Ирээдүй өв сангийн тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-06-12

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сан (цаашид "Сан" гэх)-г байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, Сангийн өгөөжийг хуваарилах, Сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл..

Ирээдүйн өв cангийн тухай хууль тогтоомж

2.1.Ирээдүйн өв cангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Сантайхолбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалттай холбогдох харилцааг энэ хуулиар, нийтлэг харилцааг бусад хуулиар зохицуулна.

3.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл..

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөрөнгө оруулах хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6-д заасан болон энэ хуулиар хориглоогүй хөрөнгө оруулж болох бусад хэлбэрийг;

4.1.2."Сангийн хөрөнгө" гэж Сангийн эзэмшил, өмчлөлд байгаа эдийн болон эдийн бус бүх хөрөнгийг;

4.1.3."Сангийн хөрөнгийн удирдлага" гэж Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах, тэдгээрийг арилжаалах үйл ажиллагааг;

4.1.4."зөвлөх баг" гэж энэ хуулийн 16.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны бус этгээдийг;

4.1.5."Сангийн хөрөнгийн удирдлагын мандат" /цаашид "мандат" гэх/ гэж энэ хуульд заасан шаардлагын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс баталсан, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон бодлогын баримт бичгийг;

4.1.6."Ирээдүйн өв сан корпораци" /цаашид "Корпораци" гэх/гэж Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг;

4.1.7."төлөөлөн удирдах зөвлөл" /цаашид "удирдах зөвлөл" гэх/ гэж Корпорацийн эрх барих дээд байгууллагыг;

4.18."хөрөнгө оруулалтын стратеги" гэж мандатын хэрэгжилтийг хангах зорилгоор удирдах зөвлөлөөс баталсан, Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд баримтлах стратегийн баримт бичгийг;

4.1.9."Сангийн хөрөнгө оруулалтын орлого" гэж Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болсон хүү, ногдол ашиг, түрээсийн орлого, хөрөнгө оруулсан хэрэгслийг борлуулсны ашиг зэрэг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг;

4.1.10."Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлого" гэж Сангийн хөрөнгө оруулалтын орлогоос энэ хуулийн 4.1.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хасч тооцсоныг;

4.1.11."ашиг сонирхлын зөрчил" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасныг;

4.1.12."ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасныг;

4.1.13."хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.33-т заасан этгээдийг;

4.1.14."санхүүгийн үүсмэл хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;

4.1.15."суурь жил" гэж 2017 оныг.

5 дугаар зүйл..

Сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим

5.1.Сангийн хөрөнгийг удирдахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.хараат бус байх;

5.1.2.ил тод байх;

5.1.3.Сангийн хөрөнгийг зохистой удирдах;

5.1.4.Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах;

5.1.5.хариуцлагатай байх.

6 дугаар зүйл..

Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

6.1.Энэ хуулийн 5.1.1-д заасан хараат бус байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.1.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;

6.1.2.энэ хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх;

6.1.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөнд автахгүй байх, хараат бус бие даасан байх;

6.1.4.зөвлөх баг, удирдах зөвлөл, нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөлийн гишүүд, Сангийн үйл ажиллагаанд оролцогч этгээд, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага, ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч болох шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх;

6.1.5.энэ хуульд заасан Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөлийг өрсөлдөхүйц цалин хөлсөөр хангах.

6.2.Энэ хуулийн 5.1.2-т заасан ил тод байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Сангийн хөрөнгийн удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд энэ хуульд заасан журмын дагуу ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлж байх;

6.2.2.энэ хуульд олон нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг тогтоосон хугацаанд мэдээлэх.

6.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан Сангийн хөрөнгийг зохистой удирдах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.Сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, түүнийг арвижуулах;

6.3.2. болзошгүй алдагдлыг хамгийн бага байлгах, илүүдэл эрсдэл хүлээхгүй байхаар өгөөжийн зорилтот түвшинг зохистой тодорхойлох;

6.3.3.өгөөжийг мандатад заасан түвшинээс багагүй байлгах хөрөнгө оруулалтын багцыг оновчтой тодорхойлох;

6.3.4.хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэхдээ эрсдэл-өгөөжийн нөхцөлийг сайжруулах чиглэл баримтлах;

6.3.5.хөрөнгө оруулах стратеги, эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын багцыг зах зээлийн хувьсал, эрсдэл-өгөөжийн зорилтын өөрчлөлтөд нийцүүлэн байнга хянан тохируулах;

6.3.6.хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэл бүхий байх;

6.3.7.эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин бүхий зах зээл, улсад хөрөнгө оруулах;

6.3.8.эрсдэлийг хэт төвлөрүүлэхгүй байх, хөрвөх чадварын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

6.3.9.эрсдэлийг зохистой удирдах бүтэц, арга, хэрэгсэлтэй байх;

6.3.10.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Корпорацийн хүлээсэн төлбөрийн үүргийг Сангийн хөрөнгөөр хүлээхгүй байх;

6.3.11.олон улсын үндэсний баялгийн сангуудын баримталдаг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг баримтлах.

6.4.Энэ хуулийн 5.1.4-т заасан Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ мандатад заасан өгөөжийн зорилтот түвшинг хангаж ажиллах;

6.4.2.Сангийн хөрөнгийг урт хугацаанд өгөөжтэй байхаар байршуулах.

6.5.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах

6.5.2.Сангийн хөрөнгийг Корпорацийн хөрөнгөөс тусгаарласан байх,;

6.5.3.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байх;

6.5.4.энэ хууль болон бусад хуульд заасан тайлан, дүгнэлт, шийдвэр, зөвлөмжийг хуульд заасан хугацаанд гаргах;

6.5.5.хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдэд хөрөнгө оруулахгүй байх;

6.5.6.Сангийн нэр хүндэд харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх

6.5.7.Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаа явуулах болон санхүүжүүлэхэд ашиглахгүй байх.

хоёрдугаар БҮЛЭГ.

САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, зарцуулалт

7 дугаар зүйл.

Сангийн эх үүсвэр

7.1.Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

7.1.1.Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого;

7.1.2.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65хувь;

7.1.3.Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос энэ хуулийн 9.6-д заасны дагуу шилжүүлсний дараа Санд үлдэх хэсэг;

7.1.4.Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр хууль батлах замаар татвар бий болгох, татварын хувь, хэмжээг өөрчилсөн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдээс улсын төсөвт орох нэмэлт орлогын 50 хувь;

7.1.5.2018 оноос эхлэн тухайн жил улсын төсөвт орох энэ хуулийн 7.1.1-7.1.4-т зааснаас бусад эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь.

7.2.Улсын Их Хурал тухайн жилд энэ хуулийн 7.1-д заасан Санд төвлөрүүлэх хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батална.

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэрийг тооцож Санд төвлөрүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8 дугаар зүйл..

Сангийн эх үүсвэрийг төвлөрүүлэх

8.1.Энэ хуулийн 7.1.1-д заасан эх үүсвэрийг төв төрийн cанд төвлөрснөөс хойш, энэ хуулийн 7.1.2-т заасан эх үүсвэрийг холбогдох журмын дагуу хуваарилалт хийснээс хойш тус тус ажлын 5 хоногийн дотор төрийн сан дахь Сангийн дансанд шилжүүлнэ.

8.2.Энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэрийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор ашиглах, захиран зарцуулахыг хориглоно.

8.3.Энэ хуулийн 8.1-д заасан Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажлын 5 хоногийн дотор Корпорацийн Монголбанкин дахь дансанд шилжүүлнэ.

8.4.Улсын төсөв, Сан, Корпораци, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани хооронд Сангийн хөрөнгө шилжүүлэх журам, дансны зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл..

Сангийн хөрөнгийн удирдлагын зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос улсын төсөвт хуваарилах

9.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой Корпорацийн зардал, энэ хуульд заасан хөндлөнгийн аудитын зардлыг Сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

9.2.Нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөл, зөвлөх багийн үйл ажиллагаа, гишүүний сонгон шалгаруулалт, тэдгээрийн цалин, хөлс, урамшууллын зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан зардлын тухайн жилд зарцуулах дээд хэмжээг Корпорацийн удирдаж байгаа Сангийн хөрөнгийн хэмжээ, олон улсын жишигт нийцүүлэн өмнөх жилүүдийн дундажыг үндэслэн, Корпорацийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр удирдах зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан дээд хэмжээг Корпорацийн урсгал зардлын хувьд өмнөх жилийн гүйцэтгэлээс бууруулахгүй байна

9.5.Сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2030 он хүртэл энэ хуулийн 9.1-т зааснаас бусад хэлбэрээр зарцуулахыг хориглоно.

9.6.2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА

10 дугаар зүйл

Мандат

10.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатад заасны дагуухэрэгжүүлнэ.

10.2.Мандатад дараах зүйлийг тусгана:

10.2.1.өгөөжийн зорилтот түвшин

10.2.2.хөрөнгө оруулалтын хугацааны далайц;1

10.2.3.урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилтод нийцүүлэн хүлээх эрсдэл;

10.2.4.энэ хуулийн 10.2.2-т заасан хугацаанд хамаарах хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл;

10.2.5.энэ хуулийн 10.2.4-т заасан хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл тус бүрт байршуулах хөрөнгийн хувь хэмжээний дээд хязгаар;

10.2.6.хөрөнгө оруулах орчин, валютын төрөл;

10.2.7.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага болгох жишиг багцад тавигдах шаардлага;

10.2.8.олон улсын жишигт нийцсэн бусад зүйл.

10.3.Мандатаар нэгж хөрөнгө оруулах хэрэгсэл, хуулийн этгээд, эдийн засгийн үйл ажиллагааг нэр зааж хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар зааварчилгаа өгөхийг хориглоно.

10.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мандатын төслийг боловсруулж, түүнийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Корпорацийн удирдах зөвлөлөөс санал авна

10.5.Мандатыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналтын зөвлөлөөр дамжуулан хэрэгжилтэд хяналт тавина.

10.6.Сангийн бодит үнэ цэнэ, Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болох орлогыг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.7.Энэ хуулийн 10.6-д заасан аргачлалыг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг тооцох, үнэлэх, мандатын хэрэгжилтэд хяналт тавихад ашиглана.

10.8.Удирдах зөвлөл мандатыг хэрэгжүүлэх талаар хуульд заасан бүхий л арга хэмжээ авч санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

10.9. Мандат зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бүр удирдах зөвлөл нь түүний тайлбар, авах арга хэмжээний саналыг тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

10.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор удирдах зөвлөлд мандат зөрчигдсөн нөхцөл, байдлыг шийдвэрлэх арга хэмжээний чиглэл өгч, биелэлтийг хангуулна.

11 дүгээр зүйл..

Хөрөнгө оруулалтын стратеги

11.1.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратеги, түүнд оруулах өөрчлөлтийг мандат батлагдсан, түүнд өөрчлөлт оруулсан өдрөөс хойш санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээнд заасан хугацааны дотор мандатад нийцүүлж батална.

11.2.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мандатад нийцүүлэн удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегид өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах эрхтэй.

11.3.Хөрөнгө оруулалтын стратегийг шинэчлэн баталсан, өөрчлөлт оруулсан тухай бүр удирдах зөвлөл нэн даруй санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

11.4.Хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг сар бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргана.

11.5.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих үүрэгтэй.

11.6.Удирдах зөвлөл Сангийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг гаргаснаас хойш 25 хоногийн дотор хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийн жилийн тайлан, дүгнэлт гаргана.

12 дугаар зүйл..

Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

12.1.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:

12.1.1.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд зээл авахгүй байх

12.1.2.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд Сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад аливаа хэлбэрээр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцэл байгуулахгүй байх;

12.1.3.санхүүгийн хөшүүрэг оролцсон аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийхгүй байх;

12.1.4.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах;

12.1.5.Сангийн хөрөнгийг зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах;

12.1.6.нэгж санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь хэмжээнд хүргэхгүй байх;

12.1.7.Татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монгол Улсад шууд орох, Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн орох урсгалд бүртгэгдэх хөрөнгө оруулах хэрэгсэлболон бусад Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх.

12.2.Сангийн хөрөнгөөс дараах хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно:

12.2.1.цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд

12.2.2.эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд;

12.2.3.авто зам, төмөр зам, нисэх буудал болон Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.10-т заасан инженерийн дэд бүтцэд хамаарах үл хөдлөх хөрөнгөд.

12.3.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл, шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.

12.4.Энэ хуулийн 12.3-т заасны дагуу зээл авахад дараах нөхцөлийг нэгэнзэрэгхангасан байна:

12.4.1.зээлийн хугацаа 7 хоног хүртэл байх

12.4.2.зээлийн хэмжээ нь Сангийн мөнгөн хөрөнгө, зээл төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;

12.4.3.Сангийн зээлийн нийт үлдэгдэл нь Сангийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 5 хувиас хэтрэхгүй байх.

12.5.Энэ хуулийн 12.3-т заасан зээл авах шийдвэрийг хөрөнгө оруулалтын хороо, эсхүл түүний эрх олгосон хэмжээнд гүйцэтгэх удирдлага гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

САНГИЙН ЗАСАГЛАЛ

13 дугаар зүйл

.Ирээдүйн өв сан

13.1.Сан Монгол Улсын бүх ард түмний өмч байна.

13.2.Сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд орлого, эх үүсвэр, хуримтлалын хувьд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

  13.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпораци хэрэгжүүлнэ.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан хуулийн этгээдийн өмчлөлийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ.

13.5.Сангийн хөрөнгийн удирдлагын бодлого тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.

13.6.Сан, төсөв хоорондын харилцаанд Монгол Улсын Ерөнхий аудитор хяналт тавина.

14 дүгээр зүйл..

Сантай холбоотой санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

14.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сантай холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох

14.1.2.удирдах зөвлөлөөс стратегийн баримт бичгийг батлах, түүнд өөрчлөлт оруулах тухай бүрт шаардлагатай гэж үзвэл уг баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд аудит хийлгэх

14.1.3.мандатын хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах;

14.1.4.мандатын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн тохиолдолд Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх;

14.1.5.удирдах зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулах, цалин хөлсний хэмжээг тогтоох;

14.1.6.зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;

14.1.7.хяналтын зөвлөлтэй гэрээ байгуулах;

14.1.8.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ажлыг зохион байгуулах;

14.1.9.Сангийн тайланг хүлээн авах, хянах;

14.1.10.хуульд заасан бусад эрх.

15 дугаар зүйл..

Хяналтын зөвлөл

15.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий хяналтын зөвлөлийг ажиллуулна.

15.2.Хяналтын зөвлөл орон тооны бус 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

15.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

15.3.1.эдийн засаг, санхүү, үнэт цаасны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

15.3.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;

15.3.3.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

15.3.4.сүүлийн 2 жилийн хугацаанд Корпорацийн ажилтнаар ажиллаагүй, Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцож байгаагүй

15.3.5.Монгол Улсын иргэн байх

15.3.6.ял шийтгэлгүй байх.

15.4.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

15.4.1.төрийн улс төрийн албан тушаалтан;

15.4.2.намын гишүүн;

15.4.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;

15.4.4.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багц эзэмшигч.

15.5.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараах журмаар сонгогдсон байгууллага тус бүрээс нийт гишүүн, эсхүл нийт ажилтны олонхын санал авсан гурав хүртэлх хүний нэрийг дэвшүүлнэ:

15.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгосон санхүү, эдийн засгийн чиглэлийн, эсхүл санхүү, эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний гурав хүртэлх байгууллагаас их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш 10-аас дээш жилийн ажлын туршлагатай хүнийг;

15.5.2.Монгол Улсын Их Хурлын даргын сонгосон санхүү, эдийн засгийн судалгаа, шинжилгээний туршлагатай, нийгэмд үйлчлэх гурав хүртэлх төрийн бус байгууллагаас;

15.5.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний сонгосон дараах мэргэжлийн тав хүртэлх байгууллагаас:

15.5.3.а.банкны болон банкны мэргэжилтнүүдийн холбоо;

15.5.3.б.үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтнүүдийн холбоо;

15.5.3.в.санхүү, нягтлан бодох, аудит, хөрөнгийн үнэлгээ, даатгалын мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтнүүдийн холбоо, хуульчдын холбоо.

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан журмаар нэр дэвшүүлсэн этгээдээс санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүнийг хяналтын зөвлөлийн гишүүнээр шууд сонгоно.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасны дагуу хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний сонгосон аль нэг байгууллагаас нэг төлөөллийг заавал хамруулах ба нэг байгууллагаас давхардуулан сонгохгүй.

15.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нэр дэвшүүлэх хороогоор дамжуулан хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож болно.

15.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналтын зөвлөлийн гишүүдтэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллана.

15.10.Хяналтын зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:

15.10.1.энэ хуулийн 15.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон, энэ хуулийн 15.4-т заасан үндэслэл бий болсон;

15.10.2.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг дуусгавар болгох хүсэлтийг өөрөө гаргасан;

15.10.3.гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон

15.10.4.гэрээний хугацаа дуусгавар болсон;

15.10.5.Сангийн эрх ашигт харш үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон;

15.10.6.ашиг сонирхлын зөрчил үүссэн

15.10.7.хуульд заасан бусад үндэслэл

15.11.Хяналтын зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.11.1.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

15.11.2.хөрөнгө оруулалтын стратеги болон бусад баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд зөвлөх багийн санал, зөвлөмж авч, дүгнэлт гаргах;

15.11.3.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагын зарчмын хэрэгжилт, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлагын биелэлтэд хяналт тавих;

15.11.4.энэ хуулийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн, зөрчих нөхцөл бий болсон тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулах;

15.11.5.удирдах зөвлөлийн дотоод хяналтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт болон Корпораци тайлангаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд хяналт тавих;

15.11.6.Сангийн хөрөнгө оруулах шалгуурт үл нийцэх, хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдийн талаарх санал, зөвлөмж гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх; 

15.11.7.Корпорацийн дотоод хяналтын газар, аудитын хороо, Аудитор болон Корпорацийн санхүүгийн тайланд аудит хийсэн байгууллагын аудитортой харилцах, санал солилцох;

15.11.8.шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөл, Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргах.

15.12.Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16 дугаар зүйл..

Зөвлөх баг

16.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд орон тооны бус 3 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг (цаашид "зөвлөх баг" гэх) ажиллана.

16.2.Зөвлөх баг нь дараах чиг үүрэгтэй байна:

16.2.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шийдвэр гаргахад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд зөвлөх;

16.2.2.Сангийн улирал, бүтэн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг үндэслэн мандатын хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаарх дүгнэлт, зөвлөмж гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

16.2.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шаардлагатайгэж үзсэн Сангийн хөрөнгө оруулалттай холбоотой бусад судалгаа, шинжилгээ хийх.

16.3.Зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, зөвлөх багийн ажиллахжурмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.4.Зөвлөх багийн гишүүн дараах шалгуурыг хангасан байна:

16.4.1.олон улсын санхүүгийн зах зээлд 15-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан, хөрөнгө оруулах шийдвэр гаргахад оролцсон туршлагатай байх;

16.4.2.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

16.4.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тогтоосон бусад шаардлага.

17 дугаар зүйл. .

Сантай холбоотой санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг

17.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн удирдлагатай холбоотой дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

17.1.1.мандатын төслийг боловсруулах;

17.1.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг чиг үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

17.1.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, зөвлөх баг, хяналтын зөвлөл, Корпораци хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах;

17.1.4.зөвлөх багийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

17.1.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон бусад чиг үүрэг.

ТАВДУГААР БҮЛЭГ.

КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Корпораци

18.1.Корпорацийг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

18.2.Корпораци хөрөнгө оруулах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, бие даан гаргана.

18.3.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.

18.4.Корпорацийн Монголбанк дахь төгрөг болон гадаад валютын дансны хооронд хийх гүйлгээг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ёсны ханшаар Монголбанк гүйцэтгэнэ.

18.5.Корпораци нь хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын асуудал хариуцсан дотоод бүтцийн нэгжтэй байна.

18.6.Корпорацийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Засгийн газар тогтооно.

18.7.Корпорацийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

18.8.Корпорацийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:

18.8.1.корпорацийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

18.8.2.корпорацийн хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

18.8.3.удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

18.8.4.Корпорацийн үйл ажиллагааны чиглэл;

18.8.5.Корпорацийн дүрэмд тусгахаар хуульд заасан бусад зүйл.

18.9.Корпорацийн дүрэмд хууль тогтоомжтой зөрчилдөөгүй бусад зүйлийг тусгаж болно.

18.10.Корпораци үйл ажиллагаандаа корпорацийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

19 дүгээр зүйл..

Корпорацийн үйл ажиллагаа

19.1.Корпораци нь Сангийн хөрөнгө, Засгийн газраас итгэмжлүүлсэн тохиолдолд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

19.2.Корпораци нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.3.Сан, Засгийн газраас итгэмжлүүлсэн Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө, Корпорацийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээллийг тус бүрээр нь гаргана.

20 дугаар зүйл..

Нэр дэвшүүлэх хороо

20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэр дэвшүүлэх хороонд ажиллах иргэдийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сантай байна. Мэдээллийн санг дараах журмаар бүрдүүлнэ:

20.1.1.энэ хуулийн 20.4-д заасан шаардлагыг хангасан иргэдэд тусгайлан урилга өгөх замаар 20-иос доошгүй иргэнийг;

20.1.2.нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 20.4-т заасан шаардлагыг хангасан 50-иас доошгүй иргэнийг.

20.2.Энэ хуулийн 20.1.1-д заасан тусгайлсан урилгаар нэрсийн жагсаалтыг бүрдүүлэхдээ эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөллийг зохистой хамруулах зарчмыг баримтална.

20.3.Энэ хуулийн 20.1.1-д заасан урилга хүргүүлэх ажил, энэ хуулийн 20.1.2-т заасан сонгон шалгаруулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

20.4.Нэр дэвшүүлэх хорооны гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

20.4.1.Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр өргөдөл, хүсэлт гаргаагүй байх;

20.4.2.энэ хуулийн 15.3.1-15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх.

20.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах хэлбэрийн аль нэгийг сонгох замаар нэр дэвшүүлэх хороог тухай бүр байгуулна:

20.5.1.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтаас 5 иргэний нэрийг сугалаагаар тодруулах зарчмаар санамсаргүй байдлаар сонгох;

20.5.2.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтад байгаа нийт иргэдийг нэр дэвшүүлэх хороо болгон зохион байгуулах.

20.6.Нэр дэвшүүлэх хороо байгуулагдсанаас хойш 8 цагийн дотор удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шийдвэрээ танилцуулна. 

20.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нэр дэвшүүлэх хорооны шийдвэрийг үндэслэн удирдах зөвлөлийн гишүүнтэй, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулна.

20.8.Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх хорооны нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

20.9.Энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу нэр дэвшүүлэх хороог зохион байгуулсан бол жагсаалтанд байгаа нийт гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор санал хүчин төгөлдөр болно.

20.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын түвшинд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага хангасан этгээдүүдийн жагсаалтыг гаргаж, удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ.

20.11.Нэр дэвшүүлэх хорооны эрх хэмжээ нь энэ хуулийн 20.5.1-д заасны дагуу байгуулагдсан бол шийдвэрийг танилцуулснаар, энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу байгуулагсан бол саналаа өгснөөр дуусгавар болж, татан буугдана.

20.12.удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам, нэр дэвшүүлэх хорооны ажиллах, гишүүнд урамшуулал олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21 дүгээр зүйл..

Удирдах зөвлөл

21.1.Корпорацийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл 5 гишүүнээс бүрдэнэ.

21.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн гишүүнтэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулна.

21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг 5 хүртэлх жилийн хугацаагаар 2-оос дээшгүй удаа сунган ажиллуулж болно.

21.4.Удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараах тохиолдолд дуусгавар болгоно:

21.4.1.энэ хуулийн 21.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон

21.4.2.энэ хуулийн 15.10.2-15.10.7-д заасан үндэслэл бий болсон.

21.5.Удирдах зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

21.5.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т заасан этгээд биш байх, энэ хуулийн 15.3.1-15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

21.5.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон түвшинээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллага, эсхүл олон улсын санхүүгийн байгууллагад энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтантай адилтгах албан тушаал эрхэлж байсан байх;

21.5.3.хөрөнгө оруулалт, нягтлан бодох, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах санхүүгийн ажилтан, санхүүгийн шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, хуульчийн аль нэгээр 10-аас дээш жил ахлах, удирдах түвшинд ажилласан байх;

21.5.4.мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.

21.6.Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар, гишүүд дотроос 2 жилийн хугацаагаар сонгоно.

21.7.Удирдах зөвлөлийн дарга хуралдхүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан сонгогдсон гишүүн хурлын даргын үүргийг гүйцэтгэнэ.

21.8.Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна.

21.9.Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн даргын санал болгосноор удирдах зөвлөл томилно.

22 дугаар зүйл..

Удирдах зөвлөлийн бүрэн эрх

22.1.Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Сангийн хөрөнгө оруулалтын стратегийг батлах

22.1.2.мандат, түүний хэрэгжилттэй холбогдох асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;

22.1.3.Корпорацийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох

22.1.4.Корпорацийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах;

22.1.5.Корпорацийн дотоод журам, заавар, аргачлалыг батлах

22.1.6.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулах;

22.1.7.энэ хуулийн 25.19, 25.20-дзаасан болонСангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаандоролцох этгээдүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах, зөвшөөрөл олгох;

22.1.8.Корпорацийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

22.1.9.гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх;

22.1.10.хяналтын зөвлөлийн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч үр дүнг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнах; 

22.1.11.гүйцэтгэх удирдлагын нэгж хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргах хөрөнгийн дээд хэмжээг тогтоох;

22.1.12.энэ хуулийн 22.1.11-д заасан хэмжээнээс дээш хэмжээний хөрөнгө оруулах болон түүнийг буцаан татах шийдвэр гаргах;

22.1.13.Корпорацийн ёс зүйн дүрмийг батлах.

23 дугаар зүйл..

Удирдах зөвлөлийн хуралдаан

23.1.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

23.2.Удирдах зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг удирдах зөвлөл батална.

23.3.Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

23.4.Удирдах зөвлөлийн хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.

23.5.Удирдах зөвлөлийн хуралдаанаар ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц асуудлыг хэлэлцэхэд удирдах зөвлөлийн гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.

23.6.Энэ хуулийн 23.5-д заасан ашиг сонирхлын зөрчлийн талаар удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга олон нийтэд тухай бүр мэдээлнэ.

24 дүгээр зүйл..

Удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

24.1.Удирдах зөвлөл нь аудитын хороо, хөрөнгө оруулалтын хороог байгуулна.

24.2.Хороодын даргыг хороодын гишүүдийн олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгоно.

24.3.Удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрийн эрх хэмжээний хүрээнд бусад хороодыг байгуулж, тэдгээрийн эрх, үүргийг тогтооно.

24.4.Удирдах зөвлөл нь хороодын бүтэц, ажиллах журмыг батална.

24.5.Аудитын хооронд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Аудиторыг аудитын хороо томилно.

24.6.Аудитороор энэ хуулийн 15.3.2-15.3.4, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, олон улсын санхүүгийн байгууллагад аудитороор 10-аас дээш жил ахлах түвшинд ажилласан ажлын туршлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, энэ хуулийн 15.4-т зааснаас бусад этгээдийг томилно.

24.7.Аудитор нь дотоод хяналтын газрын захирлын үүргийг гүйцэтгэж дотоод хяналтын асуудлаар аудитын хороонд, захиргааны асуудлаар Гүйцэтгэх захиралд тайлагнана.

24.8.Аудитор нь хорооны гишүүн, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, дотоод нэгжүүдийн удирдах албан тушаалтан, ажилтан, эдгээртэй болон Корпорацитай нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд байхыг хориглоно.

25 дугаар зүйл.

Корпорацийн гүйцэтгэх удирдлага

25.1.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг (цаашид “гүйцэтгэх удирдлага" гэх) хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.

25.2.Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.

25.3.Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.

25.4.Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.

25.5.Гүйцэтгэх удирдлага нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

25.6.Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.

25.7.Энэ хуулийн 25.6-д заасан баг нь удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.

25.8.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 25.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.

25.9.Энэ хуулийн 25.8-д заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.

25.10.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтлөх бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Гүйцэтгэх захирал биечлэн хариуцна.

25.11.Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.

25.12.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.

25.13.Гүйцэтгэх удирдлага дараах үндсэн эрх, үүрэгтэй байна:

25.13.1.удирдах зөвлөлөөс баталсан хөрөнгө оруулах стратегийг хэрэгжүүлэх; 

25.13.2.Корпорацийн дүрэм, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд Корпорацийг төлөөлөх;

25.13.3.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;

25.13.4.Корпорацийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

25.13.5.Корпорацийн захирлуудыг гэрээ байгуулан ажиллуулах. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд багийн бүрэлдэхүүнд ороогүй захиралтай гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.6.Корпорацийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.7.удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд, удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамруулснаас бусад журам, заавар, аргачлалыг батлах;

25.13.8.хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах үнэлгээний журмыг тогтоож, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

25.13.9.мандат, хөрөнгө оруулалтын стратегийн дагуу Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулах хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

25.13.10.Корпорацийн хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн өгөөж, цаашдын хандлагын талаар санал боловсруулан удирдах зөвлөлд танилцуулах;

25.13.11.төсөвт шилжүүлэх боломжтой Сангийн цэвэр орлогын хэмжээг тооцож, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулахаар төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад удирдах зөвлөлөөр дамжуулан хүргүүлэх;

25.13.12.Корпорацийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

25.14.Гүйцэтгэх удирдлага нь дараах шаардлагыг хангасан байна.

25.14.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т зааснаас бусад этгээд байх,

25.14.2.энэ хуулийн 15.3.1-15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

25.14.3.санхүү, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;

25.14.4.гүйцэтгэх захирал буюу багийн ахлагч нь 25.14.2, 25.14.3-т зааснаас гадна санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

25.14.5.хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага хариуцсан захирлууд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад ижил түвшний албан тушаал эрхэлж байсан, эсхүл энэ төрлийн байгууллагад тухайн чиглэл, мэргэжлээр ахлах түвшинд 10-аас доошгүй жил ажилласан байх.

25.14.6.удирдах зөвлөлийн үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.

25.15.Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.

25.16.Гүйцэтгэх удирдлага ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан тогтоосон этгээдэд өөрийн бүрэн эрхийг тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.17.Гүйцэтгэх удирдлага хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий этгээд, хөндлөнгийн хяналтын байгууллагаас тогтоогдсон тохиолдолд удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээг цуцалж болно.

25.18.Гүйцэтгэх удирдлага нь Сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалт, гүйлгээ болон бусад шаардлагатай үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий кастодианы байгууллагаар гүйцэтгүүлнэ.

25.19.Гүйцэтгэх удирдлага удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Сангийн хөрөнгийн зарим хэсгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.

25.20.Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага байгуулна.

26 дугаар зүйл..

Хойшлуулшгүй арга хэмжээ

26.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодиантай холбогдуулан доор дурдсан нөхцөл бий болсон, түүнчлэн дараах бусад нөхцөл үүссэн тохиолдолд гүйцэтгэх удирдлага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ:

26.1.1.татан буугдсан, дампуурлын хэрэг үүссэн

26.1.2.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн;

26.1.3.Сан, Корпорацийн нэр хүндэд ноцтой нөлөөлөх нөхцөл байдал бий болсон;

26.1.4.үйл ажиллагааг нь эрх бүхий этгээдээс зогсоосон, бусад шалтгаанаар үйл ажиллагаа нь саатсан буюу зогссон;

26.1.5.Сангийн хөрөнгийн хэмжээ тухайн төсвийн жилийн эхний хэмжээнээс 50 болон түүнээс дээш хувиар буурсан;

26.1.6.Гүйцэтгэх удирдлагын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл.

26.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, удирдах зөвлөл энэ хуулийн 26.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зохих шийдвэр гаргана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

27 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэл

27.1.Корпораци өөрийн хөрөнгө болон Сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг тус тусад нь бүртгэнэ.

27.2.Корпорацийн хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гэрээгээр гүйцэтгүүлж байгаа хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани тус бүрээр бүртгэнэ.

28 дугаар зүйл..

Сангийн тайлан

28.1.Корпораци Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргана.

28.2.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланд дараах зүйлийг тусгана:

28.2.1.Сангийн санхүүгийн тайлан

28.2.2.Корпорацийн санхүүгийн тайлан;

28.2.3.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт;

28.2.4.Корпорацийн Сангийн хөрөнгийнудирдлагын үйл ажиллагааны үр дүн;

28.2.5.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны зардал, өгөөжийн үзүүлэлтүүд;

28.2.6.Сангийн төсвийн орлого, зардлын гүйцэтгэл

28.2.7.Корпорацийн үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэл.

28.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд дараах зүйлийг тусгана:

28.3.1.энэ хуулийн  28.2-т заасан улирлын тайланд тусгасан зүйлс

28.3.2.Сангийн эрсдэлийн удирдлагын тайлан

28.3.3.аудитын дүгнэлт.

28.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

28.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхий аудитор, зөвлөх багт хүргүүлж олон нийтэд мэдээлнэ.

28.6.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж аудит хийлгэсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

28.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор дүгнэлт гаргаж, аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.

28.8.Корпорациас хуульд зааснаас бусад хэлбэрээр тайлан гаргуулахыг хориглоно.

29 дүгээр зүйл..

Сангийн ил тод байдал

29.1.Сангийн удирдлагатай холбоотой дараах мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд мэдээлнэ:

29.1.1.Сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дотор;

29.1.2.мандатыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаас хойш 10 хоногийн дотор;

29.1.3.зөвлөх багийн зөвлөмжийг уг зөвлөмжийг гаргаснаас хойш 5 хоногийн дотор;

29.1.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;

29.1.5.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг уг тайланг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;

29.2.Корпораци Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг сар бүр шинэчлэн олон нийтэд мэдээлнэ:

29.2.1.Сангийн хөрөнгө оруулсан санхүүгийн хэрэгслийн ангилал, харгалзах өгөөжийн түвшинг жиших үзүүлэлтүүдтэй харьцуулснаар;

29.2.2.удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт;

29.2.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон бусад оролцогчийн нэр;

29.2.4.хуульд заасан бусад.

29.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хэлбэр, тайланд тавигдах тусгай шаардлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30 дугаар зүйл..

Хөндлөнгийн аудит

30.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Корпорацийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар доор дурдсан журмаар аудит хийлгэнэ:

30.1.1.хоёр жилд нэгээс доошгүй удаа

30.1.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мандатын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн.

30.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 30.1-д заасан аудитын байгууллагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

31 дүгээр зүйл.

Хариуцлага хүлээлгэх үндэслэл

31.1.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан хариуцлага ногдуулсан нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

32 дугаар зүйл..

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

32.1.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:

32.1.1.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 10.3-т заасныг зөрчсөнийг шүүх, улсын байцагчаас тогтоосон бол төрийн албан тушаалтан, албан хаагчийг төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

32.1.2.сан, сангийн хөрөнгө оруулалттай холбоотой нууцад хамаарах мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашигласан этгээдийг албан тушаалаас халах, төрийн албан хаагчийг төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

32.1.3.энэ хуулийн 24.8, 25.15-д заасныг зөрчсөн этгээдийг албан тушаалаас халж хохирлыг нөхөн төлүүлэх;

32.1.4.энэ хуулийн 8.2, 9.5-д заасныг зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, халах үндэслэл болно.

32.2.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл улсын байцаагч доор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

32.2.1.энэ хуулийн 6.3.6, 6.3.10, 6.5.1, 6.5.2-т заасныг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.2.энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.3.энэ хуулийн 12.3-т заасныг зөрчиж зээл авсан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.4.энэ хуулийн 19.2-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 350 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

32.2.5.энэ хуулийн 28.8-д заасныг зөрчсөн этгээдийг олон нийтэд мэдээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

32.2.6.энэ хуульд заасан тайлан, дүгнэлт, шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

32.2.7.энэ хуулийн дагуу олон нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй, мэдээлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний төгрөгөөр торгох; 

33дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

33.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.