Монгол хэлний тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-05-16

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Н.Буянжаргал хувийн компанид ажилтан

Энэ бүлгээс бусад зүйл заалт бараг ихэнх нь бичиг үсэгтэй холбоотой байгаа тул хуулийн нэрийг "Монгол хэл, бичгийн тухай" хэмээн өөрчлөх. Хэл нь төрийн хуулиар биш өөрийн гэсэн хууль зүй тогтлоор хөгжиж байдаг учир дан хэлний тухай гэх нь зохимжгүй. Хоёрдугаарт ийм нэрээр гарвал үндэстний цөөнхийн хэрэглэж байгаа хэлэнд зориулж Казах хэлний тухай хууль гарах шаардлага урган гарч байна.

2015.01.21

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 1 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

Зорилтын тухайд: Хэлийг хэзээ ч төрийн хуулиар хөгжүүлэхгүй. Харин төрийн үүрэг бол төрөлх хэлний хэрэглээ, түүний дархлаажуулалт, ялангуяа эх хэлний боловсролыг боловсролын байгууллагаараа дамжуулан ард иргэддээ зөв тогтолцоотойгоор олгох, оролцох төрийн үүргийг хуулиар зохицуулах нь хөрсөнд суусан, хэрэгжих боломжтой зорилт болох юм. Тэрнээс монгол хэлний хөгжлийг хуулиар хөгжүүлнэ, төр хуулиар зохицуулна гэсэн энэ санаа бол хэт туйлширсан, инээдтэй зүйл байна. Монгол хэл үүссэн цагаасаа өнөө хүртэл хэлнийхээ хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжсөөр ирсэн. Харин өнөө цагт төрийн хуулиар хашиж, хөгжлийг нь жолоодох, зохицуулна гэх юм бол зорилт, санаа бишдээд ирж байна.

2015.01.21

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 1 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

Энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилахтай холбоотой харилцааг... гэж нэмэх

2015.01.28

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

Дэлхийн нийтэд монгол хэлийг сурталчлан таниулах, нөлөөг нэмэгдүүлэх талаар үг, өгүүлбэр хэрэгтэй байна.

2015.01.28

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

1.1 ...монгол хэл, бичиг үсгээ...гэхийг монгол хэл бичиг гэх: бичиг нь үсгээ агуулдаг тул цаашид ингэж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

2015.02.02

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

1.1 ...монгол хэл, бичиг үсгээ эзэмших гэхийн оронд ...монгол хэл бичиг суралцах... гэх.

2015.02.02

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

Санал асуулга хэзээ болтол үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл баймаар байна! Тасралтгүй үргэлжлэх юм уу, маргааш хаагдах юм уу, тодорхойгүй байна. Цаг заваа зохицуулан энэ ажилтай хүмүүс бичнэ шүү дээ!

2015.02.02

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Монгол хэлний тухай хууль тогтоомж

2.1. 2.1.Монгол хэлний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй этгээд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээдэд хамаарна.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

Үндэсний цөөнхийн хэл соёлын талаар “Монгол хэлний тухай хууль”-д бүртийх ч заалт алга

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 4 )

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төрийн албан ёсны хэл“ гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг;

4.1.2.“монгол хэлний хэм хэмжээ” гэж орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, найруулан бичих ёс, зөв дуудах зүй, зөв бичих дүрмийг;

4.1.3.“үндэсний монгол бичиг” гэж уламжлалт монгол бичгийг.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

-Төрийн албан ёсны хэл нь утга зохиолын хэл, аман ярианы монгол гэсэн хоёр хэлийг хэлж буй мэт. Мөн яриа хэлбэрээр илэрч байгаа нь л монгол хэл гэж ойлгогдогдохоор заасан байна. Иймд монгол хэл гэж юу вэ? утга зохиолын хэл гэж юу вэ?, бичгийн хэл гэж юу болох? аман ярианы хэл гэж юу вэ? гэдгийг сайтар ялган тодорхой тусгасан байх ёстой. Үүний ялгааг цухас дурдахад: Учир нь орчин цагийн утга зохиолын хэл гэдэг нь халх аялгуун дээр суурилж нийт монгол аялгуутны хэлний зарчмыг журамлаж, хэлзүйн дүрмийг чанд баримталсан байдаг бөгөөд бичиг болон аман яриан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Харин монгол хэл гэдэг дэлхий дахинд тархан амьдарч байгаа болон монгол улсад аж төрөн суугаа нийт монгол аялгуутны хэл юм. -Мөн албан хэрэг хөтлөхдөө аман ярианы монгол хэлээр бичиж найруулах юм шиг ойлгогдож байна. Гэтэл албан хэрэг хөтлөхдөө албан бичгийн найруулгаар бичнэ гэсэн журам байдаг. Үүнтэй зөрчилдөж байна. Ер нь төрийн байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах нэг хэлбэр нь албан хэрэг бичиж хөтлөх бус уу.

2015.01.21

Дэмжсэн ( 6 )

Дэмжихгүй ( 0 )

С.Энхжаргал ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан

Уг хуулийн төсөлд "төрийн албан ёсны хэл" гэсэн нэр томьёог хэрэглээгүй байгаа тул 4.1.1. заалт илүүджээ.

