Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах

Тогтоолын төсөл
Өргөн барьсан: 2014-06-10

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨРӨӨС ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

/2014-2025он/

Нэг.

Нийтлэг үндэслэл  

1.1.Монгол Улсын хөгжлийн нэг үндэс нь шинжлэх ухаан,технологийн бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах явдал мөн

1.2.Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтох нөхцлийг бий болгохын тулд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлнэ.

1.3.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх үүрэгтэй учир шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарна.

1.4.“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын зорилго нь шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд оршино. .

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

"үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэх" гэдгийг "үндсэн хүчин зүйл болгох"

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Хоёр..

Шинжлэх ухаан, технологийн бодлогын зарчим

2.1.Төрөөс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална

2.1.1.   Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг төрийн бодлого, зохицуулалтаар тасралтгүй дэмжих;

2.1.2.    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангах;

2.1.3.    Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үндэсний чадамжийг оновчтой ашиглах, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах;

2.1.4.    Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хөрөнгө хүч, оюуны нөөцийг төвлөрүүлэх;

2.1.5.    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх;

2.1.6.    Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн, судалгаанд үндэслэсэн байх;

2.1.7.   Судалгаа боловсруулалтын ажил нь олон улсын шинжлэх ухааны түвшинд хүрсэн, нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байх;

2.1.8.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ түүний ач холбогдол, эцсийн үр дүн, өгөөжийг гол шалгуур болгох;

2.1.9.    Аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй судалгаа боловсруулалтын ажил явуулахыг хориглох.

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

2.1.1-р заалт "Шинжлэх ухаан технологийн тухай хууль"-ийн 2-р бүлэгт заасан зүйлүүдээр зохицуулагдаж байна Харин 2.1.2-р заалтыг "Шинжлэх ухаан технологийн тухай хууль"-ийн аль заалт баримтлах тухай ер нь заалт болгонд харгалзах "Шинжлэх ухаан технологийн тухай хууль"-ийн зүйл заалтыг зоосноор зохицуулагдахгүй орхигдоод буй цоорхойнуудыг илрүүлэх боломжтой

2015.08.22

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Гурав..

Шинжлэх ухаан, технологийн бодлогын чиглэл

3.1.Шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, тогтоомж бусад эрх зүйн баримт бичгүүдийг улс орны нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.

3.2.Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгоно.

3.3.Бүс нутагт инновацийн тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх замаар бүсчилсэн хөгжлийг дэмжинэ.

3.4.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн, улс орны хөгжлийн стратеги, бодлоготой уялдуулан тодорхойлж хөгжүүлнэ.

3.5.Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг үе шаттайгаар тогтвортой нэмэгдүүлнэ.

3.6.Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх  бодлого баримтална. Эрдэмтэн, судлаачдын бүтээлч ажиллагааг дэмжиж, амьдрах, ажиллах аятай нөхцлийг хангана.

3.7.Шинжлэх ухаан, технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгоно.

3.8.Судалгаанд суурилсан их сургуулийг бий болгох, хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ.

3.9.Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны паркийг байгуулна.

3.10.Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ

3.11.Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжинэ.

3.12.Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

Ерөнхийдөө тунхаглалын чанартай болсон байна, хэрвээ заалт тус бүрт баримтлах бодлогын баримт, хөтөлбөр зэргийн нэрийг зааж, оруулж өгвөл ойлгомжтой тодорхой болох юм

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Дөрөв.

.Шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтэц

4.1.Шинжлэх ухаан, технологийн кластер, парк, кампус, хотхон байгуулж, татвар, хөрөнгө оруулалт, зээлийн таатай нөхцлөөр дэмжинэ.

4.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг зориулалтын барилга, байгууламжаар хангаж, ажиллах орчин, нөхцлийг сайжруулна.

4.3.Лабораторийн тоног төхөөрөмжийг орчин үеийн судалгааны шаардлагад нийцүүлэн тогтмол шинэчилж, олон улсын стандартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн лабораториудыг байгуулна.

4.4.Салбар дундын судалгааны нэгдсэн, төрөлжсөн лаборатори, үндэсний хэмжээний төв, хүрээлэн байгуулах замаар судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.

4.5.Технологи дамжуулах төв, гарааны компани, инкубатор байгуулж, технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

4.6.Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго бүхий технологийн бирж ажиллуулна.

4.7.Шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сүлжээний нэг хэсэг болгон нээлттэй ажиллуулна.  Эрдэм шинжилгээний номын сангуудын нэгдмэл үйл ажиллагааг хангаж, цахим сүлжээг нэвтрүүлнэ.

4.8.Шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг татвар, гаалийн бодлогоор дэмжинэ.

