
2025.04.18
Зам, Тээвэр
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуаньтай уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.04.18) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуаньтай Төрийн ордонд уулзалт хийлээ.Талууд уулзалтын эхэнд хоёр улсын тээврийн салбарын сүүлийн хугацаанд болж өрнөсөн үйл явдлуудын үр дүн болон явц байдалд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд харилцан мэдээлэл солилцож ярилцлаа.
Энэхүү уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлын талаар санал солилцсон бөгөөд Зам тээврийн сайдын зүгээс Монголын талаас уг нээлтийн ёслолын ажиллагааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг өглөө.
Тэрээр цааш нь онцлохдоо Монгол Улс энэ том үйл явдалд онцгой анхаарч Засгийн газрын тэргүүн, холбогдох сайд нар зэрэг өндөр түвшинд оролцохоор бэлтгэж байгаа тул харилцан хүндэтгэлтэй хандаж, Хятадын талаас мөн зохих түвшний албан тушаалтнуудыг оролцуулахад Элчин сайдын зүгээс анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
Элчин сайдын зүгээс сайдын өгсөн мэдээллийн дагуу Хятадын Гадаад харилцааны яам болон Хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагуудад Монголын талын санал мэдээллийг шуурхай дамжуулан өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. БНХАУ-ын зүгээс дэлхий дахины худалдаа, эдийн засгийн хэвийн үйл явцад тогтворгүй, тодорхой бус нөхцөл байдал бий болж буй энэ цаг үед хөрш зэргэлдээ орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэн өргөжүүлэхэд анхаарч буй талаар хэлж, энэ бодлого чиглэл нь Монгол Улстай явуулж буй харилцаатай бүрэн нийлж байгааг онцлон тэмдэглэв.
Талууд ирэх сард хийхээр төлөвлөж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлийн талаар тогтмол мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар харилцан тохиролцов.
ШИНЭ МЭДЭЭ


Дорноговь Говьсүмбэр аймагт ажиллалаа
2025.02.07


Төрийн байгууллагын албан хаагчидтай уулзлаа
2025.01.31