Монгол төрийн цэргийн бодлогын үндэс

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-04-14

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.   Монгол Улсын Төрийн цэргийн бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улс орны гадаад, дотоод нөхцөл байдал нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

1.2.   Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын зорилго нь аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байж, улс орныг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах явдал мөн.

1.3.   Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн гаргасан энэхүү бодлого нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний үндэс байна.

1.4.   Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын хэрэгжилтийг хууль тогтоомжоор зохицуулж, эдгээр хууль тогтоомжид төрийн цэргийн бодлого хэрхэн тусаж, хэрэгжиж байгаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.

1.5.   Энэхүү бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулна. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

ХОЁР.

 БАТЛАН ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

2.1.   Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил, хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц мөн.

2.2.   Хүн амыг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, үй олноор устгах зэвсгийн хөнөөлөөс хамгаалах нь батлан хамгаалах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэгдсэн төлөвлөлт, нэгдмэл тогтолцоотой байна.

2.3.   Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэшсэн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.

2.4.   Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ:

2.4.1.  Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги мөн.

2.4.2.  Орон нутгийн хамгаалалт нь төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, нийт иргэдийн оролцоонд тулгуурлана. Орон нутгийн хамгаалалтад шаардагдах дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн нөөцийг тайван цагт бүрдүүлнэ.

2.4.3.  Орон нутгийн хамгаалалтын удирдлагыг нутгийн захиргааны бүх шатны байгууллага төрийн цэргийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах үндсэн нэгж нь Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб байна.

2.4.4.  Орон нутгийн хамгаалалтын харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

2.5.   Зэвсэгт хүчин нь үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чиг үүрэг бүхий цэргийн байгууллагын тогтолцоо мөн:

2.5.1.  Монгол Улс мэргэшсэн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ.

2.5.2.  Зэвсэгт хүчинд холбогдох харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

2.6.   Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог зах зээлийн эдийн засгийн харилцаа, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ:

2.6.1.  Дайчилгааны тогтолцоонд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны материаллаг болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээг хамааруулна.

2.6.2.  Монгол Улс дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөтэй байна.

2.6.3.  Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр хуульд заасан дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргээ биелүүлэх урьдчилсан бэлтгэлтэй байна.

2.6.4.  Дайчилгааны бэлтгэлийг хангах, дайчилгаа явуулах харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

2.7.   Батлан хамгаалахын удирдлагыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.

2.8.   Батлан хамгаалахын иргэний болон цэргийн удирдлагад холбогдох харилцааг хуулиар зохицуулна.

2.9.   Батлан хамгаалах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ хийх үндсэн үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

ГУРАВ.

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН УЛС ТӨРИЙН ЧИГЛЭЛ

3.1.   Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэс болгон улс төр, дипломатын аргыг урьтал болгох бөгөөд гадны зэвсэгт түрэмгийллийн эсрэг цэргийн хүчийг ашиглана.

3.2.   Монгол Улс гадны цэргийн аюулаас сэрэмжлэх бодлогоо дараах зарчимд нийцүүлнэ:

3.2.1.  Хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх;

3.2.2.  Цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхийг зөрчил, маргааныг шийдвэрлэх арга зам гэж үзэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг үл зөвшөөрөх;

3.2.3.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвшөөрөгдсөн болон мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох, цэргийн аюул заналхийлэл, түрэмгийллээс сэргийлэх зорилгоор цэргийн эвсэл, холбоонд нэгдэх;

3.2.4.  Нутаг дэвсгэрээ хөрш болон бусад орны эсрэг чиглэсэн цэргийн үйл ажиллагаанд ашиглуулахгүй, үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгах;

3.2.5.  Гадны зэвсэгт түрэмгийлэлд өртөхөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй байх;

3.2.6.  Монгол Улсын хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх;

3.2.7.  Үй олноор хөнөөх зэвсгийн тархалтыг хязгаарлах, олон улсын терроризмтой тэмцэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх.

3.3.   Монгол Улс дараах нөхцөл байдлыг өөрийн эсрэг чиглэсэн зэвсэгт түрэмгийлэл гэж үзнэ:

3.3.1.  Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн хүчээр халдан довтлох, цөмрөн орох;

3.3.2.  Хилийн гаднаас улсын болон цэргийн объектод зэвсгийн хүчээр цохилт хийх;

3.3.3.  Гадаад улсын цэргийн хүчин Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах, дамжин өнгөрөхдөө энэ тухай Монгол Улсын хуулийг зөрчих;

3.3.4.  Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар эзэмшиж буй гадаадын этгээд эзэмшиж буй газраа зэвсэгт түрэмгийллийн зорилгоор ашиглах, бусдад ашиглуулах;

3.3.5.  Тусгайлан бэлтгэгдэж, зэвсэглэсэн хүмүүсийг зохион байгуулалттайгаар Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явуулах, нийтийг хамарсан үймээн самуун дэгдээх;

3.3.6.  Аль нэг улс орны дотоодын зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талууд Монгол Улсын хилийг зөрчих, цөмрөн орох.

3.4.   Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, хүн ам, иргэдийн аюулгүй байдалд цэргийн хүчээр заналхийлсэн, зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн улс орон болон “улс бус этгээд”, тэдний түрэмгийллийн хамсаатныг дайсан гэж үзнэ.

3.5.   Гадны цэргийн аюул учирсан нөхцөлд зэвсэгт хүчин түрэмгийллийг саатуулан няцааж, улс орны удирдлагад улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлнэ.

ДӨРӨВ.

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛ

4.1.   Төрийн цэргийн бодлогын эдийн засгийн чиглэл нь улс орны тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

4.2.   Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалт, ажиллах хүчийг ашиглах үйл ажиллагааг батлан хамгаалах эрх ашигт нийцүүлж байна.

4.3.   Батлан хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсвөөс болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Улс орны батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлнэ. Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

4.5.   Улс орны батлан хамгаалах нөөцийн менежмент, түүнд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх тогтолцоог төгөлдөржүүлнэ.

4.6.   Батлан хамгаалахын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Цэргийн зарим нэр төрлийн эд хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх,худалдан авах бодлого баримтална.

4.7.   Зэвсэгт хүчний зэвсэглэлийг үе шаттай шинэчилж байх уян хатан тогтолцоо бүрдүүлнэ. Цэргийн зэвсэг, техник худалдан авахад зориулан батлан хамгаалах зардлын тодорхой хэсгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байна.

4.8.   Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн бусад орон, олон улсын байгууллагаас цэрэг-техникийн дэмжлэг, туслалцаа авч байх чиглэлийг баримтална.

ТАВ.

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН НИЙГМИЙН ЧИГЛЭЛ

5.1.   Монгол Улсын хүний хөгжил нь төрийн цэргийн бодлогын нийгмийн үндэс мөн.

5.2.   Хязгаар нутгийг хөгжүүлэх, тэнд хүн амыг амьдрах нөхцөл, суурьшлын бүс,дэд бүтэц бий болгох, соёл боловсрол, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нийгэм эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

5.3.   Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийгтусгаж, хэрэгжүүлнэ.

5.4.   Иргэдийн цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн урамшуулалт бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

5.5.   Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангаж, цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгоно. Цэргийн албыг биеэр болон хуульд заасан бусад хэлбэрээр хаагаагүй иргэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албанд анх орж буй иргэнд цэргийн алба хаасан байх шаардлага тавина.

5.6.   Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

ЗУРГАА.

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛ

6.1.   Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж нь төрийн цэргийн бодлогын эрх зүйн үндэс байна.

6.2.   Монгол Улсын төрийн цэргийн бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана.

6.3.   Зэвсэгт хүчний ардчилсан удирдлагыг бэхжүүлж, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг төгөлдөржүүлнэ.

6.4.   Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

ДОЛОО.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

7.1.   Монгол Улсын цэргийн байгууллын тогтолцоо нь зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ. Цэргийн байгууллын эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж байна.

