Баяжуулсан хүнсний тухай

Бие даасан хууль (Шинээр боловсруулж, өргөн барьсан төсөл)
Өргөн барьсан: 2016-12-28

Батлагдсан

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Нийт ард иргэдийн аюулгүй, эрүүл, физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц шимт, тэжээллэг хүнсээр хангах зорилгоор “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн А.Ундраа онцоллоо.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүн гарна:

  • - Шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой.
  • - Хүнс баяжуулах үйлдвэрлэл эрхлэх, баяжуулсан хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно.
  • - Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ.
  • - Хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.
  • - Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториар хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • - Дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчид, лабораториуд техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болно хууль санаачлагчид үзэж байна.

Хүнс тэжээл гэдэг бол улс орны эрүүл амьралын баталгаа мөн билээ.

2017.01.10

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл:Хуулийн зорилт.

1.1.  Энэ хуулийн зорилт нь хүн амын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан журмаар зарим нэр төрлийн хүнсийг баяжуулах, хүн амд хүртээмжтэйгээр тасралтгүй үйлдвэрлэх, баяжуулагч бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх, худалдахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж

2.1. Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.  Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

                        3.1.1. “Баяжуулсан хүнс” гэж монгол хүний биемахбодын физиологийн онцлогт тохирсон, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тухайн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн найрлагад агуулагдаагүй эсхүл боловсруулалт, хадгалалтын явцад задарч устдаг, хэмжээ нь багасдаг нэг түүнээс дээш тооны аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр нэмж үйлдвэрлэсэн хүнсийг;

3.1.2. “Баяжуулагч бэлдмэл” гэж хүний биемахбодид маш бага буюу микро, субмикро хэмжээгээр шаардагддаг боловч хэвийн үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, эд эсийн нөхөн төлжилт, биеийн ерөнхий дархлаанд зайлшгүй шаардлагатай эсгэг (энзим буюу фермент), даавар (гормон) бусад макро нэгдлийн (уураг, өөх тос, нүүрс ус, нуклейн хүчил) нийлэгжилтэд оролцдог, дагалдах урвалыг дэмждэг аминдэм, эрдэс бодисын холимгийг;

3.1.3. “Заавал баяжуулах хүнсний жагсаалт“ гэж хүн амын хооллолтын төлөв байдал, аминдэм, эрдэс бодисын дутал, түүнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн тархалт, явцын талаарх судалгааны дүнд үндэслэн гаргасан баяжуулах хүнс, баяжуулагч бэлдмэлийн нэр төрөл, найрлага, орц, тун хэмжээг тодорхойлсон баримт бичгийг;

3.1.4. “Хүнс баяжуулах” гэж хүнсний бүтээгдэхүүнд аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр, эрх бүхий байгууллагаас тогтоосон нэр төрөл, тун хэмжээгээр, стандартад заасан нөхцөл, горим, технологийн дагуу үйлдвэрийн аргаар нэмэхийг.

Дэлхий нийтээр баяжуулсан буюу ямар нэгэн элэемент нэмэхээс эрс татгалзаж байгаа өнөө үед баяжуулсан хүнсийг дэмжихээс илүү органик, байглийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тэдгээрийг сутралчлах тал дээр төрөөс дэмжиж ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна.

2017.01.10

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

T.Natsagdorj "ДЦС-4" ТӨХК-н Хяналтын албаны дарга

Монгол орон байгалийн хүнсний цэвэр бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах тал дээр анхаарах, ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн ферментүүд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон үндсэн дээр хэрэглүүлэх, ферментүүдийн эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлдог өндөр технолги бүхий лабораториуд шаардлагатай. Одоогийн түвшинд хяналт тавих боломж хомс тул баяжуулах үйлдвэрүүд, хүчтэй лабораториудтай болсоны дараа шийдэх нь зүйтэй гэж бодож байна.

2017.01.10

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ХОЁРДУГААР БҮЛЭГ Хүнс баяжуулах үйл ажиллагааны зохион байгуулалт  

4 дүгээр зүйл.

Хүнс баяжуулалтын талаарх төрийн чиг үүрэг

            4.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

4.1.1. Баяжуулагч бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох, импортлох, баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах журмыг батлах;

4.1.2. Баяжуулагч бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох, импортлох, баяжуулсан хүнс үйлдвэрлэх эрх олгож, гэрээ байгуулах;

4.1.3. Баяжуулагч бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгэх;

         4.1.4. Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх;

            4.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

                        4.2.1. Заавал баяжуулах хүнсний жагсаалтыг батлах;

                        4.2.2. Хүн амын хооллолтын төлөв байдал, аминдэм, эрдэс бодисын дутал, түүнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн тархалт, явцын талаархтаван жил тутмын судалгааг явуулж, баяжуулах хүнсний жагсаалтыг шинэчлэх;

                        4.2.3 Баяжуулагч бэлдмэл болон баяжуулсан хүнсний хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг судлах;

                        4.2.4  Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг зогсоох санал гаргах;

                        4.2.5. Баяжуулсан хүнсний шошгоны загвар, тайлбар, зааврыг батлах.

           4.3.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

            4.3.1.Баяжуулагч бэлдмэлийн найрлагад орох химийн бодис тус бүрийн регистрийн дугаар (CAS), түүнд харгалзах 

5 дугаар зүйл.

 Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүрэг

5.1. Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс үйлдвэрлэгч дор дурдсан эрх, үүрэгтэй:

5.1.1. Батлагдсан стандарт, норм, техник, технологийн горимоор үйлдвэрлэл явуулах;

5.1.2.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсны үндсэн дээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх;

5.1.3. Баяжуулсан хүнсний шошгонд хадгалалт, тээвэрлэлт, хэрэглэх нөхцөл, зааврыг тусгаж, ялгах тэмдэг тавих;

            5.1.4. Баяжуулагч бэлдмэл үйлдвэрлэгч нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораторитой байх;

5.1.5. Баяжуулагч бэлдмэлийн чанарыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангаж баяжуулсан хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд хадгалах, тээвэрлэх;

5.1.6. Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэсэн тоо мэдээллийг энэ хуулийн 4.1.4-т заасан мэдээллийн санд бүртгүүлэх.

6 дугаар зүйл.

 Баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих

            6.1. Баяжуулагч бэлдмэлийн үйлдвэрлэлийн болон лабораторийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

            6.2. Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлдэг хөнгөлөлт, дэмжлэгт нэгэн адил хамруулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ Баяжуулсан хүнсэнд тавих хяналт  

7 дугаар зүйл.

Баяжуулсан хүнсэнд тавих үйлдвэрлэгчийн хяналт

7.1. Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь үйлдвэрийн дамжлагын эгзэгтэй цэг бүрт хийсэн эрсдэлийн үнэлгээг дотоодын хяналтаар баталгаажуулан чанар, эрүүл ахуйн баталгааны гэрчилгээг дагалдуулна.

7.2. Энэ хуулийн 5.1.2-т заасан баталгаажуулалт хийсэн этгээд баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийн үйл явцад хөндлөнгийн хяналт тавих эрхтэй.

8 дугаар зүйл.

 Баяжуулсан хүнсэнд тавих төрийн хяналт

8.1. Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тус тус зохицуулна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хариуцлага

9 дүгээр зүйл.

Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

9.1. Энэ хуулийг зөрчсөн аж ахуйн нэгж, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.2. Энэ хуулийн 9.1-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан нь буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

10 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

10.1 Энэ хуулийг 201.. оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.