
2025.04.20
Орон нутгийн хөгжил
Говил багийн 34 үйлдвэрлэгчийг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөртөө ажлын байр бий болгох боломжоор хангав
УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал тэрбээр өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төслөөр Говил багийн 34 үйлдвэрлэгчийг дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөртөө ажлын байр бий болгох боломжоор хангалаа.
Тус багийн иргэдээс миний бие болон ажлын албаар дамжуулан нийт 156 санал хүсэлт ирснээс 111 хүсэлтийг бүрэн шийдвэрлэж ажиллалаа. Улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Говил багийн царцаад байсан сургуулийн барилгыг барьж дуусгана.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ирүүлсэн санал хүсэлт:
- Иргэдийн зээлийн дарамтыг бууруулах
- Гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг чадавхжуулах
- Говил багийн Хонхорын байруудыг дахин төлөвлөлтөд хамруулах
- БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах
- Тэтгэвэрт гарсан ахмадуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, зээл олгодог байх
- Говил багт түрээсийн орон сууцыг барих
- Ажлын байр шинээр бий болгох зэрэг санал, хүсэлтийг илэрхийлэв.
Тэрбээр, иргэдээс ирсэн санал хүсэлтийг эрэмбэлж, шийдвэрлэх боломжтой ажлуудыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран, шат шатны түвшинд хамтарч ажиллах болно гэв.