Хөрөнгийн албан татварын тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-12-30

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгөд хөрөнгийн албан татвар /цаашид " албан татвар" гэх / ногдуулах, уг албан татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомж

2.1. Хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хуулийн 5.1-д заасан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, таван хошуу мал болон буунд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.

Нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

  1. " Үл хөдлөх эд хөрөнгө" гэж Иргэний хуулийн 84.3-т заасныг
  2. " Орон сууц" гэж Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д заасныг
  3. " Автотээврийн хэрэгсэл" гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг
  4. " Таван хошуу мал" гэж адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг
  5. " Буу" гэж Галт зэвсгийн тухай хуульд тодорхойлсон галт зэвсгийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

5 дугаар зүйл

Албан татвар төлөгч, албан татвар төлөгчийг бүртгэх

5.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт доор дурдсан хөрөнгө өмчилж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, оршин суугч бус этгээд, өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна:

  1. Үл хөдлөх эд хөрөнгө
  2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл
  3. таван хошуу мал
  4. буу

5.2. Энэ хуулийн 5.1.-д заасан этгээд нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, буу болон таван хошуу мал өмчилж байгаа бол өөрийн харьяалах татварын албанд, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байвал тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа нутаг дэвсгэрийн татварын албанд тухайн хөрөнгийг өмчлөгч болсноос хойш нэг сарын дотор бүртгүүлнэ.

5.3. Татварын алба нь бүртгүүлсэн албан татвар төлөгчид гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

5.4. Албан татвар төлөгч нь тухайн хөрөнгийн өмчлөлд орсон өөрчлөлтйн талаар энэ хуулийн 5.2-д заасан харьяалах татварын албанд нэр сарын дотор мэдэгдэнэ.

5.5. Татварын алба нь албан татвар төлөгчийн хөрөнгийн өмчлөлд орсон өөрчлөлтийг эрх бүхий байгууллагын албан ёсны баримт, мэдээллийг үндэслэн бүртгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Албан татвар ногдох хөрөнгө

6 дугаар зүйл

Албан татвар ногдох хөрөнгө

6.1. Албан татвар төлөгчийн дараах хөрөнгөд албан татвар ногдуулна

  1. Бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, хуулиар гэрчилгээ олгох шаардлагагүй, ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа 15 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй обьект,
  2. Монгол Улсад бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл
  3. Монгол Улсад тоологдсон таван хошуу мал
  4. Монгол Улсад бүртгэлтэй бүх төрлийн буу

7 дугаар зүйл.

Албан татвар тооцох үзүүлэлт

7.1. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно:

  1. Албан татвар ногдуулах үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний аргачлалын дагуу тодорхойлно
  2. Энэ хуулийн 7.1.1-д заасан аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална
  3. Энэ хуулийн 7.1.1-д заасан үнэлгээний зардлыг албан татвар төлөгч өөрөө хариуцна.

7.2. Иргэнд өмчлүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

7.3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд түүний төрөл, хөдөлгүүрийн багтаамж, даацыг үндэслэн албан татвар ногдуулна.

7.4. Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.

7.5. Таван хошуу малын хувьд хонин толгойд шилжүүлсэн тоонд үндэслэн албан татвар ногдуулах бөгөөд үхэр, адуу тус бүрийг 5, тэмээ, ямааг 2 хонин толгойд шилжүүлэн тооцно.

7.6. Албан татвар ногдуулах таван хошуу малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан гамшгийн улмаас тухайн жилд албан татвар ногдуулах мал хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.

7.7. Бууны хувьд бууны төрөл, калибраас хамааруулан албан татвар ногдуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Албан татварын хувь хэмжээ

8 дугаар зүйл

Албан татварын хувь, хэмжээ

8.1. Үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг энэ хуулийн 7.1-д заасан үнэлгээнээс тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 0.6-0.3 хувийн хязгаарт багтаан тогтооно.

8.2. Суудлын ба ачааны хосолсон зориулалт бүхий автотээврийн хэрэгслийг суудлын автомашины төрөлд хамааруулна.

8.3. Ачааны болон тусгай зориулалтын хосолсон зориулалт бүхий автотээврийн хэрэгслийг ачааны автомашины төрөлд хамааруулна.

8.4. Ачааны автомашина даацын хэмжээ хоёр ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.

8.5. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтооно.

8.6. Энэ хуулийн 7.5-д заасны дагуу тодорхойлсон хонин толгой тутамд ногдох албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан тогтооно

8.7. Албан татвар ногдох буу бүрт албан татварыг дараах чиглэлээр ногдуулна:

1. Үрлэн сумтай буу - 50,000

2. 6.4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн буу - 50,000

3. 6.5 ба түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буу - 100,000

9 дүгээр зүйл.

Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх

9.1. Дараах хөрөнгийн албан татвараас чөлөөлнө:

  1. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө
  2. Албан татвар төлөгчийн өмчилж буй хоёр хүртэл орон сууц
  3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж
  4. газар тариалангийн тусгай зориулалттай үр тарианы комбайн, гинжит трактор
  5. улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тахарын албаны үндсэн үйл ажиллагаа
  6. Таван хошуу мал өмчлөгч этгээдийн 50 хүртэлх хонин толгойд ногдох албан татварыг чөлөөлнө.
  7. музейн үзмэр, урлагийн тоглолтод ашиглаж байгаа болон ангийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг цагдаагийн байгууллага тогтоож үнэмлэх олгосон буу
  8. байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны буу
  9. спорт, сургалтын зориулалтаар дагнан ашиглаж байгаа буу
  10. улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тахарын албаны бие бүрэлдэхүүний зэвсэглэлийн зориулалтаар ашиглаж байгаа бүх төрлийн буу

9.2. Дараах хөрөнгийг албан татвараас хөнгөлнө:

  1. газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараах байдлаар хөнгөлнө.:

a/ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  • нийслэлд 100 хувиар
  • аймгийн төвд 100 хувиар
  • сумын төв, тосгонд 100 хувиар

б/ газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  • нийслэлд 30 хувиар
  • аймгийн төвд 70 хувиар
  • сумын төв, тосгонд 85 хувиар

       2. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 90 хувиар

ТАВДУГААР БҮЛЭГ.

Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

10 дугаар зүйл

Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

  1. Албан татвар төлөгч нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар бүртгэлтэй байгаа хөрөнгөд тухайн жилд ногдох албан татварыг төлөх бөгөөд жилийн дундуур шинээр нэмэгдсэн, эсхүл албан татвар төлөгдөөгүй хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн өмчлөгч болсон хугацаагаар ногдуулж төлнө.
  2. Тухайн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь албан татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй.
  3. Албан татвар төлөгч хувь хүн, оршин суугч бус этгээд нь тухайн жилд ногдох буу, үл хөдлөх эд хөрөнгө болон таван хошуу малын албан татварыг энэ хуульд заасны дагуу 2 дугаар сарын 15-ны дотор жилд нэг удаа төлнө.
  4. Албан татвар төлөгч хуулийн этгээд нь тухайн жилд ногдох буу, үл хөдлөх эд хөрөнгийн болон таван хошуу малын албан татварыг энэ хуульд заасны дагуу 2 дугаар сарын 10-ны дотор жилд нэг удаа харьяалагдах төсөвт төлнө.
  5. Албан татвар төлөгчийн тухайн жилд ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлөх хугацааг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
  6. Албан татвар төлөгийн тухайн жилд ногдох хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 10.3-10.5-д заасан хугацааны дотор төлөх бөгөөд татвар төлсөн хугацаанаас хойш албан татвар ногдох хөрөнгө шинээр нэмэгдсэн бол тухайн улиралдаа багтаан үлдсэн хугацаад ногдох татварыг төлнө.
  7. Албан татвар төлөгч жилд ногдох албан татварыг урьдчилан төлж болно.
  8. Албан татвар төлөгийн харьяалах татварын алба нь тухайн жилд ногдох албан татвараа төлснийг нь баталгаажуулж албан татвар төлөгчийн гэрчилгээнд бичилт хийнэ.
  9. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулан хурааж, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
  10. Албан татвар төлөгч хуулийн этгээд нь хөрөнгийн албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд ирүүлж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.
  11. Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал болон мөн хуулийн 10.10, 11.4-т заасан татварбн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

Бусад байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг

11 дүгээр зүйл

Албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэг

  1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тэмдэглэгээг үндэслэн тухайн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, хасалт, үзлэг оношлогоог бүртгэх бөгөөд бүртгэл, шилжилт хөдөлгөөний болон техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан автотээврийн хэрэгслийн бүртгэлийн сар бүрийн мэдээг дараа сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.
  2. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар ногдуулалт болон төлөлтөд татварын албатай хамтран хяналт тавьж, албан татвар хураах ажилд туслалцаа үзүүлнэ.
  3. Цагдаагийн байгууллага нь бууны албан татвар төлсөн тэмдэглэгээг үндэслэн тухайн бууны шилжилт хөдөлгөөн болон хасалтыг бүртгэх бөгөөд бууны бүртгэл, шилжилт хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа улирлын эхний сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.
  4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын жилийн тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.
  5. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийхдээ татвар төлсөн баримтыг үндэслэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг улирал бүр татварын албанд хүргүүлнэ.
  6. Үндэсний статискийн газар нь жил бүрийн мал тооллогын дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газарт дараа жилийн 1 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлж байна.

12 дугаар зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

  1. Хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд Татварын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

  1. Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.