2015.01.23

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

С.Энхжаргал ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан

4 дүгээр зүйлд "орчин цагийн монгол утга зохиолын хэл", "орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ", "кирил монгол бичиг" зэрэг хуульд хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолтыг оруулах, "монгол хэлний хэм хэмжээ", "орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ" гэсэн 2 нэр томьёоны аль нэгийг нэг мөр хэрэглэх хэрэгтэй.

2015.01.23

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Боролзой ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан

Уг хуулийн төслийн “үндэсний монгол бичиг”, “кирил монгол бичиг”-ийн талаар санал хэлье. Монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг үсэг хэрэглэж байсан гэдэг. Энэ олон бичгүүдээс өөрсдөө зохиосон бичиг ч бий, гаднаас авч хэрэглэсэн нь ч бий. Хуучин монгол бичиг болон кирил бичгийн тухайд цаг хугацааны хувьд нэг нь эрт цагт, нөгөөг нь саяхан авч хэрэглэсэн л болохоос хоёулаа л хариас авч өөрийн хэлний онцлогтоо тохируулан хэрэглэж ирсэн бичиг үсэг билээ. Тэгэхээр нэгийг нь ялган “үндэсний” гэх нь хэр оновчтой бол? Монголчууд хуучин монгол бичгийг Согд, Уйгураас авч өөриймшүүлсэн бол, нийт Славян угсаатны ард түмний дунд түгсэн кирил үсгийг Оросоор дамжуулан орос үсэг дээр үндэслэн өөрчилж улсынхаа бичиг болгосон. Эдгээр үсгүүдийг монголчууд өөрийн хэлний онцлогтоо тохируулан өөриймшүүлсэн тул яг уйгур, кирил үсэг гэсэн үг биш монголжуу болсон уйгур, кирил үсгүүд юм. Тийм учраас нэрт хэл шинжээч Д.Цэрэнпил агсаны санал болох “Ромжин монгол” (латин), “Кирилжин монгол” (кирил), “Уйгуржин монгол” (монгол бичиг) хэмээсэн нэрлэлт нь цаашид хэрэглээд явчихмаар тун зөв санал билээ.

2015.01.26

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

орчин цагийн монгол хэлний утга зохиолын хэлний хэм хэмжээ гэдэг томъёоллыг манай туршлагатай хэл шинжээч, найруулга зүйч, хянан найруулагчид эрхэмлэдэг. Хуулийн төслийн 4.1.2-т орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, найруулан бичих ёс, зөв дуудах зүй, зөв бичих дүрмийг хамруулж "монгол хэлний хэм хэмжээ" гэсэн нь илүү зүйл болсон байхаа. Үүний оронд "монгол хэлний утга зохиолын хэлний хэм хэмжээ" гэвэл агуулгатайгаа дүйх мэт.

2015.01.28

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

4.1.1 -Төрийн албан ёсны хэл гэж томоор эхлүүлж бичих, хашилтын оронд тод хар, эсвэл ташуу болгох арга хэрэглэх ...утга зохиолын болон...гэхээр шүлэг яруу найргаар албан яриа өрнөх мэт буугаад байх юм. Иймд бичгийн гэж оруулах нь зүйтэй. 4.1.3 Томоор эхлэх, тод хар буюу ташуу хэв хэрэглэх Боролзойн саналтай нийлж байна. Дээр нэмж хэлэхэд ЖИН гэдэг маань эмэгтэй хүнийг хэлдэг тул арай өөр нэршил баймаар байна. Монгол худам бичиг, Монгол кирил бичиг гэж болох юм. Цахим тооцуурт олон улсын үсгийн нэршил нь Mongolian script or Traditional Mongolian Script гээд орсон байгааг бас бодолцох хэрэгтэй!

2015.02.01

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

4.1 гэснийг хасаад шууд 4.1, 4.2, 4.3 -д бүрэн төгс өгүүлбэр төгссөн тодорхойлолт болгох. Учир нь 4.2.1, 4.2.2... гэхээр юм одоогоор алга байна.

2015.02.02

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Энхжаргал Эрдэм шинжилгээний ажилтан

Цаашдаа хуулийн дугаарлалт дээр анхаарч, аль болох цөөхөн товч тодорхой болгох чиглэл баримталмаар байна. Дугаарлалтын араас том үсгээр бичмээр байна. Улс гэдэг үг байнга том үсгээр бичигдсэн байх нь буруу гэж үзэж байна.

2015.02.02

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

5 дугаар зүйл. Хуулийн үндсэн зарчим

5.1.Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн. 

5.2.Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.

5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангагдах эрхтэй.

5.5.Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг мөн

Бат-Ирээдүй.Ж МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, МУИС Пресс Хэвлэлийн Газар-ын Захирал, Монгол хэл бичгийн багш нарын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч

5.1-д ... бичиг үсэг нь ... гэж нэммээр байна

2015.01.20

Дэмжсэн ( 7 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангагдах эрхтэй. -заалтад тусгагдсан өвлөх, өвлүүлэх, хамгаалах гэдгийг тодорхой болгох нь зүйтэй.

