УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Энэ асуудал нь үйлдвэрлэгчид болоод салбарынхны анхаарлыг татсан чухал зүйл. ЭЗ-ийн байнгын хороогоор хэлэлцэх байсан уг асуудал нь олон нийтийн хэлэлцүүлэг дутуу хийгдсэн, хэд хэдэн гишүүдэд Хүнсчдийн холбооноос ирүүлсэн бичигт судалгааны үр дүнгүүд зөрчилтэй байгаа гэсэн шалгаануудаас болж хойшилсон. Хүнсчдийн холбоо МУИС-ийн Эдийн засгийн шинжилгээ хийдэг хүрээлэнд захиалсан судалгааны үр дүнд энэ хэлэлцээр нь үр ашиг тааруу байна гэж гарсан байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас ЖИ СИ загвар ашиглаж хийсэн судалгаа нь боломжгүй биш юм гэж дүгнэсэн. Бидний хөндөөд буй хуурай сүү, шатахуун тос гэх мэт орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр анхаараач ээ. Бид олохоосоо илүү алдах вий гэдэг эрсдлийг хүмүүс анхааруулаад байна. Монгол Улсын зах зээлд үйлдвэрлэхээсээ илүү, худалдаа наймаанд оролцдог аж ахуй нэгжүүд их. Эдгээрийн хооронд зөрчил мэдээж байна. Бид нар энд бодлого боловсруулах гээд сууж буй хүмүүсийн хувьд улсынхаа эдийн засагт ямар ач холбогдолтой юм, дотоодынхоо үйлдвэрлэгчдийг сүйрүүлэхгүйгээр, тэдний эрсдлийг нэмэхгүйгээр, мотивацийг нь унагаахгүйгээр хэлэлцээрийг зөв зүйтэй авч явах вэ гэдэг дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй.