2025.04.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
П.Батчимэг: Угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг хууль тогтоомжид оруулъя
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, тодорхой асуудлуудаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Нэгдүгээрт, өнгөрсөн нээлттэй сонсголын үеэр утааны улмаас 2017-2024 оны хугацаанд нийт 779 иргэн угаартаж нас барсан гэсэн мэдээлэл тодорхой болсон. Гэвч эдгээр иргэдийн ар гэрт төрөөс нөхөн төлбөр олгосон, хохирлыг барагдуулсан талаар огт дурдагдаагүй билээ. Иймд угаартаж нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох, хохирлыг барагдуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.
Хоёрдугаарт, нээлттэй сонсголын үеэр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хариуцуулсан. Гэвч агаарын бохирдлыг бууруулах асуудлыг салбарын яамны чиг үүргээр хязгаарлах биш Засгийн газрын тэргүүн, эсвэл Шадар сайд ахалдаг байх нь зүйтэй юм.
Гуравдугаарт, утааны асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Засгийн газрын тайлан, мэдээллийг УИХ-ын намар, хаврын чуулганаар тогтмол сонсдог байх, ингэснээр төрийн албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлье.
ШИНЭ МЭДЭЭ



