастодиан нь хувийн тэтгэврийн сангийн болон даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг итгэмжлэн удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компанид энэ хуулийн 48.1-д заасан  үйлчилгээг үзүүлж болно.

 

49.9.Кастодиан нь кастодианы үйл ажиллагааны талаар бусдад зөвлөгөө өгөх, уг үйл ажиллагааны зохион байгуулалт, төлбөрийн талаар бусдад мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэлийг хөтлөх үйлчилгээг давхар үзүүлж  болно.

 

49.10.Хөрөнгө оруулалтын нэг санд кастодианы үйлчилгээг зөвхөн нэг кастодиан үзүүлнэ.

 

50 дугаар зүйл.Хөрөнгө хадгалах гэрээ

 

50.1.Хөрөнгө хадгалах гэрээнд доор дурдсан зүйлийг заавал тусгана:

 

50.1.1.хөрөнгө оруулалтын сангийн бүх хөрөнгийн бүртгэлийг хөтлөх тухай, гадаад улсад хөрөнгө байршуулсан бол тэдгээрийг хэрхэн хамруулж бүртгэх тухай;

 

50.1.2.хууль болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасны дагуу сангийн нэгж эрхийн бүртгэлийг хөтлөх, нэгж эрхийн өмчлөх эрхийн бүртгэлийг хөтлөх;

 

50.1.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн зохион байгуулах, гүйлгээг хэрхэн гүйцэтгэх тухай;

 

50.1.4.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хөрөнгийн үнэлгээг хууль тогтоомжболон сангийн дүрэмд заасан аргачлалын  дагуу гүйцэтгэх тухай;

 

50.1.5.хөрөнгө оруулалтын сангийн орлогыг хууль болон сангийн дүрэмд заасан зориулалтаар ашиглах  ажиллагаанд хяналт тавих тухай;

 

50.1.6.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн даалгаврыг хууль болон сангийн дүрэмтэй зөрчилдөөгүй нөхцөлд саадгүй хэрэгжүүлэх тухай;

 

50.1.7.хөрөнгө хадгалах үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлөх журмын тухай;

 

50.1.8.бусад.

 

50.2.Хөрөнгө хадгалах гэрээнд хууль болон сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, чөлөөлөх тухай заалт тусгахыг хориглоно.

 

51дүгээр зүйл.Хөрөнгө хадгалах гэрээ дуусгавар болох

 

51.1.Хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээг дараах тохиолдолд дуусгавар болгоно:

 

51.1.1.гэрээнд заасан тохиолдолд талууд харилцан зөвшөөрсөн өдрөөс;

 

51.1.2.хөрөнгө оруулалтын санг татан буулгах тохиолдолд татан буулгах ажиллагаа дуусгавар болсон өдрөөс;

 

51.1.3.кастодианы тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс;

 

51.1.4.кастодианыг татан буулгасан үед энэ тухай шийдвэр гаргасан өдрөөс;

 

51.1.5.гэрээний хугацаа дууссан өдрөөс.

 

51.2.Кастодиантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээ болон бусад гэрээ дуусгавар болсон тохиолдолд энэ тухай хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Хороонд даруй мэдэгдэх бөгөөд уг мэдэгдэлд гэрээ дуусгавар болсон шалтгаан, үндэслэлийг заасан байна.

 

52 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтад

                                                 тавих хяналт

 

52.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, заавар, сангийн дүрэм, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан болон хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн  үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад сангийн хөрөнгийг гэрээгээр хадгалж байгаа кастодиан нь хяналт тавина.

 

52.2.Сангийн хөрөнгийг шилжүүлэх, аливаа бусад хэлбэрээр захиран зарцуулах нь энэ хууль, бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, заавар, хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг болон хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээ, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмыг зөрчихөөр байгаа тохиолдолд кастодиан нь хөрөнгө оруулалтын менежментийн компанид сангийн хөрөнгийг зарцуулах зөвшөөрөл олгох болон хөрөнгийг шилжүүлэхийг хориглоно.

 

52.3.Энэ зүйлээр тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд кастодиан нь сангийн гишүүдийн өмнө хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамт хариуцлага хүлээнэ.

