МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн 10 шилдэг цэргийн жанжны 4-5 нь Монгол хаад, баатрууд байдаг
2025.03.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дэлхийн 10 шилдэг цэргийн жанжны 4-5 нь Монгол хаад, баатрууд байдаг

УИХ-ын гишүүн Б.Түвшин Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Өдгөөгөөс 104 жилийн тэртээх энэ өдөр Монгол цэрэг Хиагт хотноо байсан Хятадын Гэмин намын цэргийн үлдэгдлийг хөөн гаргаж, үндэстний хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарлах түүхэн боломжийг бүрдүүлсэн билээ. Хожим 1946 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж байсан бол, 2011 онд “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Монгол цэрэг, цэрэг байх, эх орноо хамгаалж ирсэн үе үеийн ахмадуудаараа бахархан, одоо цагийн залуусынхаа итгэл сэтгэлийг дүүргэн бэлдэх нь зүй ёсны хэрэг билээ ...

Монголчууд маань нэн эртнээс агуу баатарлаг түүхтэй, монгол хаад, монгол баатрууд, монгол цэргийн гайхамшигт түүх домгуудаараа бахархан, зүдэрсэн цагтаа итгэл аван тэнхээжиж, задарсан үедээ сургамж аван ухааждаг уламжлалтай байсан билээ. Дэлхийн түүх судлаач эрдэмтдийн судалгаагаар Дэлхийн 10 шилдэг цэргийн жанжны 4-5-д нь Монгол хаад, Монгол баатрууд орсон байдаг нь Монголчуудын дэлхийн түүхэнд эзлэх байр суурь маш өндөр гэдгийг харуулна.
Энэхүү агуу баатарлаг түүх домгуудын оройд нь Гэсэр хаан, Жангар хаан болон “Монголын Нууц Товчоо” зэрэг Монгол хаад баатруудын туулиуд оршдог ажээ.

Могой жилийн босгон дээр Агуу их түүхт өвөг дээдсийнхээ бичиг үсгийн нандин их өв, баатарлаг түүхийг хүндэтгэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэн байдгийн тухайд, “АРВАН ЗҮГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААНЫ ТУУЖ ОРШВОЙ” хэмээх баатарлаг туулийн нэгэн шинэ туурвил, хэвлэлтээр Та бүхэнтэйгээ учран золгосон билээ.
Манай ард түмний дунд “Гэсэрийн тууж” хэмээн алдаршсан энэ бүтээл бол нэн эртнээс аман түүх, туульсын хэлбэрээр түгэн тархаж, хожим хэд хэдэн хувилбараар барлагдан тархсан түүхэн бүтээл юм.
Бидний хэвлүүлсэн “Гэсэрийн тууж”-ийн энэхүү эх хуучнаар Халхын Сайн ноён аймгийн Далай Чойнхор засгийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг, Зартын хүрээ орчим харьцангуй сайн хадгалагдаж, бүтнээр бидний үед уламжлагдан иржээ.

Гэсэр, Жангарын баатарлаг тууль, Хаад, баатруудынхаа эрдмээс суралцан, монгол цэрэг, монгол баатрууд олноор төрөн гарч, Төр улс маань хүчирхэгжин мандана гэдэгт бат итгэдэг.
Эрэлхэг монгол цэргүүддээ, эх оронч монгол эрчүүддээ, ирээдүйн хамгаалагч хөвгүүддээ “АРВАН ЗҮГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААНЫ ТҮҮХ ОРШВОЙ” хэмээх баатарлаг судрыг бэлэг болгон өргөе" гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