Хүнсний тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих)
Өргөн барьсан: 2016-12-16

Хэлэлцэж байгаа

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. 

Төсөл

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хүнсний тухай хуулийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. 

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг.

“7.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай таримал, ургамал тариалах, найрлагадаа хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглоно.”

Манай улс хэдийгээр том газар нутагтай ч тариалангийн бүс нутаг бага юм, чулуурхаг, элсэрхэг газар, түүнчлэн сэрүүн хүйтэн улирал давамгай байдгаас ургац хангалттай авч чаддаггүй. Эдгээр газарт зөвхөн гений өөрчлөлттэй ургамал л ургаж чадна. 7.2 гэсэн заалт нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний түүхий эд гэсэн санаагаа оруулбал дээр байтал энд бүх төрлийн ургамал, таримал гэсэн утга орсон байна. Үүнийгээ засварлах хэрэгтэй байна аа

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 1 )

Газар тариалангийн бүс нутгийн хөрс, ургамлыг эрүүл байлгах нь хүн амыг эрүүл хүнсээр хангахад чухал ач холбгдолтой тул 7.2 заалтыг дэмжиж байна.

2017.01.13

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг.

“7.3. Найрлагадаа 5 хувиас их хэмжээгээр хувиргасан амьд организм агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох, худалдаалахыг хориглоно.” 

Шууд хэрэглэхэд бэлэн хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувь нь хувиргасан амьд организм агуулж байгааг тодорхойлох лаборатори Монголд байхгүй. Хүнсний бүтээгдэхүүний найрлагыг задалж тодорхойлох чадамж манайд байтугай Европод ч хэцүү. Европын холбоо 0.9%-ийн агууламжийг зөвшөөрч байгаа ч түүнийгээ тодорхойлж чаддаггүй. Бүтээгдэхүүн будаа, эрдэнэшиш гэх мэт цөөхөн орцтой бол магадгүй л юм. Ер нь өөрсдөө чадамжгүй байж өндөр нөхцөл шаардаж байгаа чинь компаниуд гадаадаас л шинжилгээний хариу авчирна, үүндээ мөнгө төлснөө бүтээгдэхүүндээ шингээнэ, мөн 5%-иас бага агууламжтай гэсэн худал цаас нь бүтээгдэхүүний үнийг нэмэгдэхэд хүргэнэ. 5% дээр ингэж асуудал үүснэ гэж үзвэл шууд 0,9% болгочихвол яасан юм бэ, бид хүнсний бүтээгдэхүүний стандартаа Европ руу ойртуулна гэж ярьдаг, тийм болохоор тэр рүүгээ л ойртож байгаа биз. Япон, Солонгосын бүтээгдэхүүн 3-5% агуулсан байлаа гээд хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй гэсэн үнэлгээгээгээ хамт аваад ирвэл асуудалгүй ш дээ.

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 1 )

5%-иас ихтэйг нь импортлох худалдахыг хориглоно гэдэг нь буруу, 10%-тай байлаа гээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн үг биш. Эрүүл мэндийн эрсдлийг л үнэлж чадаж байвал болоо биш үү. энэ заалт чинь зах зээл дээр байгаа ургамлын гаралта йбүх бүтээгдэхүүнээс гарал үүсэл, гений өөрчлөлтийн шинжилгээ шаардана гэсэн үг, Монголд тодорхойлуулж чадахгүй юм чинь гадаадад шинжлүүлнэ, шинжилгээний цаасных нь үнэн худлыг хэн яаж шалгах юм? 5%-иас бага байж Монголд зарагдана гэвэл энэ худлаа.

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 1 )

11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг.

“11.3. Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетийн цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.3-т зааснаас илүү хэмжээгээр хувиргасан амьд организм агуулсан хүнсийг импортлохыг хориглоно.”

Хууль санаачлагч нарт эсвэл НББСШУ-ны байнгын хорооны гишүүдэд: 2013 оны Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний нэр томъёоны тайлбар нь буруу бичигдсэн байгаа. Уул нь бол NOVEL FOOD юм, гэтэл нэршлийн буруу тайлбараас нь болж ЭМЯ энэ бүтээгдэхүүний эрсдлийн үнэлгээний журамаа (тус хуулийн 9.1.3-д заасан) боловсруулан баталж чадахгүй байгаа юм. Иймд нэгэнт нэмэлт оруулж байгаа юм Хүнсний тухай хуулийн 3.1.8-д байгаа шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс гэсэн нэршлийн тайлбараа засварлаж өөрчилнө үү.

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2 дугаар зүйл.

Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн дугаарыг “7.5”, 7.3 дахь хэсгийн дугаарыг “7.6” гэж тус тус өөрчилсүгэй. 

Хувиргасан амьд организмаас гаралтай хүнснийг хүнсний асуудал эрхэлсэн ТЗТБ нь ХБАБХТ хуулийн 14.1-т заасан журмын дагуу бүртгэнэ. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 16.1-д хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүртгэнэ гэж буруу бичсэн байна. Үүнийгээ засна уу. Мөн 7.2 чинь 7.5 болж өөрчлөгдөж байгаа юм бол бүртгэл чинь давхцахаар байна ш дээ.

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3 дугаар зүйл.

 Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.

 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний дараа “Хүнсний тухай хуулийн 7.2, 7.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэж” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. 

“14.2. Эхний удаа импортолсон болон найрлагадаа 5 хувиас ихгүй хэмжээгээр хувиргасан амьд организм агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хяналтын байгууллага хяналт шалгалт хийнэ.”

Импортлох сонирхолтой бүтээгдэхүүн нь найрлагандаа 5%-иас их ГМО агуулсныг импортлогч мэдэхгүй, мэдэхийн тулд лабораторийн шинжилгээ хийлгэнэ. Дээжийг Монголд авчирна гэсэн үг. Энд мөнгө аваад нэг цаас өгнө - гэхдээ хяналтын байгууллагын лаб 5%-ийг нь тодорхойлох чадамжгүй. манйа улсын энэ талын чадамж чмар байгааг Био аюулгүй байдлын хороо, ШУА-ийн биологийн хүрээлэн зэргээсээ асууж тодруулга хийгээрэй. ГМО-ийн 5%-иас их агууламжтай хүнсийг хориглож байгаа юм чинь энэ хуулийн 11 дүгээр зүйлд нэмэлт оруулах (11.1.8.ГМО агууламж 5%-иас ихтэй хүнс) шаардлагатай болох байх

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Нэмэлт заалт оруулах санал байна. 14.4.Энэ хуулийн 6.5.3-д заасан хүн амд (нялх, балчир, бага насны хүүхэд) зориулсан хүнсний бүтээгдэхүүн нь найрлагандаа хувиргасан амьд организм агуулаагүй байвал зохино.

2017.01.13

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3 дугаар зүйл.

 Энэ хуулийг Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