 

АРАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТӨРИЙ.

АРАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН

ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

 

53 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

                                                           төв байгууллага

 

53.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгө оруулалтын сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

53.1.1.төрөөс хөрөнгө оруулалтын сангийн талаар баримтлах  бодлогыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Хороотой хамтран  хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэгдсэн бодлоготой уялдуулан тодорхойлох;

 

53.1.2.Хороотой хамтран ажиллах, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

 

53.1.3.хуульд заасан бусад.

 

54 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалтыг       

                                                  хэрэгжүүлэгч байгууллага

 

54.1.Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Хороо байна.

 

54.2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой этгээд биелүүлэх үүрэгтэй.

 

55 дугаар зүйл.Хорооны бүрэн эрх

 

55.1.Хөрөнгө оруулалтын сангийн талаар Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

55.1.1.хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

 

55.1.2.хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан   мөрдүүлэх;

 

55.1.3.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах;

 

55.1.4.хөрөнгө оруулалтын сангийн эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

 

55.1.5.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих,  шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг, даалгавар өгөх, хариуцлага ногдуулах;

 

55.1.6.хөрөнгө оруулалтын сангийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох, түүнд ажиллах зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх;

 

55.1.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаасыг арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах;

 

55.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах,   хяналт тавих;

 

            55.1.9.хөрөнгө оруулалтын санг нэгтгэх, нийлүүлэх үйл ажиллагааны журмыг батлах;

 

55.1.10.хуульд заасан бусад.

 

56 дугаар зүйл.Даалгавар өгөх

 

56.1.Хороо хөрөнгө оруулалтын сан, түүний үйл ажиллагаатай холбоотой зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд дараах тохиолдолд даалгавар  өгөх эрхтэй:

 

56.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий болсон;

 

56.1.2.эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээдийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон;

 

56.1.3.хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж, Хорооноос гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн;

 

56.1.4.худал, төөрөгдүүлсэн, алдаатай, эсхүл хоорондоо зөрүүтэй мэдээлэл гаргасан, нийтэд мэдээлсэн;

 

56.1.5.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай   гэж Хорооноос үзсэн бусад тохиолдол.

 

56.2.Хорооны даалгавар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 66.2-т заасан шаардлагыг агуулсан байж болно.

 

56.3.Энэ хуулийн 56.1-д заасан даалгавар Хорооноос тогтоосон хугацаанд хүчинтэй байна.

 

56.4.Хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүрэгтэй.

 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

57 дугаарзүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

57.1.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хорооны хянан шалгагч Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаас гадна доор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

 

57.1.1.зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

57.1.2.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчиж танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, танилцуулгад Хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, энэ хуулийг зөрчиж Хороонд бүртгүүлээгүй танилцуулга нийтэд танилцуулсан, уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуугаас дөрвөн зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг   зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

57.1.3.энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

57.1.4.энэ хуулийн 14.6, 21.2, 24.1, 26.6, 31.2, 37.5, 43.2, 48.3, 52.1, 56.2-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

           57.1.5.энэ хуулийн 24.7, 37.6, 40 дүгээр зүйлд заасан мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй хуулийн этгээд болон түүний холбогдох этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хориос нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

57.1.6.энэ хуулийн 15.2, 23.4, 29.2, 48.4, 50.2-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

57.1.7.энэ хуулийн 35.4-т заасан мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод   хэмжээг нэг зуугаас нэг зуун гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

 

57.2.Зохицуулалттай этгээдийн хууль зөрчиж олсон орлогыг хурааж,  зөрчлийг шалгахтай холбогдон Хорооноос гарсан зардлыг уг этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

57.3.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж зөрчиж бусдад  учруулсан хохирол, үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

 

57.4.Энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулсан нь гэм буруутай этгээдийг хөрөнгө оруулагчид учруулсан хохирлоо төлөх үүргээс чөлөөлөх  үндэслэл болохгүй.

 

57.5.Энэ хуулийн 57.1-д заасан торгуулийг үндэслэлгүй ногдуулсан гэж   үзвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно.

 

58 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

58.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД