МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
2025.04.19
Улстөр

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй санхүүгийн чөлөөт бүсийн туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж ажиллах талаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа эрүүл мэндийн даатгалын эрсдэлийг бууруулах болон хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Ж.Золжаргал нар даатгуулагчдын хохирол барагдуулалтыг сайжруулах, зээлийн мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг шуурхай, бодитой болгоход захиргааны хариуцлагын арга хэрэгслийг ашиглах, бондын зах зээлийн талаар орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах болон компанийн бондын зориулалтыг хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд чиглүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

Ямар зээл авч хэрхэн ашиглах нь хүний өөрийн хариуцлагын асуудал. Гэхдээ зээлийг хүртээмжтэй болгох нэрээр банкнаас зээлээд дээр нь өндөр хүү нэмж дамжуулан зээлдүүлэх нь зах зээл дээр сөрөг нөлөө үзүүлж байна. 2024 онд ББСБ-ууд 600 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас зээлж, иргэдэд жилийн 40-50%-ийн хүүтэйгээр зээлж байгааг СЗХ-ноос хязгаарласан. Цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг хуулинд тусгуулах талаар хэлэлцүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