7.2.   Тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн удирдлага дор цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна.

7.3.   Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг улс төрөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

7.4.   Хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын бүтэц, эрх, чиг үүргийг хуулиар зохицуулна.

7.5.   Хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага дайны байдал зарламагц зэвсэгт хүчний бүтцэд шилжих асуудлыг хуулиар зохицуулна.

7.6.   Зэвсэгт хүчин Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэсэн төрлийн цэргээс бүрдэнэ.

7.7.   Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг тусгайлан боловсруулж мөрдөнө.

7.8.   Зэвсэгт хүчнийг Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

7.9.   Зэвсэгт хүчний удирдлага нь улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ:

7.9.1.  Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлнэ.

7.9.2.  Зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч,Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.

7.9.3.  Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, ангийн захирагч, дарга нар хууль тогтоомж, цэргийн дүрмээр олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

7.10.   Зэвсэгт хүчний байгуулалт дараах зарчимд тулгуурлана.

7.10.1.  Зэвсэгт хүчнийг төрөөс удирдах;

7.10.2.  Зэвсэгт хүчин нэгдмэл байх;

7.10.3.  Бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь гүйцэтгэх үүрэгтээ зохицсон байх;

7.10.4.  Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах;

7.10.5.  Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх;

7.10.6.  Цэргийн алба хаагч нэг бүрийг цэргийн мэргэжилд заавал сургах;

7.10.7.  Хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх;

7.10.8.  Төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах;

7.10.9.  Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх.

7.11.   Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн чиг үүрэг хүлээнэ.

7.12.   Зэвсэгт хүчин тайван цагт дараах үүрэг хүлээнэ:

7.12.1.  Эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах;

7.12.2.  Агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах;

7.12.3.  Улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

7.12.4.  Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах, сэргээн босгоход туслах;

7.12.5.  Байлдааны зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх;

7.12.6.  Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургах, хүн амыг цэргийн хэрэгт сургахад дэмжлэг үзүүлэх;

7.12.7.  Улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

7.12.8.  Энхийг дэмжих ажиллагаанд оролцох;

7.12.9.  Улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

7.12.10.  Хуулиар тогтоосон бусад үүрэг.

7.13.   Зэвсэгт хүчнийг дараах чиглэлээр хөгжүүлнэ:

7.13.1.  Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн зохистой харьцааг батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжийг үндэслэн тогтоох;

7.13.2.  Зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээ биелүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, терроризмтой тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;

7.13.3.  Байлдааны зэвсэг, цэргийн техник хэрэгслийг шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэргэшсэн цэрэгт суурилсан зэвсэгт хүчний шаардлагад нийцүүлэн шинэчлэх;

7.13.4.  Цэргийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, сольж шинэчлэх тогтолцоог төгөлдөржүүлэх;

7.13.5.  Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төвшинг дээшлүүлэх;

7.13.6.  Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, монгол цэргийн өв уламжлалыг сэргээн судлах, хэрэглэх;

7.13.7.  Цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг нь хангах, цахим халдлагатай тэмцэх бүтэц бий болгох;

7.13.8.  Хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгож, нийт бие бүрэлдэхүүнд мэргэшсэн цэргийн албан хаагчдын эзлэх хувийг өсгөх;

7.13.9.  Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх;

7.13.10.  Цэргийн сургалтын тогтолцоог цэргийн урлаг, зэвсэглэл, техник, технологийн дэвшил, гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн боловсронгуй болгох;

7.13.11.  Дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх, дээд мэргэжилтэй залууст цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх;

7.14.   Төрийн цэргийн байгууллагуудад уламжлалт морин цэргийн нэгжийг бий болгох чиглэл баримтална.

НАЙМ.

БУСАД ЗҮЙЛ

8.1.   Монгол Улсын төрийн цэргийн бодлогод эрх бүхий байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор Улсын Их Хурал өөрчлөлт оруулна.