2015.01.21

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Ганбаатар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ЭША

Түвшин (далайн), төвшин (төв), нөхцлийг (нөхцөлийг), харъяа (харьяа), дор (чанар заана), доор (байр заана) зэрэг үг болоод цэг, таслал буруу хэрэглэсэн тохиолдол ажиглагдаж байна. Монгол хэлний тухай хууль учир одоо хүчин төгөлдөр мөрдөж буй монгол хэлний зөв бичгийн дүрмээ даган үг, найруулгын алдаагүй гаргавал зохино. Төслийн багийнхан хуулийн төслийн хэл найруулга, нэр томьёог дахин нягтална уу.

2015.01.23

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангагдах эрхтэй. гэсэн заалтад хэрэглэх гэж нэмж оруулах

2015.01.28

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

5.4 хаачсан бэ

2015.01.28

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

"Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн" гэснийг "Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, оршин буй баялаг бөгөөд монгол үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, аюулгүй байдал, улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн" гэж найруулах. Учир нь энэ өгүүлбэрт буй үндэсний, үндэстний, улс орны... гэсэн үгийг хэтэрхий сүлжиж хэрэглэснээс утга санааг будлиантуулж болохоор байна.

2015.01.28

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

5.3-т монгол хэлээ хэрэглэх гэсэн санаа нэмэх. Учир нь монгол хэлээрээ ярих, бичих, санал бодлоо солилцох... зэрэг бидний идэвхтэй хэрэглээг өвлөх, өвлүүлэх гэсэн явцуу үйл ажиллагаа хангахгүй.

2015.01.28

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

ХОЁРДУГААР БҮЛЭГ  МОНГОЛ ХЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ

6 дугаар зүйл. Монгол хэлийг хэрэглэх

6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:

6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;

6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;

6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;

6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;

6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;

6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспорт, боловсролын баримт бичиг;

6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбайн нэр хуулийн этгээдийн хаяг;

6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;

6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;

6.1.10.олон нийтэд зориулсан зар; 

6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж;

6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, хүчинтэй хугацаа, орц найрлагын талаарх мэдээлэл, хэрэглэх заавар, холбогдох анхааруулга, санамж.

6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.12-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана.

6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ. 

6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ. 

6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.

6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

6.1.5. Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг; 6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана. - гэсэн хоёр заалт зөрчилдөж байна. 6.1.5-д .....”гадаад улс оронд албан тоотыг илгээхдээ” монгол хэлийг ашиглана гэж оруулсан атал 6.6-д “Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана” гэж оруулсан нь харшилдаж байна. Гадаад улс оронд албан тоот илгээхдээ гадаад хэлийг ашиглахгүй гэсэн заалт оруулсан бол монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, хуулийн этгээдэд албан тоот илгээхдээ мөн гадаад хэлийг ашиглах шаардлагагүй. 6.6 заалтыг 6.1.13 болгон оруулж 6.2.-т заасан Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.12-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно. гэдэгт 6.1.5, 6.1.13 гэж нэмж оруулах.

2015.01.21

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/6.5 Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ/ эрхэмлэнэ- гэж оруулсан нь бас л 2 талтай байна. Энэ заалтыг хасаад 22.1 эрх бүхий судалгааны байгууллагын үүрэгтээ тусгаж өгвөл зохилтой. Үүн дээр нэмээд /22.2.3 холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах/ гэсэн нь бас л худлаа заалт байна. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байсан юм. Хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гуай гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдийг хүрсэн. Энэ заалтыг 22.2.3 эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач орчуулагчдыг тогтмол оролцуулан нэр томьёог орчуулна гэж заавал сая харин тодорхой болж байна.

2015.01.21

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 1 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/6.4 Газар нутаг, гудамж, зам талбайн гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай/ хэлний бодлогын зөвлөл/ зөвшилцөн шийдвэрлэнэ/энэ заалтын тухайд ямар ч харилцан уялдаа бий болохгүй нь тодорхой. Наанадаж нутгийн өөрөө удирдах зөвлөл гэдэг байгууллага нь: иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичиг, хүн амын тооноос хамаараад 15-40 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд /21.1 ерөнхийлөгчийн дэргэд ажиллах хэлний бодлогын үндэсний зөвлөл/-тэй хаанаа ямар бололцоо боломжоор нэр хаяг оноох асуудлаар зөвшилцөөд шийдвэрлээд явах уу? Өөр нэгэн асуудал гэвэл: Гадаад нэр оноосон тохиолдолд давхар монгол хэлээр байх эсэх нь тодорхойгүй. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага ямар үүрэг гүйцэтгэж энэ асуудалд оролцох нь тодорхойгүй байна. Хэлний хөгжилд саад болж байгаа зүйл гэхээр нь нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэтээр гудамж талбайн гадаад хаяг мэт дан ганц өрөөсгөлөөр сэтгээд, тэдгээр хаягуудыг л хуулаад авчихвал хэлний дархлаа тогтоно гэхээс наана хэл шинжлэлийн үүднээс ямар зарчим баримталж бичих асуудал нь зохицуулагдаагүй байна. Жишээ нь, орчуулах, галиглах эсэх гэх мэт.

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/6.1.2 Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулна/ гэсэн заалтаас ямар шалгуураар зөвшөөрөл олгох нь тодорхойгүй. Дараагийн ойлголт нь зөвшөөрөл авсан энэ байгууллагаас бусад боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулах юм байна гэтэл: /16.2 энэ хуулийн 16.1.1 дэх заалт эрхий бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг боловсролын байгууллагад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу явуулна/ гэж заасан нь 6.1.2 заалттайгаа зөрж байна. Төрөөс олгох зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл гэх мэтийн холио солио байх мэт.

2015.01.21

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Буянжаргал хувийн компанид ажилтан

6.3 -ын дараа "Гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн зөвшөөрлийн тоог хүн амын нягтшил, үндэстэн ястны бүтцийг харгалзан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно." гэж нэмж оруулах. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 40 орчим хятад хэлний бага сургууль байгаа тул үүнээс бага байхаар хязгаарлах хууль, эрх зүйн үндэслэл энэ болно.

2015.01.21

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

Ж.Ганбаатар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ЭША

6.5. Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ. - "эрхэмлэнэ" хэмээх үгийг солин найруулах эсвэл 6.5 заалтыг хасаж болно.

2015.01.23

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Боролзой ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана. Үнэндээ амьдралаас хол заалт санагддаг. Хүүхдэд гадаад хэлийг заахдаа эх хэлний дархлаа нь бүрэн суусны дараа буюу 12 наснаас нь (5-дугаар анги) эхлэн заах тухай гадны туршлагыг манай судлаачид их ярьдаг. Гэвч хүүхдүүдэд 12 наснаас нь эхлэн гадаад хэл сургах нь монгол хүний онцлог, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад хэр нийцэх вэ гэдгийг манай судлаачид судалж тогтоогоогүй байгаа ажил юм. Үүнийг манай хэл шинжээчид цаашдаа төсөл болгон судалмаар асуудал санагддаг. Энэ хуулиар хүүхэд багаасаа гадаад хэл сурах эсэх нь сонголттой байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ тэгш биш заалт байна. Гадаад хэлийг монгол хүүхдүүд 5-р ангиас эхлэн сурах ёстой бол хувийн ч ялгаагүй (гадаад сургууль нэртэй боловч монгол хүүхдүүд суралцдаг хувийн сургуулиуд), төрийнх ч ялгаагүй адилхан байх нь зүйтэй санагдаж байна. Яагаад гэвэл өнөө үед амьдралын боломжтой айлын хүүхдүүд л өндөр төлбөртэй гадаад хэлний хувийн сургуульд суралцаж байна шүү дээ. Энэ сургуулиудад сурсан хүүхдүүд л бусад хүүхдүүдээсээ илүү гадаад хэл эзэмшиж чадах нь байна. Тэгэхээр бусад монгол сургуулийн хүүхдүүдийн сурах нь хориотой байгаа хэлийг нийгмийн баян давхаргынхны хүүхдүүд эзэмшиж, дахиад л өрсөлдөх чадвараар жирийн ард түмний хүүхдүүд бусдаас дутуу байх тэгш бус хандлагын хохирогч болох нь байна. Тэгэхээр гадаад хэлийг заавал бүгдэд нь адилхан бага наснаас нь заах, эсвэл монгол хүүхдийг бүгдийг нь 5-р ангиас нь эхлэн заах тэгш боломж олгох нь шударга ёсонд нийцэх билээ. Гадаад хэл буюу тухайлбал англи хэл өнөөдөр бидэнд яагаад илүү хэрэгцээтэй вэ? Англи хэлээр монгол хэлийг бодвол хамаагүй өргөн мэдээлэл, мэдлэг, хамгийн гол нь шинжлэх ухааны асар их мэдлэгийг хүлээн авах боломжтой билээ. Яг өнөөдөр Монгол орон эрчимтэй хөгжил рүү тэмүүлж байна. Монгол хэл чухлыг бүгд мэдээд байгаа мөртөө яагаад өнөөдөр монголчууд хүүхэддээ багаас нь гадаад хэл эзэмшүүлэхийг зорьж байна? Үнэндээ хүүхдүүдээ багаас нь илүү их мэдээлэлтэй, илүү их өрсөлдөх чадвартай монгол хүн болгох гээд л байгаа хэрэг шүү дээ. Хамгийн энгийн жишээ гэхэд л гадаад хэл эзэмшсэн хүн л Монголд илүү их үнэлэгдэж, илүү их цалинг авч байна шүү дээ. Амьдралын үнэнээс хол тунхаглал бидэнд хэрэггүй.

2015.01.26

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Ц.Батдорж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана. Энэ заалтыг бүр хасчихвал дээр. Ер нь тэр нь дээр. Манай улс бол бараг бүгдээрээ Халх аялгуунд суурилсан орчин цагийн монгол утга зохиолын хэлийг эзэмшсэн, хэрэглэдэг ард түмэн /Монгол улс дахь өөр хэлтэн болон нутгийн аялгуутнууд бол адагтаа хос хэлтэн болон хос аялгуутнууд/. Өөрөөр хэлбэл, харилцааны бүх хүрээнд монгол хэл хэрэглэгдэж байна. Монгол нутагт төрж өсөх бүх хүүхэд монгол хэлийг зайлшгүй /нийгмийн шалтгаанаар/ эзэмшинэ. Тиймээс, энэ нь бид харь хэлнээс жийрхэх хэрэггүй гэсэн санаа юм. Харин ч монгол хүүхдэд аль болох багаас нь гадаад хэл сургаж эзэмшүүлбэл эх хэлнийхээ амт шимтийг илүү амсаж, үнэ цэнийг илүү мэдэрч өсөх болно. Эх монгол хэлээ илүү үнэлнэ.

2015.01.26

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Мөнхцэцэг ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын ЭША, доктор (Ph.D)

6.5-р заалт хэтэрхий ерөнхий, бүрхэг болсон байна. Энэ заалтын оронд монгол хэлний үгийн санд оруулах (бүх салбарын) шинэ нэр томьёог Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталж, сонин хэвлэлд нийтлэн олон нийтэд мэдээлсний дараа албан харилцаанд хэрэглэх гэж оруулбал зүгээр байна. Дашрамд хэлэхэд, бусад улс оронд хэл бол нийгмийн харилцааны хэрэгсэл болохын хувьд хэлний бодлого, ялангуяа нэр томьёоны бодлогыг зөв тодорхойлох нь шинжлэх ухаан, технологи өөрөөр хэлбэл, шинэчлэл (инноваци)-ийн бодлогыг зөв боловсруулах нэгэн хүчин зүйл болно хэмээн үзэж байна. Үүнийг хууль боловсруулагчид анхаарах бизээ.

2015.01.29

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ГУРАВДУГААР БҮЛЭГ БИЧИГ ҮСЭГ СОНГОН ХЭРЭГЛЭХ

7 дугаар зүйл. Бичиг үсэг сонгон хэрэглэх

7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулна.

7.2.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана.

7.3.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.

7.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний монгол бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана.

7.5.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил монгол болон үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ.

Бат-Ирээдүй.Ж МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, МУИС Пресс Хэвлэлийн Газар-ын Захирал, Монгол хэл бичгийн багш нарын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч

7.3 -д байгаа ... үнэлэхэд чиглэнэ гэдэг өгүүлбэрийг үнэлгээ байна гэж өөрчилмөөр байна

2015.01.20

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Бат-Ирээдүй.Ж МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, МУИС Пресс Хэвлэлийн Газар-ын Захирал, Монгол хэл бичгийн багш нарын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч

7.4 д Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүдээс ... гэж нэммээр байна

2015.01.20

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Энэ хуулийн 6.2 болон 7.5 дах заалтууд мөн хоорондоо зөрчилдөж байна. энэхүү заалтуудаар бол Монгол улсын иргэний бичиг баримтад гурван хэл ашиглахаар харагдаж байна. Тэгвэл иргэний цахим үнэмлэхийг дахин солих шаардлага урган гарна. Энэ тохиолдолд эдийн засгийн асуудал яригдана. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед үргүй зардлыг өсгөнө. Тиймээс 7.5 заалтыг хасах

2015.01.21

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 3 )

Н.Буянжаргал хувийн компанид ажилтан

Логик, утга агуулгын хувьд кирил монгол бичгийн өмнө үндэсний монгол бичиг гэж бичих, өөрөөр хэлбэл байрыг нь солих. Энэ дараалал хуульд заасан үнэмлэх, бичиг баримтуудын хувьд ч хүчинтэй байх.

2015.01.21

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

7.5.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил монгол болон үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ. энэ хэлбэрдэл нь яг өнөөгийн бодит байдал дээр бизнес болж хувирсан байгааг нуух юун. /Монгол хэлний багш нарын тухайд нэг дипломыг 2000-5000 төгрөгөөр бичих гэх мэт/

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 3 )

Ж.Ганбаатар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ЭША

7.2. заалт дахь "суралцагсдад" хэмээх үгийг "суралцагчдад" гэж засах. Учир нь, сур-лц-гса(н)-д-д гэсэн бүтэцтэй, өнгөрсөн цагт хам олны утгатай үг юм. "Суралцагсад" гэдэг нь өмнө нь сурч байсан олон хүн бөгөөд харин "суралцагчид" гэвэл одоо сурч байгаа олон хүн гэсэн утгатай болно.

2015.01.23

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Мөнх-Алдар Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн Холбоо Гүйцэтгэх захирал

1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулна. 2.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана. 3.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ. 4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний монгол бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана. 5.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил монгол болон үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ. Эдгээр зүйл заалт нь засвар оруулах хэрэггүй

2015.01.23

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Даш Хүмүүн бичигтэн академийн тэргүүн

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана. 7.2.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана. Дээрх хоёр заалтад байгаа гадаад хэлийг 5-р ангиас, монгол бичгийг 6-р ангиас заана гэсэн нь ямар учиртайг тодруулмаар байна. Ер нь 5-р ангийн хүүхэд алийг нь түрүүлж сурах вэ? гэдгийг ядаж бодох хэрэгтэй.