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

" “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ” хуулийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байдаг, тиймээс энд болон "шинжлэх ухаан, технологийн тухай" хуульд тунхагласан зүйлүүд яг ямар хөтөлбөр, бусад бодлогын баримт бичгүүдээр зохицуулагдахыг зааж өгмөөр байна.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

жишээлбэл: 4.1-р заалтад "Шинжлэх ухаан, технологийн кластер, парк, кампус, хотхон байгуулж, татвар, хөрөнгө оруулалт, зээлийн таатай нөхцлөөр дэмжинэ" гэсэн заалтын "зээлийн таатай нөхцлөөр дэмжинэ" гэдэг асуудлыг хэрэглэгч "шийдвэрлүүлэхдээ", үгүй бол хариуцсан албан хаагч "шийдвэрлэж" өгөхдөө ямар журам, дүрэм, хуулийн заалтыг баримтлах юм? бусад "зээл"-ийн дэмжлэгээс юугаараа ялгаатай, давуу талтай юм? яаж "зохицуулагдаад" байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, тунхагын чанартай байна

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Тав..

Хүний нөөцийн хөгжил

5.1.Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

5.2.Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны цар хүрээтэй уялдуулан эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, чадваржуулна.

5.3.Эрдэмтэн, судлаачид өндөр хөгжилтэй орнуудад суралцах, мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний судалгаа хийх, гадаадын нэр хүндтэй эрдэмтдийг урьж ажиллуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

5.4.Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, нэн хэрэгцээтэй мэргэжлээр дотоодын их, дээд сургуулийн магисрантур, докторантурт суралцагчдад тусгай тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ

5.5.Гадаадад ажиллаж буй нэр хүндтэй, чадварлаг эрдэмтэн, судлаачдыг эх орондоо ирж ажиллах нөхцөл боломжоор хангах, дотоодын судалгааны ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлнэ.

5.6.Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.

5.7.Эрдэм шинжилгээний байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг шинэчлэн мөрдүүлнэ.

5.8.Шинжлэх ухаан, технологийн салбарт ёс зүйн хариуцлагыг өндөржүүлнэ.

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

5.6-р заалт ойлгомжгүй байна, энэ асуудал Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар зохицуулагддаг, яаж "олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог" бүрдүүлэх юм бэ? гэх мэтээр харах зүйл их байна. Хууль учраас тодорхой, бас зохицуулдаг байх ёстой.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Зургаа.

Шинжлэх ухаан, технологийн салбарын менежмент

 

6.1.Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, зорилтот хөтөлбөрүүдийг олон улсын хөгжлийн жишигт нийцүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан  шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

6.2.Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлнэ.

6.3.Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ.

6.4.Шинжлэх ухаан, технологийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлж, статистикийн мэдээллийн тогтолцоог сайжруулна.

6.5.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлийн хяналтыг боловсронгуй болгоно.

6.6.Судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн болон туршилт - үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мал, амьтан, туршилтын талбай, ургамал бусад судалгааны материалыг холбогдох хууль тогтоомжид тусгах замаар татвар, төлбөрөөс чөлөөлнө.

6.7.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт оролцох, туршилт –  үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгоно.

6.8.Үндэсний аж үйлдвэрийн технологийг хөгжүүлэх судалгаа боловсруулалтын ажлыг дэмжинэ.

6.9.Орон нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүсийн эрдэм шинжилгээний төв байгуулахыг дэмжинэ. 

6.10. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, захиалгат, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх таатай орчныг бүрдүүлнэ.

6.11.Шинжлэх ухааны мэдлэг, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6.12.Шинжлэх ухаан, технологийн мэргэжлийн нийгэмлэг, холбоодыг дэмжиж, салбарын үйл ажиллагаанд оролцоог нь нэмэгдүүлнэ.

Долоо..

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт

7.1.   Шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгоно.

7.2.    Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөгжингүй орнуудын дундаж хэмжээнд хүргэнэ.

7.3.    Шинжлэх ухаан, технологийн салбарт санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрт механизмыг төлөвшүүлнэ.

7.4.    Шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилттой уялдуулан төлөвлөж, жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

7.5.Эрдэм шинжилгээний байгууллагууд үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд нэмэлт орлого олох, захиран зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Найм..

Гадаад хамтын ажиллагаа

8.1.    Шинжлэх ухаан, технологийн салбарын стратегийн түнш, гадаад хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

8.2.Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулахад чиглэсэн санаачлага, хөрөнгө оруулалт, бүтээлч үйл ажиллагааг дэмжинэ.

8.3.Олон улсын болон гадаад орны шинжлэх ухааны байгууллагын дэд бүтцийг түшиглэн гүйцэтгэх судалгаа боловсруулалтын ажлыг тэргүүн ээлжинд дэмжинэ.

8.4.  Гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны төв, лаборатори байгуулахыг дэмжинэ.

