Органик хүнсний тухай
Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-06-10
Батлагдсан 100%
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.
Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх, тэдгээрийн үйл явц болон хүнсийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.
Органик хүнсний тухай хууль тогтоомж
2.1.Органик хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хүнсний тухай2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай3, Байгалийн ургамлын тухай4, Ойн тухай5, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай6хууль,энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.
Хуулийн хамрах хүрээ
3.1.Энэ хууль мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэх (цаашид “органик үйлдвэрлэл” гэх), органик хүнс импортлох, экспортлох үйл ажиллагааны бүх үе шатанд үйлчилнэ.
3.2.Энэ хууль байгалийн ургамал түүж хүнс үйлдвэрлэх, мал, тэжээвэр амьтны органик тэжээл, органик бордоо болон ургамал хамгааллын бодис үйлдвэрлэх, импортлохтой холбогдон үүсэх харилцаанд үйлчилнэ.
3.3.Ан амьтан агнах, ангийн гаралтай түүхий эдээр органик хүнс үйлдвэрлэх үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“органик хүнс“ гэж Хүнсний тухай хуулийн 3.1.5-д заасныг;
4.1.2.“мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэл” гэж байгалийн гаралтай органик нэгдлийг ашиглаж хөрсний боловсруулалт хийдэг, хөнөөлт шавьж, хог ургамалтай биологийн аргаар тэмцдэг цогц үйл ажиллагааг
4.1.3.“шилжилтийн үе” гэж хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь органик үйлдвэрлэл эрхлэхээр хүнсний хяналтын байгууллагад мэдэгдэн, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагатай гэрээ хийснээс хойш органик үйлдвэрлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ бүрэн шилжиж, органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг хэрэглэх эрх авах хүртэлх хугацааг;
4.1.4.“баталгаажуулалт” гэж Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.1.9-д заасныг;
4.1.5.“хувиргасан амьд организм” гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-д заасныг.
5 дугаар зүйл.
Органик үйлдвэрлэлийн зарчим
5.1.Органик үйлдвэрлэлд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл, аюулгүй байдлыг хамгаалсан байх
5.1.2.ногоон хөгжлийг дэмжсэн байх;
5.1.3.зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.4.нийгмийн хариуцлагатай байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ .
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ
6 дугаар зүйл.
Органик үйлдвэрлэлийн шилжилтийн үе
6.1.Органик үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 11.1-д заасан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага /цаашид “баталгаажуулалтын байгууллага” гэх/-д органик үйлдвэрлэлийн шилжилтийн үе эхлүүлэх тухай хүсэлтээ гаргана.
6.2.Органик үйлдвэрлэлд шилжихийн өмнө тухайн орчны хөрс, ус, агаарын шинжилгээ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1-д заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.
6.3.Баталгаажуулалтын байгууллага хүсэлтийг хүлээн авч хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрийн технологийн болон хяналт, удирдлагын тогтолцоонд үнэлгээ хийж, органик үйлдвэрлэлдшилжих боломжтой эсэх тухай дүгнэлт гарган, цаашид үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулах схемийг сонгон гэрээ байгуулна.
6.4.Хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрийн байршил, үйлдвэрлэл эрхлэгчийн мэдлэг, зохистой дадал, ул мөрийг мөрдөх болон дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байдал, энэ хуулийн 6.2-т заасан үнэлгээг харгалзан шилжилтийн үеийн хугацааг доод тал нь 12 сар байхаар тогтооно.
6.5.Баталгаажуулалтын байгууллага нь энэ хуулийн 6.3-т заасан гэрээ байгуулсны дараа ажлын 5 өдөрт багтаан тухайн үйлдвэр органик үйлдвэрлэлийн шилжилтийн үед шилжсэнийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, стандарчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ.
6.6.Органикүйлдвэрлэл эрхлэх иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 6.3-т заасан гэрээ байгуулсны дараа ажлын 5 өдөрт багтаан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1-д заасны дагуу харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналтын байгууллагад мэдэгдэж, бүртгэлийн дугаар авна.
6.7.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь шилжилтийн үе эхэлснээс хойш баталгаажуулалтын байгууллагын хяналтан дор энэ хуулийн 7.1, 7.2-т зааснаас бусад малын эм, биобэлдмэл, бодисын хэрэглээг зогсооно.
6.8.Баталгаажуулалтын байгууллага энэ хуулийн 6.4-т заасны дагуу тогтоосон хугацаанд органик үйлдвэрлэлд хэсэгчлэн болон бүрэн шилжиж чадаагүй хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн шилжилтийн үеийг дуусгавар болсныг хөдөө аж ахуй, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын болон хүнсний хяналтын байгууллагад тус тус бичгээр мэдэгдэнэ.
7 дугаар зүйл.
Органик үйлдвэрлэлд хэрэглэх малын эм, биобэлдмэл, ургамал хамгааллын бодис, бордоо, бусад бодис
7.1.Органик үйлдвэрлэлд Ургамал хамгааллын тухай7 хуулийн 8.1.7, Хүнсний тухай8 хуулийн 16.1, 16.2-т заасан журмын дагуу бүртгэсэн ургамал хамгааллын болон хөрсний үржил шим, бүтцийг сайжруулах бодис,хүнсний нэмэлт, туслах түүхий эд, хүнстэй шууд харьцдаг гадаргууг цэвэрлэж, халдваргүйжүүлэх бодис /цаашид “бодис” гэх/-ыг хэрэглэнэ.
7.2.Органик үйлдвэрлэлд хэрэглэх малын эм, биобэлдмэлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай9 хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
7 Ургамал хамгааллын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 44 дүгээрт нийтлэгдсэн
8 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
9 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны25 дугаарт нийтлэгдсэн.
8 дугаар зүйл.
Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавих нийтлэг шаардлага
8.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна
8.1.1.баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан органик үйлдвэрлэлийн үйл явц, хүнсийг баталгаажуулах схем, гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
8.1.2.органик үйлдвэрлэлийн технологийн зааврыг баталж мөрдөх, мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэлийн болон боловсруулалтын арга технологийг ашиглах;
8.1.3.органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнд хувиргасан амьд организм ороогүй, цацрагийн боловсруулалт хийгдээгүй, өсөлтийн даавар ашиглаагүй болохыг нотлох баримтыг тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс шаардах;
8.1.4.өөрийн үйлдвэрийн амьтан, ургамлын гаралтай хаягдлыг таримлын бордоо, малын тэжээл, түлш байдлаар дахин ашиглах, усыг зохистой хэрэглэх, цас, борооны усыг цуглуулж хэрэглэх;
8.1.5.органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн төрлийн хүнсийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 5 өдрийн дотор хүнсний хяналтын болон баталгаажуулалтын байгууллагад бичгээр мэдэгдэх;
8.1.6.энэ хуульд заасан үнэлгээ, баталгаажуулалт хийлгүүлж, түүнтэй холбогдсон зардлыг хариуцах;
8.1.7.холбогдох стандартад заасны дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;
8.1.8.органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг анхны баталгаажуулалтаас хойш 2 жил тутам баталгаажуулалтад хамруулах.
8.2.Энэ хуулийн 8.1.6-д заасан зардлын жишиг хэмжээг стандартчиллын болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
8.3. Органик үйлдвэрлэлд дараах үйлдлийг хориглоно:
8.3.1.хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, мал, тэжээвэр амьтан, ургамлыг ашиглах, цацрагийн боловсруулалт хийх, өсөлтийн даавар ашиглах;
8.3.2.энэ хуулийн 7.1, 7.2-т зааснаас бусад малын эм, биобэлдмэл, бодис хэрэглэх.
9 дүгээр зүйл.
Байгалийн жимс, самар, ургамал түүж, органик үйлдвэрлэлд ашиглах
9.1.Байгалийн жимс, самар, ургамал түүж, органик үйлдвэрлэлд ашиглахад энэ хуулийн хуулийн 8.1-д зааснаас гадна доор дурдсан шаардлагыг хангасан байна:
9.1.1.сүүлийн 3 жилийн туршид энэ хуулийн 7.1-д зааснаас өөр бодисоор боловсруулалт хийгдээгүйг холбогдох мэргэжлийн байгууллага тодорхойлсон талбайгаас жимс, самар, ургамал түүх;
9.1.2.жимс, самар, ургамал түүхдээ Байгалийн ургамлын тухай хуульд заасан үүргийг биелүүлэх.
10 дугаар зүйл.
Органик хүнсийг импортлох, экспортлох, худалдахад тавигдах шаардлага
10.1.Органик хүнсийг импортлох, экспортлохтой холбогдсон харилцааг Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйл, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.14.2-т заасны дагуу зохицуулна.
10.2.Хүнсний жингийн 95 хувь буюу түүнээс дээш хувь нь органик бол импортын хүнсийг Хүнсний тухай хуулийн 16.1-д заасны дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага органик хүнсний бүртгэлд бүртгэж, мэдээллийн сан үүсгэн цахим хуудсанд байршуулна.
10.3.Стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь импортлогч улсын эрх бүхий байгууллагатай органик бүтээгдэхүүний стандарт, баталгаажуулалтын ижилтгэлийн асуудлаар хэлэлцээр хийж, импортлогч улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг зохион байгуулна.
10.4.Органик бус аргаар үйлдвэрлэсэн хүнсийг органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг, органик, эсхүл түүнтэй дүйцэхүйц нэр томьёо агуулсан шошготойгоор худалдахыг хориглоно.
10.5.Органик хүнсний хадгалалт, тээвэрлэлтэд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
10.6.Энэ хуулийн 10.2-т зааснаас бага органик агууламжтай импортын хүнсийг Монгол Улсын нутаг дэвсгэрт органик хүнсэнд тооцохгүй.
10.7.Энэ хуулийн 10.4-т заасан органик, эсхүл түүнтэй дүйцэхүйц нэр томьёонд монгол болон гадаад хэлээр бичигдсэн “байгалийн”, “байгалийн цэвэр”, “цэвэр”, “100 хувь байгалийн гаралтай”, “жинхэнэ байгалийн”, “бэлчээрийн”, “эко”, “экологийн цэвэр”, “био”, “биологийн”, “биологийн цэвэр”, “ногоон бүтээгдэхүүн”, “биодинамик”, “байгаль орчинд ээлтэй”, “уламжлалт технологиор боловсруулсан”, “цэвэр байгалийн түүхий эд ашигласан” зэрэг үг хэллэг багтана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ.
ОРГАНИК ХҮНСНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ШОШГОЛОЛТ, БҮРТГЭЛ
11 дүгээр зүйл.
Баталгаажуулалтын байгууллага
11.1.Органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсний баталгаажуулалтыг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага гүйцэтгэнэ.
11.2.Органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулах баталгаажуулалтын байгууллага нь MNS ISO/IEC 17065-“Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартын хүрээнд итгэмжлэгдсэн байна.
11.3.Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт хийх явцад ашиг сонирхлын зөрчилгүй, бие даасан үйл ажиллагаа явуулж чадах тухай мэдэгдэл гаргаж энэ хуулийн 6.3-т заасан гэрээнд хавсаргана.
11.4.Баталгаажуулалтын байгууллага нь нэг буюу хэд хэдэн чиглэлийн органик хүнсийг баталгаажуулахаар итгэмжлэгдсэн байж болно.
11.5.Баталгаажуулалтын байгууллага нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13.14.-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
11.5.1.энэ хуулийн 6.3-т заасан баталгаажуулах схемийг сонгон органик үйлдвэрлэл эрхлэгчтэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;
11.5.2.үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсэнд тохирлын үнэлгээ хийж, энэ хуульд заасны дагуу баталгаажуулан дүгнэлт гаргах;
11.5.3.баталгаажуулалтын явцад олж мэдсэн технологийн болон худалдааны мэдээ, материалыг зөвшөөрөгдснөөс бусад этгээдэд задалж, тараахгүй байх;
11.5.4.органик бус орц, найрлагын талаар сэжиг гарвал дээжийг итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээнд хамруулах;
11.5.5.органик үйлдвэрлэлд ашиглаж байгаа мал, тэжээвэр амьтан, тэдгээрийн үр, хөврөл, тэжээл, ургамал, таримлын үр, бордоо, ургамал хамгааллын бодис, хүнсний нэмэлт болон бусад бодисын талаарх мэдээллийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаджил бүр хүргүүлэх;
11.5.6.органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулсантай холбогдох мэдээллийг 5 жилийн хугацаанд хадгалах;
11.5.7.хэрэглэгчийн гомдол, мэдээллийг шуурхай барагдуулах, баталгаажуулалтын талаарх мэдээллийг нийтэд хүргэх;
11.5.8.хүнсийг органик бус аргаар үйлдвэрлэсэн, органик бус хүнсийг органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг, органик нэр томьёо агуулсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдлыг илрүүлсэн бол дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад мэдээлэх.
11.6.Баталгаажуулалтын байгууллага нь энэ хуулийн 12.5-д заасан мэдээллийн санд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
12 дугаар зүйл.
Органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулах, бүртгэх
12.1.Баталгаажуулалтын байгууллага нь шилжилтийн үе дуусч органик үйлдвэрлэлд шилжсэнийг баталгаажуулах тохирлын үнэлгээг MNS ISO/IEC17067 “Тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүний баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар”-ын дагуу хийж дүгнэлт гаргана.
12.2.Стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталгаажуулалтын байгууллагын дүгнэлтийг түүний дэргэдэх холбогдох зөвлөлөөр шийдвэрлүүлж органик үйлдвэрлэл, хүнсэнд тохирлын гэрчилгээ олгоно.
12.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тохирлын гэрчилгээ авсан органик хүнсийг Хүнсний тухай хуулийн 16.2-т заасан журмын дагуу бүртгэж, органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг эзэмших эрх олгоно.
12.4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаажиж гэрчилгээжсэн органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүний мэдээллийн санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, цахим хуудсанд байршуулна.
12.5.Стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын талаарх мэдээллийн санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн цахим хуудсанд байршуулна.
12.6.Хүнсийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэснийг харилцан итгэлцэл, мэдээлэл солилцоонд тулгуурлан үйлдвэрлэгчид, хэрэглэгчид хамтран баталгаажуулсан тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон барааны тэмдэг хэрэглэнэ.
12.7.Энэ хуулийн 12.6-д заасан органик хүнсийг баталгаажуулахтай холбогдсон журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.8.Энэ хуулийн 12.3, 12.6-д заасан барааны тэмдэг нь өөр өөр байна.
12.9.Гадаад улс, олон улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулах үйл ажиллагаа эрхлэх бол энэ хуулийн 12.5-д заасан мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
13 дугаар зүйл.
Органик хүнсний барааны тэмдэг, шошго
13.1.Хүнсний жингийн 95 хувь буюу түүнээс дээш хувь нь органик болохыг баталгаажуулсан тохиолдолд энэ хуулийн 12.3, 12.6-д заасан барааны тэмдэг хэрэглэнэ.
13.2.Органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг нь шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгөтэй байна.
13.3.Органик хүнсний шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4-т зааснаас гадна дараах мэдээллийг агуулсан байна:
13.3.1.энэ хуулийн 12.3, 12.6-д заасны дагуу эрх олгосон органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг;
13.3.2.Хүнсний тухай хуулийн 16.2-т заасан журмын дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон бүртгэлийн дугаар;
13.3.3.баталгаажуулалтын байгууллагын нэр, итгэмжлэлийн дугаар;
13.3.4.органик бус орцын хувь хэмжээ.
13.4.Хүнсний найрлагад органик хэсэг орсон бол органик нэр томьёог зөвхөн тухайн органик хэсгийг тодорхойлоход ашиглах бөгөөд жингийн харьцааг нь тусгана. Үсгийн өнгө, хэлбэр хэмжээ, загвар зэрэг нь шошгоны бусад мэдээллээс ялгарахгүй байна.
13.5.Органик хүнсэнд шошго, барааны тэмдэг хэрэглэхэд дараах үйлдлийг хориглоно:
13.5.1.органик бус аргаар үйлдвэрлэсэн хүнс, тэжээл, бордоог шар, ногоон дэвсгэртэй барааны тэмдэг бүхий шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.2.шилжилтийн үед үйлдвэрлэсэн хүнс, тэжээл, бордоог ногоон дэвсгэртэй барааны тэмдэг бүхий шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.3.энэ хуулийн шаардлагад нийцээгүй хүнс, тэжээл, бордооны хаяг, шошго, сурталчилгааны болон борлуулалтын материал дээр шилжилтийн үеийн шар, эсхүл органик болохыг илэрхийлсэн ногоон дэвсгэртэй барааны тэмдгийг хууль бусаар хэрэглэх, зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийн төөрөлдүүлэх.
14 дүгээр зүйл.
Органик үйлдвэрлэл, органик хүнсэнд тавих хяналт
14.1.Органик үйлдвэрлэл, органик хүнсний баталгаажуулалтад стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 2 жил тутамд дараах байдлаар хяналт тавина:
14.1.1.баталгаажуулалтын байгууллагын тухайн органик үйлдвэрлэлийн үйл явц болон хүнсийг баталгаажуулсан баримт бичигт үзлэг хийх;
14.1.2.тухайн органик үйлдвэрлэлийн үйл явцыг баталгаажуулж байгааг газар дээр нь очиж шалгах;
14.1.3.зах зээл дээрх баталгаажуулсан органик хүнснээс дээж авч шинжилгээ хийх.
14.2.Органик үйлдвэрлэлийн сүлжээнд болон органик хүнсний хадгалалт, тээвэрлэлт, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тус тус зохицуулна.
14.3.Хуульд заасан хүрээ, хязгаарын дотор мэргэжлийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, иргэн органик үйлдвэрлэл, органик хүнсний худалдаа, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавьж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
БУСАД ЗҮЙЛ
15 дугаар зүйл.
Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.Органик хүнсний тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна
15.1.1.органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдгийг хууль бусаар ашигласан иргэн, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олсон орлогыг хураах;
15.1.2.энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийн органик түүхий эд, бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн барааны тэмдэг ашиглах эрхийг хасч, энэ тухай нийтэд цахимаар мэдээлэх;
15.1.3.энэ хуулийн 8.3.1-8.3.2-т заасныг зөрчсөн органик үйлдвэрлэл эрхлэгчийн органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг хэрэглэх эрхийг хасч, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, энэ тухай нийтэд зарлах;
15.1.4.энэ хуулийг зөрчиж баталгаажуулах дүгнэлт гаргасан баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, энэ хуулийн 12.5-д заасан мэдээллийн сангаас хасч нийтэд мэдээлэх;
15.1.5.энэ хуулийг зөрчиж баталгаажуулах дүгнэлт гаргасан гадаад улс, олон улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагыг энэ хуулийн 12.5-д заасан мэдээллийн сангаас хасч нийтэд мэдээлэх;
15.1.6.энэ хуулийн 13.5.1-13.5.3-т заасныг зөрчиж хэрэглэгчийг төөрөлдүүлсэн иргэн, хуулийн этгээдийн олсон орлогыг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох.
16 дугаар зүйл.
Хууль хүчин төгөлдөр болох
16.1.Энэ хуулийг 2015 оны .. дугаар сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.