2015.01.30

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ, ТОЛЬ БИЧИГ
8 дугаар зүйл. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг

8.1.Монгол Улсын хэмжээнд кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.

8.2.Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.

8.3.Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага батална.

Н.Даш Хүмүүн бичигтэн академийн тэргүүн

Кирил болон монгол бичгийн нэгдмэл дүрэмтэй байна гэдэг нь хоосон зүйл. Байлаа гэхэд тэрийг нь хүн ойлгоод дагаж мөрдөнө гэдэг юу л бол. Ш.Чоймаа "Кирил монгол бичгийн харьцуулсан судалгаа" номыг үзээрэй. Монгол бичгийг ингэж шууд аваад хэрэглэчихэж чадахгүй янз бүрийн хуурамч зүйл сэдэж цаг алдаж байхаар шийдтэйхэн кирил, монгол бичгийн аль нэгийг сонгоод тэрийгээ цаашид хөгжүүлэх, өвлүүлэх, хэрэглэх тухай хэлэлцвэл урагштай баймаар даа.

2015.01.30

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

ТАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ
9       дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгч

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

9.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой төрийн бодлогын талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9.1.2.монгол хэл, бичиг үсгээ  эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах асуудлын талаар хоёр жил тутам Улсын Их Хуралд мэдээлэл хийх;

9.1.3.монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх;

9.1.4.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлөх;

9.1.5.монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох;

9.1.6.хуульд заасан бусад үүрэг.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/9.1.5 монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох/ энэ мэтийн худлаа заалтаар хуулиа гоёод дэмий биз ээ. Ерөнхийлөгчийн гаргасан монгол бичгийн үндэсний хөтөлбөр I,II-т санаачилга гаргаж ажлууд өрнүүлж, бүхэл бүтэн монгол бичгийн зөв бичихзүйн дүрмийн толийг хийгээд танилцуулж байхад Монгол бичгийн хөгжилд хувь нэмэр оруулсан хувь хүн байгууллага нэртэй шагналаар ханандаа монгол бичгийн бичвэрүүд хадсан зоогийн газрыг шалгаруулж байсныг тодхон санаж байна.

2015.01.21

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурал

10.1.Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

10.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

10.1.2.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх улс төр, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх;

10.1.3.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.4.хуульд заасан бусад үүрэг.

11 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар

11.1.Монгол Улсын Засгийн газар монгол хэл, бичиг үсгээ эзэмших хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

11.1.1.монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

11.1.2.монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний монгол бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх;

11.1.3.гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг үсэг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.4.төрийн захиргааны бүх шатны байгууллагад эх бичгийн түшмэл томилон ажиллуулж, төрийн албан хэрэгт кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.5.хуульд заасан бусад үүрэг.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

бичиг үсэг сонгон хэрэглэх тухай асуудал. Үүнд: кирил монгол бичиг, үндэсний монгол бичиг 2-ын алийг нь яг сонгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг монгол бичгээ хаяж гээж бас болохгүй гээд байдаг, шууд монгол бичгээ авч хэрэглэе гэхээр мэддэг хүн байхгүй байдалд орчихоод /11.1.2 Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний монгол бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр дүрэм журам үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх/ гэж хамгийн сүүлд оруулсан нь явцуу зорилго байна. Үнэхээр л үндэсний монгол бичигтээ шилжих хэтийн төлөвлөгөө байгаа юм бол бэлгэдлийн байлдлаар диплом, төрсний гэрчилгээ, батламж гэх мэт жилдээ за бараг энэ насандаа нэг л удаа сөхөж харах төдий зүйлсэд босоо бичгээрээ бичсэн гэж хэлбэрдэж чамирхах бус, харин ч өдөр тутмын хэрэглээний зүйлсэд монгол бичгээ түлхүү хэрэглэх заалтууд оруулах хэрэгтэй. Жишээ нь: хүнсний бүтээгдэхүүний шошго, заавар гэх мэтэд.

2015.01.21

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Буянжаргал хувийн компанид ажилтан

11.1.4. төрийн захиргааны бүх шатны байгууллагад эх бичгийн түшмэл томилон ажиллуулж, төрийн албан хэрэгт кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; хавсарган ажиллуулах юм уу, шинээр орон тоо бий болгох нь тодорхойгүй байна. Төрийн албан хаагч бүр эх бичгийн түшмэл байх ёстой байтал ирээдүйд нэг хүний ам хараад сууж байхаар заалт болжээ

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 1 )

12дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага

12.1.Төрийн албаны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

12.1.1.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагаас батламжилсан агуулгын дагуу зохион байгуулж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх;

12.1.2.хуульд заасан бусад үүрэг.

13 дугаар зүйл. Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

13.1.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

13.1.1.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийн стандарт, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг харгалзан батлах; 

13.1.2.их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтын агуулгыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг харгалзан батлах;

13.1.3.багш, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс тусгайлсан агуулгаар монгол хэл бичгийн шалгалт авах журам боловсруулан хэрэгжүүлэх; 

13.1.4.хуульд заасан бусад үүрэг.

14 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, үндэсний монгол бичгээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

14.1.2.хуульд заасан бусад үүрэг.

15 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

15.1.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

15.1.1.цахим орчинд монгол хэл, кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, латин үсэг хэрэглэх загварчилсан дүрэм, стандартыг мөрдүүлэх ажлыг эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

15.1.2.энэ хуулийн 21.1.-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирил монгол болон үндэсний монгол бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох програмын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.

15.1.3.хуульд заасан бусад үүрэг.

Н.Буянжаргал хувийн компанид ажилтан

15.1.2 нь кирил монгол болон үндэсний монгол бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх програм хангамж хийх гэх мэтээр үндэсний монгол бичгийн хэрэглээг бүр хумьсан заалт байна. Кирилээр бичээд монгол бичиг рүү хөрвүүлээд болчихдог бол монгол бичиг нь бэлгэдлийн чанартай л бичиг болно. Хоёрдугаарт дээрх заалтад буй ажлууд энэ хуульд биш дагалдан гарах журам, үндэсний хөтөлбөр зэрэгт л байж болох ажлууд юм.

2015.01.21

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

16 дугаар зүйл. Бүх шатны боловсролын байгууллага

16.1.Бүх шатны боловсролын байгууллага дараах үүрэг хүлээнэ:

16.1.1.суралцагсдад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах;

16.1.2.хуульд заасан бусад үүрэг.

16.2.Энэ хуулийн 16.1.1. дэх заалт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг боловсролын сургалтын байгууллагад нэгэн адил хамаарна.

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

16.1.1.суралцагсдад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах; суралцагсдад биш суралцагчдад гэж засах...

2015.01.28

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

16.1.1.суралцагсдад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах; тасалдалгүй явуулах гэх үг энэ заалтад тохирсонгүй гэж бодож байна. стандартын дагуу заан сургах...

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

17 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга

17.1.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:

17.1.1.харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.2.харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний монгол бичгээр бичиж хэвших ажлыг зохион байгуулах;

18 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага

18.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

18.1.1.энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлж, үр дүнг шуурхай мэдээлэх; 

18.1.2.хуульд заасан бусад үүрэг.

19 дүгээр зүйл. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага

19.1.1.монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээг чанд баримтлах;

19.1.2.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх.

19.1.3.хуульд заасан бусад үүрэг.

Н.Мөнхцэцэг ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын ЭША, доктор (Ph.D)

19.1.1-д "стандартчилсан (батламжилсан) нэр томьёог" гэж нэмж оруулах. УИХ-ын 2003 оны 6 сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан "Төрийн албан ёсны тухай хууль"-ийн 5.16-д "...Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтална" гэж заасан байна. Хуучин хуулиас авах юмыг нь тэр чигт нь авах хэрэгтэй шүү. Нэр томьёоны замбараагүй хэрэглээг таслан зогсоох талаар заалт ерөөсөө байхгүй байна.

2015.01.29

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

20 дугаар зүйл. Монгол Улсын иргэн

20.1.Монгол Улсын иргэн дараах үүрэг хүлээнэ:

20.1.1.монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх;

20.1.2.монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах;

20.1.3.Монгол хэлний тухай хууль тогтоомжтой холбогдох зөрчлийн талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллагад мэдээлэх;

20.1.4.хуульд заасан бусад үүрэг.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

иргэн бол мөрдөх, санаачилга гаргах, мэдээллэх үүрэгтэй гэж заагласан нь учир дутагдалтай байна. Хэл судлаач, орчуулагч, толь бичиг зохиогч иргэний эх хэлний боловсролын төлөөх хийх ажлыг шууд хорьж байгаатай агаар нэг байна.

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

20.1.2.монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах; Үүнд: Сурталчлах, сурталчлан таниулах, нөлөөлөх талаас нь үг өгүүлбэр оруулбал хэрэгтэй болов уу. Сурталчлах гэж оруулах...

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

21 дүгээр зүйл. Хэлний бодлогын үндэсний зөвлөл

21.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.

21.2.Зөвлөл 9 гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.

21.3.Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улираан томилж болно. 

21.4.Зөвлөл жилд хоёр удаа тогтсон хугацаанд хуралдах бөгөөд зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ээлжит бус хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.

21.5.Зөвлөл орон тооны Ажлын албатай байх ба Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын албаны дарга удирдан явуулна. 

21.6.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар батална.

21.7.Зөвлөл дараах үүрэг хүлээнэ:

21.7.1.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.2.үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.3.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг батламжлах;

21.7.4.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг батламжлах;

21.7.5.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог батламжлах;

21.7.6.газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;

21.7.7.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан төрийн албанд анх орох иргэн болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг батламжлах;

.21.7.8 энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний монгол бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах програмыг батламжлах;

21.7.9.төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

21.7.10.энэ хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;

21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;

21.7.12.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/21.7.1 монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх/- энэ нь 5.2-т заасан /монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн./ Логикийн хувьд зөрүүтэй байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь бодлого боловсруулах юм бол хуулийн урд хэсэгт 5.2-т төрийн үүрэг гэх мэт илүү зүйл нурших хэрэггүй биз ээ.

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

21.7.9-т Хэлний бодлогын үндэсний зөвлөл өөрөө хяналт тавьж, дүгнэлт гаргах юм уу?

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Мөнхцэцэг ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын ЭША, доктор (Ph.D)

Энэ хуулийн төслийн 18 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын үүрэгт 18.1.1.энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлж, үр дүнг шуурхай мэдээлэх гэж заасан бол Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үүрэгт 21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасан байна. Үүнээс үзэхэд уг хуулийн зөрчлийг хэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

2015.01.29

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ДОЛООДУГААР БҮЛЭГ. ЭРХ БҮХИЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА

22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага

22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана. 

22.2.Эрх бүхий судалгааны байгууллага дараах үүрэг хүлээнэ: 

22.2.1.монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх;

22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;

22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах;

22.2.4.газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах;

22.2.5.төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах;

22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг хянан, монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх. 

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/22.2.6 монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг хянах, монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах/ хэрэглээтэй холбоотой стандарт гэж юу байдаг юм? Сургалтын стандарт гэхээс бус хэрэглээний стандарт гэж юм байдаггүй шүү дээ. Энэ заалтыг Монгол хэлний хэрэглээг зөв бичих дүрэм болон утга зохиолын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах гэвэл ойлгомжтой болно.

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/22.2. 4 газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх олон улсын газарзүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах/- гэсэн нь 22.1-ын эрх бүхий байгууллагын үүрэгтээ өөрөө өөртөө санал гаргах гэсэн нь алдаатай байна.

2015.01.21

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага 22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана. гэсэн заалтад эрхтэй холбоотой үг өгүүлбэр байхгүй атлаа эрх бүхий байгууллага гэх нь тохиромгүй санагдана. Үүрэг нь байна. Эрх нь алга шиг байна..

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах; Утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёо оноох зарчим, зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж дүгнэлт гаргах гэж нэмэх...

2015.01.28

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах; Зөвхөн гадаад нэр томьёог орчуулах төдий бус шинэ нэр томьёо оноох, жигдлэх гэж нэмэх...

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх. Уг заалтыг нэр томьёо, үг, өгүүлбэрийн талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг Эрх бүхий байгууллагын журманд заасны дагуу хүлээн авч судлах, онол арга зүйн санал, зөвлөгөө өгөх гэж засвал асуудал нь илэрхий, тодорхой эзэнтэй болж хийсэн ажлын үр дүн харагдах сайн талтай гэж үзэж байна.

2015.01.28

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22.2.8 гэсэн заалт нэмж оруулах саналтай байна. Үүнд: Монгол нэр томьёоны сан хөмрөг үүсгэх, судлах, сурталчлах

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Бат-Эрдэнэ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША

22.2-т нэмж дугаарлан, монгол хэлний нэр томьёоны үндэсний сан хөмрөг байгуулж, олон нийтийн оролцоотой нэр томьёоны банк ажиллуулах гэж нэмэх

2015.01.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

22.1. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана гэсэн заалтаар“эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн” нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бүтцэд хэрхэн, яаж нөлөөлөх вэ? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Үндэстний хэл бичиг, утга соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажиллана” гэсэн эрхэм зорилгын утга, үүрэгтэй давхцах уу? Юугаараа ялгаатай вэ?

2015.01.28

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

О.Шинэбаяр ШУА. Хэл зохиолын хүрээлэн. Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭШАА

22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана. Энэ заалт оновчгүй, дэндүү нуршуу байна. Үүний оронд 22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд утга зохиолын хэлний онол, хэрэглээг судлах, санал дүгнэлт боловсруулах эрх бүхий судалгааны байгууллага ажиллана гэвэл оновчтой санагдана.

2015.01.28

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Дэмжиж байна. Танд амжилт хүсье

2015.07.01

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

НАЙМДУГААР БҮЛЭГ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

23 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна

23.1.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

23.2.Энэ хуулийн 6.1.7, 6.1.8, 6.3, 7.2, 16.1.1, 16.2 дахь заалтыг зөрчсөн хуулийн этгээд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийг хоёроос дээш удаа давтан гаргасан бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцална.

Г.Сүлд-Эрдэнэ Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Монсудар ХХК эрхлэгч

/22.1 бүхий эрх бүхий судалгааны байгууллага,/ /21.1 хэлний бодлогын үндэсний зөвлөл/ ажлаа хийхгүй, өргөн барьсан 22.2.7-д зааснаараа нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөхгүй, эсвэл удаашралтай, эсвэл бүр таг болчихвол тус эрх бүхий байгууллагуудад хариуцлага торгууль, захиргааны шийтгэл ноогдуулахгүй нь шударга бус байна. /Урьд бид 100 нэр томьёог орчуулаад өгөөчээ хэмээн төрийн хэлний зөвлөлөөс авхуулаад ерөнхий сайдад хүртэл өргөн барьж байсан. Ямар ч хариу албан бичиг өгөөгүй таг болцгоодог/

2015.01.21

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 24.1.Энэ хуулийг 2014 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.