8.5.  Судалгааны лабораторийн бааз, инновацийн дэд бүтцийг бэхжүүлэх болон шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын зээл, тусламжийн тодорхой хэсгийг зарцуулна.

8.6.Гадаадын орнуудтай зочин-судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ.   

Ес..

Бодлогын хэрэгжилт, хүрэх үр дүн

9.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, хөгжлийн хөтөлбөр, бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулахад энэхүү бодлогыг эш үндэс болгож, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

9.2. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан бодлого, хүчин зүйлсийг харгалзана.

9.2.1.   Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, бүс нутгийн хөгжлийн бодлого;

9.2.2.   Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн уламжлал, өнөөгийн түвшин, ирээдүйн төлөв;

9.2.3.   Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн олон улсын чиг хандлага, нийтлэг жишиг;

9.2.4.   Бүх нийтийн шинжлэх ухааны боловсрол, инновацийн төлөвшил

9.2.5.   Манлайлал, үүрэг хариуцлага болон бусад.

9.3.Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшнийг дараах үзүүлэлтээр үнэлнэ.

9.3.1.   Арван мянган хүнд ноогдох эрдэм шинжилгээний ажилтны тоо

9.3.2.   Лаборатори,  туршилтын бааз, инновацийн дэд бүтэц;

9.3.3.   Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт,  хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт; 

9.3.4.   Мэргэжлийн үнэлгээнд үндэслэн нийтэлдэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, патентын тоо.

9.4.Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг дараах шатанд хүргэнэ:

9.4.1.   Арван мянган хүнд ноогдох эрдэм шинжилгээний ажилтны тоог хөгжингүй орнуудын дундаж хэмжээнд хүргэнэ.

9.4.2.   Улсын эдийн засагт шинжлэх ухаан, технологийн оруулах хувь нэмрийг 3 дахин нэмэгдүүлнэ.

9.4.3.   Судалгаа боловсруулалтын ажлын зардлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэнэ.

9.4.4.   Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, эшлэлийн тоог хөгжингүй орнуудын дундаж хэмжээнд хүргэнэ.

9.4.5.   Нэг зуун судлаачид оногдох патентын мэдүүлгийн тоог 5-д хүргэнэ.

9.5.Монгол Улсын Засгийн газраас Бодлогын хэрэгжилтийн байдлыг Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинд 5 жил тутам үнэлэлт, дүгнэлт өгч байна.

D.Suvd НЭМХ, Хор судлалын сектор, эша

Ер нь бол маш чухал хууль, энэ хуулийг боловсронгуй болгож шинэчлэж, хурдан амьдралд хэрэгжүүлэхгүй бол нийгмийн хөгжил саарч удаашрах хандлагатай хэвээрээ байна, Монгол улс хуучирсан технологи импортлогч хэвээрээ байж, гадагшаа тархи урссаар л байна. Харин урсаж чадахгүй нь зүгээр л "бага" ажиллаад цалин аваад суух сонирхолтой байх болно. Тэгэхлээр судлаачид "бага ажил", "тогтвортой цалин" -тай байснаас судалгааны үр дүнгээ "арилжаалсан" нь ашигтай байхаар зохицуулалтыг хийх хэрэгтэй, хүмүүст их цалин амлах биш харин бизнессийн бодит эрх чөлөөг олгох хэрэгтэй. Жишээлбэл: одоогийн “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ” -хуульд "захиалагч" гэх хуулийн этгээд ямар ямар байгууллага байж болох тухай тодорхой заагаагүй, "захиалагч" нь төрийн яам, тамгын газар байх тохиолдолд шинэ үйлдвэрлэл, үйлчилгээг шууд амьдралд нэвтрүүлээд "гүйцэтгэгчид" эхний "нэвтрүүлж ашигласны эхний 3 жилийн дундаж ашгийн 15 хувьтай тэнцэх урамшууллыг гүйцэтгэгчид нэг удаа олгож болно" гэсэн заалт биелэх боломжгүй юм, учир нь яам бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах байгууллага, тиймээс тэр ашиг гүйцэтгэгчид хүрэх үндэслэлгүй юм. Мөн "гүйцэтгэгч" нь тухайн судлаач ажиллаж байгаа байгууллагыг хэлж байгаа юм уу, судалгааг хийсэн хувь судлаачийг хэлээд байгаа юм уу? ойлгомжгүй байна. Энэ 2 ойлгомжгүй байгаа учир хувь судлаач тэр 15%-ас яаж хүртэх нь тодорхойгүй. Судалгааны "үр дүнг" өмчлөгч нь хэн юм, өөр хуулийн этгээдэд өмчлөлийг хэрхэн шилжүүлж болох тухай зүйл байхгүй байх зэрэг хуулийг нарийн бодож боловсруулмаар байна. Маш чухал хууль.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )